Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 30, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - ХААН Банкны бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан

Монголын "Банкны салбарын ажилтны өдөр"-ийг тохиолдуулан бид Монголын хамгийн олон салбар, хамгийн олон харилцагчтай ХААН Банкны бизнес хөгжлийг удирддаг эрхэмтэй ярилцлаа. Тэр бол тус банкинд их сургуулиа төгсөөд 2001 онд дотоод хяналтын газарт хянан шалгагчаар ажилд орж, түүнээс хойш тасралтгүй дэвшсээр өдгөө тус банкны амин чухал хэсэг болох бизнесийн хөгжлийг зангидан авч яваа Т.Жавхлан юм. Өнгөрсөн жил ХААН Цамхаг хэмээх шил толь болсон сүрлэг барилгад нүүж орсон, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, харилцагчдадаа улам бүр ойртсоор байгаа ХААН Банкны хурдтай өсөлтөд Т.Жавхлан захирлын оруулсан хувь нэмэр их. Ажил хөнгөвчлөх Khan Pay, qPay гэх мэт цахим үйлчилгээнүүд, эмэгтэйчүүдэд зориулан гаргасан Глэмор кредит карт, залуу манлайлагчдад зориулсан Signature, ЖДБ эрхлэгчдэд зориулсан ХААН Бизнес гэх мэт шинэлэг содон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг түүний удирдсан багийнхан санаачлан хэрэгжүүлж хэрэглээнд нэвтрүүлдэг бөгөөд зөвхөн 2017 онд л гэхэд зах зээлд 50 орчим шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлжээ. МУИС-ийн бакалавр, магистрын зэрэгтэй, волейболын спортын мастер Т.Жавхлан захирал үндсэн ажлынхаа хажуугаар банкныхаа волейболын багийг дасгалжуулан, спортоор дамжуулан байгууллагын соёлыг улам бэхжүүлэхэд анхаардаг.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: ХААН Банкны бизнес хөгжил хариуцсан дэд захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Dell, Lenovo
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурд, багийн ажиллагаа
Сошиал хуудас: Javkhlan Turmunkh

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Ажлын өдөр маань төлөвлөгөөт хурлууд, уулзалтуудаар эхэлдэг. Миний хувьд ажлын хэсгийн уулзалтууд, хорооны хурлууд, хариуцсан газар нэгжийн ажилтнуудтайгаа уулзах гээд уулзалтаас уулзалтын хооронд ажилладаг тул бусад яаралтай ажлуудаа имэйлээр зохицуулж, шуурхай ажиллахыг эрмэлздэг. Ажлын имэйлээ утсан дээрээ давхар харж, яаралтай ажлуудаа шийдээд явах нь цаг хэмнэж, ажлыг шуурхай явуулахад дөхөм байдаг. Гэхдээ зарим ажлууд дээр имэйл бичээд орхих биш аль болох уулзаж ярилцаад асуудлыг шийдэхийг илүү чухалчилдаг. Бодож, төвлөрч шийдвэр гаргах ажлууд ч байдаг. Тэгэхээр холимог арга барилаар л ажилладаг гэж болно доо.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Outlook-ээр бүх имэйл харилцаагаа явуулдаг, бас календарь хөтөлнө. Мөн Viber, Telegram, Messenger ашиглана. Өдөр тутамдаа хамгийн их ашигладаг апп бол мэдээж банкныхаа Khan Bank апп. Манай улсын нийт гар утсаар хийгдэж буй гүйлгээний 65 хувийг ХААН Банк дангаар гүйцэтгэж байна. Тэгэхээр зөвхөн би ч биш бараг хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, хамгийн их ашигладаг апп гэдэгт эргэлзэхгүй байна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ХААН Банкны оффис нь манайхаас шалгаруулсан "Улаанбаатар хотын хамгийн таатай оффисууд 2018" жагсаалтад багтсан билээ. Дэлгэрэнгүйг энд дарж үзээрэй.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Харилцагчдын хэрэгцээ шаардлага, техник технологи эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед хурд маш чухал. Хурдаас гадна гүйцэтгэл сайн байх ёстой. Миний хувьд цаг хэмнэх гол арга бол ажилтнууддаа үүрэг даалгавраа маш ойлгомжтой өгч, явц дунд нь хянах. Аливаа ажлын зорилго, хүлээж буй үр дүн, чиглэл тодорхойгүй байхаар хүн их цаг алддаг. Явц дунд нь харж хянаж явахгүй бол хүлээлт зөрөх магадлалтай. Товчхондоо, бусдыгаа сайн чиглүүлж, ажлаа хялбархан хурдтай хийх боломжоор ханган хэн хэнийхээ цагийг хэмнэхийг хичээдэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн Outlook-ийн календарь дээр туслах маань ажил уулзалтуудыг нэмээд явчихдаг. Хувьдаа бол тэмдэглэлийн дэвтэр сайн ашигладаг. Амар байдаг юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Багийн ажиллагааг чухалчилж, баг хамт олноо удирдан чиглүүлэхдээ сайн болов уу. Манай хэд том ажлын ард гараад ярилцаж суухдаа "Та их шахдаг. Гэхдээ дараа нь бид ажлынхаа үр дүнгээс үнэхээр их кайф авдаг шүү" гэж ярьдаг юм.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

ХААН Банк бол орон даяар 530 гаруй салбар, 5000 гаруй ажилтнаараа дамжуулан нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэдэг тэргүүлэгч байгууллага. Тийм ч учраас бидний өдөр тутам хийж буй ажлын цар хүрээ, үүрэг хариуцлага үүнийг дагаад өндөр байдаг. Манай банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ Монголын нийгэм эдийн засаг болон хүн бүрт тодорхой хэмжээгээр нөлөөлж, хийж хэрэгжүүлж буй ажлууд маань олон хүнд хүрч, бодит үр шимээ өгч байдаг нь хамгийн эерэг, давуу тал гэж хэлнэ. Үүнээс гадна бид, нийгэмдээ бодитой хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байхыг зорьж, энэ чиглэлд олон ажлууд хийдэг. Хийсэн ажлууд маань ч үр дүнгээ өгч байна. Манай банкны улс эх орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, ажил олгож буй хүмүүсийн тоо, татвар төлж буй дүн, хийж хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлага зэргийг үнэлэн Монголын ТОП 100 аж ахуй нэгжийн эхний гуравт сүүлийн гурван жил дараалан шалгаруулсан байдаг. Үүнээс манай банкны цар хүрээ, хэдий хэмжээнд өргөжин тэлсэн нь харагдах болов уу.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Технологийн хурдацтай хөгжлийг дагаад бизнесийн бүхий л салбарууд, тэр дундаа банк, санхүүгийн салбар хамгийн хурдтай өөрчлөгдөж байна. Санхүүгийн үйлчилгээг зөвхөн банкууд үзүүлдэг байсан бол одоо Alibaba, Tencent, Amazon, Google болон Финтек технологийн компаниуд санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, хурдан шуурхай болгох замаар банкуудтай өрсөлдөж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл манай урд хөрш Хятадад WeChat апп-ийг 960 сая гаруй хүн ашиглан төлбөр төлөх, нийтийн тээврээр зорчих, чатлах гэх мэт өдөр тутмын бүхий л хэрэгцээгээ хангаж байна. Гэтэл WeChat өөрөө банк биш. Тиймээс банкууд цаашид оршин тогтнохын тулд зайлшгүй өөрчлөгдөх, эдгээр шинэ тоглогч нараас илүү бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, байнга сайжруулж байх шаардлага гарч байна. Бидний хувьд яг одоо банкны бүхий лүйлчилгээг WeChat шиг хялбар, хурдан шуурхай, нэг дороос авах боломжийг бий болгох тал дээр анхаарч байна. Олон улсад үүнийг “All in one” апп гэж нэрлэдэг. Аливаа зүйл 2 талтай байдаг гэдэг шиг технологийн дэвшил хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхийн хажуугаар мэдээлэл хакердах гэх мэт шинэ төрлийн эрсдэлүүд гарч ирж байна. Манай банк цахим банкаар тэргүүлэгчийн хувьд энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Жишээ нь бид өнгөрөгч сард цахим банкны аюулгүй байдлын олон улсын анхдугаар форумыг зохион байгууллаа. Нөгөө талаас цахим банкны хэрэглэгчид маань ч өөрийн хувийн мэдээллийг нууцлах тал дээр анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна.

Мөн аливаа улс орны хөгжлийн гол тулгуур нь ЖДБизнес байдаг. Улс орон даяар салбартай үндэсний том банкны хувьд бид ЖДБ-ийг зөв бодлогоор дэмжиж чадвал Монгол улсын нийгэм, эдийн засаг, айл өрх бүрт бодит хувь нэмэр оруулах юм. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар манай улсын голлох салбар байсаар ирсэн, цаашид ч байх нь тодорхой. Тиймээс энэ салбарыг хэрхэн бодлогоор дэмжиж, экспортын компаниудыг дэмжих вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна даа. Манай улс экспортлогч орон болж байж, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадвар нэмэгдэх нь гарцаагүй.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үедээ хөгжим сонсоод байдаггүй. Харин ажлын завсарлага авсан үедээ эсвэл машин дотор явахдаа хөгжим сонсдог. Тухайлан тогтмол сонсдог хөгжим, жанр байхгүй. Тухайн үедээ таалагдсан хөгжмөө сонсоод л явдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Номыг хэвлэмэлээр нь унших дуртай. "Очир огтлогч"-ийг хоёр дахиа уншиж байна. Буддагийн айлдваруудыг орчин үеийн сэтгэхүйд тааруулан Гэвш Майкл Роачийн тайлбарласнаар буулгасан энэ номоос амьдралын талаар, хүн ёсны харилцаа, ажил бизнесийн талаар энгийн хэрнээ чухал зүйлсийг ойлгож авдаг. Унших бүр өөр өнцөг, өөр мэдрэмж, өөр санааг олж авч байгаа нь их сонин. Мөн Брайан Трэйсигийн "Зорилго" гэх номыг уншиж байна. Гүйцэтгэх захирал Жон Белл бидэнд ном их бэлэглэдэг. Зорилгоосоо гажихгүй урагшаа алхахад туслам ном байна лээ.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Харьцангуй нээлттэй хүн гэж боддог. Гэхдээ танихгүй хүмүүсийн дунд бол тийм биш. Ер нь олны хараанд өртөх, ил гарах сонирхол багатай. Багийнхан маань харин дэндүү даруухан байгаад байна гэж шүүмжилнэ (инээв). Баг дотроо, ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй, ний нуугүй харилцдаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө 23:00 цагийн үед унтаад өглөө 07:00 цагийн үед босдог. Орой аль болох эрт унтахыг хичээдэг боловч 23.00 цаг хүргэчихдэг. Сүүлийн үед эрт сэрчихээд байдаг болсон байна лээ. Хөгшрөөд байна гэж ажлынхандаа хошигноод л явж байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Аль болох л гэрийнхэнтэйгээ байх дуртай даа. Би 3 хүү, 1 охинтой. Хүүхдүүд маань намайг дагаад спортод дуртай. Хамт дугуй унана, спортоор хичээллэнэ, тоглоно.

Долоо хоногтоо нэг удаа зааланд заавал тоглоно шүү. Би багаасаа волейболын спортоор хичээллэсэн. Волейбол цэвэр багийн спорт. Нэг хоёр нь онцгойрохоос илүүтэй багаараа жигд сайн байж өрсөлдөгчөө хождог л доо. Ер нь спорт, тэр дундаа волейболын спорт хүнийг их зөв төлөвшүүлдэг гэж би боддог. Багаар ажиллах, бие биеэ хүндлэх, нөхөрлөх, тэсвэр тэвчээр, шийдвэр гаргах чадварыг хүнд өгдөг. Банкныхаа волейболын багт олон жил тоглоод одоо дасгалжуулагчийн албанд шилжсэн (инээв). Залуустайгаа бэлтгэл хийн, тэмцээн уралдаанд оролцож, амжилтаар нь бахархаж сайхан эрч хүч, энергийг авдаг даа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүл, хамт олон, ажлын үр дүнгээсээ л эрч хүчээ сэлбэнэ дээ. Зөв хандлагатай байж аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой гэсэн миний нэг зарчим байдаг юм. Энэ зарчмаа баг хамт олондоо ч гэсэн тавьдаг. Чин сэтгэлээсээ хүсч хийсэн аливаа зүйл эргээд эерэг үр дүн дагуулж, тухайн хүндээ эрч хүч урам зориг өгч байдаг боддог.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хүний суурь хүмүүжил л их чухал гэж боддог. Аав, ээж маань бага байхаас л зөв бай, манлайлагч бай, тууштай бай, тэгвэл юманд хүрнэ гэж сургадаг байсан. Ийм ч учраас би аливаа зүйлийг заавал чадах ёстой, хийж чадна гэж итгэж үнэмшин өссөн байх. Ажлыг гүйцэд сайн хийж дуусгах ёстой гэсэн үзэл бодол багаас маань л төлөвшсөн юм шиг санагддаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Түрүүнд дурдсанчлан сэтгэлээсээ юмыг хийнэ, зөв хандлагатай байна гэдэг л хамгийн чухал. Аливаа хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, дурлаж хобби болгож хийх хэрэгтэй. Тийм байж л амжилтад хүрнэ. Зарим хүмүүсийг харахад дургүй зүйлийг нь хүчээр хийлгүүлж байгаа мэт, хийж буй ажлынхаа боол нь юм шиг зовлонтой харагддаг. Тиймээс залуус маань өөрийн хийж байгаа ажлаа ойлгож, эерэг давуу талыг нь олж харж чадвал ямар ч ажлын ард гарна гэж хэлмээр байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Би харилцагчдаасаа санал болгомоор байна. Манай банкны олон хөдөлмөрч харилцагч байдгийн нэг Нүүдэлчин Агро Фарк ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгсийг санал болгож байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, фермийн аж ахуйг олон улсын жишгийн дагуу шинэ түвшинд гаргахаар шаргуу ажиллаж байгаа шилдэг бизнес эрхлэгч. Фермийн аж ахуйг олон улсын түвшинд гаргахаар ажиллаж байгаа, шилдэг залуусын төлөөлөл учраас зөвлөгөө мэдээлэл болохуйц сонирхолтой ярилцлага гарах байх аа.

94076   21


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.