Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 16, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - МУИС-ийн Машин оюуны лабораторийн эрхлэгч, доктор, профессор Ч.Лодойравсал

Бид өнөөдрийн ярилцлагаа өнгөрсөн 7 хоногт амжилттай явагдаж өндөрлөсөн Инновацийн үзэсгэлэнгийн тайзнаа МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсалтай хийсэн юм. МҮОНРТ-ийн "Залуу зохион бүтээгч" нэвтрүүлгийн продюсер, шүүгч гэдгээр нь хүмүүсийн сайн мэдэх Ч.Лодойравсал багш өдгөө МУИС-д оюутан залуусыг сургаж, Машин оюуны лаборатори гэх судалгааны нэгжийг удирдаж буй. МУИС-ийн Физик электроникийн сургуулийг электроникийн инженерээр төгссөн тэрээр 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичин, заримыг нь гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж байжээ. Ингээд инновацийн хөгжил, мэдлэгийн эдийн засаг, боловсролын шинэчлэл зэрэг сэдвийг хамгийн их ярьж, шинэ залуу үеийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулж яваа Ч.Лодойравсал багшийн яриаг хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор, Машин оюуны лабораторийн эрхлэгч, техникийн ухааны доктор
Хэрэглэдэг гар утас: Nokia Lumia 920
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface Pro
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шилдэг хамт олон, Манлайлал, Шинэлэг шийдэл
Сошиал хуудас: Lodoiravsal Choimaa (фэйсбүүк); Lodoiravsal (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Би олон ажлыг зэрэг хийж явдаг. Нэг дээр нь ядарсан, гацсан үед сэлгэж ажиллахад үр дүнтэй байдаг. Ажлууд маань ихэнхдээ багаар ажиллаж ард нь гарах ёстой байдаг тул шилдэг багийг бүрдүүлж, тэднийхээ санал бодлыг нэгтгэн дүгнэх байдлаар шийдэхийг чухалчилдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Апп, програмын тал дээр энгийн л хэрэглээтэй. Цаг төлөвлөх ажлуудыг Google Calendar дээр хөтөлж, сүүлийн үед олон төсөл зэрэг явж байгаа тул Trello ашиглах болсон. Сошиал медиа гэвэл фэйсбүүк, твиттер хэрэглэдэг. Гэхдээ сошиал медиаг мэдээлэл түгээх чиглэлд ихэвчлэн ашигладаг. Өөрийн үзэл бодол, шийдлийг бусадтай хуваалцах болон сайн агуулгыг уламжлах зорилгоор гэсэн үг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Шийдвэр хурдан гаргах нь цаг хэмнэдэг. Гол төлөв багаар ажилладаг учраас шийдэж ядах нь багийн ажлыг гацаах, удаашруулах магадлалтай. Тиймээс богино хугацаанд ярьж зөвлөлдөөд хурдтай шийдэхийг эрмэлздэг дээ. Ер нь багаараа зөвлөлдөж байж шийдчихээр хэрэгжүүлэх нь хурдтай. Мөн олон ажил зэрэг хийж байгаа маань бас л нэг цаг хэмнэх гэсэн арга шүү дээ. Хэрэггүй мэдээ, мэдээлэлд төөрөх, хамааралгүй асуудлыг шүүн тунгаах гэж цаг алдах дургүй. Яг өөрийн эргэцүүлж буй зүйлээрээ хамгийн их мэдээлэлтэй, мэдлэг туршлагатай хүмүүстэй богино хугацаанд санал солилцох нь олон алхмыг хэмнэчихдэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэл болон ажлуудаа Google Calendar, Microsoft To-Do, Google Keep, Trello зэрэг аппууд дээр хуваан хөтөлдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүмүүстэй харилцах, зохион байгуулах, баг бүрдүүлэхдээ өөрийгөө муугүй байх гэж боддог. Намайг тойрсон найз нөхөд, хамт олны хүрээлэл үүсчихсэн байх шиг санагддаг. Мэдээж хэрэг мэргэжлийн ажилдаа бас байнга суралцаж сайн нь байхыг хичээнэ.

Нөхцөл байдлыг үнэлэх, асуудлыг тодорхойлох, асуудлыг том дүр зургаар нь харах, бусдын санал бодлыг сонсож нэгтгэн дүгнэх, шинэлэг шийдлийг эрэлхийлэх, аливааг бусдад ойлгуулахдаа гайгүй юм болов уу гэж боддог. Ер нь хүн өөрийгөө тодорхойлох хэцүү л дээ. Сүүлийн үед ажлын ярилцлагуудад нэг минутад өөрийгөө тодорхойлооч гэдэг болсон нь учиртай байх.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Багшийн ажлын сайхан нь дандаа залуучуудтай ажиллаж, үргэлж шинэ үе, гал эрмэлзэл дунд байдаг. Тэгэхээр сэтгэлгээ ч хуучрахгүй. Шавь нараараа дамжуулан олон төсөл, ажлын эхийг тавихад оролцдогтоо баяртай байдаг. Судалгааны хувьд шинэ технологи, ирээдүйг чиглэсэн болохоор эерэг тал нь сонирхолтой, боломж ихтэй, харин сөрөг тал нь туршлага хангалтгүй, боловсон хүчин хомс байдаг. Ялангуяа нарийн мэргэжлийн судлаач ховроос судалгааны баг бүрдүүлэх хэцүү байдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Их сургууль багш хүн багшлах, судалгаа хийх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлст оролцох гэсэн үндсэн 3 үүрэгтэй байдаг. Багшийнхаа хувьд сургалтын үр дүнд суурилсан буюу CDIO арга зүйг нэвтрүүлэх болон холимог сургалт, нийтэд нээлттэй онлайн хичээлийг дэлгэрүүлэхэд оролцоод, зөвлөөд явж байна.

Судалгааны хувь дараах төслүүд дээр ажиллаж байна:
Таван судалгааны багийг нэгтгээд Machine Intelligence Laboratory буюу Машин оюуны лаборатори гэж судалгааны нэгж үүсгэсэн. Бидний алсын хараа монгол хэлтэй, глобал мэдлэгтэй оюунлаг машиныг хөгжүүлэх. Оюунлаг машин гэдэг хардаг, сонсдог, ярьдаг, дүрсэлдэг, хөдөлдөг, бодож сэтгэдэг байх ёстой. Цахим хэл шинжлэл, мэдлэг ба өгөгдлийн инженерчлэл, машин хараа, робот судлал, дүрслэл гэсэн таван чиглэлээр дээрх чадварууд дээр багш нар маань групп болон хуваагдаад өөр өөрсдийн судалгааны ажлыг хийж байна. Багуудын үр дүнг хооронд нь уялдуулах, нэгтгэх алхам ч эхэлж байгаа.

Цахим хэл шинжлэлийн баг маань монгол хэлний хөмрөг бүрдүүлэх, бичвэр боловсруулах, бичвэрийг дуунд хөрвүүлэх судалгааг хийж байгаа. Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн баг маань Италийн Трентогийн Их Сургуулийн санаачилгаар хийгдэж буй мэдлэгийн дүрслэлийн төсөлд монгол хэл, мэдлэгийг оруулахаар ажиллаж байна. Монголд нээлттэй өгөгдлийг дэлгэрүүлэх санаачилгыг манлайлан оролцож байгаа. Төрийн өгөгдлийг нээх дэлхийн банкны төсөлд залуус маань зөвлөж буй. Оюу толгой компанийн инженерүүдтэй хамтраад хиймэл оюуныг уул уурхайд ашиглах боломжийг судалж байна. Ил уурхай дахь бутлан тээвэрлэх хэсэгт хуваарийн бус зогсолтыг урьдчилан таамаглах судалгааг эхлүүлсэн. Машин харааны баг маань модон барын бичвэр таних, хүний царайг монгол зургийн аргаар ангилах, халдварт өвчтэй хүмүүсийг зайнаас илрүүлэх системийг сайжруулах судалгааг хийж байна. Робот судлалын баг маань үйлдвэрлэлийн робот гарын үзүүлэлтийг сайжруулах, шатар тоглодог роботын системийг хөгжүүлэхээр зорьж байна. Дүрслэлийн баг маань 3 хэмжээст шинэ технологийн судалгааг хийж одоо хоёр дахь доктороо төрүүлэхээр зорьж байна даа.

ТАНЫ БОДЛООР МОНГОЛЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ ХААНА ЯВАА ВЭ? БИД ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХЭРХЭХ ЁСТОЙ ВЭ?

Нүүдэлчин соёлоос үүдэн нөхцөл байдалдаа тааруулан шийдэл гаргаж сурсан байдаг нь монголын хүний онцлог буюу суурь давуу тал гэж боддог. Хөдөө хээр ганц айл ямар асуудлыг өөрөө л шийдвэрлэдэг. Гэхдээ өөрийнхөө л хэрэгцээнд нийцүүлэн тухайн орчиндоо шийддэг. Өнөөгийн асар хурдтай хөгжиж буй технологийн энэ цаг үед юм болгон дээр тэрүүхэн хүрээндээ аргыг нь олж шийдэх буюу бидний хэлдгээр "монголчлох" нь осолтой. Асуудлыг илүү томоор, глобал хүрээнд харж, аливаа бүтээгдэхүүнийг зөвхөн өөрсдөө хэрэглэх бус, бусдад хэрэглүүлнэ гэдэг өнцгөөс харж сурах хэрэгтэй.

Мөн инноваци хийхийн тулд хурдтай байх ёстой. Хүн бүхэн л шинэ санаа бодож байдаг шүү дээ. Гол нь хурдан хөдөлж, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Энэ чадваруудад хурдан суралцаж, хоорондоо нягтарч байж бид инновацийн бүтээгдэхүүн гаргаж чадна.

Инноваци бий болохын тулд экосистем байх ёстой. Энэ экосистем олон зүйлээс хамааралтай. Санхүүжилт бол нэг л хэсэг нь. Инновацийн соёл мөн нэг чухал бүрдэл хэсэг нь. Энэ соёлыг төлөвшүүлж, олон нийтэд дэлгэрүүлэх нь удаан хугацаа шаардсан ажил. Жишээ нь удахгүй нээгдэх Нийслэлийн инновацийн төв нээгдэж байгаа нь энэ соёлд эергээр нөлөөлж таарна.

Бидний зохион байгуулдаг "Залуу зохион бүтээгч" уралдаант нэвтрүүлэг бол инновацийн боловсролыг олгох зорилготой байсан. Хүмүүс тус нэвтрүүлгээс яг ямар бүтээгдэхүүнүүд хэрэглээнд нэвтрэв, хэр зарагдаж байна гэж асуудаг юм. Зах зээлд амжилттай нэвтрэх бүтээгдэхүүн гаргах нь нэвтрүүлгийн зорилгын нэг боловч үндсэн зорилго биш. Үндсэн зорилго бол залуу зохион бүтээгчдийг төрүүлэх, аав нь хүүхдээ, ах нь дүүгээ, багш нь шавиа бэлтгэж зохион бүтээгч болгодог, бусад хүүхдүүд тэднээр бахархаж үлгэрлэн дуурайдаг соёл, хандлагыг төлөвшүүлэх юм. Хүүхдүүдийг аливааг сэдэж санаагаа тодорхойлох, бодитоор хийж үзэж хөгжүүлэх, цаашид хэрэглээнд нэвтрүүлэх бизнес төлөвлөгөөгөө боловсруулах гэсэн гурван шаттай инновацид суралцахад дэм үзүүлэх зорилготой. Хүүхдүүд загвар шийдлүүд гаргаж, бүтээгдэхүүнээ хөгжүүлж байх явцдаа туйлбартай байх, аливааг эргэцүүлэх, хамгийн оновчтой хувилбар шийдлийг эрэлхийлэх чадваруудыг эзэмшдэг. Цаашлаад баг бүрдүүлэх, хамтран ажиллах, хэрэглэгчээ ойлгох, хэрэгцээг зөвөөр тодорхойлох гээд олон зүйлд суралцдаг. Мөн орон нутгаас оролцсон хүүхдүүдийг нутгийнхан нь бахархаж, үеийнхэн болон дүү нар нь үлгэрлэн дуурайх сэдлийг өгдөг нь нэвтрүүлгийн маань үр шим гэж болно.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Урьд нь төрөл бүрийн л хөгжим сонсдог байсан. Ер нь хуучны өсвөр насандаа сонсдог байсан дуу, дуучдад дуртай талдаа. Хамгийн дуртай дуучин гэвэл Брайан Адамсыг нэрлэнэ. Гэхдээ хөгжимд бол тийм их шимтдэггүй ээ.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Эмос клубийн П.Наранбаяр найзынхаа орчуулсан "Энх-Амгалан хааны захидлууд" номыг уншиж байна. Эмос клубийн гишүүд маань мөн хамтран цуврал ном эрхлэн гаргадаг. "Өөрийгөө хөгжүүлье", "Амжилтад хүрэх гал эрмэлзэл", "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?", "Ном унших ном" гээд өөрсдөө бичсэн болон орчуулсан нэлээд хэдэн ном бий. "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" номоор жишээ авахад, клубийнхээ төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн гишүүдэд таван асуултад хариу аван эмхэтгэж гаргасан.
Нэгт, ямар зан чанар, сонирхолтой хүнд энэ мэргэжил зохицох вэ?
Хоёрт, ийм мэргэжилтэй болохын тулд ямар суурь мэдлэг, чадвартай байх ёстой вэ?
Гуравт, ийм мэргэжилтэй болохын тулд МСҮТ, их дээд сургуульд ямар мэдлэг, чадвар, хандлага эзэмших вэ?
Дөрөвт, энэ мэргэжлийг эзэмшвэл Монголд болон гадаадад цаашид ямар боломжууд хүлээж байгаа вэ?
Тавд, энэ мэргэжлийг эзэмшсэнээр эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Ерөнхийдөө бид хэрхэн мэдлэгийг олж авч, түүнийг зүй зохистой ашиглах талаар цогц ойлголт өгөхийг хичээгээд байгаа юм. Одоо "Хэрхэн суралцах вэ?" гэдэг сэдвээр ном хэвлүүлэх бэлдэж байгаа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би өөрийгөө маш нээлттэй хүн хүн гэж боддог шүү. Тэр ч зангаараа их олон сайхан найз нөхөд, хамт олонтой. Би аливаа асуудал тулгарахад өөрөө нэг эргэцүүлчхээд дараа нь бусадтайгаа санал бодлоо хуваалцаж тэднийг сонсдог. Эцэст нь нэгтгэн дүгнээд хамгийн оновчтой шийдлийг боловсруулдаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ. Зөвхөн найз нөхөд, хамт олон гэлтгүй оюутнуудтайгаа ч гэсэн нээлттэй байдаг. Ингэснээр сургалтын үр дүн ч нэмэгддэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хүүхдүүд унтсаны дараа хэсэг төвлөрч суугаад голдуу шөнө 12-1 цагийн үед унтаад, өглөө 7-8 цагийн үед босдог. Шөнө нэлээн суусан үедээ өглөө унтах нь бий.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэр бүлтэйгээ өнгөрүүлнэ. Боломж гарвал найз нөхөдтэйгөө уулзаж ярьж суух дуртай. Мөн хааяа сагс, хөл бөмбөг тоглох дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүл, шавь нар, найз нараасаа. Эр хүний амжилтын цаана сайхан хань байдаг. Хань маань надад ихийг бүтээх, амжуулах боломж, урам зориг, эрч хүчийг өгдөг. Хүүхэд өсөж томрох, шавь нар суралцах эрмэлзэлтэй, цог золбоотой байх нь баяр хөөр бэлэглэдэг. Хүн чинь үр дүнгээ харж л урамшдаг шүү дээ. Мөн би өөрийгөө шилдэг сайн мэргэжилтнүүдийн хүрээлэл дунд орсон азтай хүн гэж боддог. Найзуудынхаа амжилтаар урамшиж, эрчлэгдэнэ шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би арван жилээ төгсөөд гадаадад суралцана гэж бодож байлаа. Гэтэл аав маань бакалавртаа эндээ суралцаад магистраа гадаадад хамгаалбал яасан юм бэ гэж зөвлөсөн. Их сургуулийн орчинд суралцах чадварт сураагүй байж цоо шинэ газарт сурч, амьдрахаар очсон бол их цаг алдах байж дээ гэж одоо боддог. Их сургуулиа төгсөөд гадаадад магистрт явна гэж бодож байтал 3-р курстээ Чойбалсан хотын цахилгаан станцын автоматжуулалтын олон улсын төсөлд мэргэжлээрээ буюу электроник инженерээр ажиллах боломж олдсон. Цэлмэг багш маань ийм том төсөлд орж ажиллах нь практик туршлага хуримтлуулна, үйлдвэрлэлийн контроллёр програмчлаад удирдлагын систем хөгжүүлж сурвал шилдэг инженерүүдийн нэг болно. Энэ боломжийг шүүрээд л авах хэрэгтэй, ийм чухал чадваруудыг үеийнхнээсээ түрүүлээд эзэмшчихвэл давуу тал үүснэ гэж захисан. Улмаар тэр төслийн явцад эзэмшсэн чадвар, хуримтлуулсан чадвар маань намайг дараа дараагийн олон төсөлд ажиллах боломжийг нээж, би нэлээн эрт мэргэжлээрээ ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан. Удалгүй аав, бас багш нар маань их сургуульд багшилбал яасан юм бэ гэж санал болгосноор багш болсон. Азаар өөрийн аливаад сониуч, шинийг эрэлхийлсэн зан чанартаа нийцсэн инженер мэргэжлийг онож сонгосон би багш болсноо ч бас зөвдсөн гэж боддог. Багш хүн шавь нараараа дамжуулан олон зүйлийн эхлэлийг тавих бололцоотой шүү дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Гурван зөвлөгөө хэлье. Эхнийх нь мэдээллийг хүлээж авахтай холбоотой. Хүн ямар ч мэдээллийг хүлээж аваад эхлээд эргэлзэж, дараа нь эргэцүүлж, эцэст нь эрэлхийлэх хэрэгтэй. Одоо миний ярьж хэлж буй зүйлс, зөвлөгөөнд ч эргэлз, зөв үү буруу юу гэж эргэцүүл. Бусад эх сурвалжтай харьцуул. Эцэст нь бүгдийг нэгтгэн дүгнээд өөртөө мэдлэг болгох дараагийн алхам, шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, итгэл, сэтгэл, зүтгэл гэсэн гурван зүйлийг санаж яваарай. Хүн итгэсэн зүйлдээ л хүрч чадна. Хямралын үедээ Тесла ажилчдаа цомхотгохдоо хамгийн шилдэг машины компани болно гэдэгт итгэхгүй байгаа хүмүүсээ халж эхэлсэн гэх жишээ бий. Итгэсэн бол сэтгэл гарга, эцсийг нь үзтэл хий зүтгэ.

Мөн ажил дээр гараад удаагүй залуучууддаа, эхлээд цалингаас илүү туршлагыг илүүд үзээрэй гэж зөвлөе. Ур чадвар эзэмшиж, туршлага хуримтлуулж л чадвал одоо бага цалин авч байлаа ч ирээдүй дэх өөрийн үнэлэмжийг өсгөж, үнэ цэнээ баталгаажуулж байгаа гэдгийг санаарай. Мэдлэг чамд суурь боломжийг нээдэг бол ур чадвар, туршлага чамд бусдаас илүү боломжийг нээнэ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Эмос клубийн Ч.Чинзориг андыгаа санал болгоё. Олон том төслийг зэрэг амжуулж, ихийг бүтээж буй залуу даа.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй

34774   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Zack Batsaikhan

Гэрэл зургийг:

Khantushig Kh.




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.