Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 17, 2018

Залуусын хэрэгжүүлж буй байгаль орчны 4 бичил төсөл

Монгол Улсын байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулж тэдгээрийг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр (EFP) 7 дахь жилдээ амжилттай хэрэгжин өндөрлөжээ. 8 сарын хугацаанд явагдаж, байгаль орчны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, манлайллын ур чадварыг эзэмшүүлэх, энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг олгодог уг хөтөлбөрт энэ жил хамрагдсан 20 залуус гурван багт хуваагдан, өөрсдөө хөрөнгө босгож, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлснийг та бүхэнд танилцуулахыг хүслээ. Эдгээр төслүүдээс та бүхэн санаа авч, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бага ч болов хувь нэмрээ оруулаарай.

ҮНЭТ ХУВАНЦАР

Төслийн зорилго: Хөдөө орон нутгийн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хямд технологийг олон нийтэд хүргэх

Хэрэгжүүлж буй ажлууд:
-Тус багийн гишүүд "Үнэт хуванцар" хэмээх олон улсын нээлттэй төслийн нэгэн гишүүн болж, Монголдоо анх удаа хуванцар дахин боловсруулах жижиг оврын төхөөрөмжүүдийг бүтээн хөгжүүлжээ. Нийт дөрвөн төрлийн төхөөрөмж бүтээж байгаагаас нэг нь хуванцар бутлах, үлдсэн гурав нь хуванцар хог хаягдлыг хайлуулан хэв рүү шахах төхөөрөмжүүд аж.
-Төхөөрөмжийн их биеийг ШУТИС Механик Тээврийн сургууль, хөгжүүлэлтийг Шинэ Монгол Технологийн дээд сургуульд тус тус хийж гүйцэтгэжээ.
-Ger Community Mapping Center-ийн хэрэгжүүлж буй www.zerowaste.mn төсөлтэй хамтран анхны Үнэт хуванцар дахин боловсруулах цэгийг бүтээн босгохоор төлөвлөжээ.
-Үнэт хуванцар төхөөрөмжүүдийг бүтээх, ажиллуулах, хуванцар ялгах зэрэг мэдлэгийг олон нийтэд үнэ төлбөргүй түгээхээр ажиллаж байгаа ажээ.

БЯЦХАН АГААР 2.0

Төслийн зорилго: Бяцхан үрсийн суралцаж буй цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг дээшлүүлэх, хүүхдийг эрүүл орчинд суралцах боломжийг бий болгох үүднээс Баянгол дүүргийн 480 хүүхэдтэй 97-р цэцэрлэгийг (24 цагийн ангитай) жишиг цэцэрлэг болгож, залуучуудыг нийгмийн сайн сайхны төлөөх ажилд уриалан дуудах зорилготой.

Хэрэгжүүлж буй ажлууд:
Бяцхан агаар 1.0 төслийн хүрээнд 2017 онд хандивласан агаар шүүгчийн нөлөөгөөр суралцаж буй хүүхдүүдийн өвчлөл 2 дахин багассан эерэг нөлөө үзүүлжээ.

Тиймээс 2018 онд дотоод агаарын чанарыг улам сайжруулж балчир хүүхдүүдийн 5 хоног, 24 цагаар байдаг өрөө тасалгаануудад амьсгалах агаарыг нь эрүүл байлгах зорилгоор цонхоор дамжин орж буй утаа, тоос тоосонцрыг бууруулах, дулаан алдагдлыг багасгахын тулд 33 жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийгдээгүй хуучин модон цонхыг сайн чанартай вакум цонхоор солихоор ажиллаж байгаа ажээ.

Өнгөрөгч хугацаанд төслийн багийнхан:
● “Бяцхан агаар 1.0” аяны үр дүнгийн судалгаа
● Баянгол дүүргийн 97-р цэцэрлэг орчмын агаарын чанарын судалгаа
● Хандив цуглуулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн байна.

Төслийн фэйсбүүк хуудас: Бяцхан агаар 2.0

ECO HOSPITAL PROJECT

Төслийн зорилго: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийг тохижуулан аятай тухтай орчинг бүрдүүлж, анхны жишиг ариун цэврийн өрөөг уг эмнэлэгт байгуулах

Хэрэгжүүлж буй ажлууд:

-Хүмүүсийн дунд эко торны ашиг тусыг сурталчилж, боловсрол олгожээ.
-УНТЭ-т хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажилчдад цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийх аргуудын талаар мэдээлэл өгч, лед гэрэл суурилуулах зорилго бүхий "Эко эмнэлэг"сэдэвт өдөрлөгийг зохион байгуулжээ.
-УНТЭ-ийн мэс заслын тасгийг эрчим хүчний хэмнэлттэй жишиг тасаг болгох ажлын хүрээнд өрөөнүүдийн улайсах чийдэнг лед гэрлээр солихоор, ариун цэврийн өрөөг анхны эко ариун цэврийн өрөө болгохоор ажиллаж байгаа юм байна.

Төслийн фэйсбүүк хуудас: Eco Hospital Project

НОЗОРҮ ТӨСӨЛ

Төслийн зорилго: Айл өрх, ААН, байгууллагуудын усны хэрэглээг багасгах зорилгоор, одоогийн Монгол орны усны нөөц, тулгамдаж буй асуудлуудыг олон нийтэд таниулж, крантнаас урсах усыг 48-84 хувь хэмнэдэг (Hihippo) ус хэмнэгч цоргыг сурталчлан хамгийн хямд үнээр борлуулах
-Олсон ашгаараа хүүхдэд чиглэсэн асрамжийн газар, хүүхэд хамгаалалын төвүүдийн ариун цэврийн өрөөг адил цорготой болгож, хүүхэд ахуй цагаас нь байгаль дэлхийгээ хайрлах, усаа гамнахад сургана

Хэрэгжүүлж буй ажлууд:

-Өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд усаа хэмнэх, усны хомсдолын талаар мэдээ мэдээллийг идэвхтэй хүргэж байгаа аж.
-Одоогоор нийт 200 ширхэг ус хэмнэгч цоргыг айл өрх, байгууллагуудад борлуулахыг зорьж байгаагаас 63 ширхгийг нь аль хэдийн борлуулжээ.
-Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хүүхэд хамгаалах байрны нийт ариун цэврийн өрөөнд ус хэмнэгч цорго байрлуулж, хүүхдүүдэд усаа хэмнэх, байгалиа хайрлаж хамгаалах соёлыг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
-“Ид шидийн орон” хүүхэд хамгаалалын төвийн ариун цэврийн өрөөнүүдэд мөн адил ус хэмнэгч цорго байрлуулж, хүүхдүүдэд усаа хэмнэн, байгалиа хайрлаж хамгаалах соёлыг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Төслийн фэйсбүүк хуудас: Нозорү Төсөл

21866   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.