Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 20, 2018

7 хоногийн тойм: Үлгэрийн мэт хурим + Уйтгартай компанийн бүтээгдэхүүн + Алтан дал модны ялагч

Цуут хуримын эргэн тойронд

Их Британийн хунтайж Харри болон Америкийн жүжигчин Меган Маркл нарын хүлээлтээр дүүрэн хурим нижгэр явагдаж өндөрлөлөө. Хатан Хаан Элизабетийн амьдардаг, дэлхийн хамгийн эртний цайзуудын нэг Уиндсорт 600 хүндэт зочны хамтаар болсон хуримын ёслол дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.

2016 онд найзуудынхаа "шахалтаар" анх уулзаж байсан хосууд өнгөрсөн оны 11-р сард сүй тавьж, харилцаагаа албан ёсоор олон нийтэд зарласан юм. Америкийн алдарт телевизийн цуврал Suits-д бүтээсэн дүрээрээ олны танил болоод байсан Меган Маркл охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцдог, НҮБ-ийн элч төлөөлөгчөөр ажилладаг байв. Сүй тавьснаасаа хойш урлагийн карьераа орхиж буйгаа зарласан Маркл филантропийн ажилдаа илүү анхаарах болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Хуримын ёслолд хосуудын дотны найзууд, гэр бүлийнхэн цугларсан байв. Олны танил хүмүүсээс Опра, Клүүни, Бекхэмийн гэр бүл анхаарлын төвд байв. Алдарт теннисчин С.Уильямс, Suits-ийн одод, Элтон Жон зэрэг хүндтэй зочид ч багтжээ. Тэд хуримдаа ямар ч улс төрийн зүтгэлтнүүдийг урихгүй гэдгээ албан ёсоор зарлаад байсан тул ерөнхий сайд Т.Мэй болон АНУ-ын экс ерөнхийлөгч Б.Обама нар хуримд оролцсонгүй. М.Марклийн аав нь зүрхний эмчилгээний улмаас охиныхоо хуримд оролцоогүй нь ихээхэн шуугиан дэгдээв. Түүний оронд африк-америк гаралтай ээж нь "гүнжийг" хөтлөн ёслолын танхимд ирсэн юм.

Ард түмний хамгийн хайртай хунтайж хэмээгдэх Харри хааны угсаа залгамжлах жагсаалтад аав, ах, ахынхаа гурван хүүхдийн дараа 6-д эрэмбэлэгддэг билээ. Шинэхэн хосод баяр хүргэхийг хүссэн хэдэн зуун мянган иргэд гудамжнаа цуглаж, Англи улс нэгэн өдрийг баяр хөөр дүүрэн өнгөрүүлэв. Givenchy-ийн даашинзаар гоёсон Меган Маркл зөвхөн энэ өдрийн төдийгүй хатан хааны гэр бүлийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй байлаа.

Тус хуримын нийт зардал 43 сая доллар болсон бөгөөд үүний 40 сая нь аюулгүй байдал, харуул хамгаалалтанд зарцуулагджээ. 2011 онд болсон Уильям, Кэйтийн хуримын зардал 34 сая доллар байсан тухай тооцоо бий. Лондон хотын захиргаа зөвхөн цэвэрлэгээнд 2.6 сая доллар зарцуулах аж. Гэхдээ энэ хурим Английн аялал жуулчлалын салбарт 500 сая долларын орлого оруулна гэх тооцоо гарчээ.

Сонирхуулахад, өдгөө 36 настай М.Маркл өмнө нь нэг удаа гэрлэж байсан нэгэн. Хатан хааны гэр бүлийн дүрмийн дагуу тэрээр 3 сая гаруй дагагчтай сошиал хуудсуудаа хааж, The Tig нэртэй блогоо ч зогсоосон байна.

BBC: Онцлох 5 мөч
Time: Хуримын хамгийн шилдэг зургууд
Elle: Зочид юу өмсөв?

Тэдний жаргалтай мөчийг дэлхий даяар гэрчлэв

Дэлхий дахинд

NASA-ийн дэлхийтэй төстэй гараг илрүүлэх зорилгоор сансарт илгээсэн TESS хөлөг анхны зургуудаа илгээжээ. "Туршилтын" хэмээн тодотгосон уг зургийг TESS дээр байрлах өргөн өнцгийн 4 камерны нэг нь 2 секундын дотор авсан 200,000 гаруй од бүрэн багтжээ. Алдарт Кеплертэй харьцуулахад 400 дахин том орчинд ажиллах TESS 20 мянган гараг илрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Баасан гарагийн өглөө Хьюстоноос 48 км-ийн зайд орших Санта Фе хотын ахлах сургуульд зэвсэгт халдлага гарч 8 сурагч, 2 багш амь насаа алдлаа. Энэхүү хэргийг үйлдсэн тус сургуульд суралцдаг 17 настай Димитриос Пагуорцис хэмээх этгээдийг цагдаагийнхан баривчилж, байцааж байгаа гэнэ. Он гарснаас хойш Америкт зөвхөн ахлах сургуульд 16 удаагийн тохиолдлоор нийт 30 хүн амь насаа алдаад байгаа аж.

Vox: Техасын халдлагын талаар бидний мэдэх бүх зүйлс

Куба улсад иргэний агаарын тээврийн онгоц осолдож, 110 хүн амь насаа алдлаа. Уг онгоц нийслэл Хаванагаас Холгуйн хот хүртэл чиглэлд нисэж явсан юм. Кубын ерөнхийлөгч М.Диаз-Канел ослын газарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, орон даяар гашуудал зарлажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 3 эмэгтэй ослоос амьд үлдэн, орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Финляндын активист групп Melting Ice АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дүрс бүхий мөсөн баримал бүтээх ажилд хөрөнгө босгож эхэлсэн байна. Өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн нэгдэл Парисын хэлэлцээрээс гарч байгаагаа зарласан Трампын уг шийдвэрийн хариуд тэд дэлхийн дулаарлын улмаас Арктикт хайлж буй мөсөн дээр түүний царайг дүрслэхийг хүсэж байна. 35 метрийн өндөртэй, түүхэнд хамгийн томд тооцогдох уг төслөө өнгөрсөн сард зарласан тэдэнд нийт 400 мянган доллар хэрэгтэй гэнэ.

Оны шилдэг зөгнөлт уран зохиолын бүтээлүүдэд олгодог Nebula Awards 2017 оны шилдгүүдээ тодрууллаа. Оны шилдэг бүтээлээр Н.К.Жемисиний Broken Earth гурвалын сүүлчийн бүлэг The Stone Sky тодорсон байна. Уг цувралын өмнөх 2 бүлэг нь хоёул Hugo Awards-ийг эзэндээ авчирч байсан билээ.

The Verge: Nebula Awards-ийн шилдгүүдтэй танилц

Шинэ дэлхийн эрэлд

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Элон Маск хотын түгжрэлийн асуудлыг шийдэх зорилготой The Boring Company-ийн төлөвлөгөөг анх удаа дэлгэрэнгүй танилцууллаа. Лос Анжелес хотноо эхний хувилбараа гаргахаар зэхэж буй тус компани хотын одоогийн дэд бүтцэд ямар нэгэн өөрчлөлт хийхгүйгээр буюу газар доогуур туннель ухаж, Loop нэртэй тээврийн хэрэгслийг ашиглан зорчигч тээвэрлэх гэнэ. Нэг дор 16 хүн тээвэрлэх боломжтой, 240 км/цаг хүртэл хурдлах чадалтай Loop нь 1 долларын үнэтэй байх бөгөөд хотын төвөөс онгоцны буудал хүртэлх замыг 8 минутанд л туулах боломжтой аж.

Facebook Stories хэрэглээнд нэвтэрснээс хойш 14 сарын дараа өдөр бүр ашиглаж буй 150 сая хэрэглэгчтэй болжээ. Инстаграм энэ тоонд ердөө 5 сарын дотор хүрч байсныг онцлох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүк Stories дундуур 5, 15 секундын сурталчилгаа байршуулах туршилтаа хэд хэдэн оронд хийж эхэлжээ. Ташрамд дурдахад, Stories-ийн анхны хувилбарыг гаргасан Snapchat апп-ийг 191 сая хэрэглэгч ашиглаж байгаа билээ.

Фэйсбүүк өнгөрөгч долоо хоногт залуу хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох зориулалт бүхий Youth Portal-ийг нээлээ. Энд тэд хэрхэн Фэйсбүүкийг үр дүнтэй хэрэглэх, тэдний дата хэрхэн ашиглагддаг, хэрхэн аюулгүй орчинд интернет ашиглах талаар зөвлөгөө, мэдээллийн контентуудыг санал болгох юм. Youth Portal дэлхийн 60 орчим хэл дээр цацагдаж байна.

Инстаграм хэрэглэгчдэдээ бусдын оруулсан зургийг өөрийн сторидоо оруулах боломж олгох retweet-тэй төстэй нэмэлтийг албан ёсоор танилцууллаа. Зургийн дор нэмэгдсэн цаасан шувууны айконыг сонгосноор хэрэглэгчид тухайн зураг дээр таг хийх, сэтгэгдэл нэмэн засварлаж өөрийн хуудсандаа оруулах боломжтой болох юм. Сонирхуулахад, Инстаграм хэрэглэгчдийг апп-д хэр их цаг зарцуулж байгаагаа хэмжих боломжийг олгох нэмэлтийг хөгжүүлж байгаагаа баталжээ.

Techcrunch: Инстаграм сошиал хэрэглээтэй тэмцэхийг хүсэж байна

Ямар ч худалдагчгүйгээр, өөрөө өөртөө үйлчлэх дүрэмтэйгээр ажиллах Amazon Go дэлгүүр шинэ салбараа нээх гэж байна. Өмнө нь зөвхөн Сиэтлд нээгдээд байсан Go дэлгүүрүүд Чикаго, Сан Францискод энэ улиралд багтан нээлтээ хийх аж.

Google хэрэглэгчдийн дата хадгалах үйлчилгээгээ Google One нэртэйгээр шинэчлэн танилцууллаа. Бүх хэрэглэгчдэдээ 15 гб-ын үнэгүй зайг санал болгодог тэд сарын 2.99 доллар төлөн 200 гб-ын эрх худалдан авах шинэ боломжийг нэмсэн байна. 1 тб-ын эрхийн үнийг 10 доллараар буулган 9.99 болгосон тэд гэр бүлийн багцдаа 5 хүртэлх хэрэглэгчийг нэмэх боломжтой болжээ.

Loop-ээр аялахыг хүсэж байна уу?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

АНУ-ын дээд шүүх спорт бооцоог албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Хэдий мужууд тус тусдаа шийдвэр гарган, спорт бооцоог өөрийн газар нутагт хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх учиртай ч асар том бизнесийн боломжийг үүсгэж байгаатай мэргэжилтнүүд санал нийлж байна. Энэ нь NBA, NHL, NFL зэрэг топ мэргэжлийн лигүүд лицензээс нэмэлт орлого олох боломжтой болж, фантази тоглоомын сайтуудын эрэлт эрс өсөн, видео стриминг цацах болсон Фэйсбүүк, Твиттер зэрэг сошиал платформууд ч нэмэлт орлогын эх үүсвэртэй болж байгаа гэсэн үг билээ.

Азийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани Tencent өнгөрөгч улиралд 3.7 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллаж, шинжээчдийн таамгаас давсан амжилт үзүүллээ. Тэдний гар утасны тоглоомын бизнесийн орлого 68 хувиар өссөн нь онцлох дүн байв. Тэд дэлхийн хамгийн эрэлттэй тоглоомуудад тооцогдож буй Fortnite, PUBG-г Хятадад борлуулах эрхийг эзэмших болсон нь үүнд нөлөөлж буй.

Санхүүгийн технологийн тэргүүлэгч компани PayPal түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа Шведээс хийлээ. Тэд Европын Square хэмээн тодорхойлогдсон iZettle хэмээх стартапыг 2.2 тэрбум доллараар өөрийн болгож байна. Ингэснээр тэд Европын онлайн төлбөр тооцооны зах зээлд байр сууриа бататгаж буй юм. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт iZettle Стокхольмийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, 227 сая доллар босгохоор төлөвлөж байгаагаа зарлаад байсан аж.

Шинэ оффисын кампус барих газар хайж буй Apple Хойд Каролина мужийг сонгосон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тэд IBM, Cisco зэрэг технологийн компаниуд байрладаг бүсэд оффисоо байршуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Apple-ийн CEO Т.Күүкийн төгссөн Дюкийн Их сургууль ч энэ бүсэд оршдог нь томоохон түлхэц болж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ирэх 5 жилд ажиллах хүчээ 20 мянгаар нэмэхээ зарласан Apple одоогоор Кюпертино, Остинд оффистой билээ.

Японы хамгийн анхны 1 тэрбумаас илүү үнэлгээтэй болсон технологийн стартап Mercari Токиогийн биржид IPO хийж, 1.1 тэрбум доллар босгох гэж байна. eBay-тэй төстэй, онлайн худалдааны платформ хөгжүүлэгч Mercari 5 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 100 сая хэрэглэгчтэй болоод буй. 2016 онд 1 тэрбум долларын босгыг давсан тэд өдгөө 3.3 тэрбум долларын үнэлгээтэй болоод байгаа юм.

Тоглоомын дүрмийг өөрчлөхүй. Дүрслэлийн эх сурвалж: ESPN

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

2018 оны Канны кино наадмын шилдэг бүтээлээр Японы Shoplifters хэмээх кино тодорлоо. Тус кино 1939 оноос эхтэй Palme d'Or-ийг хүртсэн Японы 5 дахь кино болж байгаа нь энэ. Шилдэг найруулагчаар Польшийн Павел Павликовски Cold War бүтээлээрээ нэрлэгджээ.

BBC: Канны наадмаас анзаарсан 10 зүйл

Ирэх оны 4-р сард сүүлчийн бүлгээ цацах Game of Thrones-ийг хэд хэдэн өөр төгсгөлийн хувилбартайгаар хийж байгаа гэнэ. Өмнөх 7-р бүлгийн хэд хэдэн анги хакеруудын гарт орж, түрүүлж цацагдсантай холбогдуулан тэд энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлажээ. Сүүлчийн бүлгийн зураг авалт 12-р сард дуусах аж. Сонирхуулахад, алдарт Johnie Walker-аас тус цувралаас сэдэвлэсэн White Walkers нэртэй вискиг энэ намар худалдаанд гаргах гэж байгаа гэнэ шүү.

Өнгөрсөн жил Оскарын шагнал хүртсэн алдарт найруулагч Г.Дел Торо Нетфликстэй хамтран аймшгийн цуврал бүтээх гэж байгаа гэнэ. Guillermo del Toro Presents 10 After Midnight нэртэй уг цувралын ангиуд нь бүгд өөр өөр түүхийг өгүүлнэ гэдгээрээ онцлогтой. Нетфликс өнгөрсөн долоо хоногт нийт зардлынхаа 85 хувийг зөвхөн шинэ контент бүтээхэд зарцуулна гэдгээ мэдэгдсэн билээ.

X-Men-ийн ертөнцийн супер баатар Deadpool-ийн шинэ түүх энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Хойд Америкийн 4349 кино театрт нээлтээ хийсэн Deadpool 2 нийт 125 сая долларын орлого олсноороо бокс оффисийг тэргүүлж, Avengers: Infinity War-ийг 2-р байр луу буулгалаа. Гэсэн ч тэд 2016 онд цацагдсан эхний ангийнхаа 132.4 сая доллар олсон амжилтыг гүйцэж чадаагүй аж.

2014 онд цацагдсан даруйдаа хит болж, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хамгийн амжилттай жишээнүүдийн нэгт тооцогдох болсон Serial подкастын нэгдүгээр бүлгээс сэдэвлэсэн кино бүтээл дээр ажиллаж байгаагаа HBO зарлав. Найз охиныхоо үхэлд буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан Аднан Сайед хэмээх эрийн тухай өгүүлэх тус цувралын амжилт шүүхийн байгууллагад хүртэл нөлөөлж, өнгөрсөн 3-р сараас уг хэргийг дахин шалгах болсон билээ.

Дэлхийн тоглоомын зах зээлийг байлдан дагуулж буй Fortnite-ийн Андройд хувилбарыг удахгүй цацах гэж байгааг зарлалаа. 3-р сараас хойш iOS-ийн чартыг тэргүүлж буй тус тоглоомыг хөгжүүлэгчид сард 126 сая долларын орлого олдог гэнэ.

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Apple Европын холбоонд 15 тэрбумын торгуулиа төлж эхэллээ
DW: Kаspersky дата төвөө Оросоос нүүлгэж, Швейцарь руу шилжүүлнэ
Recode: Фэйсбүүк өнгөрсөн 6 сард 1.3 тэрбум хуурамч аккоунт устгажээ
Reuters: Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр ахин сонгогдохыг хүсэж байна
CNN: Хавайн галт уулын дэлбэрэлтийн эргэн тойронд
The Atlantic: Эбола вирус Конгод дэгдэж, хотод анхны тохиолдол илрэв
Vox: Трамп яагаад ZTE-г аврахыг хүсэв?
CityLab: Эстони нийтийн тээврээ үнэгүй болгоно
WSJ: Starbucks бүх ариун цэврийн өрөөгөө нээлттэй болгоно
Goal: ДАШТ-д оролцох шигшээ багуудын бүрэлдэхүүн

12826   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.