Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 10, 2018

Мэдүүштэй: Энэ сард эргэлзэлгүй үзэх 10 кино

Ямар кино үзэхээ шийдэж чадахгүй л байна уу? Өдөр бүр шахуу "харагдах" төрөл бүрийн тойм, янз бүрийн мэдээ бүр ч их эргэлзүүлж байгаа биз? Тэгвэл таны цагийг хэмнэж, хамгийн "чанартай" сонголт хийхэд туслах чигийг бид танд хүргэж байна. Хамгийн их хүлээлт дагуулж буй, хамгийн өргөн ярианы сэдэв болж буй, хамгийн өндөр амжилт үзүүлж буй бүтээлүүдийг та 5-р сар дуусахаас өмнө амжиж үзээрэй. 

avengers: infinity war

Уйтгартай сонголт байж магад. Гэхдээ ердөө 11 хоногийн дотор 1 тэрбум долларын борлуулалтын орлого олж, бөөн бөөн дээд амжилтуудыг эвдсээр буй Марвелын супер баатруудын цугларалтыг үзэхгүй бол үнэхээр алдас болно. Дэндүү олон харууслууд, хэт их спойлеруудаас болоод та эртхэн үзээгүйдээ харамсаад эхэлчихсэн ч байж магад. Холливудын бокс оффисийн түүхэнд бичигдэх нь тодорхой болсон энэ кино бидний маш олон хайртай дүрүүдийг, дуртай жүжигчдийг цуглуулж чадсанаараа онцлог. Ийм олон супер оддыг хамгийн сүүлд хэзээ нэг дэлгэцнээс харснаа ч санахгүй байна. Өмнөх 18 ангиас алийг нь ч үзээгүй байж болно. Супер баатруудад дургүй ч байж болно. Гэхдээ нэг л зүйлийг хүсье. Ганцхан энэ удаад л бүх тулааныг дуустал нь тэвчээртэй, бүр бүх кредитийг нь урсаж дуустал нь тэсч үзээрэй :)

ЗААВАЛ УНШИХ: CNN - Avengers: Infinity War-ийг үзэхээсээ өмнө заавал унш!

solo: a star wars story

Оддын дайнд дуртай бүх фанатуудын хүсэн хүлээж буй залуу Сологийн түүх энэ сард нээлтээ хийнэ. 10-нд Лос Анжелест дэлхийн нээлтээ хийх тус кино 15-нд Каннын кино фестивалд танилцуулагдах болсон нь ч мөн онцлох мэдээ. Уг киноны үндсэн найруулагчдаар томилогдсон Ф.Лорд, К.Миллер нар Лукасфильмтэй санал зөрөлдсөний улмаас төслийг орхиж, оронд нь Beautiful Mind, Apollo 13-ийн бүтээгч Рон Ховард ирсэн нь "хожсон" шийдвэр байсан уу үгүй юу гэдгийг бид тун удахгүй мэдэх учиртай. Зарим шинжээчид тус киног хамгийн бага орлого цуглуулах Оддын дайны кино болж магад гэгдэж буй ч нээлтийн үзвэр нь Black Panther-аас бараг 2 дахин илүү захиалга аваад буй нь овоо итгэл нэмэгдүүлж буйг мартаж болохгүй.

ЗААВАЛ УНШИХ: Wired - Соло бүр том асуудалд орсон гэж үү?

The handmaid's tale

Даруухан Hulu-г Netflix, Amazon зэрэг гол өрсөлдөгчдөөсөө өрсөж Алтан Бөмбөрцгийн гол шагналыг хүртэж, төлбөрт хэрэглэгчдийн тоо нь 30 саяд хүрч топ тоглогчдын эгнээнд нэгдэхэд хүргэсэн гол нууц бол The Handmaid's Tale байлаа. Алдарт М.Атвүүдийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэ цуврал таны урд өмнө үзэж байсан телевизийн цувралуудаас илүү хүнд, илүү харанхуй, илүү философилог гэхдээ илүү хийсвэр, бүр илүү адармаатай ч байж мэднэ. Ангиас ангид шилжихэд улам бүр чанаржиж, түүх нь улам бүр сонирхол татах болсоор буй тус цувралын 2-р анги яг одоо ид цацагдаж буй. 1-р бүлгийг нь ч бөөндөж эхлэхэд оройтоогүй шүү.

ЗААВАЛ УНШИХ: The Verge: The Handmaid's Tale-ийн 2-р бүлгийг үзэх шалтгаан нь юу вэ?

Говийн домог

Говийн домог бол таны урд өмнө үзэж байсан Монгол кинонуудаас огт өөр түүхийг өөр өнцөг, өөр мэдрэмжээр өгүүлэх бүтээл. Монголын говь нутгийн гайхалтай үзэсгэлэнт өнгө төрхийг дэлгэцийн бүтээлд үүрд мөнхөлж чадсанаар нь, бидний дийлэнхийнх нь төсөөлж ч байгаагүй-сэтгэлдээ дүрсэлж ч чадахааргүй үзэгдлүүдийг бүтээлдээ шингээснээр нь энэ киноны уран бүтээлчдэд талархах учиртай. Хэдий олон зүйлийг илүү сайжруулж болох байсан мэт сэтгэгдэл танд үлдэж мэдэх ч түүнээс ч илүү элементүүд нь Монголын кино урлагийн ирээдүйд итгэх итгэлийг тань эргэн нэг сэргээх болно. Зуны урт амралт эхлэхээс өмнө амжиж үзэж чадвал та аяллын төлөвлөгөөгөө ч өөрчлөх хэрэг гарч магадгүй шүү.

ЗААВАЛ УНШИХ: UB.LIFE - Говийн домог киноны тойм

westworld

К.Нолан, Л.Жой нарын хамтарсан бүтээл Westworld 2 жилийн урт хүлээлтийн дараагаар эргэн ирлээ. Эргэн ирэхдээ яг л нэгдүгээр бүлэгтээ төрүүлж байсан шиг аюул занал, нууцлаг үйл явдлууд, адармаатай холбоосуудаа улам бүр нэмсэн мэт санагдах шиг. Хиймэл оюуны хөгжил хаа хүрч, ямар ертөнцийг бүтээж болох тухай, хүн төрөлхтөний хамгийн нууцлаг хүсэл нь хэрхэн өөрсдийг нь "сүйтгэх" боломжтой талаар энэ кино өгүүлнэ. Боломжит ирээдүйн тухай төгс төсөөллийг өгч чадах гайхалтай бүтээл. HBO-ийн дэлгэцнээ даваа гараг бүрийн өглөө танд энэ кино хүрч байгааг төгсгөлд нь сануулъя.

ЗААВАЛ УНШИХ: Vox - Аймшигт ирээдүйн төсөөллийг Westworld-оос

Future world

Mad Max таалагдсан биз дээ? Ghost in The Shell ч сонирхолтой санагдсан уу? Жэймс Франкод дуртай юу? Эсвэл Милла Жовович, үгүй бол Люси Лиу? Аль нэгэнд нь л тийм гэж хариулсан бол та Future World-ийг заавал үзэх ёстой. Хүлээлт дүүрэн байгаа тус кино 5-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

ЗААВАЛ УНШИХ: Gizmodo - Хэрхэн Future World ийм олон оддыг цуглуулав?

The rain

Сүүлийн үед олон улсын контентуудыг амжилттайгаар дэлхийн үзэгчдэд хүргэж, тэр хэрээрээ чамгүй амжилтыг олж буй Netflix-ийн дараагийн импорт бол The Rain. Данийн уран бүтээлчдийн уг бүтээлд дэлхийн төгсгөлийг илүү онцгой, илүү өвөрмөцөөр үзүүлсэн хэмээн амалж байна. Бороогоор дамжин скандинавын хойгийг тэр чигт нь "самарсан" вирус бидний мэдэх нийгмийн амьдрал, соёл иргэншлийг хэрхэн сүйтгэж буйг, ийм үед амьд үлдэхийн төлөөх тэмцэл ямар "өөр" байгааг та үзэх боломжтой. 5-р сарын 4-нд Нетфликсд тавигдсан учраас та энэ амралтын өдөр "нэг мөсөн" үзчих боломжтой.

ЗААВАЛ УНШИХ: Uproxx - Яагаад Нетфликсийн дани цувралыг та үзэх хэрэгтэй вэ?

Deadpool 2

Хамгийн танхай, хамгийн задгай, хамгийн шогч супер баатар Deadpool эргэн ирлээ. Тус комикийн хамгийн алдартай дүрүүдийн нэг Cable энэ ангид гарч ирж буй гэдгээрээ онцлог. Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гээч? Cable-ийн дүрд Avengers-ийн эсрэг талын баатар Thanos-ийн дүрийг бүтээсэн Жош Бролин тоглож буй нь. Deadpool-Cable-ийн дуо дэлгэцийн хамгийн супер хослолуудын нэгийг бий болгох учиртай. Deadpool-ийн 2-р анги 5-р сарын 18-нд нээлтээ хийнэ.

ЗААВАЛ УНШИХ: Dorkly - Яагаад Deadpool миллениалуудын хамгийн дуртай баатар вэ?

Burning

Миний хувьд The Walking Dead-ийн хамгийн "дуртай" дүр "байсан" Глен буюу Стивен Ён тоглосноороо Burning бүтээл анхаарлыг минь ихэд татав. Үүнээс гадна уг кино алдарт зохиолч Харуки Муракамигийн богино хэмжээний өгүүллээс сэдэвлэн бүтээгдсэн гэдгээрээ бүр ч илүү сонирхлыг татсан гэдгийг нуух юун. Дээрээс нь Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг Ю А Ин тоглосон гэдгээрээ олон үзэгчдийн хүслийн жагсаалтанд багтаж буй нь гарцаагүй. Уг кино энэ долоо хоногт үргэлжилж буй Каннын кино фестивальд нээлтээ хийж байгаа юм.

ЗААВАЛ УНШИХ: Vanity Fair: Каннын наадамд хүн бүрийн ярианы сэдэв болох кинонууд

яллагч

Өнөө цагийн Монголын кино урлагийн гол төлөөлөгчдөд тооцогдох Г.Эрдэнэбилэ, С.Болд-Эрдэнэ нар "Яллагч" киногоороо үзэгчидтэйгээ эргэн уулзаж байна. Бодит явдлаас сэдэвлэн бүтээв гэсэн трэйлэрийн тайлбараасаа л анхаарал татаж эхлэх тус кино өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй хамгийн хурц хэрнээ хэлэлцэгддэггүй, анхаарал татсан хэрнээ анзаарагддаггүй асуудлыг хөндөж тавьсан гэдгээрээ онцлогтой. Яллагч-ялагчийн онц сонирхолтой түүх 5-р сарын 2-оос эхлэн цацагдаж эхэлжээ.

ЗААВАЛ УНШИХ: Ikon: Г.Эрдэнэбилэг: Яллагч кинонд юу өгүүлэхийг хүсэв?

Та энэ сард ямар кино үзэхээр төлөвлөж байна? Энэ жагсаалтанд багтах эрхтэй гэж үзэж буй санал болгох киногоо сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

32673   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.