Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 19, 2018

Хаврын ядаргааг ажралгүй давах аргууд

Ковер зургийг: Noam Weiner

Сүүлийн үед жаахан ядраад л, эрч хүчгүй, идэвхгүй байдлынхаа бурууг хаврын улиралд тохчихоод явж байгаа хүмүүс байна уу? Цөөнгүй байгаа байх гэж бодож байна. Хавар хүн ядарч алжаадаг нь үнэн. Гэхдээ бид өөрсдөө багахан хүчин чармайлт гаргахад л хаврын ядаргаанаас сэргийлж, ажил амьдралаа цалгардуулалгүй хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой билээ. Яаж гэдгийг энэ нийтлэлээс уншаарай.

ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААР

Өвлийн хүйтэн, хөдөлгөөн багатай, нарны гэрэл муу өдрүүдийг давахын тулд хүний бие олон төрлийн гормоныг ялгаруулж, зохицуулалт хийдэг гэнэ. Ийм л учраас хавар болоход хүний бие сульдаж ядарсан байдаг аж.

Үүнийг давах нэг арга бол гарцаагүй хоол хүнс билээ. Наад зах нь өглөө заавал цайгаа ууж гарах, оройн цагаар хэт их хоол идэхээс зайлсхийх, өвлийн улиралд алдсан амин дэмээ нөхөх хэрэгтэй. Давхар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэж, амин дэмийн хэрэгцээгээ нөхөх нь зүйтэй.

Хавар ямар хүнс хэрэглэвэл зохих, ядрахгүй байхын тулд хэрхэх талаар HappyDoctor хуудас юу гэж зөвлөснийг доорх бичил видеоноос үзээрэй.

Эх сурвалж: Happy Doctor - Эрүүл мэндийн боловсрол олгох Монгол контент хөтөлбөр

ЗӨВ ДАДЛУУДЫГ ХЭВШҮҮЛ

Дадал гэдэг хүний бодож санах ачааллыг багасгаж, тэр хэрээр бага ядраадаг. Тэр дундаа, заавал хэвшүүлэхийг хичээх ёстой нэг дадал бол орой өглөөдөө тогтсон нэг цагт унтаж, сэрдэг байх явдал юм. Нойр нь биеийн хэмнэлийг удирдаж, идэвх бүтээмжид хамгийн гол нөлөөтэй зүйл.

Зөв сайн дадлуудыг суулгахын тулд жижиг юмнаас эхлэх нь зөв байдаг. Жишээ нь та өглөө босоод зарим үед ороо хурааж амждаггүй бол заавал хураадаг бол. Ор хураах нь ажил гэж хэлэхэд ч багадахаар зүйл боловч юм хийж бүтээсэн мэдрэмжийг өгч, гэрээс өөдрөг гарахад тусална. Түүнчлэн өглөө бүр ядаж 10 минутыг тухайн өдрийн ажлаа төлөвлөхөд зарцуулж сураарай. Тони Роббинс "Та өөртөө ядаж 10 минут гаргаж чадахгүй бол ерөөсөө амьдарч чадахгүй гэсэн үг" хэмээн хэлж байсан юм шүү.

ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙ

Хавар байгаль дэлхийг дагаад юм бүхэн л идэвхжиж сэргэдэг шүү дээ. Ажил ч ундрах хандлагатай байдаг. Энэ үед ажлаа, хийх юмаа сайн төлөвлөхгүй бол болохгүй. Очих арга хэмжээ, унших ном, үзэх кино маш их болсон үед өмнөө тааралдсан болгоныг барьж авдаг байвал нэг л их завгүй хэрнээ бүтээмж багатай хүн болж хувирна. Иймд өдөр тутам хийж байгаа зүйлсээ дунд хугацааны болон хэтийн зорилготойгоо уяж, амьдралын хэмнэлдээ таарсан төлөвлөгөө гаргавал хийж байгаа зүйлс тань илүү үр дүнтэй, үнэ цэнтэй байхаас гадна ядрах, залхах сэтгэгдэл бага төрнө.

Цаг нь тулсан ажлууд л бидний стрессдүүлж ядраадаг тул төлөвлөлт сайн хийж, ажлуудаа бага багаар тогтвортой урагшлуулаарай.

ХОББИ, ДУРТАЙ ЮМАНДАА ЦАГ ЗАРЦУУЛЖ, ӨӨДРӨГ БАЙ

Хүн амьдралын баяр баяслыг хаанаа олж авдаг вэ? Мэдээж дуртай зүйлээ хийхээс шүү дээ. Хүндхэн ажлын өдрүүдийн дараа дуртай юмаа хийж сэтгэл санаа, бие махбодоо сэргээх шиг сайхан зүйл байхгүй. Найз нөхөдтэйгээ уулз, шинэ арга хэмжээнд оч, гэр бүлийнхэнтэй цагийг хамтдаа өнгөрүүл.

Мөн ядрах, идэвхгүй байх зэрэг нь ихэвчлэн сэтгэл санаанаас шалтгаалдаг. Тиймээс таалагдсан хувцсаа өмсөж, дуртай хоолоо идэж, өөрийгөө эерэг, өөдрөг байлгаарай. Тэгвэл аяндаа энэ байдал сэтгэл санаанд тань нөлөөлж, аажимдаа бие махбодыг идэвхжүүлэх болно.

Нийтлэлийг бичсэн Д.Түшигт-Эрдэнэ

35319   0


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.