Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 06, 2018

Бид хэрхэн ажилладаг вэ? - ДДЭШ-ийн хамт олон

Монгол улсын харилцаа холбоо, контентын салбарт манлайлж яваа нэгэн байгууллагыг бид өнөөдөр онцолж байна. Тэд бол энэ жил 10 жилийнхээ ойтой золгож буй ДДЭШ-ийн хамт олон юм. 2008 оноос эхлэн хиймэл дагуулаар Монгол орон даяар телевизийн 18 суваг дамжуулж байсан тэд өдгөө Монголын орны өнцөг булан бүрт 350 гаруй мянган хэрэглэгчтэй, 150 гаруй суваг дамжуулдаг 120 орчим ажилтантай үндэсний том компани болон тэлжээ. Суваг дамжуулалт, контентын чанараа нэмэхээр Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарт нэгэн түүхэн хуудсыг нээж Солонгосын KTSAT болон АНУ-ын Space X компанийн хэрэглэгч болж, Монгол руу чиглэсэн цацраг бүхий хиймэл дагуулаа хөөргөсөн, “Хойморт тань гэрэлтэнэ” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллагаар зочилж, баг хамт олноороо хэрхэн ажилладгийг нь уншигчдадаа таниулахад таатай байна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ

Гүйцэтгэх захирал Г.Барс

ДДЭШ компани 10 жилийн ойн босгон дээрээ байгууллагынхаа хөгжлийн түүхэн хуудсыг нээгээд байна. ДДЭШ-ийн шинэ хиймэл дагуул маань өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд АНУ-ын Space X компанийн зүүн эргийн хөөрөх тавцангаас амжилттай хөөрч шинэ хиймэл дагуулаараа анхны долгионоо 2018 оны 1 сарын 05-аас цацаж эхэлсэн бол 350 гаруй мянган хэрэглэгч маань дурангаа сольчихсон, дэвшилтэт үйлчилгээг хэрэглэгчдэдээ бэлэг барьсан байгаа. Арван жилийн ойгоороо бид өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ, хаана хүрээд ирчихсэн байна вэ, ирээдүйд зориж буй зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдгээ ярих шилжилтийн мөч дээрээ байна.

Эхний арван жилдээ бид урсгалаараа, хэрэглэгчдээ татах тал дээр төвлөрч байсан бол одоо дараагийн шатандаа гарах цаг ирсэн. Дараагийн арван жилийн замналыг гаргахад компани болгон дижитал хэлбэрт үйл ажиллагаагаа шилжүүлж буй энэ үед технологийн компанийн хувьд бид яалт ч үгүй илүү дижитал болох ёстой. Бид өмнө нь зөвхөн телевизийн сувгуудыг л дамжуулдаг байсан бол энэхүү шилжилтийн хүрээнд илүү дараа үеийн буюу интернэт холболтыг дэмждэг, IPTV experience-ийг мэдрүүлэх зэрэг технологийн олон давуу талтай шинэ хүлээн авагч төхөөрөмжийг оруулж ирээд байна. Үүнийгээ дагаад үйлчилгээнүүдээ ч улам цахимжуулахын төлөө эхнээсээ чатбот, онлайн салбар байгуулах, цахим хаягаа шинэчлэх гэх мэтээр ажиллана.

Яг одоогоор хэрэглэгчдэд IPTV experience-ийг мэдрүүлэх төсөл дээр ажиллаж байна. Энэ үйлчилгээ маань нэвтрэснээр ДДЭШ-ийн хэрэглэгчид контентыг хүссэн цагтаа мөнгөө төлөөд үзэх боломжтой болох юм. IPTV-ийн видео сантай адил гэж хэлж болно. Мөн Монгол, Ази, Холливудын цуврал кинонуудыг багцалж тусад нь суваг болгож кино контентийнхоо сонголтыг өргөжүүлж илүү олон кино багц, HD сувгуудыг хүргэхийг хичээж ажиллаж байна.

ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН УРИА ҮГ ЮУ ВЭ?

Манайх "Хойморт тань гэрэлтэнэ" гэсэн уриатай. Хөдөө орон нутгийн мэдээллийг хаана ч авах боломжгүй газарзүйн алслагдмал бүсүүдэд хотын үзэгчдийн авч байгаагаас ямар ч ялгаагүй мэдээ мэдээлэл болон шилдэг кино сувгуудыг хүргэж, гэрэл гэгээ түгээе хэмээн утгаараа ийм уриа үг гаргасан. Мэдээллээс хоцорно гэдэг тас харанхуйд үлдэнэ л гэсэн үг. Ерөнхийдөө бол сайн, чанартай контентыг өрх бүрт хүргэе гэсэн утгатай.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Бизнес хөгжил борлуулалт хариуцсан дэд захирал Ц. Пүрэвдорж

Ажлаа хийж эхлэхийнхээ өмнө зорилгоо тодорхойлдог. Одоо байгаа цэгээсээ дараа нь хаана хүрэх вэ гэсэн зорилгоо тодорхойлно, гэхдээ түүнийгээ аль болох том байлгахыг хичээдэг. Жижигхэн зорилгыг биелүүлж явах зуур зорилгын үнэ цэн буурах тал бас байдаг. Ер нь “Том зориод ядаж талд нь хүр” гэдэг дээ. Нэгэнт очих газраа төсөөлчихсөн учраас зорилгодоо хүрэх маш олон санаануудыг багаараа ярилцана. Санаа гаргахад хязгаар гэж байдаггүй. Хүн бүр маш олон сонин санаа гаргана, заримдаа бүр “энийг хийхгүй байвал яасан юм” гэсэн санаа ч гардаг. Яаж зорилгодоо хүрч болох санаануудаа цуглуулчхаад, сайн муу талыг нь дүгнээд цөөлнө. Дараа нь байгууллагынхаа “stakeholders” буюу бүх оролцогч талуудад ямар нөлөө үзүүлэх, өрсөлдөгч, зах зээлийн зүгээс ямар хариу үйлдэл гаргах вэ гэдгийг харна. Ингэхээр санаанууд нэлээн цөөрч хувилбар болж эхэлдэг. Энэ хувилбаруудаасаа хамгийн сайныг нь сонгоод түүндээ тохируулж хүн хүч, хөрөнгө санхүү, цагаа хуваарилж, дагаж ажиллахыг хичээдэг. Мэдээж төгс хувилбарыг бодож чадахгүй учраас боломжит хувилбараа төлөвлөгөө болгодог, уг төлөвлөгөөнд явцын дунд өөрчлөлт гарах тохиолдол байдаг тул нөөц хувилбарыг тооцож, бас хурдан хэрэглэж сурах хэрэгтэй. Нэгэнт баталсан төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бүх хүчин чадлаа дайчилж байж л зорилгодоо хүрдэг.

Багаараа ярилцана гэж би 2-3 удаа дурдсан нь их учиртай. Багийнхантайгаа хамт яриад санаа гаргаж, хувилбар дэвшүүлж, төлөвлөөд ажлаа эхлэхээр бодол, мөрөөдөл төдий байсан зүйлдээ илүү итгэж, бид зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл төрж эхэлдэг. “Ямар эрсдэл байгаа вэ, юуг яаж хийвэл илүү дөхөм байх вэ, яавал бид бүтэлгүйтэх бол” гэдгийг өөрсдөө тооцоолж гаргадаг учраас ажил хийхэд хавьгүй хялбар болно. Хувийн ажлын онцлох арга барил гэвэл ажлуудаа яаралтай чухал, чухал бус яаралтай гээд Эйзенхаурын матрицаар ангилахыг хичээдэг. Манай компанийн хувьд үндэсний хэмжээнд ажилладаг боловч 150 гаруй хүнтэй, нэлээн цомхон байгууллага. Манай албанд л гэхэд найман хүн ажилладаг. Тэгэхээр ажил нэлээн шахуу байдаг учраас ажлуудаа дотор нь ангилж ялгаад, аль болох богино хугацаанд цагийн менежменттэй амжуулахыг хичээдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би аяллын хоббитой. Монголынхоо очиж үзээгүй цэгүүд, сонирхолтой улс орнууд руу явах их дуртай. Бас аяллын гол дурсамж үлдээдэг ганц зүйл нь фото зураг, бичлэг байдаг учраас аль болох дүрсжүүлж багахан тайлбар бичээд аяллын талаарх сониноо хуваалцдаг. Жижиг түүх баримт үлдээх зорилготой гэх үү дээ. Аялал дээрээ ч зорилт тавиад, очих газруудаа төлөвлөөд, түүнийгээ дагахыг их хичээнэ, дундаас нь шантрах дургүй. Очсон газруудаа газрын зураг дээр цэг хатгаж тэмдэглэдэг. Эргээд харахад бас багагүй зам туулсан байдаг шүү. Гэхдээ их цаг авдаг учраас өдөр тутмынхаа чөлөөт цагаар фитнесст очих дуртай болоод байгаа. Долоо хоногт гурваас таван удаа, ер нь бол хамгийн багадаа гурван удаа явчихдаг. Өөр нэг хобби гэвэл багаасаа ном унших дуртай байсан. Нэг хэсэг хэтэрхий ухаалаг утас компьютер руу хэлбийх гээд байсан учраас тэр үеэс цаасан ном уншъя гээд өөртөө уншлагын тогтмол цаг гаргах болсон. Хамгийн сүүлд уншсан номнууд гэвэл өнөө цагийн их сэтгэгч, шинийг санаачлагч, мөрөөдлийг бодит болгогч Solar City, Tesla, Space X Элон Маскийн намтар, Nike-ийн үүсгэн байгуулагч Фил Найт-н “Пүүзэнд дурлагч”-ийг уншсан. Аль алинаас нь том зорилго, түүндээ хүрэхийн тулд цуцалтгүй их хөдөлмөр, зөв баг, их амжилтын ардах том золиос анзаарагддаг.

ТА ХИЙХ АЖЛЫНХАА ЖАГСААЛТЫГ ЮУ ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Бэрцэцэг

Тэмдэглэлийн дэвтэр дээр бүгдийг нь жагсааж бичдэг. Өглөө нь өдөр хийх ажлаа жагсааж бичээд, дууссанаа дардаг. Хийж дуусгасан ажлаа тодруулагчаар дарах тэр мөч хамгийн кайфтай. Би бүх зүйлээ гараараа бичиж тэмдэглэх дуртай. Хамгийн гол нь гараараа бичиж тэмдэглэсэн зүйлс мартагддаггүй учраас өглөө ирээд нэг бичнэ, орой явахдаа нэг бичнэ. Тэмдэглэлийн дэвтэр гэж хувь хүнд өөрт нь зориулагдсан байдаг шүү дээ. Жагсаалтаа бичихдээ тухайн ажлынхаа хэр яаралтай, чухал зэргээс нь хамааран өөрөө л ойлгох 2-3 тэмдэглэгээг ашигладаг болохоор магадгүй өөр хүн харвал ойлгохгүй болов уу. Өмнөх ажилдаа жилд нэг дэвтэр дуусгадаг байсан бол ДДЭШ-д ажилд орсноосоо хойш жилд хоёр дэвтэр дуусгадаг болсон байна лээ. Нэлээн олон дэвтрийн ард гарчихсан шүү.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Маркетинг гэдэг яг л “урлаг” шиг, гэхдээ нийлмэл урлаг гэх үү, дандаа багийн ажиллагаа шаарддаг. Олон хүмүүс хамт ажилладаг учраас заримдаа гүйцэтгэлийн тал дээр бодож байснаас өөр үр гарах үе ч бий. Тиймээс заримдаа аливаад уян хатан хандах хэрэгтэй болдог. Маш олон хүний хичээл зүтгэл, оролцоогоор бүтсэн нэг ажил маркетингаар дамжиж эцсийн зорилтот хэрэглэгчдэд хүрдэг учраас хариуцлагатай, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тогтсон драфтаар яваад амжилтанд хүрнэ гэсэн зүйл байдаггүй учраас ажил болгон дээр харилцан адилгүй шинэ зүйлийг турших, шинэ туршлага цаг ямагт хуримтлуулж байдаг. Тэгэхээр үргэлж шинэ зүйл сурч, өөрийгөө өдөр бүр сорьж байдаг учраас гоё. Хэзээ ч уйдахгүй, толгой бол байнгын завгүй байх хэрэгтэй, нэлээн уншиж судлах хэрэгтэй болдог. Бэрхшээлтэй тал нь хүн болгонд таалагдах албагүй ч гэсэн дийлэнх хүмүүсийг татах юм хийх хэрэгтэй болдог. Маркетингийн ажлын үр дүнг нь баттай таамаглах боломж хомс учраас бас эрсдэлтэй гэж хэлж болно. Би өөрийгөө ихэнх маркетингийн чиглэлээр ажилладаг хүмүүсийн мөрөөддөг байгууллагад ажилладаг гэж боддог шүү. Учир нь удирдах ажилтнууд маань дээрх бүгдийг мэддэг, мэдэрдэг учраас биднийг нэг зүйлд хайрцаглалгүй их чөлөөтэй ажиллуулж, зөв чиглүүлж, сайн дэмжиж өгдөг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Зөвлөх инженер Ж.Жамсран

Амьдралынхаа туршид маш олон хүнээс төрөл бүрийн л зөвлөгөө авч байлаа. Гэхдээ энэ дундаас хамгийн хэрэгтэй гэж боддог, миний сэтгэлд хадагдаж үлдсэн нь, хүн хийж байгаа ажилдаа эзэн болох ёстой гэдэг зөвлөгөө. Хүн зөвхөн мэдлэгтэй байлаа гээд ажилдаа эзэн болчихсон гэсэн үг биш шүү дээ. Хэчнээн мэдлэгтэй байсан ч гэсэн сэтгэлгүй бол тэр ажлыг сайн хийж чадахгүй. Чамайг хийж чадна гээд итгэл хүлээлгэчихсэн үед бүх л сэтгэл зүрхээ зориулж тэр ажлаа хийх хэрэгтэй. Холбооны ажил гэдэг цаг наргүй, нойр хоолгүй ажиллах үе зөндөө бий. Ажилд шантрах үе маш их байдаг ч залуучууд маань энэ ядаргаагаа даваад гарчихвал ард нь гэгээлэг амжилт хүлээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Харин залуучууддаа захиж хэлэхэд хүний үг дааж сураарай. Дандаа чамайг магтахгүй, зэмлэл ч бас ирнэ. Тэрнийг дааж сурч байж хат сууна. Үгэн дотор үг байдаг. Хоёр холбоочин хоорондоо зүгээр яриад сууж байхад залуу үе тэндээс мэдлэг авч л байдаг. Хүмүүсийн цайгаа уугаад сууж байхдаа ярьдаг энгийн үгэн дундаас ч мэдлэг төрдөг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Захиргаа, Хүний нөөцийн албаны захирал Л.Энхтуул

Би цагаа үр дүнтэй ашиглахын тулд эртэч байх, цагийн юмыг цагт нь хийх, тэмдэглэл хөтлөх гэсэн аргуудыг ашигладаг. Хүн өөрийнхөө юу хүсэж, мөрөөдөж байгаагаа өөртөө байнга сануулж байх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний мөрөөдөл улам баяжиж, томорч, эсвэл тухайн хүнээсээ алсарч байдаг. Үр дүн нь ямар байх вэ гэдэг тухайн хүнээс л хамаарна. Тиймээс мөрөөдөлдөө хүрэхийн тулд цаг ямагт өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай болдог. Зөвхөн ярих биш, төлөвлөсөн ажлаа тухай бүрт нь хийгээд эцсийн үр дүнг нь хараад байвал тэр хэрээрээ өөрийнхөө хэр хэмжээг мэдэж, өөрөөрөө бахархаж эхэлдэг. Ингээд өөрийгөө дүгнээд явахаар цаашдаа юу хийж болох вэ, яавал илүү их зүйлд хүрэх вэ гэсэн хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй болдог. Хүмүүс чамайг юу гэж дурсах вэ, амьдралдаа юу хийж бүтээхийг, хаана хүрэхийг хүсэж байна вэ гэдгээ мэдэх нь хүнд маш их урам зориг өгдөг. Манай байгууллагын орчин өөрөө хүмүүст хөгжиж дэвших боломж олгодог, уян хатан цагийн бодлогыг хэрэгжүүлдэг. ДДЭШ-чүүд 8-5 цагийн хооронд ажиллах уу, 9-6 цагийн хооронд ажиллах уу гэдгээ өөрөө сонгодог. Учир нь хүн бүрийн бүтээмжтэй цаг харилцан адилгүй байдаг шүү дээ.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Салбарын үйлчилгээний ажилтан Б.Шинэсанаа

Саяхан ажилд орсон болохоор ч тэр үү ажлаа хэзээ ч хэцүү, бэрхшээлтэй гэж боддоггүй. Манай байгууллагын хувьд шинэ ажилтнууддаа байгууллагынхаа онцлогийг мэдрүүлэхийн тулд салбар, салбарт ээлжлэн ажиллуулж дадлагажуулдгийн дагуу би одоо хоёр дахь салбартаа ажиллаж байна. Үйлчилгээний салбарын нэг онцлог нь хэрэглэгч, үйлчлүүлэгч хоёрын гүүр болдог. Хэрэглэгчээ инээмсэглэж угтаад сэтгэл хангалуун үдэж гаргах үйлчилгээний стандарттай зэрэгцүүлэн, хувь хүнийхээ зүгээс ч хэрэглэгч бүрт ДДЭШ-ийн талаар эерэг, зөв сэтгэгдэл үлдээхийг хичээдэг.

АЖЛЫН ТАНЫГ ЮУ НЬ ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ?

Контент хариуцсан мэргэжилтэн Э.Мөнгөнзул

Миний бодлоор залуу хүн ажилтай байна гэдэг нь аз жаргал юм. Өглөө бүр зорилго маань намайг сэрээж, хүсэл тэмүүлэл маань миний ажиллах хөшүүрэг болдог. Бидний хувьд 2015 оны 12 сард ДДЭШ кинотеатр үйлчилгээг нээсэн нь малчны хотноос Улаанбаатар хотын өрх бүрт хүрч буй контентын хөгжилд томоохон эргэлтийг бий болгосон. Монгол орон даяар дэлхийн шинэ, шилдэг кино контентыг албан ёсны эрхтэйгээр, монгол дуу оруулалттай, дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээж авах боломжийг хэрэглэгчдэдээ олгосон. Энэ нь манай ДДЭШ-ийн 350 гаруй мянган өрхийг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгосон. Түүнчлэн Монголын уран бүтээлчид зөвхөн кинотеатраас орлого олдог байсан боломжийг илүү тэлж, Ай-Пи ТВ-ийн орлого дээр нэмээд ДДЭШ кинотеатраас орлого олох боломжийг бий болгосон. Энэ бол контент бүтээгчдэд улам илүү хөгжих боломжид бас нэг түлхэц болж байгаа. “Өглөө ажил руугаа яардаг, орой гэр лүүгээ яардаг хүн бол аз жаргалтай” гэж ярьдаг. Би бол яг тийм л хүн. Ажлын өдөр бүрийг минь аз жаргалтай байлгах гол түлхүүр болсон ДДЭШ-ийн хамт олондоо 10 жилийн ойн мэнд хүргэе.

Хэрэглэгчтэй харилцах хэлтсийн менежер Ш.Уранбилэг

Өдөр бүр 3000 орчим хэрэглэгчтэй харьцаж ажилладаг учраас дуудлагын төв (Call center) хариуцаж ажиллах тийм ч амаргүй. Өрх бүрт хүрч ажилладаг учраас ажилчдадаа хүн бүртэй эелдэг, чин сэтгэлээсээ харьцаарай гэж их хэлдэг. Ямар ч ажил өөрийн гэсэн үнэ цэнтэй байдаг шүү дээ. Үйлчилгээгээ утсаар хэлж, тайлбарлаж, хэрэглэгчид мэдээлэл өгсний дараа “За, баярлалаа” гэдэг үгийг сонсоод л асар их урам авдаг. ДДЭШ-ийн дуудлагын төвд 60 гаруй операторууд 08-22 цагийн хооронд 2 ээлжээр ажилладаг. Шижигнэсэн залуус ажилладаг учир энд эрч хүч ундарч байдаг.

Тохиргоо, суурилуулалтын ажилтан Б.Эрдэнэдаваа

Айлууд ихэвчлэн өдөр ажилтай байна, орой гэртээ ирээд суурилуулалт хийлгүүлье гэдэг учраас ажлын тогтсон цаг байхгүй нэлээн орой тарах шаардлага гардаг. Заримдаа баяр ёслолын өдрүүдээр ачаалалтай үед илүү цагаар ажиллах хэрэг гарна. Хамгийн сонин нь хүмүүс оройтсон ч байсан телевизээ үзэх гээд хүлээж байдаг. Айлд ороод хойморт нь гэрэлтэх телевизийг нь ажиллуулж өгөөд “Баярлалаа гэдэг” үгийг сонсоход л хамгийн их аз жаргалтай болдог.

Мэдээллийн технологийн хэлтсийн менежер Б.Булган

Өдөр тутам ажлын 8-5 цагийн хооронд ажилладаг. Орой гэртээ очоод 22-24 цаг хүртэл өөрийнхөө сонирхсон зүйлсээ судлах, сурах зэрэгт цаг зарцуулдаг. Миний ажил сүлжээний найдвартай байдал, програм хангамжийг хянах үүрэгтэй учраас гар утсаа салгах эрх байдаггүй. Хэдэн цагт ч залгасан шаардлагатай тохиолдолд очиж ажиллах ёстой байдаг.

ТА АЖЛАА ЯМАР ПРОГРАМ, АПП ДЭЭР ЯВУУЛДАГ ВЭ? ТАНЫ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ ЮУ ВЭ?

Мэдээллийн технологийн хэлтсийн менежер Б.Булган

Манай технологийн хэлтэст цаанаасаа заавал суулгах шаардлагатай програмууд гэж байдаг. Мэдээж өдөр тутмын Microsoft Office-ийн бүх программ, дотоод хэрэгцээнд Outlook-ийг өдөр тутамдаа ажигладаг. Мөн vendor компаниудтайгаа байнгын харилцаатай байх шаардлагатай учраас Skype-ийг түлхүү ашигладаг. Түүнчлэн ажлын шаардлагаар програм хангамж хөгжүүлэх шаардлагатай олон нэр төрлийн програмуудыг байнга ашигладаг.

Нийтлэлийг Г.Сайнбилэг

55850   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.