Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   04 сарын 28, 2018

ШИНЭ НОМ: Эли Визелийн "Шөнө" номын тухай + Орчуулагчийн үг

Нобелийн Энх тайвны шагнал хүртэж "хүн төрөлхтөнд илгээсэн элч" хэмээн үнэлэгдсэн, зохиолч, улс төр, хүний эрхийн төлөө тэмцэгч Эли Визелийн "Шөнө" хэмээх бүтээлийг критив директор Б.Батзаяа (Зак) маань орчуулан гаргаад байгаа билээ. Румын улсад төрсөн Эли Визель бол хоёрдугаар дайны үед нацистуудын еврейчүүдийг хоморголон устгах, хэлмэгдүүлэх жигшүүрт хэргийн золиос болсон хүн. Тэрээр хорих лагерьт гэр бүлийн хамт ачигдан ирж, аав, ээж, эгч, дүүгээ алджээ. Эли Визель энэ номдоо, тухайн үед хорих лагериуд руу еврейчүүдийг хэрхэн авч явж, хэрхэн хорьж байсан, тэнд өдөр хоног хэрхэн өнгөрдөг байсан талаар, хүн гэдэг тийм нөхцөлд хэрхэн хувирч өөрчлөгддөг талаар өгүүлсэн нь хүн төрөлхтөнд чухал баримт, сургамж болон үлдсэн юм. Өнөөдөр бид Закийн "Шөнө" зохиолыг анх хэрхэн барьж авсан хийгээд яагаад орчуулах болсон талаар өгүүлсэн өмнөтгөл үгийг хүргэж байна.

Та уг номыг Интерном, Аз Хур, Мир номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Үнэ: ₮20,000

ОРЧУУЛАГЧИЙН ҮГ

Арвис Паблишингаас 1986 оны Нобелийн Энх Тайвны шагналт Эли Визелийн дуулиант намтарчилсан бүтээл болох “Шөнө”-ийг албан ёсны эрхтэйгээр, мөхөс миний санаачилга, орчуулга, хамтран зүтгэгч Д.Ганзоригийн маань хянан тохиолдуулснаар эрхлэн гаргаж байгаад туйлын баяртай байна. 1955 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш дэлхийн 30 хэлнээ орчуулагдаж, 10 гаруй сая хувь борлогдсон уг номыг Опра Винфри бүх хүн төрөлхтний заавал унших номуудын жагсаалтанд нэрлэж, Нью Иорк Таймс, Комментари сэтгүүлүүд “хүн төрөлхтөнд бичиж үлдээсэн баримт гэдэг утгаар нь шүүмжлэх ямар ч боломжгүй юм” хэмээн өндрөөр дүгнэж байжээ. Аушвиц, Буна, Бухенвальд хорих лагериудад эцгийн хамт хоригдсон Эли Визелийн, хүсээгүй байхад хүчээр ирсэн зовлон, хагацал, хэн нэгнийг шалтгаангүйгээр үзэн ядах, ялгаварлан үзэх үзэл, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, цөхрөлийн дунд хэрхэн хүн хүнээ байдгийг өгүүлэх энэ түүхийг уншсан хүн бүр нэгийг бодох нь дамжиггүй.

Хүн бүрийн тархины мухарт “Passion projects” буюу хийж бүтээчих юм сан хэмээн бодож санагалзаж, зорьж эрмэлзэж явдаг зүйлс бий. Ийм хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн зорилтууд хоног сараар бус хэд хэдэн жилээр үргэлжлэх нь олонтаа. Тийм ч учраас тэрхүү зүйлсийг хийснээрээ мөнгө төгрөг, ямар нэгэн ашиг хонжоо, нэр хүнд олохыг эрмэлзэх бус, гагцхүү бүрэн дуусгаж бусадтай хуваалцах тэр хором мөчөөс л зарцуулсан эрч хүчээ нөхөн, сэтгэлээ дүүргэж, мэлмийгээ баясган бахаддаг буюу. Яг л энэ замналаар явсан орчуулгын маань гарчиг хамгийн анх 2008 оны 8 сарын 21-нд тавигдаж, тэр цагаас хойш хоёронтоо ахиж эхлэн, орчуулга хийгээд үзэл бодол маань хамтдаа төлөвшин байж уншигчдын гарт хүрч буй нь аливаа зүйл цаг нь болохоор л бүтдэгийн тод жишээ гэлтэй.

Баруун гараас Эли Визель

2008 оны 3 сард МУБИС-ийн зүүн талд байсан хуучин номын дэлгүүрүүдийн нэгнээс “Шөнө” хэмээх хуучин гадаад ном худалдан авсан минь 10 жил шахуу үргэлжилсэн төсөл болж хувирна гэж тухайн үедээ төсөөлөөгүй. Дэмий шахуу доншуучилж яваад тэрхүү номыг авсан шалтгаан ч их энгийн. Нэгдүгээрт, би уншихгүй байсан ч ном цуглуулах сонирхолтой (үүнийгээ ирээдүйд хүүхдүүд маань уншина гэж зөвтгөдөг), хоёрдугаарт, харьцангуй нимгэн тул уншихад амар гэж бодогдсон, гуравдугаарт, маш хямдхан байлаа. 2500 төгрөг. Үнгэгдсэн хавтсан дээр нь байсан “1986 оны Нобелийн Энх Тайвны Шагналт” гэсэн бичиг ч нөлөөлсөн байх. Гэхдээ тухайн үед зохиолч нь чухам хэн гэгч бөгөөд ямархуу учир агуулгатай ном бэ гэдгийг нэг их сонирхолгүй авч орхисноо л санаж байна. Харин энэ ном надад, миний үзэл баримтлалд мөнгөөр үнэлж, үгээр илэрхийлж боломгүй томоохон дэвшил, хөгжлийг авчирсан юм.

Би хэн нэгнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, аливаа чиг хандлага, сонирхлоор нь, ер нь ямарваа нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахын эсрэг байр суурин дээр ягштал зогсдог хүн. Тэрхүү үзэлд минь уг номоос эхлээд хүний нутагт арьсныхаа өнгөнөөс болж пивоны шил шидүүлж явсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлж, оюун санааны нэг хэсэг, бие махбодын минь эд эс болон шингэсэн байдаг. Эх орноо гэсэн сэтгэлтэй байх чухал ч хэт үндсэрхэг, экстримист үзэл сүүлийн үед дэлхий даяар, ялангуяа залуусын дунд тархаж, хүчээ авч буй нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг.

Чухамдаа дээр дурдсан шиг хэт үндсэрхэг үзэл, дэлхийн нэгдүгээр дайны ялагдал, сүйрэлд хагас солиорсон нийгэм дундаас төрөн гарч хүчирхэгжсэн тоталитар дарангуйлагч болоод түүний намын үзэл санаанд угаартан, хэт автсаны балгаас болж германчууд дэлхий даяар жигшил зэвүүцэл төрүүлсөн, хүн төрөлхтөний хамгийн том гэмт хэргүүдийн нэгийг 20 дугаар зууны эхний хагаст үйлдсэнийг түүхийн хуудас бэлхнээ гэрчилнэ. Албан бус тоогоор 1941-1945 оны хооронд 6 сая гаруй еврей үндэстнийг зөвхөн еврей байсных нь төлөө буудаж, шатааж, хордуулж, буцалгаж, дүүжилж, байж болох бүх аргаар харгислан хөнөөжээ. Хүн төрөлхтөний өмнө нь хийгээд алдчихсан ийм том алдаа, жишээнээс хойчийн бид хичээнгүйлэн суралцах нь зүйн хэрэг буй заа. Гагцхүү ийм эмгэнэлт хэрэг ахин нэг ч оронд, нэг ч хүнд бүү тохиолдоосой л гэж хүснэ. Хүчирхийлэл зөвхөн хүчирхийллийг дагуулдаг нь гашуун үнэн.

Хүнийг хүнээр нь хүлээж авч үл чадан, нэг үг сольж үзээгүй, туулсан амьдралыг нь мэдэхгүй атлаа хэзээ ч юм, хэний ч юм гаргасан өрөөсгөл хандлага, эсвэл өөрийн дээрэнгүй үзэлд автан ад шоо үзэж, гоочилж, шоолж инээн суух нь 21-р зууны дэлхийн иргэдийн хийх зүйлс биш ээ. Бид нүдээ нээж, тархиа цэлмээж, аливааг чөлөөтэйгөөр хүлээж авах, оюун санааны хувьсгал хийх цаг болсон. Үүнийг л чин сэтгэлээсээ хүсэмжилж, эв эе, энх тайвныг уриалан уг номыг өргөн барьсу.

"Бүх хүн төрөлхтний заавал унших ёстой ном." Опра

"Ийм цөөхөн хуудсанд ийм их хүч агуулагдана гэж төсөөлж байсангүй." Нью Иорк Таймс

"Эли Визель бол энэ үеийн ёс суртахууны хүчирхэг дуу хоолой, дэлхий дахины далд ухамсрын луужин болж байсан нэгэн." Барак Обама

55666   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.