Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 24, 2018

Тэжээвэр амьтад танд хайртайг батлах 6 баримт

Ковер зургийн тайлбар: Хэн хэнийг таньж байна?
Дүрслэлийг: Toys R Us

Тавдугаар сарыг бид “Өөрийгөө хайрлах сар” болгон зарласан юм. Энэхүү сэдвийн хүрээнд бид уншигчдадаа эрүүл мэнддээ илүү анхаарч, зөв дадал зуршлыг хэвшүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж илүү аз жаргалтай амьдралыг цогцлоох тал дээр тусалж, уриалах контентууд хүргэж байгаа билээ. Өнөөдрийн нийтлэлээ гэртээ амьтан, тэр тусмаа нохой тэжээдэг, тэжээхээр зэхэж буй, тэжээж байсан хүн бүрт зориулж байна.

Айл гэрт тэжээвэр амьтан байх нь илүү халуун дулаан, найрсаг уур амьсгал бүрдүүлдэг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Гэрийн тэжээвэр амьтдаас хүний хамгийн үнэнч анд, сайн нөхөр гэгддэг нохой бусад амьтдаас илүүтэй эзэндээ олон төрлийн эерэг нөлөө үзүүлдэг гэдэг. Хэрэв та нохой тэжээдэг бол таны нохой танд болон эргэн тойрныхондоо ямар их баяр баясал, аз жаргал, инээд хөөр авчирдгийг алхам тутамдаа мэдэрдэг нь гарцаагүй. АНУ-ын эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нохой тэжээгчдийн 95% нь нохойгоо гэр бүлийнхээ нэг гишүүн гэж үздэг бөгөөд нохойныхоо төрсөн өдрийг тэмдэглэж, бялуу авч өгдөг гэсэн сонирхолтой хариулт өгсөн байна.

Нохой гэдэг амьтан бидэнд зөвхөн аз жаргал, баяр баясал инээд хөөр өгөөд зогсохгүй таны эрүүл мэнд, амьдралын хэв маяг, сэтгэл зүйд таныг анзааралгүй байх үед эерэг нөлөө үзүүлсээр байдаг тухай эрүүл мэндийн салбарынхан батлаад байна. Ихэнх өндөр хөгжилтэй улс орны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг төвүүдэд, ялангуяа бага насны хүүхдийн ихэнх эмнэлгүүдэд “Therapy Dog” байдаг нь үүнтэй холбоотой. Эдгээр ноход хүнд өвчтэй эмчлүүлэгчдийг тайвшруулж, айдас, ганцаардал, стресст орохоос сэргийлж, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор туслалцаа үзүүлдэг аж.

Бидний тэжээж буй дөрвөн хөлт гэр бүлийн гишүүдийн маань өдөр тутмын амьдралд үзүүлдэг хамгийн эерэг нөлөөг ийн онцлон жагсаалаа.

Гага, Бибер болон бусад. Хэн хэнийг нэрлэж чадах вэ?
Дүрслэлийг: Toys R Us

1. ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨС ХАМГААЛНА

Нохой эздээ зөвхөн аз жаргалтай болгодгоороо л зүрх судасны өвчлөлөөс хамгаалж, зүрхийг илүү эрүүл, хүчтэй ажиллахад тусалдаг байна. Судалгаагаар нохой тэжээж түүнтэй хамт амьдрах нь цусны даралт болон цусан дахь холестерины хэмжээг багасгадаг үр дүн гарчээ.

Үүгээр ч зогсохгүй тэд таны "амьд сэрүүлэг" болж, өглөө бүр эрт босох шалтгаан тань болно. Заримдаа унтахгүй оройтвол орондоо орохыг сануулан дагуулж, хамтдаа хэвтэе гэж шална. Эрүүл амьдралын хэв маягтай болохыг хүсэж байвал тэжээвэр амьтан нэмэр болох ч юм билүү.

Дүрслэлийг: Дин Руссо

2. ТАНЫГ ҮРГЭЛЖ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙЛГАНА

Насанд хүрсэн хүн долоо хоногт дунджаар хоёр цаг 30 минутын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин нохой тэжээгчид энэ нормыг тун амархан биелүүлдэг гэнэ. Учир нь хүмүүс нохойтойгоо гадаа гарч салхиснаараа тогтмол дасгал хөдөлгөөнтэй байх нөхцөл бүрддэг аж.

Заавал гадаа гэлтгүй гэрт ч таныг тэд тогтмол хөдөлгөөнтэй болгоно. Тэд таныг үргэлж хамт тоглоё гэж, бөмбөг шидээд өгөөч гэж, тэврүүлээд алхацгаая гэж, шинэ сурсан тушаалуудаа давтмаар байна гэж эргүүлдэнэ гэдгийг сануулъя. :)

Дүрслэлийг: Шарон Каммингс

3. ГАНцаардлаас сэргийлж, амьдралын утга учрыг нэмэгдүүлнэ

Нохой таныг ганцаардал, уур бухимдалд орохоос хамгаалдаг бөгөөд таны өглөө бүр орноосоо босох нэг шалтгаан болдог гэхэд та бүхэн маргахгүй байх. Нас ахих тусам хүн гадуур гарч, олон хүмүүстэй хамт байх хүсэл нь буурдаг байна. Харин нохой таныг үүнд автахаас сэргийлж хамт гадаа гарч, бусад хөгжилтэй зүйлсийг хийхийг шаардсаар байх болно.

Амьдралын хэв маяг тань тэр чигтээ өөрчлөгдөнө. Өмнөх шигээ л хоосон гэр, хөндий орчин бус хэн нэгэн-амьд амьтан таныг тэсч ядан хүлээж байгаа гэдгийг санах, тэдэн рүү яаран яаран алхах мэдрэмж ямар гайхалтай гэж санана?

Дүрслэлийг: True Companion

4. уур бухимдал, стрессийг бууруулна

Үүний тод жишээ бол дээр дурдсан “Therapy Dog” бөгөөд тэдэнтэй хэдхэн минут л хамт байхад цусны даралтыг бууруулж, тархин дахь аз жаргалыг ялгаруулагч серотонин, допамин гэх элементүүдийн түвшинг нэмэгдүүлдэг байна.

Тэд таныг үргэлж бухимдуулна. Уурлуулна бас ядраана. Гэнэт хэрэг тарина, түүнийгээ нуух гэж оролдоно. Баригдчихаад бас гүрийнэ. Гүрийж бас зугатаана. Гэхдээ тэдний гэмшиж байгаа нь, айж байгаа нь, гайхаж байгаа нь, сандарч байгаа нь л таныг инээмсэглүүлж дөнгөхвий. Хэчнээн их уурлаж, стрессдсэн байлаа таныг гээд эрхлээд ирэх жижигхэн амьтад таныг хоромхон хугацаанд тайвшруулах болно.

Дүрслэлийг: Жаки Жакобсон

5. харшилтай болохоос сэргийлнэ

1990-ээд онд нохой бага насны хүүхэдтэй хамт байснаар хүүхдийг харшилтай болох нэг том шалтгаан болдог гэж судлаачид үздэг байсан. Харин сүүлийн үеийн судалгаа үүний эсрэг болсон гэж хэлж болно. Учир нь нохой болон муур нь амьтад болон бусад зүйлд харшилтай болох эрсдэлийг 33 хувиар бууруулдаг гэсэн үр дүнд хүрчээ.

Үнэмшилгүй сонсогдож магад, гэхдээ энэ баримт ялангуяа жаахан хүүхэд дээр батлагдсан гэнэ шүү. Хүүхдүүдээ амьтантай хамт өсгөх нь тэдний дархлааг эрс нэмэгдүүлдэг аж.

Дүрслэлийг: Мег Кийлинг

6. Таныг илүү нээлттэй болгоно

Нохой тэжээгчид бусад хүмүүсээс илүү илэн далангүй нээлттэй, шинэ хүмүүстэй танилцаж дасан зохицох чадвартай байдаг байна. Тэд ихэнхдээ шинэ танилуудтайгаа нохойныхоо талаар ярьж эхэлдэг бөгөөд энэ нь хүмүүсийг тун амархан ойртуулж илүү ойр болгодог байна.

Хэрвээ танд ярианы сэдэв олддоггүй, хэн нэгэнтэй яриа өдөх гээд нэг л болдоггүй бол туршиж үзэх нөөц арга яагаад энэ байж болохгүй гэж?

Дүрслэлийг: Vya

Бонус: Таны сонирхолд

Нохой тэжээснээр маш олон эерэг нөлөөг бидэнд үзүүлж, өдөр бүрийн амьдралыг илүү аз жаргалтай, утга учиртай байлгахад тусладаг гэдгийг та бүхэн харж байгаа байх.

Тийм ч учраас АНУ-ын нийт өрхийн 56 хувь нь тэжээвэр амьтантай байдгаас 38 орчим хувь нь нохой тэжээдэг байна. Харин Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь гэрийн тэжээвэр амьтантай гэсэн албан бус тоо байдаг. Нийслэл хотын хэмжээнд 60 орчим мянган гэрийн тэжээвэр нохой байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Хэрэв та илүү аз жаргалтай, эрүүл, өдөр бүр адал явдалтай амьдрахыг хүсвэл гэртээ тэжээвэр амьтантай болохыг санал болгож байна, гэхдээ хариуцлагатай эзэн байж, гаргасан шийдвэрийнхээ өмнө шантралгүй байх нь чухал юм шүү.

Мөн нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд манай Unread-ийн багийнхан амьтанд маш их хайртай, нохой болон муур тэжээгчид. Тэдний зарим нь аль хэдийн нийгмийн сүлжээнд нэгдэж, цөөнгүй дагагчидтай болсон байдаг.

Закын маань күүл, хөвсгөр цагаан John Snow-ийг https://www.instagram.com/jonsnow.samoyed/-ээс, Уундаагийн эгдүүтэй, жижигхэн "хурандаа" Pepper-ийг https://www.instagram.com/pepperdemoor-ээс тус тус дагаарай :)

18221   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Булган




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.