Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   04 сарын 16, 2018

Онцлох бизнес: VR+Zone - Гайхамшигт виртуал ертөнцөөр аялъя

Зайсан толгойд сүндэрлэсэн Zaisan Hill Complex-д та бүхэнд дуусашгүй баялаг виртуал ертөнцөөр аялуулах, тоглонгоо суралцах боломжийг олгосон VR+Zone төв нээгджээ. Тус төвийнхөн виртуал ертөнцийн хамгийн сонирхолтой 20 гаруй төхөөрөмж, бүх төрлийн танин мэдэхүй, боловсрол, энтертэйнментийн 300 гаруй шилдэг контентийг та бүхэнд санал болгож байна. Бид VR+ Zone төвийн шинэлэг, эрч хүчтэй хамт олныг зорьж, үүсгэн байгуулагчидтай нь хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

Бизнесийн нэр: “VR+Zone”
Үйл ажиллагааны чиглэл: Виртуал орчинд тулгуурласан энтертэйнмент танин мэдэхүйн төв
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Үүсгэн байлуулагч: Б.Анхбаяр, С.Пунцаг, Б.Дэнзэн
Ажилтны тоо: 14
Байршил: Zaisan Hill Complex 1-р давхар
Сошиал хуудас: VR+ Zone

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Б.Анхбаяр: Хоёр жилийн өмнө гэр бүлээрээ Сөүл хотод аялж байхад хүү маань нэгэн VR (Virtual Reality-Виртуал бодит байдал) тоглоомын төвд виртуал тоглоом анх удаа тоглож үзсэн юм. Тус төвд манай хүүгийн насны хүүхдүүдээс эхлээд бүх насны хүмүүс өөр өөрсдийн сонирхлын дагуу төрөл бүрийн танин мэдэхүйн болон энтертэйнмэнт контентийг сонгон үйлчлүүлж байгаа нь маш онцгой санагдсан юм.

Ийнхүү виртуал орчинд бидний ирээдүй болсон үр хүүхдүүд, залуус өөрсдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх боломжтой юм байна гэж бодсоны үндсэн дээр эх орондоо дэлхийн дахинд тренд болж буй виртуал ертөнцийг төвийг нээх төслөө бичиж эхлүүлсэн.

С.Пунцаг: Бага байхын би шинэ технологи болоод шинэ төрлийн содон зүйлс их сонирхдог, компьютер тоглох дуртай байсан. Тиймээс “уламжлалт” PC тоглоомоос илүүтэйгээр бодит мэдрэмжийг төрүүлэх, гэр бүл, хамт олноороо хамтдаа чөлөөт цагаа хөгжилтэй, зугаатай, үр өгөөжтэй өнгөрүүлэх шинэлэг газар байгуулах саналыг дэмжин, бид хамтдаа энэхүү VR энтертэйнмент төвөө нээсэн юм.

Виртуал ертөнцийн талаар товч мэдээлэл

Virtual Reality гэдэг нь програм хангамжийн тусламжтайгаар бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйд хийсвэр байдлаар бодит мэдрэмжийг төрүүлэхийг хэлнэ. VR технологийн тусламжтайгаар ганцаараа болон хамтдаа зугаацах, аялах, хөгжих, суралцах, өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих зэргээр хязгааргүй боломжийг олж авдаг.

Орчин үед зөвхөн энтертэйнмент гэлтгүй боловсрол, танин мэдэхүй, эрүүл мэнд зэрэг төрөл бүрийн салбарт VR технологийг нэвтрүүлж ашиглах нь түгээмэл болж байна.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Б.А: Хүүхдийнхээ сонирхон авахыг хүссэн төхөөрөмжөөс эхэлсэн бизнес санаа маань 20 гаруй төхөөрөмжтэй VR төв болтлоо өргөжсөн. Төслийн маань хамрах хүрээ өргөжихийн хэрээр шаардлагатай хөрөнгө оруулалт ихэссэн. Ийнхүү бид гурав хамтран өөрсдийн хуримтлалаар анхны санхүүжилтээ босгож төслөө эхлүүлсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

С.П: Манай төвийг Монголын хамгийн анхны нэгдсэн виртуал ертөнцийн төв гэж хэлж болно. VR технологи нь контент болон төхөөрөмж гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Манайд одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 20 гаруй төхөөрөмж байгаа төдийгүй бүх төрлийн танин мэдэхүй, боловсрол, энтертэйнментийн 300 гаруй контентоор үйлчилж байна.

VR контентийг энгийн үгээр тайлбарлавал бидний сайн мэдэх дүрс бичлэг, ном сэтгүүл, видео тоглоом зэрэг 2D болон 3D контентуудыг виртуал орчинд үзэж, уншиж, суралцаж бас тоглож болохоор олон хэмжээстээр оруулсныг хэлнэ. Манайх Ви Ар контентын хүчирхэг платформуудын хамгийн шилдэг, шинэлэг контентуудыг дэлхийн дахинд нээлтээ хийсэн даруйд нь үйлчлүүлэгчдэдээ зориулан төвдөө авчирч байршуулдаг.

Б.А: Хүний алхалтыг тусгай мэдрэгчийн тусламжтайгаар мэдэрч, тоглоом дотроо орон өөрийн биеэр явж буй мэдрэмжийг төрүүлдэг KAT Walk төхөөрөмжийг бид Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж, үйлчлүүлэгчдэдээ өргөн барьсан.

Хамгийн онцлууштай нь манай контентуудын хамрах хүрээ өргөн, бүх насныханд зориулагдсан. Манай виртуал ертөнцийн төвд хүрэлцэн ирснээр сансар огторгуйгаар зочилж, дэлхийн өнцөг булан бүрээр аялж, анагаах ухаан, дүрслэх урлаг, зохион бүтээгч гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэжилтэн "болж" үзэх боломжтой юм. Бид үйлчлүүлэгчдэдээ тоглонгоо суралцах боломжийг олгохын зэрэгцээ виртуал орчинд өөрийн дотоод мэдрэмжийг нээн илрүүлж, өөрийн чадвараа илүү их танин мэдэхэд дэмжлэг үзүүлдэг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Б.А: Бодит орчин болон виртуал орчны боломж бололцоо хоорондоо ялгаатай байдаг. Бодит орчинд хүн аливаа зүйлд өөрийн ойлголт, мэдлэг зэрэг дээр үндэслэн үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авдаг. Харин виртуал орчны хувьд ямар нэг зүйлийг олон талт өнцгөөс харан цаг хугацаа орон зайн хувьд маш чөлөөтэй байдаг. Төсөөллөө бодитоор мэдэрч, хязгааргүй их зүйлийг нээн илрүүлэх боломжтой гэсэн үг юм.

Тиймээс ч манай төвд хүрэлцэн ирж, виртуал ертөнцөөр хамтдаа аялж байгаа үйлчлүүлэгчдийнхээ тоглонгоо суралцаж хөгжихөд нь тусалсан илүү тав тухтай, шинэлэг орчныг бүрдүүлэхийг хичээн өдөр бүр нэмэлт хөгжүүлэлтийг байнга хийж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бид виртуал ертөнцийн технологид тулгуурлан боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулж залуусын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхийг зорьж байна. Хурдацтай шинэчлэгдэж буй энэхүү салбарыг эх орондоо мэргэжлийн түвшинд нутагшуулж, эх орныхоо хөгжилд багахан ч болов хувь нэмэр оруулах зорилготойгоор бид үйл ажиллагаагаа явуулсаар байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Б.А: Манай VR+Zone төвийн 300 гаруй контент бүх насныханд зориулагдсан гэж түрүүнд дурдсан шүү дээ. Хэрэглэгчдийн сэтгэгдлээс онцгойлон дурдвал, манай төв нээгдээд удаагүй байх үед нэгэн өвөө, эмээ хоёр үйлчлүүлсэн юм. Тэд дэлхийн томоохон хотуудаар аялж үзэсгэлэнт байгалийг дэргэдээс нь харж, задгай тэнгэрт “нисдэг” контентийг туршиж үзсэн юм. Аяллаа дуусгаад эмээ “ингэж л нэг тэнгэрт дүүлэн нисэх хүсэл минь биелэх гэж” хэмээн маш их баярлаж байсан. Өвөө харин “би энэ аяллыг сонгохдоо манай хөгшин ч яг ингэж хэлэх байх гэж бодож байсан” гэж билээ. Үйлчлүүлэгчдийнхээ багахан ч гэсэн хүслийг биелүүлж, урмын үгс авч байгаа нь биднийг эрч хүчтэй болгож, цаашид улам их хичээх урам зоригийг өгч байна.

С.П: Түүнчлэн авто, мото спортын ОУХМ Д.Болдбаатар мастер манай төвд зочилж “VR Racing” уралдааны тоглоомд өөрийн ур чадвараа харуулан уралдаад хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх шинэлэг төв байгуулагдсанд баяртай байгаагаа хэлсэн.

Ерөнхийдөө манайхаар үйлчлүүлсэн виртуал ертөнцийн “зорчигчид” манай өвөрмөц хэрнээ тав тухтай орчин, онцгой тохижилт, шинэлэг үйлчилгээ зэрэгт сэтгэгдэл хангалуун байгаа. Эцэг эхчүүдийн зүгээс ч хүүхдүүд нь тоглонгоо суралцах боломжтой төв нээгдсэнд тун таатай байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Б.А: Виртуал ертөнц гэдэг зүйл нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд бусад салбаруудаа бодвол харьцангуй шинэ ойлголт төдийгүй нийтэд нээлттэй болоод удаагүй салбар гэж хэлж болно.

Манайхаар анх удаа үйлчлүүлж буй зочид виртуал орчинд аялахынхаа өмнө төхөөрөмж ашиглах тал дээр дасан зохицох шаардлага гардаг. Энэ нь эхэндээ бага зэргийн хүндрэл мэт санагдах боловч үйлчлүүлэгчид хялбар дасан зохицож чадаж байгаа. Ер нь монголчууд ямарваа нэгэн шинэ зүйлийг хүлээж авахдаа хурдан, сурамгай учир хүндрэл бэрхшээл гайгүй дээ.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

С.П: Юуны түрүүнд бид зөвхөн энтертэйнмэнт салбар гэлтгүй бусад салбаруудад ч VR технологийг нэвтрүүлэх тал дээр судалгаа хийж байна. Манай улсын хөгжлийн гол тулгуур болсон боловсрол, аялал жуулчлал, уул уурхай зэрэг томоохон салбаруудад VR технологийг ашиглах, нэвтрүүлэх тал дээр илүү төвлөрөн, холбогдох ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ойрын хугацаанд төлөвлөж буй зүйл гэвэл хүүхдийн баярыг угтан хүүхэд залуус болон мэргэжлийн уран бүтээлчдийн дунд виртуал орчин дахь зургийн уралдааныг зохион байгуулахаар зэхэж байна.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

28984   2


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.