Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   05 сарын 01, 2018

Апп тойм: Google Tasks - Gmail-тэй төгс хорших ажлын жагсаалт

Саяхан Gmail-ийн удаан хүлээлгэсэн шинэчлэлийг танилцуулсан Google нэгэн шинэ апп-ийг гаргав. Энэ бол Google Tasks. Шинэ гэхээсээ өмнө Gmail доторх нэгэн функц байсан to-do list буюу хийх ажлын жагсаалтыг тусад нь апп болгон гаргасан нь энэ юм. Хийх ажлын жагсаалтаа үр дүнтэй хөтлөх аргыг эрэлхийлсээр байдаг уншигчдадаа бид өнөөдөр энэ апп-ийн давуу сул талуудыг танилцуулъя. 

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрвээ та Gmail, Google Calendar, Google Keep зэрэг Google-ийн бүтээгдэхүүнүүдийг голлон хэрэглэдэг бол Google Tasks таны туршиж үзэх ёстой апп. Учир нь бусад аппуудтайгаа нэгдэн ажилладаг нь энэ апп-ийн гол давуу тал юм. Мөн илүү дутуу юмгүй, хэрэглэхэд хялбар тул энгийн зүйлд дуртай хэрэглэгчдэд таалагдана гэдэгт итгэж байна.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Энэ апп дангаараа бол маш энгийн. Бусад to-do апп-ийн адил ажил/даалгавар үүсгэж, дотор нь тэмдэглэл хийх, дэд даалгавар үүсгэх, хэзээ хийгдэх хугацааг нь оруулах боломжтой.

Харин хамгийн гол давуу тал нь имэйлтэй хоршин ажиллуулахад үүсдэг. Шинэ Gmail-ийн нэг том шинэчлэл бол Calendar, Keep зэрэг апп-ийг имэйлийнхээ баруун талд шууд харах явдал гэдгийг бид өмнө нь танилцуулж байсан. Тэгвэл энэ хэсэгт Google Tasks мөн бий. Доор харагдаж байгаа шиг та Gmail рүү орсон үедээ хийх ажлын жагсаалтаа харах боломжтой гэхээр үнэхээр догь байгаа биз. Түүнчлэн имэйлээ чирээд л Tasks руугаа оруулах үед эх имэйлийн линк нь Tasks дотор харагдах юм. Энэ л дангаараа Tasks-ийг хэрэглэх гол шалтгаан болно.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хэтэрхий энгийн юм гэсэн сэтгэгдэл олон харагдана лээ. Жишээ нь хийх ажил/даалгавартаа зөвхөн өдрийг нь л сануулж болохоос биш цаг оруулж болохгүй. Мөн сонордуулга ирэхгүй. Түүнээс гадна байнга давтагдах ажил/даалгаврыг нэг л удаа тэмдэглэх боломжгүй, файл хавсаргаж болохгүй, одтой болгоно гэдэг шиг чухлаар нь эрэмбэлэх функц одоогоор байхгүй. Үндсэндээ энэ апп-д хийх ажил, хөгжүүлэх нэмэлтүүд олон байгаа юм.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Google-ийн аппуудтайгаа нэгдэж ажиллах "маш том" нэг л давуу талтай, гэхдээ дутуу зүйлс олонтой энэ апп-д 7 оноо өгч байна. Цаашид шинэчлэлүүд ороод явбал "дийлдэхгүй" апп болох боломжтой.

Татаж авах

20149   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.