Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 27, 2018

7 хоногийн тойм: Трампын таамаглашгүй араншин + Энгүүний эгшиглэнт хоолой + Бэйлийн бадрангуй гоол

Ковер зургийн тайлбар: Танилц, энэ зуны хит аялгууг бүтээгчид!

Энэ амралтын өдрийн онцлох ярианы сэдэв бол Ц.Энгүүн болоод Voice Mongolia шоу байлаа. Үзэгчдийн саналаар ялагчаа тодруулсан тус шоуны эцсийн шат мянга мянган үзэгчийг дэлгэцийн өмнө уяж, сэтгэл хөдөлгөсөн мөчүүдээр дүүрэн болж өнгөрөв. 17 настай Энгүүний "эгшиглэнт-эгэлгүй" хоолой энэ жилийн тэмцээний ялагчаар тодорсон билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг бид уламжлалт бус арга барилтай гэдгийг нь сайн мэддэг болсон. Гэхдээ Нобелийн шагнал ч авчирч магадгүй ач холбогдолтой зүйл дээр "таамаглашгүй араншин" гаргана гэдгийг нь тооцсонгүй. Ким Жон Унтай хийх түүхэн уулзалт болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй нөхцөл үүссэн нь түүний хаврын тэнгэр шиг ааштай холбоотой мэт. Европын хөлбөмбөгийн энэ улирлын хамгийн сүүлийн тоглолт Киевт явагдаж, Реал Мадрид Аваргуудын лигт 3 дахь жилдээ дараалан түрүүлэв. Уэльс тоглогч Гарет Бэйл дэндүү гайхалтай, "бахдам-бадрангуй" гоолыг оруулснаар энэ тоглолтыг шийдэж, эцсийн цэгийг тавьсныг бид онцоллоо.

Дэлхий дахинд

Олны анхаарлыг ихэд татаж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт болох эсэх нь тодорхойгүй болов. Хэдий 2 тал өнгөрсөн долоо хоногт ирэх сарын 12-нд Сингапурт уулзахаар болсныг баталсан ч "гэнэтийн" шийдвэр гаргах дуртай Трамп уулзалтыг цуцалснаа мэдэгдсэн нь олныг алмайруулав. Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтын талбараа устгаснаа баталгаажуулаагүй, Сингапурт хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангахад идэвхгүй оролцож байгаа, БНСУ-тай хийх цэргийн хамтарсан бэлтгэлд тааламжгүй хандсан зэрэг шалтгаануудын улмаас Трамп "сүр жавхлантай" захидлыг илгээсэн нь энэ. Гэхдээ үүнээс хоёрхон хоногийн дараа тэрээр нөхцөл байдал хяналтад байгааг сануулж, уулзалт товлосон цагтаа болох магадлал өндөр байгаа талаар мэдэгдсэн нь олныг төөрөгдүүлж орхив. БНСУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа үеэр Хойд Солонгосын тал уулзалтыг хийх "хүсэлтэй" байгаагаа баталгаажуулсан нь найдлага төрүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

"Хүчээ нэгтгэе" уриатайгаар зохиогдсон Монголын Эдийн Засгийн Форум өнгөрөгч долоо хоногт явагдав. Өнгөрсөн жил явагдалгүй өнжсөн, төр, хувийн хэвшил болон нийгмийн амьдралын бусад оролцогч талуудыг нэг дээвэр дор нэгтгэдгээрээ ач холбогдолтой энэхүү форумд гадаад, дотоодын 1000 гаруй оролцогчид оролцлоо. Уг хурлын үеэр Монгол улсын хөгжлийн бодлого, хүртээмжтэй өсөлт, хариуцлагатай уул уурхай, хүний хөгжил зэрэг үндсэн сэдвүүдээс гадна хариуцлагатай манлайлал, үндэсний брэндинг, нийгмийн үнэт зүйл зэрэг шинэлэг сэдвүүдийн хөндсөн юм.

Швейцарьд төвтэй IMD байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайлангийн 2018 оны жагсаалт гарлаа. 30 дахь жилдээ гарч буй энэ жагсаалтыг АНУ тэргүүлж Хонгконг, Сингапур, Нидерланд улсууд удаалжээ. Монгол улсын хувьд жагсаалтад багтсан 63 орноос 62 дугаар байрт бичигдсэн байна. Манай улсын ард засаглалын гүн хямралд өртөөд буй Венесуэл улс оржээ. Уг жагсаалтыг улс орнуудын эдийн засаг, ажил эрхлэлт, авлигын түвшин, байгаль орчны асуудал, амьдралын чанар, сайн засаглал зэрэг 258 хэмжүүр дээр үндэслэн гаргадаг аж.

Ирланд улс үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргалаа. Нийт ард түмний дунд явуулсан санал асуулгын дүнд 66 хувийн олонхын саналаар 1983 онд Үндсэн хуульд оруулсан 8 дахь нэмэлт өөрчлөлтийг цуцлах болсон нь энэ юм. Католик шашны хүчтэй нөлөөн дор байдаг тус улсад үр хөндөхийг хатуу хориглож ирсэн түүхтэй. Ингэснээр 12 долоо хоног хүртэл хугацаатай жирэмсэн эх өөрийн хүсэлтээр үр хөндүүлэх эрхтэй болж байгаа юм.

VOX: Ирландчуудын түүхэн шийдвэрийн ард

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Инстаграм цахим орчин дахь гадуурхал, дарамттай тэмцэх зорилгоор "Mute" нэртэй нэмэлтээ танилцууллаа. Зарим хэрэглэгчийн "дууг хааснаар" тэдний оруулсан зураг таны нүүр хуудсанд гарч ирэхгүйгээс гадна таныг "mute" хийсэн гэдгийг мэдэхгүй. Гэхдээ тухайн хэрэглэгч таныг дурдах, таг хийхэд сонордуулга ирэх аж.

Энэ оны сүүлээс эхлэн Google-ийн хэрэглэгчид PayPal ашиглан гүйлгээ хийх боломжтой болно гэнэ. Талуудын мэдэгдсэнээр Google Pay ашигладаг Gmail, Youtube, Google Store зэрэг алдартай платформуудаас шууд PayPal-ийн тусламжтайгаар худалдан авалт хийх боломжтой болж байгаа аж.

Нэг товч даран интернет орчин дахь бүх төрлийн контентийг нээж, хадгалах боломж олгодог StumbleUpon 6-р сарын 30-аас эхлэн үйл ажиллагаагаа зогсоох боллоо. 2002 онд анх үүсгэн байгуулагдсан StumbleUpon оргил үедээ интернетийн хамгийн алдартай хэрэгслүүдийн нэг байсан бөгөөд 40 сая хэрэглэгч 6 тэрбум хуудсыг хадгалж авч байсан гэнэ. 2007 онд eBay-д зарагдсан тус компани 2013 онд шинэчлэгдсэн бүтэцтэйгээр эргэн ирсэн ч амжилт олсонгүй, ийн хаагдаж байна.

Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тусгай төсөл хэрэгжүүлэхээ зарласан Airbnb сошиал ертөнцийн хамгийн алдартай нэмэлтүүдийн нэг Stories-ийг туршиж байгаа гэнэ. Тэд хэрэглэгчдийг зураг ба 10 хүртэлх секундын видеоны тусламжтайгаар аяллын сэтгэгдэл, туршлагаа бусад аялагчдад хуваалцах боломжийг олгохыг хүсэж байгаа аж.
Tinder байршилд суурилсан болзоог санал болгох Places нэмэлтээ зарлалаа. Ингэснээр хэрэглэгчид ижил фитнесст явдаг, кофе шопоор зочилдог хүмүүстэй холбогдож, танилцах боломжтой болох аж. Ингэснээр илүү чанартай хос төрөх боломжтой гэж Tinder үзэж байгаа гэнэ.

Techcrunch: Tinder таны байршлыг мэдэхийг хүсэж байна

Диснейн судалгааны баг Stickman нэртэй робот хөгжүүлснээ танилцууллаа. Уг робот хүний уян хатан хөдөлгөөнийг шингээсэн бөгөөд хэцүү, түвэгтэй, акробат хөдөлгөөнүүдийг хийх чадвартай аж. Тэд цаашдаа эдгээр роботуудыг киноны зураг авалтанд ашиглах, гэмтэл бэртлийг нарийвчлан судлах зэрэг зорилгоор хөгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Ийм робот бидэнд хэрэгтэй гэж үү?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

2010 оноос эхтэй патентийн маргаанд Apple ялалт байгуулснаар гол өрсөлдөгч Samsung-аас 539 сая долларын нөхөн төлбөр авах эрхтэй боллоо. Шүүхээс Samsung-ийг Apple-ийн эзэмшиж байсан зарим дизайны шийдэл, точ дэлгэц удирдлагатай холбоотой оюуны өмчийг зөрчсөн гэж үзсэн юм.

CNET: Самсунг Apple-д 539 сая долларын өртэй болов. Яагаад?

Алибаба Хонгконгийг дэлхийн хиймэл оюун хөгжүүлэлтийн төв болгохыг хүсэж байна. Тэд өөрсдийн хөрөнгө оруулсан, 4.5 тэрбум долларын үнэлгээтэй SenseTime-тай хамтран 130 сая долларын төсөв бүхий санг байгуулсан байна. Уг төсөлд хамтрагчаар оролцох Хонгконгийн IT Паркийн тусламжтайгаар тэд шинэ стартапуудыг илрүүлж, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийг дэмжих зорилготой байгаа юм.

Adobe онлайн худалдаа, борлуулалтын платформ Magneto-г 1.7 тэрбум доллараар өөрийн болгосон нь түүхэндээ хийсэн хамгийн том худалдан авалтынх нь нэг болжээ. Энэ үйлдлийг гол өрсөлдөгч Salesforce-ийн ижил төстэй үйлчилгээ үзүүлэгч Demandware-ийг 2 тэрбумаар авсан наймааны хариу үйлдэл байлаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Андройдыг бүтээгч Энди Рубины үүсгэн байгуулсан Essentials компани дараагийн гар утасны хөгжүүлэлтээ зогсоож, шинэ эзэнтэй болоход ойрхон байна. Samsung, Apple-тай өрсөлдөхүйц хэмээгдэн зах зээлд нэвтэрсэн Essentials-ийн ухаалаг утас 2017 онд ердөө 88 мянган ширхэг зарагдсан гэнэ. 330 сая долларыг хөрөнгө оруулагчдаас босгоод буй тэд хэдээр үнэлэгдэж зарагдах нь тодорхойгүй байна.

Европын Холбооноос GDPR буюу Өгөгдөл Дамжуулах Ерөнхий Журамдаа хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах зорилготой өөрчлөлт оруулсан нь энэ долоо хоногоос эхлэн хэрэгжиж эхлэв. Үүний хүрээнд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалж, үйлчилгээ үзүүлдэг бүх платформууд бодлогодоо шинэчлэл хийн, хэрэглэгчдээсээ зөвшөөрөл ахин авах шаардлагатай болж байгаа юм. Энэ үеэр Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч М.Зукерберг Европын Холбооны бодлого боловсруулагчдын өмнө хэрэглэгчийн дататай холбоотой асуудлаар сонсголд орж, бүс нутгийн дүрэм журамд тааруулсан нэмэлтүүд, шинэчлэлийг хийнэ гэдгээ амлажээ.

Европын Холбоо ч Фэйсбүүкийг буруутгав

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Хагас жилийн турш телевиз үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж, энтертэйнмент төрлийн контентийн стандартыг хэд хэдэн түвшин ахиулж чадсан The Voice of Mongolia шоуны анхны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо. 17 настай дуучин бүсгүй ингэснээр Universal Music-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Монгол Контент ХХК-тай 100 сая төгрөгтэй тэнцэх гэрээ байгуулах эрхтэй болж байгаа юм. Сүүлийн шатанд тэрээр The Greatest Showman киноны хамгийн алдартай дууны нэг Never Enough-ийг дуулсан билээ.

Дэлхийн хамгийн нөлөөтэй хосуудын нэг Обамагийн гэр бүл Netflix-тэй контент бүтээх гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа. Энэ хүрээнд экс ерөнхийлөгч эхнэрийн хамтаар Netflix-д зориулан баримтат кино, богино хэмжээний цувралууд, ярилцлагын шоу зэрэг олон төрлийн контентийг бүтээх гэнэ. Сонирхуулахад Мишел Обамагийн намтар ном ирэх 11 дүгээр сард хэвлэгдэх билээ.

Холливудын могул Харви Вайнштейн өнгөрсөн баасан гарагт албан ёсоор баривчлагдлаа. Олон жилийн турш өөрийн нэр нөлөөг ашиглан эмэгтэй жүжигчидтэй зүй бусаар харьцаж, бэлгийн хүчирхийлэл, дарамт учруулж байсан нь илэрсэн Харви Вайнштейн дэлхий даяар өрнөж буй #MeToo хөдөлгөөний эхлэх шалтгаан болсон юм. Түүний хэрэгтэй холбоотойгоор 80 гаруй хохирогч шүүхэд мэдүүлэг өгөхөөр болжээ.

Исландын алдарт дуучин Bjork 7 жилийн дараа анх удаа телевизийн дэлгэцнээ шууд тоглолт хийлээ. Тэрээр Later... with Jools Holland-ийн тайзнаа өнгөрсөн 11-р сард гаргасан Utopia цомгийнхоо дуунуудаас дуулсан юм. 1977 оноос хойш эхлэн уран бүтээлээ туурвиж буй, 52 настай Bjork энэ баасан гарагт гаргасан шинэ EP-ийнхээ идэвхжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлж байгаа нь энэ юм.

Оддын дайны 10 дахь кино Solo: A Star Wars Story нээлтийн долоо хоногтоо 114 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Гэхдээ мэргэжилтнүүд 140 орчим сая долларын борлуулалт хийнэ хэмээн таамаглаж байсан юм. 2-р байрт өнгөрсөн долоо хоногийн лидер Deadpool 2 бичигджээ.

Ц.Энгүүн Voice-ийн ялагчаар тодорлоо

Спортын ертөнцийн эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн энэ улирлын аваргаар Испанийн Реал Мадрид клуб 3 дахь жилдээ дараалан тодорлоо. Киев хотноо явагдсан шигшээ тоглолтонд Английн Ливерпүүлийг 3:1-ээр буулган авсан тэд ингэснээр түүхэндээ 13 дахь удаагаа, сүүлийн 5 жилд 4 дэх удаагаа цомын эзэд болж байгаа юм. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорч Мадридад ирж байсан Гарет Бэйл 2 гоол, түүний дотор унаж татан хожлын "ганган" гоолыг оруулснаар энэ тоглолтын гол баатраар нэрлэгдэв.

Мэргэжлийн боксын рингнээ гялалзаж яваа Монгол боксчин Н.Төгсцогт карьерынхаа 10 дахь тулааныг хийж, 10 дахь ялалтаа байгууллаа. Тэрээр өөрийн өрсөлдөгч, 33 настай Колумбын тамирчин О.Эскандоныг 3-р үед нийт 5 удаа хүнд цохилтод оруулсны эцэст техникийн илт давуугаар ялсан юм. Эскандон өмнө нь 28 тулааныхаа 25-д нь ялсан, чансааны топ 10-т бичигддэг, WBO, WBC-ийн дэлхийн аварга цолыг эзэмшиж явсан шилдэг боксчин байсныг онцолъё. Ташрамд дурдахад, сонирхогчийн боксоор Олимп, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Төгсцогт энэ тулаанд өөрийн багш, Монголын боксын амьд домог Д.Банди агсны дурсгалд зориулсан хөрөг бүхий өмсгөлтэй дэвжээнээ гарчээ.

Мэргэжлийн сүмогийн хаврын башё өнөөдөр өндөрлөж, их аварга Какүрюү М.Ананд түрүүллээ. 3-р сарын тэмцээнд мөн түрүүлээд байсан М.Ананд ингэснээр нийт 5 түрүүтэй болж байна. Тэрээр сүүлийн өдөр нутаг нэгт ёкозүна Хакухо М.Даваажаргалыг өвдөг шороодуулж, 14 даваа нэг унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Сонирхуулахад, энэ сард зодоглосон Монголын 24 бөхөөс гурван зиндаанд түрүү хүртжээ.

Алдарт жүжигчин Уилл Смит ОХУ-ын явагдах 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дуулжээ. Live It Up нэртэй уг дууг тэрээр Америкийн уран бүтээлч Nicky Jam, Косовогийн дуучин Era Istrefy нартай хамтран туурвижээ. Хөлбөмбөгийн ДАШТ Москва хотноо 6-р сарын 14-нд нээлтээ хийх билээ.

Бэйлийн гоол дэлхийг цочроов

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Элон Маск сэтгүүлч, сайтуудыг эрэмбэлэх платформ бүтээнэ
Fortune: Fiat Chrysler 4.8 сая машинаа эргүүлэн татна
BBC: Малайзын онгоцыг Оросууд унагасан хэмээн үзжээ
Techcrunch: Японы эрдэмтэд тархийг дахин бүтээж байна
Recode: Netflix 150 тэрбум долларын үнэлгээтэй боллоо
NYTimes: Морган Фриман бэлгийн хүчирхийлэлттэй холбогдлоо
The Verge: GDPR-ийн талаар таны мэдвэл зохих бүх зүйлс
Forbes: Fortnite өнгөрсөн сард 296 сая долларын орлого олжээ
CNN: Трамп ZTE-г аврах төлөвлөгөөгөө танилцууллаа

15157   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.