Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 28, 2018

Онцлох бизнес: Comfy - Зөөлөн тавилга ба дулаан уур амьсгал

Гэрийн тохижолт хийгээд ажлын орчин орчин цагт улам бүр л тав тухтай болж хувьсан өөрчлөгдсөөр байна. Дэлхийн энэхүү тренд, хандлагыг Монголдоо нэвтрүүлэн, хүмүүст ажиллаж амьдрах орчноо өөрийн хүслээр тохижуулах боломжийг олгож буй нэгэн бизнесийг өнөөдөр танилцуулъя. Тэр бол зөөлөн тавилгыг Монголдоо анхлан үйлдвэрлэж буй Comfy брэнд.

Үйл ажиллагааны чиглэл: Зөөлөн тавилгын үйлдвэрлэл, худалдаа
Үүсгэн байгуулагдсан он: 2017
Худалдаалагдах цэгүүд: Хүннү Молл-Homefix дэлгүүр, мөн захиалгаар
Сошиал хуудас: Comfy

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Ихэнх хүмүүс гэрийн тохижилтийн шийдлээ асар өндөр төсвөөр хийлгэдэг ч эцэстээ хүлээсэн сэтгэл ханамжаа авч чаддаггүй. Учир нь Home interior, home decoration 2 ойлголт төдийлэн нийтийн мэдлэг болж амжаагүй байна. Home interior гэдэг нь орон зайн ашиглалтын шийдэл болоод эргономик байдлыг хангасан илүү мэргэжлийн хүмүүсийн гүйцэтгэх ажил. Хийгдэх давтамжийн хувьд ч харьцангуй бага, төсөв өндөртэй байдаг. Харин home decoration нь хувь хүн өөрийнхөө онцлогт тохируулан хувцсаа сонгодогтой адилаар сонгож богино хугацаанд, улирал бүр ч өөрчилж болдог боломжийн төсвөөр бүтдэг ажил юм. Home decoration хийхэд хамгийн түрүүнд ашигладаг хэсэг бол гэрийн зөөлөн тавилга. Зөөлөн гэдэгт даавуун орц орсон бүгдийг хамруулан ойлгодог (хөшиг, буйдангийн болон ширээний бүтээлгэ, дэр, хивс, гэх мэт). Манай орны хувьд энэ бүгдийг өөрийн хүссэнээр сонгоход масс үйлвэрлэлийн цөөн хэдэн бүтээгдэхүүн байдаг учраас хүмүүс интернэт харж “хүслийн жагсаалт” үүсгэх нь элбэг байгааг олж хараад энэхүү бизнесийг эхлүүлсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анх 5 сая төгрөгийн хуримтлалаар эхлүүлсэн. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн бидэнд өгсөн итгэл болон төсөөлж байснаас илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хэрэглэгчид Comfy брэнд-д маш том хөрөнгө оруулалт болсоор байгаа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Бидний анхны бүтээгдэхүүн beanbag-ийг монголоор зөөлөн буйдан гэж орчуулж байгаа. Анх бид 2 загварын beanbag буюу нэг л төрлийн бүтээгдэхүүнтэй эхэлж байсан. Харин одоогоор бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процессоо хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан явуулсаар 3 төрлийн 20 гаруй загварын бүтээгдэхүүнийг хөгжүүлээд байна.

Давуу талуудаас дурдвал:
-Гадны орны бүтээгдэхүүнтэй чанарын хувьд дүйцэхгүй, мөн өндөр үнэтэй гэсэн шүүмжлэлтэй ихэнх дотоодын үйлдвэрлэгчид тулгардаг. Манай бүтээгдэхүүнүүдийн хувьд загвар, материалын чанарын хувьд дэлхийн хаанаас ч авсан бүтээгдэхүүнүүдтэй дүйцэхүйц бөгөөд боломжийн үнээр худалдаалагддаг.
-Өөрийн орны онцлогт тохируулан гадар материалыг салган цэвэрлэж болохоор нэмэлт хөгжүүлэлт хийсэн.
-Үндсэн түүхий эд, материалдаа тулгуурлан тухайн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын дагуу нэмэлт загварыг хөгжүүлэх боломжтой

ЗАРИМ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ АРАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЛАВАЛ?

Хүүхдийн орчин бүрдүүлэхэд санал болгох бүтээгдэхүүнүүд манайх гаргадаг. Энд амьтны хэлбэртэй beanbag (заан, анааш гэх мэт), навчин хэлбэртэй газрын дэвсгэр, яст мэлхий (2 м урт) болон туулайн хэлбэртэй (2,70м урт) аварга олбогнууд зэрэг багтаж байна.


-Оффисуудын хамгийн их худалдан авдаг олон үйлдэлтэй (хүссэн хэлбэртээ оруулж сууж хэвтэж болдог) max beanbag. Сүүлийн үед түгээмэл өвчлөлийн нэг болоод байгаа нурууны суулттай хүмүүст эмч нар beanbag хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь тус бүтээгдэхүүн сууж, хэвтэхэд биеийн хэлбэрийг даган өөрчлөгддөг болохоор нурууны булчин амрахад туслахын зэрэгцээ таатай мэдрэмж төрүүлж тайвшруулдаг ач холбогдолтой. Хэрэглээний хувьд өмнө дурдсанчлан гадрыг авч цэвэрлэх, оффисын нөхцөлд өдрийн завсарлагаагаар дуг хийх, нэгээс илүү хүн зэрэг хэрэглэж болох зэрэг давуу талуудтай.
-Өөрсдийн интерьерийн дагуу шийдэл гаргаж байгаа газрууд ихээр сонгож байгаа захиалгын буйдан болон сандлын зөөлөвчүүд

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Дотооддоо бүх төрлийн зөөлөн тавилгыг үйлдвэрлэнэ. Тэр дундаа төрөл бүрийн сууцны шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр үйлдвэрлэхээр зорьж байгаа.

Дотоодын зах зээлд өөрийн эзлэх хувьтай болж, цаашдаа хөрш улс орнуудын монгол онцлогийг шингээсэн түүхий эд, түүнчлэн төрөл бүрийн хээ, өнгө бүхий дизайнтай бүтээгдэхүүнүүдийг экспортлох бүрэн боломжтой гэж бодож байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэдий гарааны компани ч гэсэн ажилчдынхаа өмнө аль ч байгууллагын адилаар нийгмийн хариуцлагатай байхыг маш их хичээдэг. (НДШ, өдрийн хоол гэх мэт)

Бид бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ хэрэглэгчийн аль болох олон төрлийн хэрэглээг хангах зарчим баримтладаг. Дэлхий дахинд ч хандлага ийм байгаа. Орчинг байдаг л нэг тавилгаар тохижуулдаг үе өнгөрч, шинэлэг тав тухтай тавилгаар тохижуулж байж бүтээлч орчинг бүрддэг цаг үе ирсэн. Хүмүүс зөвхөн өөрийн биеийг гэлтгүй гэр оффисоо ч хүссэнээрээ “хувцаслах” боломжтой гэсэн ойлголтыг түгээх гэж хичээж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор манайх төрөл бүрийн зөөлөн тавилгын бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр төвлөрч ажиллаж байна. Зөөлөн тавилгын гарааны бизнес гэдэг утгаараа маш хурдтайгаар шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж хэрэглэгчдэдээ танилцуулах шаардлагатай байгаа. Мэдээж үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нь мөн чухал.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Зөөлөн тавилга бол Монголд саяхнаас л танигдаж байгаа шинэлэг бүтээгдэхүүн л дээ. Манай бүтээгдэхүүнүүдийг, ялангуяа beanbag-ийг ашигладаг хүмүүс ам сайтай, төсөөлснөөс илүү тав тухтай юм байна гэдэг. Албан байгууллагад ажилладаг хүмүүсийн оффисийн хамгийн дуртай хэсэг нь beanbag байдаг гэж хэлдэг.

Бүхий л дундын оффисууд манай бүтээгдэхүүнийг сонгож байгаагаас харахад, манай зөөлөн тавилга бүтээлч, тав тухтай орчинг бүрдүүлж чадаж байгаа байх.

Ташрамд дурдахад, танай "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтад багтсан байгууллагуудын дийлэнх нь beanbag-ийг оффистоо байршуулсан байсан шүү.

42084   3


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.