Ковер зургийн тайлбар: Уганда улс сошиал медиа хэрэглээнд татвар ногдуулахаар боллоо.

ДЭЛХИЙ ДАХИНД

Уганда улс сошиал медиа хэрэглээнд татвар ногдуулах шийдвэр гаргалаа. 6-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон тус хуулийн дагуу Фэйсбүүк, Твиттер, Viber, WhatsApp зэрэг сошиал платформууд хэрэглэгчид өдөрт 200 шиллинг буюу 0,05 долларын татварыг төлөх ёстой болж байгаа юм. Угандагийн хүн амын 41 хувь буюу 17 сая хүн интернетэд холбогдсон тооцоо байдаг бөгөөд засгийн газраас хэрхэн хэрэглээг хянаж, татвар оногдуулах тухай тайлбар хийгээгүй байгаа аж. Тус хуулийг санаачлагч ерөнхийлөгч И.Мусевени сошиал медиагаар дамжиж буй хуурамч, худал мэдээллүүд асар их цаг хугацаа, орлого гарздаж байгааг онцолжээ.

Оросын засгийн газрын дайны бүсүүдэд явуулдаг үйл ажиллагааг шүүмжилснээрээ эрх баригчдын хараанд өртөн, улмаар эх орноо өнгөрсөн жил орхисон сэтгүүлч энэ долоо хоногийн гол од байлаа. Украйнд телевизийн хөтлөгч хийж байсан Аркади Бабченко өнгөрсөн мягмар гарагт буудуулж нас барсныг орон нутгийн цагдаагийн газар батласнаар "хэрэг" эхлэсэн. Гэсэн ч 2 хоногийн дараа тэрээр фэйсбүүк лайв хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө амьд гэдгийг, цагдаагийнхантай нийлж "хуурамч үхлийн жүжиг" тоглосон хэмээн мэдэгдсэн нь бүр анхаарал татав. Тэрээр үүнийг "өөрийг нь алах захиалга өгсөн этгээдүүдийг илрүүлэхийн тулд"хийсэн гэж өөрийгөө зөвтгөсөн бөгөөд цагдаагийн хүч Оросын тусгай албаны захиалгаар, 40 мянган долларын төлбөр аван аллага хийхээр зэхэж байсан алуурчныг илрүүлсэн гэжээ. Энэ үйл явдлыг олон улсын байгууллагууд болон сэтгүүлчид янз бүрээр хүлээн авч байгаагийн дотор "ёс зүйгүй", "олон нийтийг будлиулсан", "хуурамч мэдээ түгээсэн" учраас дургүйцэх хандлага хүчтэй илэрч байгаа юм. Хэвлэлийн хурлын үеэр Бабченко өөрийгөө 96 насалж, Путины шарил дээр бүжиглэх хүртлээ амьд байна хэмээн дурджээ.

Өнгөрөгч долоо хоногт алдарт хөрөнгө оруулагч Мэри Микерийн алдарт Интернет трендийн тайлан 2018 оны дүнгээ танилцууллаа. Гар утас, интернет хэрэглээ, өрсөлдөөн зэрэг бүхий л сэдвийг хамарсан уг тайлан итгэлтэй байдал, цар хүрээ, чанараараа Цахиурын хөндийн хамгийн найдвартай эх сурвалжид тооцогддог билээ. 3,6 тэрбум хэрэглэгч онлайн болсныг хамгийн эхэнд онцолсон уг тайланд дурдсанаар Америкийн дундаж иргэн өдөрт 5,9 цагийг интернетэд зарцуулж байгаа гэнэ. Гар утасны зах зээлийн тэлэлт 7 тэрбум долларын сурталчилгааны эрэлтийг бий болгож, онлайн худалдаанд дуу хоолойгоороо хийх захиалга эрс нэмэгдэж буйг, фрийланс буюу чөлөөт "уран бүтээлчид"-ийн эрэлт өмнөх оныхоос 3 дахин нэмэгдснийг тус тус онцолжээ.

Techcrunch: Микерийн тайлангаас онцлох 20 тоо

ТЕХНОЛОГИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Pew Research-ийн судалгаагаар Америкийн өсвөр насныхны хамгийн их хэрэглэдэг сошиал платформ нь Youtube гэсэн дүн гарсан байна. 13-17 насны залуусын 85 хувь нь Youtube-ийг тогтмол хэрэглэдэг гэсэн бол араас нь Instagram /72%/, Snapchat /69%/ бичигджээ. Харин 2015 оны тайлангаар 71 хувийн хэрэглээтэй гарч байсан Фэйсбүүкийг хэрэглэдэг өсвөр насныхан 51 хувь болон буурсан нь сонирхолтой. Энэ насны ангилалд багтах Америкчуудын 95 хувь нь ухаалаг утас ашиглаж байгаа аж.

Дэлхийн хамгийн том крипто арилжааны талбар Binance 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтын сан бий болгохоор зэхэж байна. 20 гаруй бие даасан хамтрагчдын дэмжлэгтэйгээр босгож буй уг сан блокчэйн технологи хөгжүүлэгч стартапуудыг дэмжиж санхүүжилт олгох аж.

Google-ийн эзэмшдэг жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Waymo Fiat Chrysler-тай шинэ гэрээ байгуулж, 62 мянган машин захиалжээ. Одоогоор 600хан машинтай Waymo Chrysler-аас Pacifica загварын машиныг робот таксины зориулалттайгаар ийн авч байгаа бөгөөд ингэснээр тэд энэ зах зээлийн гол тоглогч болох боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Microsoft өөрсдийн хөгжмийн стриминг үйлчилгээ Groove Music-ийн апп-ийг “устгаж” байгаагаа зарлалаа. Өнгөрсөн жилээс эхлэн хөгжүүлэлтээ зогсоогоод байсан тэд 12-р сарын 1-ээс эхлэн хэрэглэж буй апп нь ашиглах боломжгүй болох тухай мэдэгдлийг илгээж эхэлжээ. OneDrive болон Windows хэрэглэгчид хадгалсан MP3-аа ямар апп ашиглан тоглуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Фэйсбүүк хэрэглэгчдийн эргэн тойронд эрэлттэй байгаа мэдээг харуулдаг Trending хэсгээ бүрэн устгаж байгаагаа зарлалаа. Үүний оронд тэд илүү оновчтой, илүү үнэн мэдээлэл хүргэх шинэ нэмэлтүүдийг туршина хэмээн мэдэгдсэн юм. Эдгээрийн нэг нь 80 гаруй медиа байгууллага туршиж буй Breaking News болон Today In зэрэг нэмэлтүүд нь ажээ.

UNPLUG ХИЛ ДАВЛАА

Unread-ийн жил бүр зохион байгуулдаг нэрийн арга хэмжээ Unplug анх удаа хилийн дээс алхаж, БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Unplug @Beijing + Job Fair 2018 нэртэйгээр явагдсан уг арга хэмжээг бид Бээжинд төгсөгч Монгол оюутнуудын холбоо буюу MAAB-тай хамтран зохион байгуулсан билээ.

Уг арга хэмжээний гол онцлог нь бүрэн англи хэл дээр явагдсан нь байлаа. Зөвхөн тус улсад суралцагч Монгол оюутнуудаас гадна олон улсын оюутан, залуус идэвхтэй оролцсон нь тус арга хэмжээний хамтрагчаар Startup Grind, BeHive, SCO Youth League зэрэг олон улсын байгууллагууд ажилласантай холбоотой. 400 гаруй оролцогч оролцсон Unplug @Beijing-ийн шинэлэг тал нь гадаад, дотоодын 20 орчим компани оролцсон ажлын байрны үзэсгэлэн байсан юм.

Unplug-ийн салшгүй хэсэг болох "утга учиртай хэлэлцүүлэг" энэ удаад ажлын орчны ирээдүй болон энтрепренер сэтгэлгээ гэсэн үндсэн 2 сэдвийн хүрээнд явагдлаа. Ажлын орчны ирээдүйн талаарх гадаад оронд ажиллахын давуу болон сул тал, аж үйлдвэрийн хувьсгалын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, ажилд ороход шаардлагатай ур чадвар, сүүлийн үеийн хандлага зэргийг хамруулан ярилцсан хэлэлцүүлэгт Technode-ийн ерөнхий редактор Ж.Артман, China Admission-ий үүсгэн байгуулагч Р.Ковард, Wi Harper-ийн харилцаа холбоо эрхэлсэн захирал Ц.Намулун нар оролцсон юм. Энтрепренер сэтгэлгээ, зайлшгүй байх ур чадварууд, амжилтанд хүргэх жор, алдаа оноогоо цэгнэх дадал, бүтэлгүйтлээ давах чадваруудын талаар өөрсдийн туршлага, түүхээс үндэслэн ярилцсан дараагийн панелд Octoplus-ийн үүсгэн байгуулагч О.Алимов, SK сангийн төлөөлөгч Е.Косолапов, CirQ Technologies-ийн үүсгэн байгуулагч Б.Нажика, Culture Yard-ийн үүсгэн байгуулагч И.Черемник нар оролцлоо.

Unplug-ийн хамгийн гол хэсэг болох "Би хэрхэн ажилладаг вэ?" шууд ярилцлагын зочноор дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэг Алибабагийн дэд ерөнхийлөгч Алберт Лиу оролцсон юм. Цахиурын хөндийд 17 жил ажилласан, компьютерийн шинжлэх ухаан болон хуулийн зэрэгтэй Алберт компанийхаа ирээдүй, онцлог, хэрэгжүүлж буй төслүүд, алсын харааг өөрийн ажлын арга барил, онцлох дадлуудын хамтаар хүргэсэн нь ихэд сонирхолтой байв. Бид дэлхийн хэмжээний удирдах ажилтны оролцсон ярилцлагаа та бүхэнд удахгүй хүргэх болно.

БИЗНЕСИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Японы SoftBank автомашин үйлдвэрлэлийн гигант GM-ийн автомат удирдлагатай машины технологи хөгжүүлэгч компани болох Cruise Automation-д 2,25 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Үүнтэй холбоотойгоор General Motors 2019 оны эцэс гэхэд масс хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий тус төсөлд 1,1 тэрбум долларыг нэмж оруулах болж байгаа гэнэ. SoftBank тус компанийн 19,6 хувийг эзэмших аж.

Сүүлийн жилүүдэд борлуулалт нь тасралтгүй буурч буй таблетын бизнесээс Гүүгл гарлаа. Тэд Андройд хуудсан дахь таблет гэсэн цэсийг устгасан нь үүнийг батална хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Amazon, Samsung-ийн хямд үнэтэй таблетууд Гүүглийг зах зээлээс сүүлийн жилүүдэд илт шахах болсон билээ.

Алибаба логистикийн бизнесээ өргөжүүлж орон нутгийн хамгийн том сүлжээг эзэмшигч ZTO Express-д 1,1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. 2016 онд Нью Йоркийн хөрөнгийн биржид 1,4 тэрбум долларын IPO хийж, тухайн оны хамгийн их хөрөнгө босгосон компани болж байсан ZTO Express Алибабагийн өрсөлдөгч JD.com-д мөн үйлчилгээ үзүүлдэг билээ.

Uber-ийн гол өрсөлдөгч Lyft Сан Франциско болон Нью Йорк хотноо дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Ford GoBike-ийн толгой компани Motivate-ийг 250 сая доллараар худалдан авч байна. Өнгөрсөн сард өөр нэг дугуй түрээслэгч JUMP-ийг Uber худалдаж авсан нь тэднийг ийн шийдвэр гаргахад нөлөөлсөн нь дамжиггүй.

ЭНТЕРТЭЙНМЕНТ ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

2016 онд Pablo нэртэй цомгоо зөвхөн Tidal-д онцгой эрхтэйгээр цацаж байсан Kanye West шинэ цомгоо Apple Music, Spotify-ээр олон нийтэд хүргэлээ. Энэ нь алдартай дуучдын уран бүтээлийг хамгийн түрүүнд хүргэнэ гэсэн уриатайгаар хэрэглэгчдийн баазаа бүрдүүлсэн Jay Z-ийн эзэмшдэг Tidal-д хүнд цохилт болж буй нь дамжиггүй. Kanye West өнгөрсөн жил Tidal-ийг цомгоор нь дамжуулж сая гаруй шинэ хэрэглэгч татсанд бонус болгон 3 сая доллар өөрт нь төлөх ёстой хэмээн маргаж байсан билээ.

Star Wars-ийн ертөнцийн 12 дахь кино Solo 2 дахь долоо хоногтоо бокс оффисийг тэргүүллээ. Гэхдээ тэд энэ долоо хоногт ердөө 29 сая долларын борлуулалттай байсан нь дебютээсээ 66 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүхэн дэх хамгийн "муу амжилт үзүүлэх" оддын дайны кино гэгдэх болсон Solo олон улсын зах зээлтэй нийлэн эхний долоо хоногтоо 147 сая долларын ашигтай ажиллажээ. Deadpool 2 дараагийн байрт 23 сая долларын борлуулалттайгаар бичигджээ.

Оригинал контентод ихээхэн анхаарал хандуулж, томоохон төслүүд хэрэгжүүлж буй Apple Америкийн түүхэн дэх хамгийн агуу яруу найрагчдын нэгт тооцогддог Эмили Дикинсоны намтраар цуврал кино бүтээх болсноо зарлалаа. Тус киног The Newsroom, The Affair-ийн Алена Смит бүтээх бөгөөд гол дүрд Хэйли Стенфилд тоглох болжээ.

Токио хотноо хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Nintendo 2019 онд Pokemon-ий 3 шинэ тоглоомыг гаргана гэдгээ зарлалаа. Эдгээрийн эхнийх нь болох Pokemon Quest-ийг Switch тоглоомын хэрэглэгчид шууд тоглох боломжтой гэдгийг мөн онцолсон байна. Нөгөө 2 тоглоом нь 11-р сард Pokemon: Let's Go Pikachu!, Pokemon: Let's Go Eevee! гэсэн нэртэйгээр гарах аж.