Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 08, 2018

7 хоногийн тойм: 24 жилийн ялтай ерөнхийлөгч + Антарктидад ургуулсан ногоо + 10 саяын үнэтэй сансрын зочид буудал

Ковер зургийн тайлбар: Антарктид тивд бүрэн лабораторийн орчинд амжилттай ногоо ургууллаа. Эх сурвалж: DLR German Aerospace Center

Дэлхий дахинд

Фэйсбүүк Оросын засгийн газартай холбоотой 70 гаруй аккоунт, 138 хуудсыг устгаснаа зарлалаа. Уг хуудсуудаар дамжуулан АНУ-ын сонгуультай холбоотой сурталчилгаанд 167 мянган доллар зарцуулагджээ. Хэрэглэгчийн дата алдсан хэрэгтэй холбоотойгоор Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч М.Зукерберг ирэх долоо хоногт конгрессийн сонсголд оролцох болоод байгаа билээ.

БНСУ-ын дээд шүүх экс ерөнхийлөгч Пак Гын Хед 24 жилийн хорих ялыг оноолоо. Өдгөө 66 настай түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига болон мөнгө угаалттай холбоотой 18 хэрэгт буруутгасан бөгөөд 17 сая долларын мөнгөн торгуулийг мөн ногдуулсан байна. 2017 оны 3-р сард баривчлагдсан Пакийг эсэргүүцсэн мянга мянган иргэд орон даяар жагсаж, дургүйцлээ илэрхийлж байсан билээ.

Өмнөд Африкийн нэрт удирдагч Нелсон Манделагийн эхнэр Винни Мандела 81 насандаа таалал төгслөө. “Ард түмний эх” хэмээн хүндлэгддэг тэрээр Нелсон Манделатай 22 настайдаа гэрлэж, шоронд өнгөрүүлсэн 27 жилийн турш хамт байсны эцэст 1996 он хүртэл хамт амьдарсан юм. Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ алдартай Винни нас барах хүртлээ парламентийн гишүүний үүргээ гүйцэтгэсээр байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бүтээгдэхүүнүүдэд тавьсан татварын хэмжээгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь 2 улсын хооронд худалдааны дайн өдөөх нөхцөл боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Вашингтон голдуу технологийн салбарт хамаарах 1300 орчим нэр төрлийн бараанд 25 хувийн импортын татвар оноох санал гаргасан нь даруй 100 тэрбум доллартай тэнцэх аж. Үүний хариуд Хятад улс Америкаас экспортлодог үхрийн мах, шар буурцаг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд 3 тэрбум доллартай тэнцэх татвар оногдуулахаа зарлаж, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхыг анхааруулсан юм. Энэхүү мэдэгдлийн дараагаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн топ индексүүдэд уналт ажиглагдаж эхэлжээ.

Калифорниагийн Сан Брунод байрлах Youtube-ийн төв оффист буут халдлага болсон нь энэ долоо хоногийн онцлох мэдээнүүдийн нэг байв. Насим Агдбам хэмээх эмэгтэй нийт 3 хүн рүү гал нээж, шархдуулан, эцэст нь амиа хорлосон байдалтай олдсон байна. Түүний зорилго, шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Youtube-ийн шинэ дүрэм-журам түүний хийдэг байсан видео сурталчилгааг зогсооход хүргэсэнд ихэд дургүйцэж, бухимдаж байсан гэдгийг эх сурвалжууд баталжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүл хотын шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо

технологийн ертөнцийн эргэн тойронд

Эхлээд машин, дараа нь онгоц. Харин одоо усан онгоц. Автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн технологийн дараагийн үе усан онгоцонд нэвтэрч байна. Норвегийн Massterly 2020 он гэхэд нэг дор 120 контэйнерийг тээвэрлэх хүчин чадал бүхий онгоцыг бүтээхээр төлөвлөж байна. Yara Birkeland нэртэй уг хөлөг нэг ч ажилтангүйгээр контэйнерийг ачиж, буулгаж, тээвэрлэх аж.

Apple-ийн App Store-ийн аппуудын тоо түүхэндээ анх удаа буурлаа. 2017 оны эцэс гэхэд тус платформ дээрх нийт апп-ийн тоо 5 хувиар буурч 2.1 саятай тэнцүү байсан байна. Харин Google Play дээрх апп-ийн тоо 30 хувиар өсөж 3.6 саяд хүрчээ. App Store-ийн бууралт нь Apple-ийн спам болон хуучирсан аппуудыг “цэвэрлэж” устгах шинэ бодлоготой шууд холбоотой гэнэ.

Фэйсбүүк Мессенжер энэ сараас эхлэн HD видео бичлэг болон 360 видеог чатаар дамжуулан хуваалцахыг зөвшөөрч эхэллээ. Гэхдээ ийм төрлийн контентийг бүтээхийн тулд тусдаа аппуудыг ашиглах ёстой аж. Сонирхуулахад, Фэйсбүүк хэрэглэгчдэд аль хэдийн илгээсэн мессежээ чатаас устгах боломж олгодог нэмэлтийг туршиж байгаа гэнэ.

Tinder хэрэглэгчдийг зөвхөн зураг биш богино хэмжээний видео хуваалцахыг санал болгож байна. Болзооны хамгийн өргөн хэрэглээтэй апп-ийг бүтээгчид Loop нэртэй энэхүү нэмэлт нь илүү сайн, илүү чанартай харилцааг бий болгоход туслах учиртай хэмээн үзэж байгаа юм.

NASA дуунаас хурдан онгоц бүтээхийг хүсэж байна. Тэд салбарын акулуудын нэг Lockheed Martin-тай хамтран 1500 км/цагийн хурдтай нисэх ч хаалга хаахтай тэнцэхүйц чимээ гаргадаг онгоцыг 2021 он гэхэд туршилтын журмаар нисгэх ажээ. Уг төслийн төсөв нь 248 сая доллар байх аж.

NASA Lockheed Martin-тай хамтран бүтээх дуунаас хурдан онгоц

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Теслагийн үүсгэн байгуулагч Элон Маск Model 3 загварын үйлдвэрлэлийг өөрийн биеэр бүрэн хариуцаж ажиллахаар болсноо зарлалаа. 2017 оны 7-р сард хийсэн мэдэгдэлдээ сар бүр 20,000 машин үйлдвэрлэх зорилготой гэж байсан Тесла энэ оны эхний улиралд долоо хоногт 2000 машин л гаргаж байгаа юм.

Шведийн хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч стартап Spotify IPO хийлээ. Уламжлалт бус буюу direct-listing хийж, нээлттэй компани болсон тэдний нэгж хувьцааны үнэлгээ эхний өдрөө 165.9 доллар байсан нь зах зээлийн үнэлгээг нь 29.5 тэрбум долларт хүргэсэн гэсэн үг юм. Spotify 159 сая хэрэглэгчтэй бөгөөд өнгөрсөн жил 4 тэрбум еврогийн борлуулалт хийжээ.

Дугуй түрээсийн үйлчилгээг дэлхий даяар тренд болоход гол үүрэг гүйцэтгэсэн анхдагчдын нэг Mobike 2.7 тэрбумын үнэ хүрч зарагдлаа. Олон томчуудын хараанд өртөж, сонирхлыг татаж байсан тэднийг Хятадын хоол хүргэлтийн үйлчилгээний тэргүүлэгч платформ, 320 сая хэрэглэгчтэй Meituan Dianping худалдаж авсан юм. Сонирхуулахад, Mobike-ийг өдөр бүр давтагдсан тоогоор 30 сая хүн ашигладаг аж.

Алдарт тэрбумтан Жорж Соросын удирддаг 26 тэрбум долларын үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын сан биткойн арилжаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Унгарын тэрбумтан өнгөрсөн 1-р сард Дэлхийн Эдийн Засгийн Форумын чуулганы үеэр криптовалютыг “энгийн хөөсрөлт” гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. 2018 оныг 17 мянган долларын үнэлгээтэй эхлүүлсэн биткойны ханш тасралтгүй унасаар 6800 орчим доллар болтол буураад байгаа билээ.

Spotify IPO хийлээ

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Саудын Араб олон нийтийн кино үзвэрийг бүрэн хориглосноос 35 жилийн дараа анхны кино театраа нээх гэж байна. Дэлхийн топ кино театрын сүлжээнүүдийн нэг AMC 4-р сарын 18-нд анхны театрынхаа нээлтийг хийх бөгөөд тус улсын хөрөнгө оруулалтын сангийн “Vision 2030”хөтөлбөрийн хүрээнд ирэх 5 жилд 15 хотод 40 орчим театрыг ашиглалтанд оруулж, 2030 он гэхэд энэ тоог 100 хүртэл өсгөх аж. Сонирхуулахад, тус улсад цацагдах анхны кино нь Marvel-ийн шуугиант супер баатрын түүх Black Panther байх аж.

Нетфликсийн хамгийн алдартай цувралуудын нэг Stranger Things-ийг бүтээгчид болох ах дүү Дафферийг санаа хулгайлсан хэмээн буруутгаж, шүүхэд дуудлаа. 2012 онд бүтээгдсэн, 1980-аад оны засгийн газрын нууц туршилтын тухай өгүүлэх Montauk нэртэй богино хэмжээний цувралыг бүтээгч Чарли Кесслер тэднийг санааг нь хулгайлсан хэмээн үзэж байгаа юм. Тэрээр 2014 онд Дафферуудад киноны санаагаа ярьж, улмаар тв цуврал болгох боломжтой хэмээн ярьж байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь Stranger Things-ийн анхны ноорог зохиол-төслийн нэр нь Project Montauk байжээ.

Японы хамгийн алдартай аниме бүтээгчдийн нэг Исао Такахата 82 насандаа таалал төгслөө. Тэрээр өөрийн найз Хаяао Мияазакитай хамтран дэлхийн хамгийн алдартай анимэйшн студиудын нэг Жиблиг үүсгэн байгууснаараа алдартай. Карьерынхаа турш 20 гаруй бүрэн хэмжээний киног бүтээсэн түүний урын санд The Grave of the Fireflies, The Tales of the Priness Kaguya, Only Yesterday зэрэг үзэгчдийн талархлыг хүлээсэн кинонууд багтдаг билээ.

Дэлхийн хамгийн шуугиант тамирчдын нэг, UFC-ийн нүүр царай Коннор МакГрегор ахин нэг дуулианд холбогдлоо. Тэрээр UFC-ийн тамирчдын сууж явсан автобус руу сандал шидэж нэг тамирчинг гэмтээсэн, эмх замбараагүй үйлдэл үүсгэсэн, улмаар хэргийн газраас зугтсан зэрэг нийт 3 үйлдлээр буруутгагдан, цагдаагийн газарт шалгагдаж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар UFC-ийн удирдлага ёс зүйгүй үйлдэл гаргасан түүнийг бүх насаар нь дэвжээн дээр гарахыг нь хориглох хүртэл арга хэмжээ авч магадгүй байгаа аж.

Холливүүдийн нэрт жүжигчин Рассел Кроу “Салах урлаг” нэртэй өвөрмөц дуудлага худалдааг зохион байгууллаа. 2012 онд экс эхнэр Даниел Спенсерээс салсан тэрээр тус гэрлэлтээс үлдсэн төрөл бүрийн эд зүйлсийг борлуулсан байна. Хуриманд ашиглагдсан Мерседес машинаас эхлээд хуримын бөгж, унтлагын өрөөний уран зураг зэрэг 100 гаруй зүйлсийн худалдааг Фэйсбүүкээр шууд дамжуулжээ. Үүнээс гадна зарим киноны үеэр хэрэглэж байсан дурсгалын зүйлсээ борлуулсан тэрээр 5 цагийн дотор 3.7 сая долларын худалдаа хийсэн гэнэ.

Японы хамгийн алдартай аниме бүтээгчдийн нэг Исао Такахата 82 насандаа таалал төгслөө.

Шинжлэх ухааны ертөнцийн эргэн тойронд

Германы судалгааны Neumayer III баг Антарктид тивд, ямар ч нарны тусгал болон газрын шороо ашиглалгүйгээр бүрэн лабораторийн орчинд ногоо тариалснаа зарлалаа. 1-р сараас эхэлсэн туршилтын эхний хураалтаар тэд 3.6 кг саладны навч, 18 ширхэг өргөст хэмхийг амжилттай ургуулсан байна. Уг судалгааны багийн зорилго нь Ангараг гараг эсвэл саран дээрх сансрын багт шаардлагатай хүнсний хэрэгцээг лабораторийн орчинд ургуулан ногоо, жимсээр хангах боломжтой эсэхийг тодорхойлох байсан юм. Тэд ирэх 5-р сар гэхэд долоо хоногт дунджаар 4-5 кг ногоог тариалах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Дэлхийн хамгийн анхны сансрын зочид буудал захиалгаа авч эхэллээ. Сан Хосед явагдсан Space 2.0 чуулганы үеэр Orion Span компани 2021 онд нээлтээ хийх Aurora Station нэртэй буудлаа танилцуулжээ. Нэг дор 6 зочныг хүлээн авах боломжтой тус зочид буудлын 12 хоногийн аяллын багц 9.5 сая долларын үнээр борлуулагдаж байгаа аж. Хэрвээ та хүсвэл 80 мянган долларын барьцаа төлөн хүлээлгийн жагсаалтанд ч орж болно.

Финляндын нийслэл Хельсинк хотноо трансжендер эрэгтэй хүүхэд төрүүлжээ. 2015 онд урт хугацааны дааврын эмчилгээний үр дүнд хүйсээ бүрэн солиулсан 30 настай эрэгтэй тухайн үед нэмэлт хагалгаанаас татгалзаж, үр тээх чадвараа хадгалж үлдсэн юм. 4 кг жинтэй эрүүл саруул хүүхэд төрүүлсэн түүнд ажлынх нь газраас “жирэмсний бүтэн амралт” олгожээ. Хамгийн сүүлд 2008 онд Америкт трансжендер эрэгтэй хүүхэд төрүүлж байжээ.

MIT-ийн судалгааны баг хүнийг бодлоороо аливаа үйлдэл хийх боломж олгох төхөөрөмж бүтээснээ зарлалаа. AlterEgo нэртэй уг технологи нь хүний нэйробулчингийн сигналыг эрүү хүртэл бүрхсэн төхөөрөмж дэх электродын тусламжтайгаар хүлээн авах учиртай. Туршилтын сургалтанд хамрагдсан 10 хүний бодсон, утас, компьютер, зурагт зэрэг төхөөрөмжүүдийг удирдах нийт үйлдлийн 92 хувь нь амжилттай биелж байжээ.

2021 онд нээлтээ хийх дэлхийн хамгийн анхны сансрын зочид буудал "Aurora Station"

Алдалгүй унших арван мэдээ

BBC: Сирийн химийн халдлагад 70 хүн өртжээ
Fox: Роналдугийн супер гоол дэлхийг алмайруулав
Bloomberg: Virgin Galactic-ийн туршилт амжилттай боллоо
Guardian: Унгарын ард түмэн сонголтоо хийж байна
CNN: Бразилын экс ерөнхийлөгч цагдаад бууж өглөө
VOX: Мюнстерийн халдлагын талаар бидний мэдэх бүх зүйлс
Verge: Твиттер шинэчлэлээ хойшлуулав
Recode: Postmates, DoorDash нэгдэж магадгүй
Techcrunch: BestBuy хэрэглэгчийн датагаа алдсан уу?
NYTimes: Apple Google-ийн AI мэргэжилтнийг урвуулав

15263   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.