Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 31, 2018

Мэдүүштэй: Чухал шалгалтыг хэрхэн амжилттай давах вэ?

Өнөө цагт сургуульд орох, ажилд орох, тэтгэлэг авах гээд хүсүүштэй бүх л зүйлд шалгалт өгдөг болсон билээ. Тэгэхээр амжилтаа ахиулж байхын тулд шалгалтад үр дүнтэй бэлдэж сурах хэрэгтэй. Оюутан сурагчид улсын шалтгалтдаа ид бэлдэж байгаатай холбоотойгоор өнөөдөр бид үүнтэй холбоотой зөвлөмж нийтлэл бэлтгэлээ. Ингээд ямар ч шалгалт асар их өрсөлдөөнтэй байдаг Азийн орнуудад хамгийн түгээмэл ашигладаг, шалгалтад одтой байхад тусалдаг аргуудтай танилцана уу. Энэхүү нийтлэлийг эрүүл мэндийн боловсрол олгох Монгол контент хөтөлбөртэй хамтран хүргэж байна.

1. идэвхтэйгээр сэргээн санах

Happy doctor - Эрүүл мэндийн боловсрол олгох Монгол контент хөтөлбөр

Зөвхөн өмнөх тэмдэглэлүүдээ уншин сэргээж бэлдэх нь үр дүн муутай арга юм. Таны тархи сэргээн санах үйл явцад хэдий хэр идэвхтэй оролцоно, төдий чинээ мэдээллийг та тогтоох болно. Ой санамж нь тархины хаа нэгтээ оршдог хэрэгтэй үедээ нээгээд, хэрэггүй үедээ хаачихдаг энгийн нэгэн хайрцаг биш билээ. Ой санамж нь ярианы ой, харааны ой, сонсголын ой, хөдөлгөөний ой гэх мэтчилэн тархийг тэр чигт нь хамардаг. Хүлээн авч буй мэдээллээ олон ойд агуулах тусам хадгалагдах хугацаа нь улам уртасна гэсэн үг.

Иймээс зүгээр уншаад хэрэггүй. Толгой холбон шүлэглэж, мнемоник зохиосон ч болно. Тэмдэглэлүүдээ нэгтгэж дүгнэлт гарга. Дуутай аялж унш. Тулгуур ойлголтуудыг нь түүж аваад өөр нэгэн газар шинээр тэмдэглэ. Хэдийгээр ердөө хуулж бичиж байгаа ч гэлээ зүгээр л уншсанаас хамаагүй дээр юм шүү. Таавар зохиож таалга. Гэвч хамгийн гол нь дасгал ажилла. Дасгалуудаа бүгдийг нь дуусгасан бол шинийг зохиосон ч болно. Идэвхтэй бай!

2. СОЛБИЖ ДАВТАХААР ТӨЛӨВЛӨ

Давтлагын хуваарь гаргаад түүнийгээ дага. Өдрийн туршид зөвхөн нэг л хичээлийг бүү давт, та уйдах болно. Хэтэрхий олон хичээлийг ээлжилж давтах нь мөн л адил аль ч хичээл дээр бүрэн гүйцэд мэдлэг олгохгүй. Үүний оронд өглөө нь нэг хичээлээ, үдээс хойш нөгөө хичээлээ давтах нь хамгийн тохиромжтой.

3. ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛУУДЫГ ДАВТ

Өмнөх жилүүдэд ирж байсан шалгалтын материалуудыг тухайн жилийн хичээлийн агуулгатай тулгаж үзээд, даалгавар, асуудлуудыг судалж шийдвэрлэ. Мөн ийм материалууд дээр ажиллаж байхдаа цаг харж ажиллаж сурах нь чухал. Учир нь жинхэнэ шалгалт дээр цаг бага байдаг тул хурдан сэтгэж, бичихээс өөр аргагүй шүү дээ.

4. АСУУЛТ ТААМАГЛАЖ ГАРГАХ

Ялимгүй эрсдэлтэй ч хэрвээ та магадлалд найдаж байгаа бол оролдоод үзэхэд илүүдэхгүй. Өмнөх жилийнх биш харин 2-3 жилийн өмнөх шалгалтад ирсэн асуулт болон сэдвүүдийг хайж олох хэрэгтэй. Хэрвээ олдсон бол асуултуудын давтамжийг нь ажигла, жишээлбэл жил болгон ирдэг ямар сэдвүүд байна? гэх мэтээр.

Мөн хэрвээ багш хичээлийн дундуур “энэ жил шинээр нэмэгдсэн сэдэв” хэмээн ярьж байвал яг энэ сэдвээс шалгалтад орж ирэх магадлал өснө. Жил бүр хуучин материалаар шинэ асуултууд боловсруулах нь багш нарт хүндрэлтэй байдаг учраас “шинэ сэдвээр” асуулт зохиох нь хамаагүй хялбар байдаг.

5. ЧАДАХГҮЙ БАЙваЛ АСУУ

Бүлгээр хичээллэнэ гэдэг нь хэн нэгэн нөгөөгийнхөө өмнөөс ажлыг нь хийж өгнө гэсэн үг биш юм. Эхлээд өөрөө шалгалтын материалууд дээрээ ажиллаж үзээд, дараа нь цугларч уулзаад ярилцах нь илүү оновчтой. Шалгалт бол хувь хүний хичээл зүтгэлийн үр дүн болохыг ямагт санаж явах хэрэгтэй.

Хэрвээ ийм сонголт байхгүй бол та багшаасаа зөвлөгөө авах боломжтой. Багш нар бэлэн хариулт хүссэн хүнээс илүү “Би энэ хүртэл ойлголоо, харин үүнээс цааш яг яаж хийх нь ойлгомжгүй байна, ингэх нь зөв үү?” гэх зэргээр асууж буй хүнд дуртайгаар хариулдаг. Энэ нь ч танд ирээдүйд илүү ашиг тустай. Хүчин чармайлт илүү гаргах тусам таны ой ухаанд тогтож үлдэх нь илүү шүү дээ.

6. ЯМАР НЭГ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА БОЛ ТОТЬ МАЯГААР СУР

Happy doctor - Эрүүл мэндийн боловсрол олгох Монгол контент хөтөлбөр

Энэ бол хамгийн сүүлийн сонголт юм. Огт ойлгохгүй байгаа хичээлүүд дээрээ ямар нэгэн зүйл хариулж чаддаг болгох механик арга төдий л зүйл гэдгийг санаарай. Хэдэн зүйл нэрлэх шаардлагатай тохиолдолд цээжлээд нэрлэчихсэн байхад бага ч гэсэн оноо авах боломжтой.

24 ЦАГИЙН ӨМНӨ

Эдгээр арга барилуудыг ашиглахаас гадна шалгалтын урьд өдөр буюу 24 цагийн өмнө бие, оюун санаандаа анхаарал тавих нь нэн чухал юм. Хэдий сайн бэлдсэн ч гэсэн нойр хүрэх, тархи ядарсан тохиолдолд ойлгож мэдсэнээ бүрэн гаргах хэцүү тул шалгалтаас хэдэн цагийн өмнө яавал зохих талаар танд хүргэе.

ЯДАРЧ БОЛОХГҮЙ

Хэрвээ та шөнөжин унталгүй эцсийн мөчийг хүртэл бэлдсэн бол та аль хэдийнээ уначихсан гэсэн үг. Ядарснаасаа болоод та шалгалтан дээрээ юу ч сэтгэж чадахгүй. Хичээлийн жилийн эхний ганц хоёр шалгалтыг ийм маягаар өнгөрөөж болох хэдий ч хэд хэдэн дараалсан шалгалтыг давах хүндрэлтэй.

УУРГААР БАЯЛАГ ХООЛ ИДЭХ

Шалгалт нь оюуны хүч шаардахаас гадна мөн биеийн хүч их шаарддаг. Иймээс та дан ганц тархи толгойгоо бэлдээд байлгүй биеэ ч бас бэлдэх хэрэгтэй. Чихэрлэг зүйл их идэж, Red-Bull уугаад орлоо гэхэд таны энерги эхний цагт л хүрэлцэнэ. 3 цаг үргэлжлэх шалгалтын төгсгөлд таны эрч хүч шавхагдсан байх болно. Тиймээс энергиэ удаан задалдаг уургаар баялаг хоол хүнс хэрэгтэй. Гоймон, загас, өндөг зэргийг туршаад үзэх нь зүйтэй.

ДАСГАЛ ХИЙЖ ЦУСНЫ ЭРГЭЛТЭЭ САЙЖРУУЛАХ

Шалтгалтын өмнө цагуудад боломж байвал гүйх юм уу спорт зааланд дасгал хийж үзээрэй. Судалгаагаас үзэхэд, хүний хамгийн бүтээмж өндөртэй үе дасгал хөдөлгөөн хийсний дараа тохиодог бөгөөд дасгал хийсний дараа ийм идэвхтэй үе хоёр цагаар ч үргэлжлэх нь бий гэнэ.

Эх сурвалж: Happy Doctor Mongolia

28400   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.