Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   04 сарын 04, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Мандал Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан

Ярилцлагын ээлжит зочноороо бид Мандал Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Батсайханы Жавхланг урилаа. Тэрээр ШУТИС-ийг компьютерийн ухааны бакалавр зэрэгтэй дүүргэсэн бөгөөд мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаад 2005-2010 онд Япон улсын Токио хотод мэдээлэл технологийн төслийн удирдагчаар ажиллаж байжээ. Үүний дараа даатгалын салбарт шилжин Мандал Даатгал ХХК-ийн иргэдийн даатгалын газар, бизнес хөгжил, эрсдэлийн удирдлагын газруудыг хариуцан ажиллаж байгаад жил хагасын өмнө гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Тус компани нь 2017 онд нийт 22.5 тэрбум төгрөгийг даатгалын хураамж цуглуулж, 7600 гаруй хүнд 4.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон даатгалын салбарын тэргүүлэгчдийн нэг юм. Ингээд "Аятайхан хотод, аятайхан улсад хүмүүсийг амьдруулмаар байна" гэж ярих залуу захирлын ажлын арга барил, хийж буй ажлуудтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: Мандал Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал, Даатгалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Dell Desktop, iPad
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Оролцоог хангах
Сошиал хуудас: Javkhlan Batsaikhan (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Манай компани 2011 онд байгуулагдсанаас хойш долоо дахь жилдээ удирдах ажил хийж байна. Энэ хугацаанд бизнесийн шийдвэр гаргахдаа бусдын оролцоог хангуулах зарчмыг байнга баримталж ирсэн. Аливаа шийдвэрийг гаргахад талуудын оролцоог хангах нь олон ач холбогдолтой. Компанийн хүн бүр тухайн ажил албан тушаалаа хэрхэн төлөөлж буйг олж харна. Залуучуудад сурч хөгжих боломж нээгдэнэ, бас өөрийгөө харуулах боломжийг олгодог.

Миний хувьд жил хагасын өмнө гүйцэтгэх захирал болохоосоо өмнө ажлыг барьж аваад л дор нь хийхийг хичээдэг байлаа. Гүйцэтгэх захирал болоод хэсэг хугацаанд энэ арга барилаасаа салж чадахгүй хүмүүсийнхээ урдуур орж ажил барьж авчих гээд байдаг байв. Удалгүй миний гол үүрэг бол менежерүүддээ хүрэлцээтэй байх, ажил хийх бололцоогоор хангах гэдгийг ойлгосон. Менежерүүдээ надтай уулзмаар байгаа үед нь уулзаж, санал бодлоо солилцох хэрэгтэй. Тиймээс долоо хоногоор уулзалтын цагуудаа төлөвлөж, гаргасан цаг дээрээ бэлэн байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Мэдээж хамгийн чухал зүйл бол имэйл. Outlook-ийн имэйл, календарийг ашигладаг. Цагийн зөрүүтэй бүсэд байдаг давхар даатгалын харилцагчидтай яаралтай имэйл солилцох, ажлынхандаа зарим чухал зүйл дээр хурдан хариу өгөх шаардлага байдаг болохоор нэг дэлгэцэн дээрээ имэйлээ гаргаад тавьчихдаг.

Мөн компанийнхаа голлох үзүүлэлтүүдийг цаг тухайд нь гар утсан дээрээсээ харах гэж хичээнэ. Японд мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг байхдаа олон янзын аппуудыг их оролддог байлаа. Өглөө, орой тус бүр нэг цаг метронд явдаг тул ийм боломж ч их гардаг байсан. Харин Улаанбаатарт нэг тийшээ удаан явдаггүй болохоор хэмнэлт амьдрал үүсэхгүй, тийм бололцоо ч гарахгүй юм даа. Сошиал медиа гэвэл фэйсбүүк л ашигладаг. Твиттерт идэвхтэй биш.

АЖЛЫН ОРЧИН, АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хурлыг үр дүнтэй явуулбал өөрийн болон олон хүнийг цагийг хэмнэдэг. Хурал цагтаа эхэлж, оролцож буй хүмүүс бэлтгэсэн байх ёстой. Эхлээд хурал зарласан хүн хурлын зорилгыг бас танилцуулах учиртай. Ингэхгүй бол хуралд оролцогчид төвлөрч өгдөггүй, дараа нь дахин дахин хуралдах нөхцөлийг үүсгэдэг. Иймээс хурлыг зөв цагт нь, оролцоог ханган, үр дүнтэй зохион байгуулах нь миний цаг хэмнэх арга гэж болно.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Outlook-ийн календариас гадна нэг талд нь юм хэвлэсэн цааснуудыг үдээд ар талд нь тэмдэглээд явдаг. Японд байсных, ариглах хэмнэх сонирхолтой байж магадгүй. Бүр чухал ажил даалгаврыг бол наадаг цаасан дээр бичиж ойрхон тавьдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Програмистуудын онцлог байдаг. Кодоо бичихийн тулд ерөнхий алгоримтаа харж, бодож бичнэ. Өөрөөр хэлбэл, ажлыг том зургаар нь харахдаа сайн байдаг гэсэн үг. Би ч гэсэн өөрийгөө тийм онцлогтой гэж боддог. Шууд удирдлагад байдаг 10 хүмүүс тус бүр 5 ажил хариуцдаг гэвэл тэр 50 ажил толгойд явж байдаг. Хэчнээн олон ажил байсан ч бүгдийг нь марталгүй, анхаарал хандуулахыг хичээнэ дээ.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Даатгалын салбар бол товчхондоо нийгмийн хариуцлагатай бизнес юм. Өрх гэр дээр аваад үзье. Өрх гэрүүд өөрийн орлого зарлагатай. Санхүүгийн хэмнэлттэй, хэмнэлтэй байдаг. Тэгтэл хааяа эрсдэл үүсдэг. Машинаа шүргүүлэх, бие өвдөх гээд юу ч байж болно. Энэ нь тухайн айлын хэмнэлд савлагаа үүсгэж, эрсдэлийг дагуулдаг. Даатгалтай үед харин ийм эрсдэл, савлагааг ажралгүй давах боломжтой. Тэгэхээр аль болох олон хүнийг даатгалд хамруулах нь нийгэмд тун ашигтай юм. Дээр нь байгууллагуудын даатгал, байгалийн болон нийгмийн эрсдэлүүдийн даатгал байдаг болохоор бүхэлдээ хувь хүмүүс ба нийгмийн санхүүгийн хамгаалалт болдог. Даатгалд хамрагдах нь аль аль талдаа хожоотой.

Одоо бол манайд даатгалын салбар хараахан сайн хөгжөөгүй байна. Хүмүүсийн даатгалын талаарх ойлголт тааруу. Гэхдээ нөгөө талаасаа энэ салбарт өсөж хөгжих, тэлэх орон зай их байгааг харуулж байгаа юм. 2014-2016 онд тогтонги болоод байсан салбарын өсөлт 2017 онд улсын эдийн засаг 5 хувиар өсөхөд 25 хувь өссөн. 2015 оны нийт даатгалын хураамжийн 80 хувийг байгууллагууд бүрдүүлж байсан бол одоо иргэд 70 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн хямралын үед иргэд өөрсдийгөө санхүүгийн хувьд хамгаалж байсантай холбоотой байх.

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг даатгалаар дамжуулан далайцтай буулгах боломжтой байдаг. Манай компани сүүлийн таван жил өвчлөлийн эрсдэл, гэмт хэргийн эрсдэл зэрэг нийгмийн 13 эрсдэлийг сонгон индекс гаргаж, Монголын Улсын Эрсдэлийн Тойм нэрээр хэвлэж гаргадаг болсон. Жишээ нь зам тээврийн ослыг бууруулах олон арга байна. Японд осолд оролцогч хоёр талын зөвхөн аль нэгэнд нь зуун хувь бурууг өгөх биш, бурууг хоёр талд хувьчилж хуваадаг. Нэгэнд нь зуун хувь буруу өгөхөөр, жишээ нь төв замын машин нөгөө машины л буруу болно гэж бодоод хурдан нэмэх гэх мэтээр ихэмсэг зан гаргадаг, туйлширдаг. Мөн Үйлдвэрлэлийн ослыг бууруулах Хятадын туршлагыг ч дурдаж байна. Нэг хүний амийг мөнгөн дүнгээр үнэлбэл үйлдвэрүүд, бизнесүүд аюулгүй байдлыг хангаж ажиллах нь эрс нэмэгддэг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бидний одоо голлон анхаарч байгаа зүйл бол иргэдийн сайн дурын даатгал. Манайхан чинь заавал шахалтанд орж, нөхцөлд орж байж даатгуулах гээд байдаг онцлогтой. Мандал Даатгал хүмүүст даатгалын ач холбогдлыг ойлгуулах, сайн дураар даатгуулах хүслийг төрүүлэх, амьдралд ойр хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг санал болгохыг хичээдэг. Даатгал нь хөгжилтэй орнуудад хоёр гурван зуун жил хөгжчихсөн салбар тул тэднээс санаа авах зүйл, бүтээгдэхүүн их байдаг. Тэдгээрийг Монголдоо нутагшуулж санал болгож байна. Бид хувийн эрүүл мэндийн даатгалын "Жаргалан" хэмээх бүтээгдэхүүнийг 2015 онд гаргасан нь Bloomberg Awards-ийн оны шилдэг инноваци болж байв. Одоо энэ бүтээгдэхүүн маань 4000 гаруй хэрэглэгчтэй. Бид 15 эмнэлэгтэй сүлжээ байгуулан ажиллаж байна. Байгууллагууд ч ажилчдаа даатгуулах нь ихсэж байгаа. Хэдийгээр төрөөс үзүүлдэг эрүүл мэндийн даатгал бий боловч хүмүүс даатгалаа ашиглаж мэддэггүй, мэддэг ч улсын эмнэлэгт оочерлож амждаггүй гэх мэт асуудлууд байдаг.

Мөн сайн дураар тээврийн хэрэгслээ даатгуулах "Сонголт" бүтээгдэхүүн маань 10 гаруй мянга борлогдсон байна. Энэ хоёр даатгал дээр бид салбартаа тэргүүлдэг.

МАНДАЛ ДААТГАЛ КОМПАНИЙН ДОТООД СОЁЛЫН ТАЛААР СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?

Ер нь саяхныг болтол хүмүүс multitasking буюу олон юмыг зэрэг хийдэг хүмүүсийг мундаг гэж боддог байлаа шүү дээ. Компаниуд хийх ажлын жагсаалт гээд 10, 20 ажил жагсаадаг байлаа. Гэвч үүнийг шинжлэх ухаан няцааж байна. Төвлөрч ажиллахын чухлыг сануулж байгаа. Тиймээс менежерүүд маань улиралдаа 1-2 чухал ажлыг заавал хийх зарчмаар ажиллаж байна. Олон ажлыг 70, 80 хувьтай гүйцэтгэх биш, 1-2 ажлыг бүрэн гүйцэтгэвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Манай компанийн нэг онцлог бол сонгон шалгаруулалт. Бид өнгөрсөн хугацаанд сайн ажилладаг хүмүүс бол сайн анкеттай хүн биш юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс 5, 500 гэдэг аргыг ашигладаг. 500 анкетаас 5 хүнийг авна гэх санаа юм. Бид ажил горилогчдод даалгаврууд өгч тунааж шигшиж явсаар хамгийн сүүлийн шатанд л анкетийг нь хардаг гэж болно. Ингэж орж ирсэн ажилтнууд үнэхээр ажилдаа дуртай, ажилдаа сайн байдаг.

Мөн ажлын орчин чухал. Би гүйцэтгэх захирал болоод хүний нөөц ба ажлын орчиндоо хамгийн түрүүнд анхаарсан. Ажилтнуудын үнэлгээ систем, KPI-ийг нарийвчилж, тоглоомын дүрмээ тодорхой болгосон. Юм тодорхойгүй байхаар ажилчид хямарч, бүтээмж нь буурдаг. Бид жил бүрийн эцэст тухайн жилийн "Хариуцлагатай гишүүн", "Багийн тоглогч гишүүн", "Түүчээ гишүүн" (шинэ санаа, инноваци нэвтрүүлдэг) гэсэн гурван ажилтныг тодруулдаг нь манай үнэт зүйлсийг илэрхийлэх болов уу.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Амарч завсарлага авахдаа голдуу сонсдог. Төрөл бүрийн л хөгжим сонсоно. Дуртай гээд онцгойлж хэлэх уран бүтээлч байхгүй гэж болно.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Аль болох уншиж өөрийгөө боловсруулахыг л хичээнэ. Сүүлд Голомтын Ө.Ганзориг захирлын "Санхүүгийн философийн түүх" номыг уншсан. Даатгал нь олон улсын бизнес учраас сайн суралцахын тулд мэргэжлийн ном хэвлэл нэлээд хардаг. Одоо "Сингапурын хөгжлийн нууц" номыг уншиж байна. Эхнэр уран зохиолын ном унших дуртай, хааяа тэрнээс нь уншина. Хүүхэдтэйгээ бас хүүхдийн ном уншина.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Угтаа бол дотогшоо хүн байх. Програмистууд ер нь тийм байдаг. Харин ажил бизнестээ бол нээлттэй байж чаддаг. Албан тушаал, үүрэг хариуцлага дагаад өөрийгөө бага багаар эвдэж, даван гарсаар ирсэн шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ер нь өдрийг эрт л эхлүүлэх гэж хичээнэ. Хүүхэдтэй болсноос хойш шаардлага болсон ч гэж болно. Манай компани долоо хоногтоо 1-2 удаа өглөө 7 цагаас хуралддаг. Тэгэхээр өглөө босох цагтаа тохируулаад л 7-8 цагаар унтахаар бодож орондоо ордог доо.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэрийнхэндээ цаг гаргана. Гэр бүлтэйгээ их цагийг өнгөрүүлэх гэхээсээ чанартай цагийг өнгөрүүлэх ёстой гэж боддог. Амралтын өдрүүдээр лагерь явж, уул хаданд гарах дуртай. Мөн сүүлийн үед жилдээ хоёр удаа марафонд гүйчихдэг болсон. Ноднин "Итгэл найдвар, боломж" марафонд ажлынхнаа уриалж 26 хүн гүйлгэсэн. Энэ хавар дөчүүлээ гүйх зорилготой. Энэ жил өөрөө 20 км-т гүйчих санаатай байна.

Мөн заримдаа ганцаараа байж, өөртөө цаг гаргах дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би чинь мэргэжлээ сольсон хүн. Өнөөг хүртэл хариуцаж ирсэн ажил бүр маань намайг сорьж байлаа. Ажил болгон дээр л чадах болов уу гэсэн эргэлзээ байдаг байсан. Ялангуяа компанийн эхэн үед шижигнэсэн залуус олон байсан шүү. Олон улсын байгууллагад ажиллаж байсан, гадаадад том сургууль төгссөн залуусаас сүрдэх маягтай л байлаа. Тэгээд биеэ дайчлаад л ажлынхаа ард гардаг, тэгэхэд давааны цаана даваа гэдэг шиг дараагийн ажил, үүрэг хариуцлага гарч ирдэг байлаа. Энэ бүхэнд тэрхүү эргэлзээгээ давж, ажлынхаа ард гарч ирсэн маань намайг хөглөдөг байсан. Үр дүн гэдэг таашаал, бас өөртөө итгэх итгэлийг өгдөг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Мэдээж олон хүнээс хэрэгтэй зөвлөгөө сонсож байсан л даа. Нэг судалгаа харж байсан минь санаанд орж байна. Аз жаргалтай ба аз жаргалгүй хүний ялгааг харуулсан байсан юм. Аз жаргалтай хүн гэж дандаа амжилттай байдаг, аз жаргалгүй хүн гэж байнга бүтэлгүйтдэг гэсэн түгээмэл ойлголт хүмүүсийн дунд байдаг шүү дээ. Тэгтэл, энэ хоёр төрлийн хүнийг заагладаг гол ялгаа нь аз жаргалтай нь аз жаргалгүйгээсээ өнгөрснийг хоёр дахин бага боддог, бусдаар бол нэг их ялгаа байхгүй хэмээн бичсэн байсан. Аз жаргалгүй хүмүүс өнгөрсөнд харамсах, өнгөрснийг сөхөх хандлагатай байдаг бол аз жаргалтай нь илүү урагшаа хардаг гэсэн үг юм уу даа. Тэгэхээр өнгөрсөндөө дүгнэлт хийгээд л урагшаа харах хэрэгтэй юм байна гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хандлага чухал. Хүний хандлага гэдэг өөрчлөгддөг засагддаг зүйл. Манай компани хүнийг дипломоор нь биш хандлагаар нь үнэлдэг. Анзаараад байхад, манайд нэг талаас ажил хайсан баахан залуус, нөгөө талаас ажилтан хайсан баахан компани байна. Гэвч тэд нэг нэгнээ олж чадахгүй, уулзалдахгүй яваад байна. Хэдийгээр компаниуд зөв хандлагатай хүнийг авмаар байна гэдэг ч ажлын шаардлага бичихдээ өнөө л төдөн жилийн туршлагатай, гадаад хэлтэй гэх мэтээр олон өндөр шаардлага тавьчихдаг. Хувь хүн эерэг, зөв хандлагатай бол бүх боломж нээлттэй байдаг гэж би боддог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Deloitte Onch Audit-ийн Ш.Норжинбат захирлыг санал болгоё. Эхнэрийн хамт үүсгэн байгуулсан аудитын компаниа олон улсын компанитай нэгтгэж чадсан хүн. Мөн ажлаасаа гадна нийгмийн өндөр идэвхтэй, олон зүйлийг оролдож үздэг хүн болохоор сонирхолтой байх болов уу.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй

113661   24


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Kh.Khantushig




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.