Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   06 сарын 04, 2018

Онцлох бизнес: Инару - Сэтгэлдээ галтай, байгальдаа ээлтэй хүн танд

Гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуйн эко бүтээгдэхүүнийг уламжлалт гар аргаар үйлдвэрлэн гаргадаг үндэсний брэнд Инаруг өнөөдөр онцолж байна. Арьс арчилгаа, гэр ахуй гээд бүх л зүйлд хэрэглэж болох гангатай органик цэвэрлэгч тэргүүтэй шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж буй тус брэндийн үүсгэн байгуулагч Н.Сарангуатай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 

Бизнесийн нэр: Инару үндэсний эко брэнд
Үйл ажиллагааны чиглэл: Органик ахуйн болон гоо сайхны үйлдвэрлэл
Байгуулагдсан он: 2016
Үүсгэн байлуулагч: Н. Сарангуа
Ажилтны тоо: 11
Байршил: Циркийн зүүн хойно, 50-р дэлгүүрийн эсрэг талд
Сошиал хуудас: Enaru

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Миний бие олон жилийн өмнөөс дэлхийд танигдсан ноос ноолуураас өөр монгол брэнд байдаггүйд эмзэглэдэг байлаа. Тиймдээ ч олон улсад нүүдэлчин соёлоо таниулах үндэсний брэнд бүтээх мөрөөдөлтэй болсон.

Мөн хүний хань, хоёр хүүхдийн ээж болсон цагаас хойш гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа тавих том хариуцлагатай болсон. Нэг өдөр CNN-ий мэдээгээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд байдаг хортой синтетик бодис бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар үзсэн юм. Тэгээд хүүхдүүдийнхээ идэж уудаг аяга, тоглож хөрвөдөг шал, толь, хана гээд бүхий л зүйлийг юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хорт бодисоор цэвэрлэж байгаагаа гэнэт ухаараад их эмзэглэсэн. Үүнээс хойш аль болох байгалийн гэсэн бүтээгдэхүүнийг авч, Америкаас хүртэл захиж хэрэглэдэг болсон. Гэтэл бас жинхэнэ органик бүтээгдэхүүн хэт үнэтэй, эсвэл үнэн бодит орц найрлагаа бичдэггүй, өдөр тутмын хэрэглээ болгоход хэцүү гэх мэт асуудлууд байдаг юм билээ.
Үүнээс үүдэн ер нь бид ийм сайхан баялагтай газар нутаг, түүхий эдтэй улс оронд амьдарч байж яагаад ийм бүтээгдэхүүн өөрсдөө хийж болохгүй билээ гэсэн санаа төрсөн юм. Бизнесээ эхлүүлээд олон жил эрүүл мэндийн салбарт ажилласан манай гэрийнхэн том түшиг болсон.

Инару нэрийн утга? 

Инару гэдэг нэр нь эртний монгол бичгээр НАР, ЦӨМ гэсэн утгатай. Алтан дээд гэриэ хэмээх Монголын эртний судар номоос энэ нэрийг олсон юм. Дэлхий өөрөө цөмтэй, хүн бүр цөмтэй асаж буй гал. Хүн бүрийн энэ сэтгэлийн галыг ноцоож байгаль эх дэлхийдээ ээлтэй амьдруулах, эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний эрхэм зорилго юм.

Манай логог анзаарах юм бол сүүлээ амандаа хийсэн могой байгаа. Өлзий хээ нь бүрэн төгс, баяр жаргал, урт удаан наслахыг бэлгэддэг бол сүүлээ залгисан могой нь эрүүл энх, мөнх оршихуйн бэлгэдэл.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бизнесийн салбарт юу ч үгүйгээс эхэлж хичээж зүтгэсний эцэст ийнхүү бизнесээ амжилттай эрхэлж яваа гэж бодож байна. Өмнө эхлүүлсэн бизнесийн хуримтлалаасаа Инаруг үүсгэн байгуулсан. Инаруг ашиг олно гэхээсээ илүү эрүүл, эко бүтээгдэхүүнтэй үндэсний брэнд бүтээх юм сан гэдэг хүслээр бий болгосон гэж болно.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Бид гэр бүлээрээ зүтгэж, гэр бүлүүдэд зориулсан Инару брэндийг бий болгосон. Инаруд нярай хүүхдээс эхлээд насан буурлууд хүртэл гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой олон бүтээгдэхүүн бий. Мөн бид байгаль дэлхийдээ ээлтэй байж, нүүдэлчин ахуйгаа чин сэтгэлээсээ хүндэлж биширдэг учир брэндийн нэрээсээ эхлээд л үндэсний хэв маягаа бүтээгдэхүүн болгондоо шингээж явдаг.

Манай онцлох орц бол ганга өвс. Ганга өвс нь олон талаараа маш хүчтэй ургамал. Байгалийн хүчтэй антиоксидант, бактерийн эсрэг үйлчилгээтэй, хамгийн ариун газар ургадаг ариун ургамал тул муу энергийг ч зайлуулах увдистай гэдэг.

Инару Монголд анх удаа гангатай кастилийн саванг үйлдвэрлэж байна. Кастилийн саван нь олон зуун жилийн түүхтэй "органик савангийн хаан" гэгддэг юм. Үүнийг ганга өвстэй хослуулан бүтээсэн нь үнэхээр төгс шийдэл болсон. Учир нь гангатай органик цэвэрлэгч үнэхээр гайхамшигтай үр дүнтэй, олон үйлдэлтэй, шингэлж хэрэглэдэг хэмнэлттэй бүтээгдэхүүн. Гангатай органик цэвэрлэгчээр нүүр, гар, биеийн арьс арчилгааг хийхээс гадна жимс ногоо, аяга тавгаас эхлээд гэр ахуйн бүх л цэвэрлэгээг хийж болно.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Бид анхнаасаа тодорхой алсын хараатай байж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн сүлжээ компани бий болгох зорилгыг тавьсан. Инару брэндийн бүтээгдэхүүн дэлхийн аль ч буланд бай, айл бүрийн гэрт эрүүл эко амьдралын хэв маягийг түгээгээсэй гэж хүсэж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бага байхаас минь манай аав ээж зөв , ёс зүйтэй байхын чухлыг надад сургаж, ийм суурь хүмүүжилтэй болгосон гэж боддог. Бизнес дээр ч гэсэн хэрэглэгчийн хайрыг татаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л бизнес оршин тогтдог. Байгальд ээлтэй байх, эрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хамтын хариуцлагатай байх нь Инаругийн 3 гол зарчим юм.

Дотор ажилладаг хүмүүс нь сайн үг хэлэхгүй бол, гаднах хэрэглэгчдийн талаар бодоод ч хэрэггүй гэсэн маркетингийн нэг үг байдаг. Тиймээс бид өөрсдөө хийж буй зүйлдээ дуртай, хамт олондоо элэгсэг байхыг чухалчилдаг. Мөн ил тод байдал бол манайхыг тодорхойлох зүйлсийн нэг. Хэрэглэгч маань хэзээ ч гэсэн үйлдвэр дээр маань ирээд бүтээгдэхүүн яаж хийгддэгийг харж болно. Бид үйлдвэрлэлийн шат дараалал болгондоо сайн хяналт тавьж ажилладаг. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд хамгийн түрүүнд би өөр дээрээ туршдаг юм. Органик бүтээгдэхүүний гол онцлог нь амьтад дээр бус хүн дээр туршиж хэрэглэж болдгоороо онцлогтой, аюулгүй байдаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Энэ бизнесээ эхлүүлээд удаагүй болохоор дотоод менежмент, борлуулалт дээрээ нэлээд төвлөрч ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэлийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж байна. Үйлдвэртээ ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэх 5S зарчмыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Одоо бид борлуулалтын 5 цэгтэй болоод байгаа. Гадаад зах зээлд мөн удахгүй борлуулж эхлэх юм. Үүнээс гадна гоо сайхны өөр нэг цогц бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

Шинэлэг бөгөөд органик бүтээгдэхүүн гаргахад хүний нөөцийн үүрэг нэн чухал тул ажилтчдынхаа сургалт хөгжил дээр мөн онцгой анхаарч байна даа.

Энэ бизнес эрхлэхийн эерэг САЙН БӨГӨӨД ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Олон нийтэд органик бүтээгдэхүүний брэндийг танилцуулна гэдэг амаргүй ч хэрэглэгчдийнхээ эерэг сэтгэгдлээс байнга урам авч байдаг. Энэ төрлийн бизнесийг эрхлэгчид ер нь ахиу ашиг олох гэхээсээ илүү нийгэмдээ хэрэгтэй зүйлийг бүтээж, гэрэл гэгээ нэмэхийг хүсдэг гэж боддог. Монголд эко, органик брэндүүд шинээр гарч ирсээр байгаад бид баярладаг. Өнөөдөр хэцүү байгаа ч энэ чиглэл бол яахын аргагүй бидний ирээдүй. Бидэнд том зорилго, тод алсын хараа байгаа болохоор бэрхшээл бүрийг даваад л гарна гэдэгтээ итгэлтэй байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Бид богино хугацаанд олон байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Манай адууны тостой саванг хэрэглээд харшилтай арьс нь сайхан боллоо, нүүрний нөсөө толбо бүдгэрлээ, арьс зөөлөн толигор болж байна гэдэг. Цэвэр адууны тос, зөгийн балан лаа, ариун цэврийн өрөө цэвэрлэгч, тоглоомтой ванны бөмбөлөг, гангатай органик цэвэрлэгч гээд бүх л бүтээгдэхүүнд маань ер нь ам сайтай байгаа шүү.

Гангатай органик цэвэрлэгчийг маань элэгний өөрчлөлттэй хүмүүс хорт химийн бодисоос элгээ хамгаалах гэж, тэгснээ бас аяга тавгаа угаах гэж хүртэл авдаг. Бага насны хүүхэдтэй, харшилтай, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс ер нь их хэрэглэдэг. Гадаадын жуулчид бас байнга үйлчлүүлж, бэлгэнд өгөхөд гоё юм аа гэж хэлдэг. Солонгосчууд адууны тостой саванг, европчууд бараг бүх бүтээгдэхүүнийг таалж, үнэ тун боломжийн байна гэдэг юм. Монголд хуурайшилт ихтэй тул гадаад хүмүүс арьсандаа тэжээл өгөхөөр манай тоснуудыг авч хэрэглэдэг. Мөн хайртай дотны хүндээ онцгой өдрүүдээр өгөх бэлгийн багцууд эрэлттэй байдаг.

ТА БИЗНЕС ЭХЛҮҮЛЖ БУЙ, ЭХЛҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ЗАЛУУСТ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Залуу хүнийн хувьд би эерэг зөв хандлагатай байх, байнга сурч боловсрох, хийж бүтээх нь чухал гэж боддог. Бизнес эрхлэхийн тулд том сэтгэж, их хөрөнгө оруулалт авах шаардлагатай гэж олон хүн боддог. Үнэндээ бүх зүйл маш багаас эхэлдэг. Инару анх 10 м2 жижиг өрөөнөөс л судалгаагаа эхлүүлж, анхны туршилтуудаа хийсэн. Мөн алдах вий гэдэг айдас олон боломжоос хойш татдаг. Гэтэл огт алдаагүй хүн, амьдрал, ажил гэж хаана ч байхгүй шүү дээ.

Бэрхшээлийг давж гарах нь дахин нэг шат ахиж, хөгжихийн илрэл байдаг. Гарааны үед хэцүү үе зөндөө гардаг болохоор ментортой байх нь тийм үед тун чухал гэж боддог. Тухайн салбарт амжилт гаргасан хүмүүсээс байнга суралцаж байх хэрэгтэй. Надад миний аав ээж, хань ижил, суралцаж үлгэр авдаг өөр олон хүн бий. Ментороос гадна хүн өөртэйгөө байнга ярилцаж байх хэрэгтэй болов уу. Би үүнийг яагаад эхлүүлсэн билээ, юуны төлөө яваа билээ, миний тавьсан зорилгын хажууд энэ асуудал тийм том гэж үү гэх мэтээр. Ингээд бодохоор урам зориг ороод л явчихдаг.

20672   1


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.