Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 13, 2018

7 хоногийн тойм: "92" настай ерөнхий сайд + 82 эмэгтэйн "бахархалт" тэмцэл + 104 настай "амиа хорлогч"

Ковер зургийн тайлбар: Гүүгл биднийг ахин ангайлгав! #io18

дэлхий дахинд

Дэлхийн дахины анхаарлын төвд буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт 6-р сарын 12-нд товлогдлоо. Энэ тухай Трамп "өөрийн хамгийн дуртай мэдээллийн суваг" твиттерээр дамжуулж зарласан бөгөөд болох газрыг нь Сингапур хэмээн мэдээлэв. Эх сурвалжууд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг уг уулзалт болох боломжтой газар хэмээн тодорхойлж байсан билээ. Энэхүү уулзалтыг угтаж Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа буулгах зарыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлэв. Тэд 5-р сарын 23-25-ны өдрүүдэд газар доор байрлах хонгилуудыг дэлбэлж, судалгааны байгууламжуудыг буулгах гэнэ. Үүнээс гадна мягмар гарагт Хойд Солонгосын тал тус улсын шоронд ял эдэлж байсан америкийн гурван иргэнийг суллаж, гэр лүү нь буцаах шийдвэрийг гаргасан билээ.

JapanTimes: Яагаад Сингапур гэж?

Ялалтын баяр тохиосон энэ долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдсон Владимир Путины тангараг өргөх ёслол явагдлаа. Тэрээр өнгөрсөн 3-р сард болсон сонгуульд нийт санал өгөгчдийн 76 хувийн саналыг авснаар ахин 6 жил үүрэгт ажлаа үргэлжлүүлэх болсон юм. Тэрээр тангаргаа өргөсний дараагаар түүхэн дэх хамгийн урт буюу 12 минут үргэлжилсэн, 1246 үгтэй илтгэлийг ард түмэндээ хандан тавьжээ. 5000 гаруй хүндэт зочид оролцсон уг ёслолын ажиллагааг Орос даяар 5.8 сая хүн шууд хүлээн авч үзжээ.

Дэлхийд алдартай экологич, Австралийн иргэн Дэвид Гүүдалл 104 насандаа "өөрийн хүсэлтээр" таалал төгслөө. Тэрээр 2 жилийн өмнө ажиллаж байсан их сургуулиасаа хүчээр "халагдаж", улмаар "сайн дураараа амиа хорлох" хүсэлтэй байгаагаа ил зарласнаар олон нийтийн анхаарлын төвд ороод байсан юм. Австрали улс ийм шийдвэр гаргахыг хуулиар зөвшөөрдөггүй учраас тэрээр Швейцарь луу нүүж, "хүн амьд явах эрхтэйн адилаар үхэх эрхтэй" хэмээн сурталчилж, хуулинд өөрчлөлт оруулах хөдөлгөөнийг эхлүүлээд байсан билээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн хоромд Л.Бетховений "Ode to Joy"-ийг сонсож байсан гэнэ.

NewsAU: 104 настай эрдэмтний сүүлчийн өдрүүд

Зүүн Өмнөд Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс Малайзад явагдсан парламентийн сонгуулийн дүн олны таамаглаж байснаас өөрөөр эргэж, тус улс тусгаар тогтносноос хойш 61 жилийн турш төрийн эрхийг барьсан "Үндэсний Фронт" эвсэл анх удаа ялагдал хүлээлээ. Ингэснээр парламентийн 222 суудлын 121-ийг нь эзэмших болсон "Итгэл найдвар" эвсэл дангаар засгийн газраа байгуулах болж байгаа юм. Тус эвслийн лидер 92 настай Махатир Мохамад ерөнхий сайдаар сонгогдсоноор дэлхийн хамгийн "ахмад" төрийн тэргүүн болж байна. Махатир 1981-2003 онд 22 жилийн турш Малайзын ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн билээ.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дулаалга, дуу чимээ тусгаарлах зориулалттай чулуун хөвөн үйлдвэрлэгч "Монгол Базальт" компани нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээлд хувьцаагаа борлуулахаар боллоо. Тэд нэг бүр нь 380 төгрөгийн үнэтэй 16.9 сая ширхэг хувьцааг арилжаалж, 3.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Анхдагч арилжаа 5-р сарын 14-23-ны өдрүүдэд явагдах аж. Сонирхуулахад, 2005 онд байгуулагдсан тус компанийн үүсгэн байгуулагч нь Shark Tank нэвтрүүлгийн шүүгч Л.Ариунболд билээ.

Швейцарьт төвтэй Nestle компани дэлхийн хамгийн алдартай кофе сүлжээ Starbucks-ийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг дэлхий даяар борлуулах эрхийг 7.1 тэрбум доллараар худалдан авлаа. Nestle өмнө нь Nespresso, Nescafe-г багтаасан брэндийн цуглуулгаа өргөтгөж, хамгийн хурдацтайгаар тэлж буй кофены зах зээл дэх байр сууриа баталгаажуулахыг хүсэж байсан нь ийн биеллээ олов. Тэд өмнө нь зөвхөн Starbucks-ийн кофе шопоор л борлуулагддаг байсан бүтээгдэхүүнүүдийг нь супер маркетууд, сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах боломжтой болж байгаа юм. Энэхүү хэлцлийн дараагаар Nestle-ийн хувьцааны үнэлгээ 2.4 хувиар өсжээ.

Японы эмзүйн салбарын гигант Takeda Лондонд бүртгэлтэй өөр нэг топ компаниудын нэг Shire-ийг 62 тэрбум доллараар худалдан авах тохиролцоонд хүрчээ. 2015 онд тус компанийн 237 жилийн түүхэн дэх анхны гадаад CEO болсон К.Веберийн "зоригтой" шийдвэр жилд 31 тэрбум долларын борлуулалттай ажиллах тус нэгдлийг эмзүйн салбарын 9 дэх том компани болгож байгаа юм.

Өнгөрсөн 3-р сард Монголын хөрөнгийн биржид IPO-оо амжилттай хийсэн финтек стартап LendMN-ийн ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо. Энэ үеэр тэд шинэ-дэвшилтэт дизайн, хялбар бүртгэлийн функц, төлбөр тооцооны өргөн боломжууд зэрэг компанийн хэрэгжүүлэхээр зэхэж буй шинэ нэмэлтүүдээ танилцуулсан байна. Мөн тэд өнгөрсөн сард 22.1 тэрбум төгрөгийн зээл олгож, 748 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ Walmart Энэтхэгийн тэргүүлэх онлайн худалдааны платформ FlipKart-ийн 77 хувийг 16 тэрбум доллараар үнэлэн худалдаж авч байгаагаа зарлалаа. 2007 онд байгуулагдсан Flipkart-ийн борлуулалт өнгөрсөн жил 50 хувиар өсөж 4.6 тэрбум долларт хүрээд байсан юм. Walmart дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлд тооцогдож буй Энэтхэгт Amazon-оос давуу байдал олж авахын тулд ийм шийдвэр гаргалаа хэмээн шинжээчид үзэж байгаа билээ.

Recode: Яагаад Walmart Flipkart-ийг худалдан авав?

Аваргуудын нэгдэл: Кофены зах зээлийн дайн дөнгөж эхэлж байна

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Microsoft өнгөрөгч долоо хоногт хөгжүүлэгчдэд зориулан жил бүр зохиодог Microsoft Build эвентээ явууллаа. Windows-ийн эргэн тойронд өрнөж буй шинэчлэл, шинэ боломжууд, нэмэлтүүдийн талаар голчлон танилцуулсан уг арга хэмжээний хамгийн онцлох мэдээ нь Microsoft Pay байлаа. Та Outlook-ийг ашиглан имэйл дотроосоо шууд төлбөр төлөх, бараа худалдан авах боломжтой болох нь энэ үйлчилгээний гол давуу тал гэнэ. Мөн тэд Амазоны хувийн туслах Alexa болон өөрсдийн Cortana-ийн хослолыг олон төрлийн бүтээгдэхүүн-төхөөрөмжүүдэд нэвтрүүлэхэд бэлэн болсноо зарлажээ.

TNW: Microsoft Build-тэй холбоотой мэдвэл зохих бүх зүйлс

Фэйсбүүк хэрэглэгчдэд өөрийн зан чанарт суурилсан аватарыг үүсгэн ашиглах боломж олгох Facebook Avatars нэмэлтийг хөгжүүлж байгаагаа баталлаа. Тэд Snapchat-ийн 2016 онд худалдаж авсан BitMoji-той ижил нэмэлт дээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдэд үүсгэсэн аватараа чат болон сэтгэгдэл хэсэгт ашиглахыг санал болгох гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Твиттер уншсаны дараа устдаг, өндөр нууцлал бүхий мессеж солилцох нэмэлтийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Telegram, Signal зэрэг бусад апп-уудын адилаар хэрэглэгчид энэ нэмэлтийг ашиглавал мессеж тодорхой хугацааны дараа устдаг эсвэл уншингуут устдаг байх аж. Алдарт "шүгэл үлээгч" Э.Сноуден 18 сарын өмнө Твиттерийн CEO Ж.Дорсид хандан "уншсаны дараа устдаг мессеж үйлчилгээ нэвтрүүлэхийг" санал болгож байсан билээ.

Инстаграм хэрэглэгчдэд Stories-доо дуу хөгжим нэмэх шинэчлэл хийхээр зэхэж байгаа гэнэ. Фэйсбүүкийн топ хөгжмийн студиудтай хийсэн гэрээний дараагаар Инстаграм хэрэглэгчдэдээ дуу хайх, сторидоо дуу нэмэх, сонсож буй хөгжмийг тань автоматаар танин санал болгох "стикер" зэргийг санал болгох боломжтой болсон нь энэ аж.

Хөгжүүлэлтээ эхлүүлснээс хойш 26 жилийн дараа Boston Dynamics анхны роботоо худалдаанд гаргахад бэлэн боллоо. Тэд бизнесийн байгууллагуудад оффисийн туслах ажил гүйцэтгэх зориулалт бүхий SpotMini нэртэй робот нохойгоо 2019 оноос эхлэн борлуулж эхлэх гэнэ. Нэгэн үе Google-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан тус компани өнгөрсөн жил Японы SoftBank-д зарагдсан билээ.

Ийм "нохойтой" болох уу?

google I/o-ийн эргэн тойронд

Технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Гүүглийн жил болгон хөгжүүлэгчдэд зориулан зохион байгуулдаг I/O арга хэмжээ энэ долоо хоногт явагдлаа. Фэйсбүүк, Майкрософтын арга хэмжээний дараа явагдсан энэ жилийн эвентэд ямар шинэ бүтээгдэхүүн-үйлчилгээ танилцуулагдах нь ихээхэн анхаарал татаж байв.

Гүүглийн CEO С.Пинчай судалгааны багаа илүү өргөтгөн Google AI нэртэй болгож, хиймэл оюун хөгжүүлэлтэд илүү төвлөрсөн байдлаар ажиллуулах болсноо хамгийн түрүүнд зарласан юм. Үүний үр дүнд Google Photo хиймэл оюуны тусламжтайгаар таны зургуудад засвар санал болгож, илүү сайжруулах боломжийг олгох аж. Мөн Google Map ч таны эргэн тойронд нээгдсэн шинэ бизнесүүдийг таны сонирхол, өмнөх сонголтууд, хайлтууд дээр үндэслэн санал болгож мэдээлнэ.

Хамгийн анхаарал татсан шинэчлэл нь илүү ухаалаг болсон хувийн туслах Google Assistant байлаа. Google Assistant-ийн гар утасны хувилбар дизайны хувьд илүү таатай, илүү олон хоолойтой болсноос гадна нэг дор олон асуулт асуух боломжтой болсон байна. Мөн шинэ сэдэв эхлүүлэхийн тулд заавал "Hey Google" коммандыг өгөх шаардлагагүйгээр үргэлжлүүлэх болсон нь тус үйлчилгээний цар хүрээ тун өндөр түвшинд хүрснийг баталж байгаа юм. Гэхдээ үүнээс ч илүү олныг гайхшируулсан зүйл нь тайзан дээр Google Duplex нэртэй нэмэлтийн тусламжтайгаар бодит дуудлага хийсэн нь байлаа. Google Assistant одоо таны өмнөөс рестораны захиалга өгч, үйлчилгээний цаг авч чадна.

Google News илүү дэвшилтэт хувилбараа танилцуулсан. Тэд таны хэрэглээ, сонирхолд нийцсэн мэдээг санал болгож, таны эргэн тойронд өрнөж буй мэдээллүүдийг хамгийн хурднаар хүргэнэ хэмээн амлаж байна. Тэд холбоотой Youtube-ийн видеог ч хавсаргахаа мартсангүй.

Үүнээс гадна Google олны анхаарлын төвд буй бусад төслүүд болох Android P, Google Lens болон Waymo-той холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг танилцуулжээ.

The Verge: Google-ийн танилцуулсан хамгийн чухал зүйлс
BGR: Google I/O-ийн онцлох 10

Танилц, таны шинэ туслах!

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн кино урлагийн хамгийн том наадмуудын нэгт тооцогдох Канны кино фестиваль нээлтээ хийлээ. 71 дэх удаагийн наадмын нээлтийн улаан хивсний ёслолын үеэр #MeToo хөдөлгөөнд нэгдсэн 82 эмэгтэй уран бүтээлч төв театрын шатан дээр цуглан, киноны салбарт хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн нь хүчтэй дохио байв. Тус наадам зохиогдож эхэлсэн 1942 оноос хойш нийт 1727 кино шагналын төлөө өрсөлдөж байснаас ердөө 82 нь л эмэгтэй найруулагчтай байсан учраас тэд энэ тоог сонгож авсан гэнэ. Энэ жил ч наадмын хамгийн том шагнал болох Palme d’Or-ийн төлөө өрсөлдөх 21 киноны 3 нь л эмэгтэй найруулагчтай байгаа аж. 2018 оны Канны наадмыг А.Фаргадигийн Everybody Knows нэртэй сэтгэлзүйн триллер кино нээжээ.

VanityFair: К.Стьюарт, Ж.Фонда тэргүүтэй 82 эмэгтэй хэрхэн эсэргүүцлээ илэрхийлэв?
NYTimes: Канн ба #MeToo

Европын хамгийн их үзэгчтэй дууны шоу тэмцээн Eurovision-ий ялагчаар Израйль улс тодорлоо. Тус улсыг төлөөлөн оролцсон Нета нийт 529 оноо авснаараа тэмцээний өмнөх гол фаворитод тооцогдож байсан Киприйн оролцогч Э.Фурейрагаас 93 оноогоор илүүрхжээ. 63 дахь удаагийн Eurovision Португалд явагдсан бөгөөд хамгийн сүүлд 20 жилийн өмнө Израйльчууд ялалт байгуулж байсан гэнэ.

The Imitation Game, Sherlock Holmes, Dr.Strange зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн талархлыг хүлээсэн Бенедикт Камбербэтч салбартаа хүйсийн ялгаварлыг зогсоохыг шаардсан байна. Тэрээр эмэгтэй гол дүрийн жүжигчиндээ ижил цалин санал болгоогүй киноны саналыг хүлээн авахгүй гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм. Түүний удирддаг SunnyMarch нэртэй продакшн энэ ажлын хүрээнд шат дараатай арга хэмжээг авч, эмэгтэй дүрд төвлөрсөн киноны төсөл дээр ажиллаж байгааг мөн хуваалцжээ.

Британийн алдарт рок хамтлаг Arctic Monkeys 5 жилийн дараа эргэн ирж, шинэ цомгоо гаргалаа. Tranquility Base Hotel & Casino нэртэй уг цомог нь 11 дуутай бөгөөд Spotify, Apple Music зэрэг стриминг платформуудаар мөн цацагдаж байгаа юм.

Энэ долоо хоногт Америкийн телевизүүд ирэх улирлын кино контентийн сонголтуудаа хийж, одоогоор цацагдаж буй цувралуудын шинэ бүлгүүдийг үргэлжлүүлэн хийх эсэхээ тодорхой болголоо. Fox хамгийн алдартай цувралуудын нэг Brooklyn Nine-Nine-аа цуцлах болсон нь хамгийн анхаарал татсан шийдвэр байлаа. Гэхдээ хэдхэн хормын дараагаар NBC тус цувралыг үргэлжлүүлэн хийх болсноо мэдэгдсэн нь фенүүдийн хувьд таатай мэдээ байв. Үүнээс гадна Designated Survivor, Lucifer, The X-Files (ахиад л), Kevin Can Wait зэрэг алдартай цувралууд цуцлагдсан байна.

Vox: Цуцлагдсан болон шинэчлэгдэх болсон цувралуудын жагсаалт

#MeToo хөдөлгөөн Канныг "эзэгнэв"

Алдалгүй унших арван мэдээ

CNN: Трамп АНУ Ираны хоригоос гарч байгааг зарлалаа
QZ: С.Берлускони Италийн улс төрд эргэн ирэх үү?
Vox: Парисын хутгат халдлагын талаар бидний мэдэх бүх зүйлс
Recode: Т.Күүк Дюкийн их сургуулийн төгсөлтийн баярт юу гэж үг хэлэв?
The Verge: Фэйсбүүк өөрсдийн гэсэн криптовалют гаргах уу?
BBC: Төхөөрөмж салгахаас өмнө "ухаан орсон" хүүгийн гайхамшигт түүх
Techcrunch: Robinhood-ийн үнэлгээ 5.6 тэрбум долларт хүрлээ
Gogo: Инновацийн үзэсгэлэн 2018 гэрэл зургийн дуранд
Vulture: Spotity R.Kelly-г хар жагсаалтанд оруулсан нь ямар учиртай вэ?
Reuters: Nike-ийн засаглалын хямрал үргэлжилсээр

12413   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.