Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 13, 2018

"Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр"-т оролцогчдын хэрэгжүүлж буй нийгмийн хөгжлийн 4 төсөл

Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зөв зүйтэй санал санаачилга, төслүүдийн нэг "Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр"-ийг онцлон, энэ жилийн оролцогчдынх нь хэрэгжүүлж буй төслүүдийг өнөөдөр танилцуулж байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн хүмүүсийг хамруулдаг энэ хөтөлбөрийг Зориг сан Австралийн Квинслендийн их сургуультай дөрөв дэх жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа юм. "Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр" найман сарын хугацаанд үргэлжилж, оролцогчдын ажлын байранд хүйс хамааралгүй, тэгш эрхтэйгээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, тэднийг Монголын шинэ үеийн манлайлагчид болоход дэмжих зорилготой. Ингээд энэ жилийн оролцогчдын олж авсан мэдлэг чадвараа ашиглан хэрэгжүүлж буй нийгэмд тустай 4 бичил төсөлтэй танилцъя. Уншигч та бүхэн эдгээр төслүүдийг дэмжээрэй.

“Хөгжмийн ертөнц” ЕБС-ын сурагчдад зориулсан төсөл

Төслийн зорилго: Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 127-р сургуульд хөгжмийн жишиг танхимыг тохижуулж, хөгжмийн боловсролоор дамжуулан 1070 орчим сурагчийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил:
• Хүүхдүүд хөгжмийн зэмсгийг тоглож сурч, хөгжмийн боловсролтой болох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төслийн багаас хөгжмийн танхимын загвар, дизайныг гаргаж, дуу авиаг бууруулах акустик шийдэлтэйгээр шинэчлэн тохижуулжээ. Төслийн хугацаанд Соёл Урлагийн Их Сургуулийн багш нараас мэргэжлийн зөвлөгөөг авч ажилласан.
• 127-р сургуулийн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор морин хуур, төгөлдөр хуур, хурган чих, найрал дууны гүнзгийрүүлэн нэмэлт сургалтанд хамруулсан.
•"Total Music"-ийн хамт олон 8.4 сая төгрөгийн 200 бишгүүр, 10 гитар, 10 даралтат хөгжмийг, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 10 сая үнэ бүхий бөмбөр, хөгжмийн өсгөгчийг 127-р сургуулийн хүүхдүүдэд хандивласан байна.
•Мөн тус сургуулийн хөгжмийн танхимд номын буланг хийж, тохижуулан өгсөн байна.
•Цаашид төслөөс гарсан үр дүнг БСШУСЯ-д танилцуулж, ЕБС-ийн хөгжмийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах тухай зөвлөмж гаргаж, жишиг хөгжмийн сургалтын танхимд тавигдах шаардлага, дуу хөгжмийн багш нарын чадавхыг сайжруулах боломж, шаардлагатай хөгжим, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын талаар санал оруулахаар ажиллаж байна.

Төслийн санхүүжилт: Төслийн нийт төсөв 35,984,500 төгрөг. Австралийн Засгийн газраас 17,584,500 төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд үлдэгдэл 17,287,325 төгрөгийг бусад байгууллагын хандив, дэмжлэгээр босгосон байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Music Space #127

“ХҮҮХЭД БА УТАА” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУДАД ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ

Төслийн зорилго: Өртөг багатай хэрнээ өндөр үр дүн бүхий цогц арга хэмжээгээр Улаанбаатар хотын хамгийн их бохирдолтой хэсэгт байрлах цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалж, жишиг цэцэрлэгийг бий болгох. Энэхүү төслийн үр шимийг нийт 2-5 насны 370 гаруй хүүхэд, 500 орчим эцэг эх, багш ажилтнууд хүртэх юм. Утааны эсрэг авах арга хэмжээг 3 сарын 1 хүртэл явуулсан бөгөөд 4 сарын 15 хүртэл мэдээлэл түгээх ажлыг үргэлжлүүлэн хийсэн байна.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил:
•Цэцэрлэгийн 4 анги танхимын доторх агаарын чанарыг сайжруулах зорилгоор 7 давхар шүүлтүүр бүхий өндөр үр ашигтай агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулж, агаарын чанар, нарийн тоосонцрын хэмжээг тогтмол хянаж байгаа аж.
•Стандартад нийцсэн, бага насны хүүхдэд зориулсан, ХЕПА шүүлтүүр бүхий амны хаалтыг 200 орчим хүүхдэд 4 сарын турш 2 долоо хоног тутам шинээр тараажээ. Тойргоос дэвшсэн УИХ-ын гишүүн цэцэрлэгийн бусад хүүхдүүдэд маск авч өгснөөр цэцэрлэгийн бүх хүүхэд өвлийн турш амны хаалт хэрэглэсэн байна. Хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд амны хаалт хэрэглэж хэвшиж байна.
•Дархлааны тогтолцоог дэмжих зорилгоор 80-р цэцэрлэгийн 2 ангийн 162 хүүхдэд 3 сарын турш олон төрөлт бичил тэжээлийг тараажээ.
•Хорт утаанаас хэрхэн хүүхдээ болон өөрсдийгөө хамгаалах талаарх мэдлэг мэдээллийг бүтээх зорилгоор сургалт сурталчилгааны ажлуудыг эцэг эхчүүдэд зориулж зохион байгуулж байгаа бөгөөд цэцэрлэгийн багш, ажилтнуудыг чадавхжуулах цуврал сургалтуудыг хийсэн байна.
•“Хүүхдээ эрүүл өсгөмөөр байна уу?” гэсэн агаарын бохирдолын хор хөнөөл болон түүнээс сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлагыг хэвлэн олон нийтэд тараасан байна.
•Уг төслийн баг нь 6 сарын хугацаанд төслөө амжилттай хэрэгжүүлэн 2018 оны 4 сарын 12-ны өдөр төслийн хаалтаа хийсэн ч үргэлжлүүлэн олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг явуулсаар байх ажээ.

Төслийн хүрээнд зарцуулагдсан хөрөнгө:
Төслийн нийт төсөв 56,201,810 төгрөг. Австралийн Засгийн газраас 17,660,500 төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд бусад байгууллага, хувь хүний дэмжлэгтэйгээр бэлнээр 27,024,910 төгрөгийг, үлдэгдэл 11,816,400 төгрөгийг бэлэн бус хандиваар босгосон байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Хүүхэд ба утаа

“АВРАГЧАА АВАРЪЯ” ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨСӨЛ

Төслийн зорилго: Гал түймэртэй тэмцэх сайн дурын албан хаагчдад зориулан галд тэсвэртэй тусгай зориулалтын хувцасны загварыг зохион бүтээж, Монгол улсдаа үйлдвэрлэх суурийг тавих, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийг уриалах, мэдлэг түгээх медиа компанит ажлыг зохион байгуулж, ой хээрийн түймрийн гаралт, түүнтэй холбоотой байгаль эх дэлхий, эдийн засаг, хүний амь нас настай холбоотой эрсдэл, хохиролыг бууруулахад төслийн зорилго чиглэжээ. Энэ хүрээнд ой хээрийн гал гарсан нөхцөлд хамгийн түрүүнд мэдээлэл авдаг, гал унтраах чиглэлээр ажилладаг иргэд бол орон нутгийн сайн дурын иргэд, тухайн бүс нутагт амьдардаг малчид, тариаланчид зэрэг 3000 гаруй сайн дурынхныг хүргэж хүртээх боломжтой, Монгол улсад үйлдвэрлэсэн галд тэсвэртэй хамгаалалтын хувцас үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил:
• Урьдчилан сэргийлэх компанит ажлын хүрээнд 4 долоо хоногийн хугацаанд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр олны танил хүмүүсийг оролцуулсан контент, нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд суртачилах ажлыг үргэлжлүүлсээр байгаа аж
•Суманд үйл ажиллагаа явуулах сайн дурын хэсгүүдийн гал унтраагчдад зориулсан хувцасны загварыг Michel&Amazonka брендтэй хамтран зохион бүтээж, уг хувцасны материалыг галд тэсвэртэй материалаар, стандартын шаардлага хангасан хувцас үйлдвэрлэхээр зорьж байна.
•Төслийн хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Төслийн санхүүжилт: Уг төслийн хүрээнд 112,610,000 төгрөг төсөвлөснөөс одоогийн байдлаар 97,014,000 төгрөгийн санхүүжилтыг босгосон байна. Австралийн Засгийн газраас 17,600,000 төгрөгийн, Австралид байгаа монголчуудаас 414,000 төгрөгийн, Оюу Толгой ХХК-аас 12,000,000 төгрөгийн санхүүжилтыг босгосон бөгөөд бэлэн бусаар 67,000,000 төгрөгийн контент цацалтыг Гэрэл Плас Медиа Групп, Эх орон телевизийн дэмжлэгээр хийхээр болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: FireFighters protected

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, НИЙГМИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ” ТӨСӨЛ

Төслийн зорилго: Энэхүү төслийн зорилго нь хувийн хөгжил, манлайллын болон эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар төсөлд хамрагдаж буй хөдөлмөрийн бэрхшээлтэй залуучуудыг чадавхжуулан, тэдэнд урам зориг өгөх, тэдгээр залуучууд нь улмаар төсөлд оролцож чадаагүй бусад залуучууддаа сурсан мэдсэн зүйлээ хуваалцан, үлгэр дууриал болох, нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахад оршино. Төсөл нийт 24 хамрагдаж, клубийн үйл ажиллагаагаар дамжуулан шууд болон шууд бусаар нийт 34 хүн үйл ажиллагаанд оролцон, мэдээлэл аван чадавхжиж байгаа ажээ.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд:
•2017 оны 12 сарын 24-нд хөтөлбөрт оролцох 23 хүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулжээ.
•2017 оны 01 дүгээр сарын 19 нд төслийн нээлт болон“Хамтын хүч” клубийг байгуулан уг төсөлд хамрагдан оролцож буй оролцогчид, хамрагдаж чадаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад ажил мэргэжлийн хүмүүсийг гишүүнээр элсүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэн явуулж байгаа аж.
•Төслийн хүрээнд хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн “Харилцааны ур чадвар, хандлага, сэтгэл хөдлөлөө удирдах нь”, “Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт”, “Хувь хүний хөгжил”, “Илтгэх ур чадвар” гэх мэт 11 сургалт, арга хэмжээг төслийн баг амжилттай зохион байгуулаад байна.
•Мөн Интермэд эмнэлэгтэй хамтран хөтөлбөрт хамрагдсан 23 оролцогчийг эрүүл мэндийн шинжилгээ, үзлэг зөвлөгөөнд бүрэн хамруулсан байна.
•Азийн сангаас Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцах, хувь хүний хөгжлийн сургалтанд төслийн оролцогчдын үнэ төлбөргүй хамруулж, төслийн ажилд дэмжлэг үзүүлжээ.
•Визард англи хэлний сургалтын төвөөс төслийн 15 оролцогчийг 4 сарын турш англи хэлний сургалтанд 100 хувийн хөнгөлөлттэй хамруулжээ.

Төслийн хүрээнд зарцуулагдсан хөрөнгө:Төслийн нийт төсөв 42,447,500 төгрөг. Австралийн Засгийн газраас 17,660,500 төгрөгийн санхүүжилт олгож байгаа бөгөөд үлдэгдэл 24,786,500 төгрөгийг бусад байгууллагын хандив, дэмжлэгээр босгожээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Power of People

13431   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.