Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 29, 2018

7 хоногийн тойм: Энх цагийн дуудлага + Шинэ түүхийн эхлэл + Манлай компаниудын жагсаалт

Ковер зургийн тайлбар: Солонгосын хойгт энх цагийн дуудлага ирлээ!

Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт боллоо

Энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал нь маргаангүй Солонгосын хойгийн удирдагчдын уулзалт байв. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар маш нөхөрсөг уур амьсгал дор албан уулзалт хийсэн нь түүхэнд 3 дахь, 2007 оноос хойших анхны төрийн тэргүүн нарын уулзалт боллоо. 2 удирдагч хамтарсан мэдэгдэл хийж, энэ ондоо багтаан 1953 оноос хойш "завсарлаад" байсан Солонгосын дайныг эцэс болгоно гэдгээ зарлалаа. Тэд Солонгосын хойгт энх тайвныг авчирч, цөмийн зэвсэггүй бүс болгох талаар хамтран ажиллана гэдгээ амлав.

Ким Жон Ун Солонгосын дайнаас хойш өмнөдийн хилийг давсан анхны умардын удирдагч болсон нь ч онцгой үйл явдал байв. Үүгээр ч зогсохгүй тэд хамтдаа салхилж, 30 орчим минут тусгайчилсан уулзалтыг хийсэн юм. Үдийн зоог барихдаа ч Хойд Солонгосын хүйтэн гоймон, Мүний төрсөн хот Бусанаас авчирсан далайн хоолыг хэрэглэсэн нь ч агуулгын хувьд ихээхэн утга учиртай байлаа. 2 улсын тэргүүн хатагтай нар ч анх удаа уулзаж, найрсаг яриаг өрнүүлсэн нь ч итгэл төрүүлэв.

Энэхүү түүхэн уулзалтыг АНУ тэргүүтэй холбоотнууд ихэд сайшаан хүлээж авч байна. Өнгөрөгч долоо хоногт Францын ерөнхийлөгч Э.Макроныг ихэд "дотно" хүлээн авч ахин нэг удаа анхаарлын төвд орсон Д.Трамп "Солонгосын дайныг дуусгая" хэмээн жиргэж, удахгүй явагдахаар товлогдож буй Ким-Трампын уулзалтыг тэсэж ядан хүлээж байгаагаа нуусангүй. Тус уулзалт явагдах газар, цаг хугацаа тодорхойгүй байгаа ч Улаанбаатар, Сингапур гэсэн хотууд боломжит газрын жагсаалтад тунаж үлдээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа билээ.

Vox: Солонгосын удирдагчдын уулзалтаас анзаарах 3 зүйл

Хил дамнасан уулзалт түүхэнд тодоор бичигдэх нь гарцаагүй

Эргэн тойронд

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран Монголын "ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ" –ийг 17 дахь жилдээ шалгарууллаа. Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар зэрэг байгууллагуудын албан ёсны мэдээ тайланд үндэслэн гаргасан уг жагсаалтыг Эрдэнэт Үйлдвэр ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүллээ. 2017 оны топ компаниудын 65 нь сүүлийн 3 жил дараалан энэ жагсаалтанд багтсан бол 17 нь шинээр орж ирсэн компани байлаа. Харин групп компаниудаар нь авч үзвэл М Си Эс, Петровис, Номин, Шунхлай группууд тэргүүлжээ. Сонирхуулахад, эдгээр 100 компани Монгол улсын ДНБ-ий 93.9 хувийг бүрдүүлж байгаа аж.

Ikon: Танилц: Монгол улсын топ 100 компанийн онцлох 5 үзүүлэлт
Gogo: Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжийг танилцуулж байна

Их Британийн ханхүү Уиллиам, түүний гэргий Кэйт Мидлтон нар өнгөрөгч даваа гарагт 3 дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Шинэ ханхүүгийн нэр хэн байх тухай таамаг бооцооны төвүүдийн хамгийн эрэлттэй сэдэв байсны эцэст хосууд хүүдээ Луйс Артур Чарльз нэрийг хайрласан байна. Тэд хатан хаан Элизабетийн нөхөр ханхүү Филиппийн авга ах, ментор Лорд Луйс Моунтбаттены дурсгалыг хүндэтгэн энэ нэрийг өгсөн аж.

Cosmopolitan: Ханхүү Луйс угсаа залгамжлах дараалалд хаана бичигдэх вэ?

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Билл Гэйтс томуу өвчнийг үгүй хийхийг хүсэж байна. Тэрээр өөрийн сангаар дамжуулан 12 сая долларыг томуугийн вакцин бүтээх төслүүдэд хандивлах гэнэ. Уг хөрөнгийн талыг нь Гүүглийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж гаргах бөгөөд 6 төслийг сонгон шалгаруулж, 2021 он гэхэд хамгийн сайн үр дүн үзүүлсэн багт 10 сая хүртэлх долларын нэмэлт санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа аж.

Танилц, Кембрижийн ханхүү Луйс

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Өөрсдийгөө сошиал медиа бус камера хөгжүүлэгч компани хэмээн тодорхойлсон Snap Inc ихээхэн найдвар тавьж буй бүтээгдэхүүн болох Spectacles нэртэй ухаалаг шилнийхээ шинэ хувилбарыг танилцууллаа. Илүү чанартайгаар авсан зургаа хурдан хуулдаг, илүү загварлаг бас чанартай болсон, усанд тэсвэртэй 2-р хувилбар нь 150 доллараар зарагдах аж. Сонирхуулахад залуусын анхаарлыг ихэд татсан Spectacles-ийн эхний хувилбар ердөө 220 мянган ширхэг борлуулагдсан билээ.

Techcrunch: Spectacles-ийн шинэ хувилбарыг шинжихүй

Нийт 1.4 тэрбум хэрэглэгчтэйгээрээ дэлхийн хамгийн том имэйл үйлчилгээнд тооцогдох Gmail 7 жилийн дараа өнгөлөг дизайн болон онцгой нэмэлтүүд багтаасан томоохон шинэчлэлийг танилцууллаа. Орчин үеийн дизайны шийдлүүдийг тусгасан өөрчлөлт хийсэн Gmail илүү олон апп-уудтай хоршин ажиллаж, аюулгүй байдал-нууцлалын хувьд ихэд сайжирснаас гадна цаг хэмнэж-бүтээмж нэмэгдүүлэх тун сонирхолтой хэд хэдэн нэмэлтүүдийг танилцуулжээ.

Unread: Мэдүүштэй - Gmail-д хийгдсэн томоохон шинэчлэлийг танилцуулах нь

Үүнээс гадна Google хийх ажлын жагсаалтаа хөтлөхөд зориулсан Google Tasks апп-ийг танилцууллаа. Тус апп нь Calendar, Gmail зэрэг Гүүглийн бусад апп-уудтай шууд нийцэн ажилладгаараа давуу талтай байх гэнэ.

Видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч Netflix 1.5 тэрбум долларын бонд босгох гэж байна. Дэлхий даяар 120 сая хэрэглэгчтэй тэд уг хөрөнгөө шинэ, оригинал контентуудад зарцуулахаар төлөвлөж байна.

Амазон Vesta нэртэй гэрийн робот бүтээж байгаагаа зарлалаа. 2019 онд худалдаанд гарах уг робот ямар ямар үйлдэл хийж чадах нь тодорхойгүй ч гэр ахуйн орчинд хүний ажлыг хөнгөвчлөх үүргийг гүйцэтгэнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Саяхан амжилттай IPO хийсэн Spotify үнэгүй үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүллээ. Гар утасны шинэчлэгдсэн хувилбараар дамжуулан хэрэглэгчид хамгийн эрэлттэй 15 жагсаалтыг үнэгүй сонсох боломжтой болох юм. Олон дуу үнэгүй сонсох тусам төлбөрт хэрэглэгч болох магадлал ихэснэ хэмээн тэд үзэж байгаа аж.

Өнгө нэмсэн Gmail-ийн шинэчлэл олны талархлыг хүлээв

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Амазоны улирлын тайлан таамгийг давсан үзүүлэлт үзүүлж, хувьцааны үнэлгээ нь 7 хувиар өссөн байна. Борлуулалтын орлого 43 хувиар өсөж 51.4 тэрбум долларт хүрсэн Амазоны онлайн худалдааны платформоос гадна үүлэн технологийн үйлчилгээ AWS-ийн эрэлт илт нэмэгдэж, орлого нь 5.44 тэрбум болсон байна. Microsoft-ийн ижил үйлчилгээ болох Azure ч 93 хувийн өсөлтийг үзүүлж, компанийн нийт орлого 26.8 тэрбум доллар байсан нь мөн л шинжээчдийн таамгаас давсан амжилт байлаа. Windows-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын орлого 21 хувиар өссөнөөр тэдний хувьцааны үнэлгээ 2.5 хувиар нэмэгджээ.

Үүнээс гадна Твиттер 2 дахь улиралдаа дараалан ашигтай ажилласнаа зарлалаа. 665 сая долларын борлуулалт хийсэн тэд 6 сая шинэ хэрэглэгчтэй болжээ. Хэрэглэгчийн аюулгүй байдлын асуудал нь Фэйсбүүкийн бизнест ямар нэгэн нөлөө үзүүлсэнгүй, улам бүр өргөжсөөр байгаа нь шинэ тайлангаас ил болов. Тэд 48 сая шинэ хэрэглэгчийг нэмж, өдөр тутмын хэрэглэгчдийн тоо нь 1.45 тэрбум болсноос гадна 11.9 тэрбум долларын борлуулалттай байсан байна. Internet.org-ийн тусламжтайгаар 100 сая хэрэглэгч цахим орчинд холбогдож, 200 сая хэрэглэгч фэйсбүүк группийг тогтмол ашиглаж байгааг Зукерберг мэдэгджээ.

Америкийн харилцаа холбооны топ компаниуд болох Sprint болон T-Mobile нэгдэхэд ойрхон байна. 2014 оноос эхлэлтэй нэгдэх хэлэлцээр өмнө нь 2 ч удаа бүтэлгүйтсэний эцэст энэ удаад 26 тэрбум долларын үнэ дээр эцэслэгдэж байгаа бололтой. Sprint-ийг эзэмшигч Softbank 5G сүлжээг нэвтрүүлэх, Verizon зэрэг бусад өрсөлдөгчдөө гүйцэхэд шинэ нэгдэл ихэд түлхэц болно гэж үзэж буй. T-Mobile-ийн толгой компани Deutsche Telekom шинэ нэгдлийн 42 хувийг эзэмшиж, 69 хувийн саналын эрхтэй үлдэх бололтой.

Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч Square вэбсайт бүтээх платформ Weebly-г 365 сая доллараар худалдан авлаа. Твиттерийн CEO Ж.Дорсигийн үүсгэн байгуулсан Square он гарснаас хойш үйл ажиллагаагаа далайцтай өргөтгөж, Caviar тэргүүтэй хэд хэдэн стартапыг худалдаж аваад буй. 2007 онд байгуулагдсан Weebly нь хэрэглэгчдэд хялбар хэрэгслүүд ашиглан өөрсдийн вэбсайтыг бүтээх боломжийг олгодог юм.

6-р сард болох Теслагийн хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө компанийн 12 ширхэг хувьцааг эзэмшигч Жин Жао хэмээх эрхэм үүсгэн байгуулагч Элон Маскийг ТУЗ-ийн даргын албан тушаалаа өгөхийг шаардсан захиаг илгээжээ. Тэрээр Элон Маскийн компанийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн ч CEO, ТУЗ-ийн даргын албыг зэрэг хаших нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болсныг онцолж, SpaceX, SolarCity зэрэг бусад төслүүдэд зарцуулж буй цагаа мөн бодолцож үзэхийг дурджээ. Гэхдээ түүний энэ санал дэмжигдэх магадлал бараг байхгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Сонирхуулахад, Элон Маск энэ долоо хоногт робот луу бүтээж байгаагаа жиргээгээр дамжуулан мэдэгдсэн юм.

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Марвелийн супер баатруудын оргил тулааны тухай өгүүлэх Avengers: Infinity War нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 250 сая долларын орлого олж, түүхэнд нэгдүгээрт бичигдэх амжилт үзүүллээ. Тэд 2015 оны Star Wars: The Force Awakens-ийн 248 сая долларын орлого олсон амжилтыг эвдсэн нь энэ. Дэлхийн 43 улсад өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн тус кино олон улсын зах зээлээс 380 сая доллар олсноор The Fast and Furious-ийн амжилтыг эвдэж, хамгийн амжилттай дебют хийсэн Марвелийн кино болоод зогсохгүй нийт 630 сая долларын борлуулалтаараа бүх цаг үеийн түүхэнд эхний долоо хоногтоо хамгийн өндөр орлого олсон кино болов. Марвелийн өмнөх бүтээл Black Panther 26 өдөрт 1 тэрбумын босгыг давсан амжилтыг эвдэх нь Avengers-ийн хувьд цаг хугацааны л асуудал мэт.

QZ: Avengers: Infinity War түүхэн амжилт тогтоов

Алдарт "Хаан ширээний тоглоом"-ын зохиолч Жорж Р.Р Мартин шинэ ном гаргах болсноо зарлалаа. Гэхдээ энэ нь үнэнч фенүүдийнх нь 7 жилийн турш хүлээж буй "Гал мөсний дуун" цувралын 6-р бүлэг "Өвлийн салхи" биш. Уг шинэ ном нь Вестерос дахь Таргарианы овгийн түүхийг өгүүлэх 2 ботийн эхнийх нь байх гэнэ. 11-р сарын 20-нд худалдаанд гарах 640 хуудастай уг зохиолын нэр нь "Гал ба Цус" байх аж.

70-аад оны үеийн хамгийн алдартай поп хамтлагуудын нэг ABBA 35 жилийн дараа эргэн нэгдэж, хоёр дуу бүтээснээ зарлалаа. Замналынхаа турш 500 сая гаруй цомог борлуулсан тус хамтлаг энэ оны сүүлээр ABBATAR нэртэй "дижитал" аялан тоглолтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд эхний дуугаа 12-р сард цацах аж.

Warner Bros Нью Йоркд төвтэй Jam City-тэй хамтран Харри Поттерийн ертөнцөд өрнөх гар утасны шинэ тоглоомыг танилцууллаа. Harry Potter: Hogwarts Mystery нэртэй уг тоглоом нь хэрэглэгчдийг Хогвартсын их сургуульд элсэн, сургуулийн эргэн тойронд өрнөх адармаатай-нууцлаг үйл явдлуудын гэрч болохыг урьж байна.

Японы Нинтендо улирлын тайлангаа зарлаж, өнгөрсөн онд 15 сая Switch төхөөрөмжийг борлуулснаа зарлалаа. Ингэснээр тэдний борлуулалтын орлого 116 хувиар өсөж, 9.7 тэрбум долларт хүрсэн байна. Сонирхуулахад, өнгөрсөн оны хамгийн эрэлттэй тоглоом нь 10 сая ширхэг зарагдсан Super Mario Odyssey, 9 сая ширхэг борлуулагдсан Mario Kart 8 Deluxe байжээ.

2 жилийн өмнө таалал төгссөн поп хөгжмийн домгуудын нэг Prince-ийн олны хүртээл болж амжаагүй шинэ дуунуудаас бүрдсэн цомог энэ намар гарах болсон байна. Үүний хүрээнд түүний 1984 онд дуулж бичүүлсэн ч албан ёсоор цацагдаагүй байсан алдарт Nothing Compares 2 You дууны ковер хувилбарын видео гарчээ.

Хогвартсын сурагч болохыг мөрөөдөж байгаагүй гэж үү?

алдалгүй унших арван мэдээ

QZ: Амьдрах эрхийн төлөөх бяцхан хүүгийн тэмцэл
Techcrunch: Apple 16К нягтаршилтай VR төхөөрөмж бүтээж байна
Recode: Андреессен Хоривиц криптод зориулсан шинэ сан нээнэ
Variety: Билл Косби бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутай нь тогтоогдлоо
Konbini: Диснейн шинээр бүтээж буй Dumbo-ийн дүртэй танилц!
CNN: Ангараг гарагийг эзлэх NASA-ийн шинэ хөлөг
Newspress: Ард Санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эргэн тойронд
Vox: Алтан мужийн алуурчныг хэрхэн баривчлав?
BBC: Мьянмарын хямрал үргэлжилсээр
NYTimes: NFL-ийн драфтын ялагчид ба ялагдагчид

13434   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.