Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 05, 2018

Дэлхийн Байгаль орчны өдөрт: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй 5 төсөл

НҮБ-ын төрөлжсөн агентлагууд дундаас Хөгжлийн Хөтөлбөр (UNDP) нь аливаа улс орны хөгжлийн тулгуур асуудлууд гэгдэх байгаль орчин, сайн засаглалын төлөө болоод ядуурлын эсрэг ажилладаг. Уг байгууллага Монгол Улсад 1973 онд Суурин Төлөөлөгчийн газраа нээснээс хойш байгаль орчны салбарт нэлээд их ажил хийжээ. 2018 оны 6 дугаар сарын 5-ны Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулан монголчууд бидэнд тулгамдаад буй байгаль орчны асуудлууд болоод уг байгууллагын сүүлийн үед хэрэгжүүлж байгаа 5 төслийг онцлон танилцуулъя.

АСУУДАЛ 1: ГАЗАР НУТАГ

Монгол Улсын газар нутгийн 78 хувь нь тодорхой зэрэглэлээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.
Хэрэгжүүлж буй төслийн нэр, зорилго: “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл.
Уг төслийн хүрээнд 2014 оноос эхлэн газар нутгийг талхлагдах, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас ангид байлгахын тулд орон нутгийн хамгаалалтад авч, биологийн олон талт байдлын амьдрах чадварыг баталгаажуулах, газрын мэдээллийг нэгтгэж, газар зүйн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, зөрчлийг арилгах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Хийгдсэн ажлууд: Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, орон нутгийн хамгаалалтад орсон газруудын зөрчлийг арилгах, мэдээлиийн сан бүрдүүлэх, суурь судалгаанууд зэрэг олон ажил хийгдсэнээс хамгийн онцлох үр дүнг дурьдваас:
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 23.43 сая га бүхий 1325 газар хуулийн болон газар зүйн зөрчилгүй орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байна. Энэ нь Монгол улсын нийт газар нутгийн 15 хувийг эзэлж байна.
-Эдгээр хамгаалсан газарт ховордоод байсан аргаль угалз, цагаан зээрийн тоо толгой нэмэгдэж аргалийн тоо толгой 2000 гараад байна. Энэ нь нутгийн иргэдийг байгаль хамгаалах бүлэг, нөхөрлөлүүдэд хуваан элсүүлж, аргаль, угалзыг өөрсдөөр нь хамгаалуулах санаачилга гаргасны үр дүн юм.
-Хайрлаж, хамгаалсан аргаль угалзнаас жилд зөвхөн цөөн тоогоор тусгай сонирхлын ан агнуур хийх зөвшөөрөл олгодог болсон бөгөөд агнуурын орлогыг тухайн орон нутгийн байгалийн нөөцийн хамгаалалт, менежментэд буцаан зарцуулахыг төслийн багаас чухалчлан, сурталчилдаг.

Асуудал 2: Ой

Монгол Улсад 40 жилийн дараа хийгдсэн ой тооллогоос 3 үндсэн зүгнэлт гарчээ. Үүнд Монгол орны ой (1) өсөлт удаан, хөгширсөн, (2) нөөцөөр ядмаг, (3) бага ашиглагдсан байна гэж дүгнэгджээ. Тоон хэлээр өгүүлвээс Монгол орны нийт 112м3/га ургаа нөөцийн 87 хувь нь 50-200 жилийн настай байгаа нь ойн түймэр, хөнөөлт шавжид өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг бууруулж байна. Мөн ойн 46 хувь нь 0.54 өтгөрөлтэй байгаа нь ой ядмаг нөөцтэйг, мөн бага ашиглагдсан байгааг харуулж байна. Дунджаар Монгол орны ойн 17.7 хувь нь түймэрт идэгдсэн аж.
Хэрэгжүүлж буй төслийн нэр, зорилго: UN-REDD үндэсний хөтөлбөр.
Дэлхийн олон оронд хэрэгжиж буй REDD+ хөтөлбөрийн хүрээнд Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монгол орны ойн хомсдол, доройтлыг бууруулах, түүнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг хамгаалах, ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх зорилготой.
Хийгдэж буй ажлууд: Монгол Улсын Засгийн газарт REDD+ стратегийг боловсруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Варшавын тунхаглалын шаарлагуудтай нийцэн REDD+-ийн үр дүнд суурилсан урамшууллыг хүртэхэд туслалцаа үзүүлэх юм.
-Улс орнууд энэ үе шатанд тухайн улсын REDD+ -ийн талаар баримтлах бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан үндэсний стратегид холбогдох талуудын оролцоотойгоор боловсруулна.
-Боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, стратегийг хэрэгжүүлэх, турших. Энэ үе шатанд үр дүнд суурилсан үйл ажиллагааг турших, чадавхыг улам бэхжүүлэх, технологи бий болгох эсвэл нутагшуулах зэрэг багтана.
-REDD+ хөтөлбөрийн үр дүнд суурилсан үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, гарсан үр дүнгээ хэмжиж, тайлагнаж, баталгаажуулах

Асуудал 3: Бэлчээр, уур амьсгал

Монгол орны нийт бэлчээрийн газрын 78 хувь нь ямар нэг байдлаар талхлагдсан бөгөөд сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж хэм 2.2-оор нэмэгдэж, жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувиар буурчээ.
Хэрэгжүүлж буй төслийн нэр, зорилго: Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга. БОЯБ гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал, тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт, бүрэн төгс ажиллагаа бүхий амьдралын цогц тогтолцоо юм. Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга төсөл нь биологийн олон янз байдлыг унаган төрхөөр нь авч үлдэхэд зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болох гарц, шийдлүүд юм.
Хийхээр зорьж буй ажлууд: -Байгалийн нөөц ашигласны төлбөр:Тухайн хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгийн хэмжээг жилд дунджаар 15-16 тэрбум төгрөгт хүргэх боломжтой.
-Хувийн хэвшлийн сан: Хувийн хэвшилд тулгуурласан “Монголын Байгаль Хамгаалах Итгэлцлийн Сан”-г байгуулах замаар гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой. 2015 онд компаниуд 93 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зарцуулсан аж. Хэдий энэ мөнгө нь тусгайлан биологийн олон янз байдлыг хадгалах үйлст зарцуулагдаагүй ч гэсэн тодорхой хувь нь байгаль орчинд зарцуулагдах боломжтой.
-Бэлчээрийн төлбөрийг эргэн сэргээснээр хамгийн багадаа 5.6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх боломжтой бөгөөд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу үүний 30 хувийг зөвхөн бэлчээрийн менежментэнд ашиглана гэж үзэхэд 1.7 тэрбум төгрөгийг жил бүр зарцуулах боломжтой.

Асуудал 4: Эрчим хүчний зарцуулалт ба хүлэмжийн хий

2015 онд барилгын салбар 8.64 Гвт эрчим хүч зарцуулж, 4.94 сая тон CO2-экв хүлэмжийн хий ялгаруулсан байна. Хэрвээ цаашдаа өсөлт энэ хэвээр үргэлжилбэл 2020 он гэхэд барилгын салбар 9.52 Гвт эрчим хүч, 5.45 сая тон CO2-экв, 2030 онд 11.63 Гвт эрчим хүч, 6.66 сая тон CO2-экв хүлэмжийн хий ялгаруулах магадлалтай.
Хэрэгжүүлж буй төслийн нэр, зорилго: “Монгол улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төсөл.
Энэхүү төслийн зорилго нь Монгол улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээг барилгын салбарт хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, тус зах зээлийг дэмжих юм.
Хийж буй ажлууд: Сүүлийн жилүүд дэх хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн өсөлтөөс үүдэн хот суурин газруудын орон сууц болон худалдаа үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Цаашид 2030 он гэхэд 140 мянган орон сууц шинээр баригдах хэтийн төлөвтэй байгаа ба үүнтэй зэрэгцэн эрчим хүчний хэрэглээ ч өсөн нэмэгдсээр байна. 2012 оны байдлаар нийт ХХЯ-ын 52.0 хувийг эрчим хүчний салбар ялгаруулсан бөгөөд цаашдаа өсөлт энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд 82 хувь буюу 51.2 сая тон CO2-экв болно.
-Барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хий болон эрчим хүчний хэрэглээг тогтоох
-ХХЯ-ыг бууруулах загвар төслүүдийг санхүүжүүлж, хэрэгжилтийг дэмжих
-ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) тогтолцоог бий болгох
Эрчим хүчний зардал урт хугацаанд буурснаар өрхийн амьжиргааны зардал багасаж, санхүүгийн чадамж сайжирна. Эрчим хүчний хэрэглээг бууруулсанаар нүүрсээр галлах усан болон уурын халаагуур зуух, цахилгаан станцаас гарах цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн эрэлт багасаж, агаарын бохирдлыг бууруулна.

Асуудал 5: Газар, ус ба малчдын амьжиргаа

Өнгөрсөн арван жилийн хугацаанд, газрын доройтол болон цөлжилт нь эрчимтэй явагдаж, онгон байгаль болон экосистемд цөлжилт ихээр үүсэж байгаа нь малчдын ашиглах газрын хэмжээг хязгаарлаж усан хангамжид нөлөөлж байна. Булаг, цөөрөм ширгэж, ургамалжилт хомсдсоноор мал хатуу ширүүн өвлийг даван гарахад шаардлагатай тарга тэвээргээ авч чадахгүй байна. Мөн зэрлэг ан амьтдад тал нутгийг эрх чөлөөтэйгөөр хөндлөн гулд туулж чадахаа байсан нь бэлчээрийн ачаалал болоод талхагдал нэмэгдэхэд хүргэж буй юм.
Хэрэгжүүлж буй төслийн нэр, зорилго: “Газрын доройтлыг дүйцүүлэн хамгаалах” төсөл нь Монголын баруун бүсийн уулархаг нутагт бэлчээрийн талбайд уул уурхайгаас үүдэлтэй гарч буй сөрөг нөлөөг бууруулах, нөхөн сэргээх мөн уул уурхайн салбарынхан болоод уламжлалт малчдын хооронд үүссэн зөрчилдөөнийг зохицуулах шинэ арга барилуудыг турших юм. Энэхүү төслийн хүрээнд засгийн газар, уул уурхайн компаниуд, ТББ болон бэлчээр ашигладаг бусад бүлэг хүмүүсийг хамтатган газрын ландшафтын түвшний газар ашиглалтын төлөвлөгөө болон газрын доройтлыг нөлөөг бууруулах, сэргийлэх, зогсоох зэрэг газрын менежментийн тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.
Хийж буй ажлууд: Эл төсөл нь тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах, газрын бүх хэрэглэгчдэд ус, газрын нөөцийн тэгш хүртээмжтэй байдлыг хангахыг зорьж байна.

Нийтлэлийг бичсэн Б.Булганчимэг

21795   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.