Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   04 сарын 11, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Rosewood Kitchen + Enoteca-ийн үүсгэн байгуулагч Б.Энхзаяа

Ярилцлагын ээлжит зочноор бид Rosewood Kitchen + Enoteca рестораны гүйцэтгэх захирал, ресторан үйлчилгээ, хүнс үйлдвэрлэлийн салбарт амжилттай яваа нэгэн бизнес эмэгтэйг урилаа. Тэр бол Б.Энхзаяа. Нөхрийн хамт үүсгэн байгуулсан, Сөүлийн гудамжинд байрлах Rosewood ресторан нь өдгөө долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд компани нь махны үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн борлуулалт, катеринг гэсэн чиглэлүүдээр өргөжөөд байгаа юм. Rosewood-ийн хувьд олон үнэнч үйлчлүүлэгчтэй, тэдгээрийн тэн хагас нь гадаадын иргэд байдаг гэхээр Улаанбаатарын хотын маань нүүр царай болсон ресторан гэж болно. Ингээд засвар хийн улам тав тухтай болсон тус рестораныг зорьж, нийгмийн өндөр идэвхтэй, эрч хүчтэй Б.Энхзаяатай ярилцсанаа хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: "Сиракьюз" ХХК-ийн гүйцэтгэх захирал, "БА Менежмент" ХХК-гүйцэтгэх захирал, Global Shapers Ulaanbaatar Hub-ийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Macbook 11'
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тэвчээртэй, уян хатан, хөрвөмтгий
Сошиал хуудас: Enkhzaya Burged (фэйсбүүк), @Enkhzayanunu (инстаграм), @Enkhzayanunu (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Ажлын онцлогоос үүдэн хурдтай хөрвөж, уян хатан ажилладаг. Бизнест олон тооцоолоогүй хүчин зүйлс, нөлөөлөл, боломжууд гарч ирдэг. Янз бүрийн нөхцөл байдал үүсдэг тул нэг арга барилд баригдмал, хэвшмэл биш. Боломжийг харж, шаардлагатай бол хөрвөж ажиллах нь чухал гэж боддог. Өдөр тутын ажил бол өдөр бүр л өөр байдаг. Заримдаа өдөржингөө оффистоо төлөвлөгөө, тооцоон дээрээ сууна. Зарим өдөр ажилчидтайгаа тулж ажиллана. Заримдаа өөрөө үйлчлүүлэгч нартайгаа уулзаж, заалан дотроо явж, тэдэнд болон бизнест маань юу хэрэгтэй байгааг мэдрэхийг хичээдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Хийх ажлуудаа ToDoist дээр тэмдэглэчихдэг. Evernote дээр шинэ санаа, нэрийн хуудаснууд зэрэг олон тэмдэглэгээнүүдийг хийнэ. Төслийн менежментийн Asana-г мөн зарим төсөл дээр ашигладаг. Skype-аар бас нэлээн ажил амжуулна. Фэйсбүүк дээр бизнесийн хуудсуудаа Pages Meneger-ээр хөтөлдөг. Испани хэлээ мартчихгүйн тулд үе үе Duolingo хэрэглэнэ. Мөн хааяа Audible-аар ном сонсдог.

АЖЛЫН ОРЧИН, АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлын жагсаалт гаргахдаа тухайн ажлуудын хамгийн эхний алхмыг заавал бичдэг. Тэгэхгүй бол зүгээр л энийг хийнэ гээд орхихоор яаж эхлүүлэхээ мэдэхгүй байх, хэцүү санагдах асуудал үүсдэг. Эхний жижиг ч болов алхмыг тодорхой болгомогц хойш суухгүй байх магадлал нэмэгддэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

ToDoist дээр хөтөлнө.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүнтэй харилцах тал дээр буюу хүмүүсийг ажиглах, зөвлөгөө өгөх, юу хэрэгтэй байгааг нь мэдрэх, арга эвийг нь олохдоо сайн гэж бодож байна. Үйлчилгээний бизнест энэ чанар маань зохидог. Ажилчдаа ч, үйлчлүүлэгчдээ ч сайн мэдрэх нь чухал.

Бас багийн найдвартай гишүүн, найдвартай лидер байхыг хичээдэг. Багт нэг найдвартай, итгэж болох хүн байхад бусдадаа түшигтэй тулхтай байдгийг туршлагаасаа анзаарч мэдсэн болохоор өөрөө тийм хүн нь байхыг боддог. Тиймээс ажил дээр төлөвлөгөө, бэлтгэл сайтай, бас барьц алдаад байхгүй тэвчээртэй байх шаардлагатай байдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Одоо манай Сиракьюз компани Rosewood Kitchen + Enoteca ресторан, Butchery by Rosewood махны дэлгүүр, Catering by Rosewood гэсэн чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулж байна. Мөн "БА Менежмент" компани маань үйлчилгээний байгууллагуудад зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг. Rosewood-ээ анх кафе маягаар нээж байсан ч яваандаа үйлчлүүлэгчдийн хэрэгцээ болон тогоочийн чадвартаа түшиглэн ресторан болгож хувиргасан. Махны дэлгүүрийн хувьд монгол махыг европ ангиллаар ангилж зарахаас гадна өөрийн нарийн боов, соус, амтлагч зэргээ борлуулдаг. Манайд маш нарийвчилсан захиалга өгч, долоо хоногийнхоо хүнснийхээ хэрэгцээгээ хангадаг үйлчлүүлэгчид олон бий. Яг л Монголд дутагдаж байсан зүйлийг эхлүүлсэн гэж хувьдаа боддог. Манайхыг нээгдсэнээс хойш хэд хэдэн ийм махны дэлгүүр гарч ирсэнд баяртай байдаг. Катеринг хэлтэс маань арга хэмжээнүүдэд хамтран ажилладаг. Ихэвчлэн олон улсын байгууллагууд манайхыг сонгож үйлчлүүлдэг юм. 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. UB Reboot-ийн хувьд танай "Онцлох бизнес" булангаар орж байсан болохоор уншигчид мэдэх байх.

Хүнсний салбарт ажиллахын онцлог гэвэл, хүний хамгийн гол хэрэгцээ, амьдралын чухал хэсэг шүү дээ. Тийм ч учраас хүмүүст эергээр нөлөөлөх, сайхан дурсамж үлдээх боломжтой нь сайхан. Бид аль болох үнэнч үйлчлүүлэгчидтэй байж, амьдралынх нь салшгүй хэсэг болж, тэдний итгэлийг алдахгүй байхад анхаардаг. Үйлчлүүлэгчдээс маань миний сайн найз болсон хүмүүс олон. 6 жилийн өмнө нэг гадаад бүсгүй манайд байнга орж ирдэг байлаа. Тэгээд нэг удаа үнэхээр гунигтай урвагар царайлчихсан орж ирэхээр нь би нэг л биш байна гэж мэдрээд, та зүгээр үү гэхэд Монголд ирээд нөхрөөсөө салчихсан, энд хэнийг ч таньж мэдэхгүй, тун хэцүү байдалтай байгаагаа уйлаад ярьж байсан. Хожим нь тэр үед надтай ярилцаагүй бол яах байснаа мэдэхгүй байсан гэж ярьдаг юм.

Нөгөө талаас цаг наргүй ажил л даа. Хэзээд ажилдаа бэлэн байх шаардлагатай. Олон цагаар унтахгүй явах үе байна. Хүмүүс баярлаж байхад бид ажиллаж л байх ёстой. Баяр ёслолын үеэр ч гэр бүлтэйгээ байх цаг хомс байдаг юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид саяхан Rosewood ресторандаа томоохон засвар хийгээд үүдээ дахин нээлээ. Дотоод заслыг нь шинэчилж, гал тогоогоо томсгож, баарны хэсгээ тав тухтай болголоо. Үйлчлүүлэгчид маань манай хоолонд дуртай ч нэг л зүйл дээр буюу тав тух, уур амьсгал нь орой суухад тохиромжгүй байна гэж гомдоллодог байв. Нэг инээдтэй жишээ хэлье. Манайхаар байнга үйлчлүүлдэг залуу уг нь танай хоол маш гоё, гэхдээ би танайд болзож чадахгүй байна гэсэн. Одоо харин сайхан уур амьсгал бүрдсэн байх гэж итгэж байна. Бааран дээр суух нь ганцаараа яваа хүмүүст тун зүгээр байдаг юм. Бартендертай ярилцана, бусад үйлчлүүлэгчидтэй ярьж хөөрч, танилцахад ч амар. Судлаад үзэхэд манайд тухтай баартай газар ховор байсан. Өндөр хүн хөл нь тулахгүй чөлөөтэй суух, доороо утсаа цэнэглэх, цүнхээ тавих боломжуудыг бүрдүүлсэн. Гал тогоо маань томорч, сайхан орчинтой болсонд ажилчид маань ч тун баяртай байгаа. Дотоод соёлын судалгаа хийхэд ажилчид маань бусад бүх зүйлдээ 100 хувь сэтгэл хангалуун байдаг ч энэ тал дээр анхаарах ёстой нь харагдаж байсан юм.


Мөн Global Shapers-ийнхээ төслүүдэд оролцоод явж байгаа. Манай байгууллага янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг. Илүү үлдэцтэй төслүүд хийх юм сан гэж хичээдэг.

YPG Mongolia, Youth Business Mongolia зэрэг хэд хэдэн менторшип хөтөлбөрт ментороор оролцдог. Намайг зорьж ирсэн хувийн mentee-нууд ч бий. Хэдий их цаг гаргаж чаддаггүй ч гэсэн бусдын ментор байна гэдэг тал талын ач холбогдолтой санагддаг. Сурсан мэдсэнээ бататгана, өөрөө хамт суралцана. Амьдралд нь хэрэг болох нэг ч гэсэн зүйл хэлж өгөх юм сан гэж боддог доо.

КОМПАНИЙНХАА ДОТООД СОЁЛЫН ТАЛААР СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?

Ёс зүйтэй, этиктэй хүмүүсээр багаа бүрдүүлэхэд гойд анхаардаг. Хүн ажил дээрээ өдрийн талаас илүү цагийг өнгөрөөдөг. Аав ээж маань надад, чи хамт байгаа хүмүүсээсээ хүссэн хүсээгүй сайн муу чанарыг нь авна шүү гэдэг байсан. Тэр үнэн. Ажлын хүмүүс нэг нэгэндээ маш ихээр нөлөөлдөг. Тиймээс хүмүүсээ сонгон шалгаруулахдаа тун нухацтай үзнэ. Диплом, олон жилийн туршлага зэргийг илүүд үздэггүй. Зөв хандлагатай л байвал цаашид суралцах боломжтой шүү дээ.

Мөн жил тутмын дотоод соёлын судалгаандаа нэг чухал заалтыг би тун чухалчилдаг юм. Манай байгууллага дотор хэн нэгийгээ нас, хүс, хөгшин залуугаар нь, ер нь ямар нэг зүйлээр ялгаварлан гадуурхах асуудал байгаа юм биш гэж асуудаг. Ийм зүйл огтхон ч байж болохгүй гэж үздэг юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Залуу хүн болохоор одоо хит болж буй дуунуудыг сонсоно. Гэртээ бол маамуутай учраас сонгодог хөгжим, жазз тавих дуртай. Франк Синатра, Арета Франклин нарыг сонсдог. Ядарсан үедээ харин цоглог дуу сонсохыг хичээдэг. Плэйлистэд маань олон жил сонсож буй хэдэн дуу байдаг юм. Харин фитнесс хийвэл хурдан темптэй хөгжим сонсоно.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Хамгийн сүүлд "When Breath Becomes Air" номыг уншсан. "Brain Rules for Baby" номыг бас уншсан. Сүүлийн үед хүүхдийн хөгжлийн номууд л их сонирхож байна даа.

Ер нь энгийн үед бол бизнес, менежментийн номууд л түлхүү уншдаг юм байна. Start With Way ном гүн сэтгэгдэл төрүүлсэн. Shifting the Monkeys ном миний нэг алдааг хэлж өгч, өөрчлөгдөхөд тусалсан. Хүн өөрийн итгэж найддаг хүндээ үндсэн ажлаас нь гадна өөр бусад ажлуудыг даатгаж шилжүүлж өгсөөр байгаад хэт их ачаалалд оруулж, бүтээмжгүй болгочихдог юм байна л даа. Энэ номыг уншаад үүнд их анхаарах болсон шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Social introvert байж магадгүй. Урьд нь би нээлттэй, экстроверт гэж боддог байсан. Би интроверт, экстроверт гэдгийг өөрийгөө хэрхэн цэнэглэдгээр ялгардаг байх гэж ойлгодог. Миний хувьд ганцаараа байж, ном унших, хөгжим сонсож эрч хүчээ цэнэглэдэг. Гэхдээ бусадтай харилцах дургүй гэсэн үг биш. Балансаа бариад л явдаг даа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 23 цагт унтахыг хичээж, өглөө 7 гээд босчихдог. Гэхдээ унтах цаг бол ажлаас шалтгаална.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ер нь ажиллалгүй амарч суух цаг тун бага шүү. Өглөө босоод л ажлаа бодоостой, шөнө зүүдлэх нь холгүй. Байнгын хараа хяналт шаарддаг онцлогтой бизнес болохоор аргагүй байх. Сүүлийн үед фитнесст идэвхтэй байх гэж их хичээж байгаа. Дагаад ажил дээр ч эрч хүчтэй, цоглог болдог. Мөн боломж олдвол найзууддаа цаг гаргахыг хичээнэ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Нөхрөөсөө их эрч хүч авна. Бид бизнесээ зөвлөлдөөд шийдвэрүүдээ гаргаад явдаг. Би өөрийгөө тийм сайн менежер гэж хэлэхгүй. Менежер хүн бол өдөр тутмын ажлыг яс удирдаад хянаад явдаг гэж боддог. Харин би шинэ юм сэтгэх, том зургаар харах, зорилгодоо бусдыг уриалж, сонгож аваад сургах тал дээр илүү идэвхтэй, шаргуу. Шинэ санаа ярилцахаар жигтэйхэн урам зоригтой болчихдог юм.

Мөн ажилтнуудаа хэрхэн өсөж хөгжиж, хэрхэн өөрчлөгдөж буйг харах маш сайхан байдаг. Үйлчлүүлэгчдийн чин сэтгэлээсээ талархсан үгс мэдээж баяр хөөр, илүү сайн ажиллах эрч хүчийг бэлэглэдэг. Ресторан гэдэг бол хүний амьдралын дадал хэвшлийн нэг хэсэг байдаг. Олон хүний амьдралын нэг хэсэг байна гэдэг сайхан зүйл.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАМЖ ЮУ ВЭ?

Хүсэж буй зүйлийнхээ төлөө бүхнээ зориулах хэрэгтэй гэдгийг аав ээжээсээ ойлгож авсан. Анх бизнесээ эхлүүлж байсан үед өдөрт 14-16 цаг ажилладаг байлаа. Тэгэхэд миний охин ядарлаа, жаахан амар гэж ер хэлж байгаагүй. Ер нь манай гэрийнхэнд хийж буй юмандаа ялархсан хандлага байдаггүй. Тийм учраас би яаж ч ажиллаж байсан, ядарч байна, болъё гэж хэлдэггүй байх.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Олон залуучуудад өөрөөсөө алдааг хайх хандлага дутмаг байгаа нь ажиглагддаг. Ямар нэг асуудал үүсэхээр бусдаас юм уу нөхцөл байдлаас алдааг хайдаг. Олон тайлбар тавьдаг. Ажлаасаа хоцрох, ажил дээр алдаа гаргах, гэр бүлийн хүнтэйгээ муудах гээд юу ч байж болно. Ийм үед би яасан билээ, би анзаарсангүй юу, би буруу юм хэлэв үү гэх мэтээр өөрийгөө дүгнэж цэгнэх нь зөв гэж боддог. Дараа нь бодоод үзэхээр бараг бүх л зүйл өөрөөс тодорхой хэмжээгээр шалтгаалсан байдаг шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

MAD Mongolia-ийн Кристофер де Грубенийг санал болгоё. Монголд үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлтийн салбарт өөрчлөлт хийхээр ихийг хийж буй тун ажилсаг хүн. Одоо INSEAD-д дөрөв дэх магистртаа сурч байгаа байх.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй

115515   10


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Kh.Khantushig




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.