Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 06, 2018

7 хоногийн тойм: Эзэнгүй Нобел + Эгнэшгүй Фэйсбүүк + Эцэсгүй Симпсонс

Ковер зургийн тайлбар: Фэйсбүүкийг хайрлах уу, эс хайрлах уу? Тэд таныг заяаны ханьтай тань учруулахыг хүсэж байна.

Дэлхий дахинд

Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг 2018 онд олгохгүй болсноо Шведийн Академи зарлалаа. Энэ бүхэн ялагчийг тодруулдаг гүйцэтгэх зөвлөлийн гишүүн К.Фростенсоны нөхөр, гэрэл зурагчин Жан Клод Арнотой шууд холбоотой. Өдгөө 62 настай түүнийг бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн хэмээн 18 эмэгтэй гомдол мэдүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн гомдоллосон тус зөвлөлийн тэргүүнийг оролцуулан нийт 18 гишүүнийх нь 7 нь өөрийн хүсэлтээр зөвлөлөөс гарч, орон тоо нь эзгүйрсэн учраас шагнал олгохгүй байх шийдвэр гарсан гэнэ. Ж.Арно энэхүү хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч зарим гишүүд түүнийг эхнэрээсээ авсан мэдээллийг ашиглан бооцоо тавих төвүүдэд Нобелийн шагналтны нэрийг "тааж", их хэмжээний мөнгө олдог байсан хэмээн мөн буруутгаж байгааг мартаж болохгүй. Шведийн академи 2019 онд 2 зохиолчид Нобелийн шагнал олгоно хэмээн энэ үеэр мэдэгдсэн юм. Ташрамд дурдахад, 1901 оноос олгож эхэлсэн утга зохиолын салбарын Нобелийн шагнал дайны 6 жилийг эс тооцвол ердөө ганцхан удаа буюу 1935 онд шагнал авах хүн тодроогүй гэсэн үндэслэлээр ялагч тодруулж байгаагүй аж.

NYTimes: Нобелийн шагналын скандалын эргэн тойронд

Малайз улс хуурамч мэдээний эсрэг хууль батлан гаргаснаас хойш сар хүрэхгүй хугацааны дотор хамгийн эхний хууль зөрчигчийг саатуулан, ял өгөв. 46 настай Сала Сулайман цагдаагийн газар дуудлага өгснөөс хойш 50 минутын дараа ирсэн гэх бичлэгийг Youtube-д байршуулснаар нэг сар хоригдох ял авчээ. Үнэндээ цагдаагийн хүч 8 минутын дараа хэргийн газар ирсэн аж. Хуулийн дагуу хуурамч мэдээ тараасан этгээд нь 6 жил хоригдох ял, 123 мянган доллар хүртэлх шийтгэл авах боломжтой. Сала 2500 долларын торгууль хүлээсэн ч санхүүгийн боломжгүй учир хоригдох болсон гэнэ.

Ангараг гарагийг нарийвчлан судлах зорилго бүхий InSight нэртэй сансрын станц аялалдаа гарлаа. 11-р сарын 26-нд улаан нүдэн гараг дээр газардах тус станц 5 метр хүртэлх гүнийг нүхэлж суурилуулах робот гарны тусламжтайгаар гарагийн геологийн шинж чанар, хөрсний бүтцийг судлах зорилготой. NASA тус төсөлд 830 сая долларыг зарцуулжээ.

France.com-ийг эзэмшигч Америкийн иргэн Ж.Фридман Францын засгийн газрыг шүүхэд өглөө. Түүний сүүлийн 24 жил эзэмшиж, аялал жуулчлалын бизнесээ хөгжүүлж байсан France.com домэйнийг Францын засгийн газар "булаан" авч, өөрсдийн албан ёсны сайт руу холбосон нь ийм алхам хийхэд хүргэжээ. Тэрээр засгийн газрыг домэйнийг худалдан авах ямар нэгэн оролдлого хийлгүйгээр хувийн өмчид шууд халдсан хэмээн буруутгаж байгаа юм.

2011 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй TEDxUlaanbaatar энэ долоо хоногт явагдаж, мянга гаруй залууст оюуны шуурга дэгдээв. Momentum гэсэн уриан дор явагдсан энэ эвентийн онцлох зочид нь Хас банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, ЛендМН-ий үүсгэн байгуулагч Ч.Анар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар байлаа. Unplug 2017 наадмын шилдэг эвент шагналыг хүртсэн TEDx-ийнхэн шинэлэг дүр төрх, онцгой зочид, эрч хүч дүүрэн уур амьсгалаараа илт ялгарч байсныг онцолъё.

InSight Ангараг гарагийн түүхийг мэдэхийг хүсэж байна

Фэйсбүүк шинэ бүтээгдэхүүн, нэмэлтүүдээ танилцууллаа

Фэйсбүүк жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгчдэд зориулсан F8 арга хэмжээгээ зохион байгууллаа. 2 өдөр явагддаг энэ эвентээрээ тэд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, компани дахь өөрчлөлтүүд болон хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хуваалцдаг юм. Энэ жилийн хувьд хэрэглэгчийн дататай холбоотой скандалын дараа болж байгаа гэдгээрээ ихээхэн анхаарал татаж байлаа. Тэд хэрэглэгчдэд бүх түүх, ашигласан аппаа устгах боломж бүхий "Clear History" нэмэлтийг санал болгосон нь ч санаандгүй хэрэг биш байв.

Тэдний танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдээс хамгийн онцлох нь FaceDate нэртэй болзооны нэмэлт апп байлаа. Тэд Фэйсбүүкийн хэрэглээний датан дээр суурилсан боломжит "хосуудыг" холбох нэмэлтийнхээ тусламжтай Tinder-ийг бут цохино гэдэгт итгэлтэй байна. Tinder-ийн толгой компани Match-ийн хувьцааны үнэлгээ энэ мэдээний дараа 22 хувиар унажээ.

Үүнээс гадна Мессенжерийг илүү энгийн, цэвэрхэн бөгөөд хэрэглэгчдэд ээлтэй дизайнтай болгож байгааг зарлав. Мөн шууд чат орчуулдаг нэмэлтийг ч шингээн оруулжээ. Фэйсбүүк хэрэглэгчид тун удахгүй 3D зураг оруулах боломжтой болно гэдэг ч онцлох мэдээ байв.

Инстаграм видео чаттай болж байгаагаа албан ёсоор зарлав. Хэрэглэгчид үүсгэсэн "стори"-оороо дамжуулан чатлах нь эрс нэмэгдэж байгаа энэ үед идэвхтэй хэрэглэгчдийг уях нэг хөшүүрэг нь видео байна гэдэгт тэд итгэлтэй байна. Мөн эргэн тойронд болж буй онцлох тренд, гол түлхүүр үгсийг хайх зорилготой "Explore" цэс илүү боловсронгуй болсон гэнэ.

Тэгвэл WhatsApp-ийн "стори" буюу Status нэмэлтийг өдөрт 450 сая хэрэглэгч ашиглаж байгаа нь ихээхэн анхаарал татахуйц тоо байлаа. Энэ нь өнгөрсөн улиралд түүхэн дэх хамгийн бага хэрэглэгчийг нэмсэн буюу 2.1 хувийн өсөлтийг үзүүлсэн Snapchat-ийн нийт хэрэглэгчдээс 2 дахин их гэсэн үг юм. Тэд групп видео чат болон зурагт стикерүүдийг нэвтрүүлж байгаа аж.


Techcrunch: Фэйсбүүкийн зарласан бүх зүйлс

Фэйсбүүк улам эрчтэй урагшилсаар...

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Хятадын Xiaomi компани Хонгконгийн хөрөнгийн биржид нээлттэй хувьцаагаа арилжин, 10 тэрбум долларыг босгох болсноо зарлалаа. Ингэснээр 2010 онд байгуулагдсан тус компанийн үнэлгээ 100 тэрбум давж, зөвхөн энэ оны төдийгүй 2014 оны Алибабагаас хойших хамгийн том IPO-г хийх төлөвтэй байна. Идэвхтэй ашиглагдаж буй Xiaomi-ийн гар утас, ухаалаг төхөөрөмжүүдийн тоо 190 сая болсон бөгөөд өнгөрсөн оны борлуулалтын орлого нь 18 тэрбумыг давсан билээ.

Дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ Walmart Их Британи дахь бизнес Asda-аа гол өрсөлдөгчдийн нэг Sainsbury-д зарлаа. Sainsbury Asda-г 10 тэрбум доллараар үнэлэн, 4 тэрбум долларын бэлэн мөнгийг урт хугацааны түншлэлийн хүрээнд, компанийн 42 хувийг, 29.9 хувийн саналын эрхийн хамтаар Walmart-д шилжүүлж байгаа юм. Энэ нэгдлийн дүнд Sainsbury 330 мянган ажилтантай, улс даяар 2800 салбартай болж байгаа гэсэн үг. Мэргэжилтнүүд Walmart-ийг онлайн орчинд илүү анхаарлаа хандуулж, Amazon-той өрсөлдөх стратегийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан хэмээн үзэж байна.

Өмнөх тоймд дурдаж байсанчлан Америкийн харилцаа холбооны акулууд болох T-Mobile, Sprint-ийн нэгдэл албан ёсоор эцэслэгдлээ. 26.5 тэрбум доллараар үнэлэгдэх энэ нэгдлийн дараагаар тэд жилийн 74 тэрбум долларын борлуулалттай, 70 сая хэрэглэгчтэй болж байгаа юм. Шинэ нэгдэлд T-Mobile-ийг эзэмшигч Германы Deutsche Telekom 42 хувийг, Sprint-ийг эзэмшигч Японы SoftBank 27 хувийг тус тус эзэмших аж. Сонирхуулахад, Америкийн зах зээлийг Verizon 110 сая, AT&T 78 сая хэрэглэгчтэйгээрээ тэргүүлдэг аж.

Vox: T-Mobile, Sprint-ийн нэгдлийг тайлбарлах нь

Алибаба улирлын тайлангаа зарлаж, шинжээчдийн таамгыг давсан амжилтыг үзүүллээ. Тэдний борлуулалт 61 хувиар өсөн 9.9 тэрбум долларт хүрч, цэвэр ашиг нь 1.1 тэрбум болсон бөгөөд хэрэглэгчдийн тоо нь 552 сая болон 37 хувиар өсжээ. Сонирхуулахад, үйл ажиллагааны хүрээгээ тэлж, Lazada, Ele.me зэрэг стартапуудад хөрөнгө оруулалт хийхэд 7 тэрбум доллар зарцуулсан тэдний энтертэйнмент салбарын бизнес хамгийн их буюу 1.3 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байгаа гэнэ.

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple өнгөрсөн улиралд 52 сая ширхэг iPhone утас борлуулжээ. Тэдний борлуулалтын ашиг 14 хувиар өсөж 61.1 тэрбум доллар болсон нь Wall Street-ийн таамгийг давсан хэрэг болов. Үүнд Хятад дахь борлуулалт нь 21 хувиар өссөн нь шууд нөлөөлсөн нь гарцаагүй. 9.1 сая ширхэг iPad, 4.1 сая ширхэг Mac борлуулсан тэд зөвхөн үйлчилгээний бизнесээсээ 9 тэрбум долларын орлого олсон байна. Сонирхуулахад, энэ долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж буй алдарт В.Баффетийн Berkshire Hathaway Apple-д эзэмшиж байсан хувьцааны тоогоо 2 дахин нэмж, 42.5 тэрбум доллартай тэнцэхүйц болгожээ.

Хятад, Энэтхэгийг "эзэлсэн" Xiaomi дэлхийн зах зээл рүү айсуй.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

1.5 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том чат аппуудын нэг WhatsApp-ийн CEO, үүсгэн байгуулагч Ян Кум компаниа орхиж байгаагаа зарлалаа. 2014 онд аппаа Фэйсбүүкт 19 тэрбум доллараар зарж, удирдах зөвлөлд нь суух болсон тэрээр хэрэглэгчийн дата нууцлал, сурталчилгааны модель зэрэг асуудлаар Фэйсбүүктэй санал зөрөлдсөн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Амазоныг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жефф Бэйзосын удирддаг Blue Origin сансрын тээвэрт хувьсал хийх учиртай пуужингийн туршилтаа амжилттай хийлээ. New Shephard нэртэй дахин ашиглагддаг пуужин 10 минутын турш хөөрч, 106 км-ийн өндөрт гарсан байна. Тэд ачаа тээвэрлэх зориулалттай SpaceX-ээс ялгаатай нь илүү авсаархан, хөнгөн пуужингаар хүн тээвэрлэн, сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаа билээ. 2015 оноос хойш 8 дахь удаагаа амжилттай туршилтаа хийсэн тэд энэ оны сүүлээр хүн тээвэрлэн туршилт хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

Теслагийн үүсгэн байгуулагч Э.Маск компанийн улирлын тайланг зарлах үеэрээ машин түрээслэх сүлжээ үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав. Хэрэглэгчид машинаа 100 хувь ашиглаж, бусдадтай хуваалцан орлого олох боломжтой Lyft/Uber-ийн хослол бүхий үйлчилгээг бий болгох техникийн боломж энэ оны сүүл гэхэд үүснэ хэмээн мэдэгдсэн юм. 784 сая долларын алдагдалтай ажиллаж буйгаа мэдэгдсэн тэд үйлдвэрлэлийн шат дамжлагад хувьсал хийх учиртай Model Y загварын машинаа 2020 оноос эхлэн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Автомашины зах зээлийн тэргүүлэгч фирмүүд болох BMW, Ford, GM, Renault тэргүүтэй 30 компани хамтран блокчэйн технологийн судалгааны төслийг эхлүүллээ. MOBI нэртэй уг төслийн хүрээнд автомашин, тээврийн салбарт блокчэйн технологийг нэвтрүүлэх, ашиглах талаар олон талт судалгаа хийх аж.


Элон Маскийн ээлжит "шуугиант" жиргээ! Үнэхээр чихрийн компани байгуулна гэж үү?

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Avengers: Infinity War нээлтээ хийснээсээ хойш 11 өдрийн дотор 1 тэрбум долларын орлого олж, дээд амжилт тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг Star Wars: The Force Awakens 12 өдрөөр тогтоож байсан юм. Өнгөрөгч долоо хоногт ОХУ-д нээлтээ хийж, 4.9 сая долларын орлого олж тус улсын түүхэн амжилтыг эвдсэн Avengers 5 сарын 11-нд Хятадын зах зээлд нээлтээ хийх юм. Сонирхуулахад, 2 тэрбум долларын борлуулалтын босгыг давсан ердөө 3 кино байдаг нь Avatar (2.7 тэрбум доллар), Titanic (2.1 тэрбум) болон Star Wars: The Force Awakens (2,06 тэрбум) билээ.

1989 оноос хойш тасралтгүй цацагдаж буй The Simpsons-ий 636-р анги олон нийтэд хүрснээр Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн урт үргэлжилж, олон анги гаргасан бүтээл боллоо. Өмнөх дээд амжилтыг 1955-1975 оны хооронд CBS-ээр цацагдаж байсан Gunsmoke 635 ангитайгаараа зээмшиж байсан юм. Ташрамд дурдахад, Fox тус киноны 30-р улирлыг хийж байгаагаа аль хэдийн мэдэгдсэн билээ.

Өнгөрөгч долоо хоногт 20 сая хэрэглэгчийн босгыг давж, контентуудаа татаж аван оффлайн орчинд үзэх боломжтой болгосноо танилцуулсан Hulu хамгийн алдартай бүтээл болох The Handmaid's Tale-ийн 3-р бүлгийг хийх болсноо зарлалаа. Эммигээс 5 шагнал хүртсэн, алдарт М.Атвүүдийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны 2-р бүлэг яг одоо цацагдаж байгаа юм.

Эхний улирал нь Эммигийн 22 төрөлд нэр дэвшиж, тавд нь ялалт байгуулсан Westworld 3-р бүлгээ хийх болсноо мөн зарлалаа. HBO-оор тус цувралын 2-р бүлэг дөнгөж эхлээд байгаа бөгөөд нээлтийн ангийг 2.1 сая хүн үзсэн тооцоо гарчээ.

The Simpsons ер нь дуусах болов уу?

алдалгүй унших арван мэдээ

Vulture: Каннын кино наадмаас хүлээж буй онцлох кинонууд
BBC: Аргентинд хүүгийн түвшин 40 хувьд хүрэв
VOX: Avengers-ийн төгсгөлийг тайлбарлах нь
Yahoo: Баффетийн хариулсан хүнд асуултууд
Bloomberg: Walmart Flipkart-ийг 15 тэрбумаар худалдаж авахад ойрхон байна
Konbini: Зимбабве марихуана тариалахыг зөвшөөрөв
Techcrunch: Waymo-ийн автомат удирдлагатай машин осол гаргав
Recode: Гүүглийн I/O-оос хүлээх 8 зүйл
The Verge: Fortnite хэрхэн дэлхийн хамгийн эрэлттэй тоглоом болов?
Independent: Telegram-ийн ICO-ийн эргэн тойронд

13722   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.