Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 01, 2018

7 хоногийн тойм: Монголчууд дахин тэвчихгүй + Францын шинэ мөрөөдөл + Саудын Арабын мега төсөл

Ковер зургийн тайлбар: Хүн бүр бүтээж чадна! Эх сурвалж: Apple

Дэлхий дахинд

Франц улс хиймэл оюуны технологи хөгжүүлэлтийн дэлхийн төв болохыг хүсэж байна. Тус улсын ерөнхийлөгч Э.Макрон 2 тэрбум долларын төсөвтэй шинэ санаачилгаар дамжуулж топ авьяастнууд, судлаачдыг бэлтгэхээс гадна шинэ технологи хөгжүүлэх лабораториудыг байгуулан, стартапуудад хөрөнгө оруулна гэнэ. Засгийн газраас AI технологи хөгжүүлэхэд зориулж өөрсдийн датаг хуваалцаж, ээлтэй хууль, эрх зүйн зохицуулалтыг хийхэд бэлэн байгаа аж.

Techcrunch: Францын том амбиц: AI хөгжүүлэлт

Сүүлийн үед удаа дараалан тохиох болсон хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой олон нийтийн эсэргүүцлийн жагсаал "Дахин тэвчихгүй" нэрийн дор төв талбайд зохион байгуулагдлаа. Ойрын үед цуглаагүй их буюу мянга, мянган хүмүүсийг нэгтгэж чадсан уг жагсаалыг зохион байгуулагчид Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлах зэрэг шаардлагыг шийдвэр гаргагчдад хүргүүлжээ.

UB.Life: 31-нд бид бүгд юуны төлөө жагсав?

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах БНАСАУ-д айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай биечлэн уулзлаа. Ким Жон Ун зөвхөн Солонгосын хойгт төдийгүй дэлхий дахинд энх тайвныг цогцлооход олимпийн хөдөлгөөний үзүүлж буй үүрэг, нөлөөг онцлон тэмдэглэснээс гадна 2020 оны Токиогийн олимпийн наадамд шигшээ багаа оролцуулна гэдгээ амлажээ. Сонирхуулахад, залуу удирдагч Ким 2011 онд үүрэгт ажлаа авснаас хойш анхныхаа гадаад айлчлалыг Хятадад хийсэн нь ил болсон. Тэрээр Бээжинд "гэнэтийн" айлчлал хийж, Ши Жинпинг тэргүүтэй Хятадын лидерүүдтэй уулзалт хийсэн гэнэ.

ОХУ-ын Кемерова хотын энтертэйнмент төвд гал гарч, 64 хүн амь насаа алдсан золгүй хэрэг гарлаа. Галын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж буй ч тус төвийн галын дохиоллын систем ажиллаагүй нь тодорхой болсон байна. Амь насаа алдагсдын талаас илүү нь хүүхдүүд байжээ. Хэрэгтэй холбоотойгоор Орос улс орон даяар гашуудал зарлаж, 1997 оноос хойш тус мужийн захирагчаар ажиллаж байсан А.Тулеев үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.

Хамгийн залуу Нобелийн шагналтан Малала охин өөрийн төрсөн нутаг Мингорадаа эргэн ирлээ. Энэ нь түүний хувьд 5 жилийн өмнө талибанчуудаад буудуулснаас хойш анх удаа Пакистанд ирж буй тохиолдол болж байгаа юм. Өндөр хамгаалалтан дор айлчлалаа хийсэн 20 настай Малала Оксфордын их сургуулиа төгсөөд эх орондоо амьдрах хүсэлтэй гэдгээ энэ үеэр мэдэгджээ.

Залуу Кимын гэнэтийн айлчлал олныг гайхашруулав

Apple шинэ ipad-аа зарлалаа

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple өнгөрөгч долоо хоногт боловсролын салбарт зориулсан тусгай эвент зохион байгуулж, шинэ iPad-аа танилцууллаа. Гэрийн даалгаврыг уйтгартай, нэгэн хэвийн бус илүү шинэлэг бүтээлч байлгахад тусална хэмээн тодорхойлсон уг iPad 9.7 инчийн дэлгэцтэй, 8 мегапикселийн камертай бөгөөд 329 долларын үнэтэйгээр борлуулагдана.

Өмнө нь iPad Pro-д л ашиглагддаг байсан Apple Pencil-ийг шинэ iPad-д хэрэглэх боломжтой болсон байна. Мөн хичээлийн орчинд зориулагдсан Classroom, багш нарын даалгавар өгөх ажиллагааг хялбарчилсан Schoolwork зэрэг апп-уудыг шингээсэн аж. Хичээл заах хэлбэрийг илүү хялбар, илүү хүртээмжтэй болгох "Everyone Can Create" цахим хичээлийн хөтөлбөрөө мөн илүү онцлов. Боловсролын салбарт 40 жилийн турш хувь нэмэр оруулж буй хэмээн өөрсдийгөө тодорхойлсон Apple залуу үеийг илүү бүтээлч байхад уг таблет тусална хэмээн найдаж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн Apple iOS үйлдлийн системийн шинэчлэл буюу 11.3 хувилбарыг танилцуулж, Apple Music-ээс уран бүтээлчдийн дууны видеог үзэх боломжтой болсныг зарлажээ.

Apple-ийн iPad болон Mac 2013 оны байдлаар АНУ-ын нийт сургуулиудын 50 хувьд нь хэрэглэгдэж байсан тооцоо бий. Гэвч Google, Microsoft энэ зах зээлд анхаарлаа хандуулж эхэлснээс хойш тэдний байр суурь ганхаж, эзлэх хувиараа гуравдугаарт бичигдэх болсон юм. Google Chromebook өнгөрсөн жилийн байдлаар нийт зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байжээ.

Нэг хүнд ч дэлхийг өөрчлөх боломж бий

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

SoftBank Саудын Араб улстай хамтран 200 тэрбум долларын өртөг бүхий дэлхийн хамгийн том нарны эрчим хүч боловсруулах үйлдвэр барих төслөө зарлалаа. 2030 он гэхэд 100 мянган ажлын байр бий болгох уг станц нь одоо дэлхий дээрх хамгийн том станцаас даруй 100 дахин их эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж.

Bloomberg: SoftBank-Саудын Арабын 200 гигаваттын мега төсөл

Такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч Uber Зүүн Өмнөд Азийн найман орон дахь бизнесээ гол өрсөлдөгч Grab-д зарж байгаагаа зарлалаа. Тэд мөн хоол хүргэлтийн Uber Eats-ээ энэ наймаанд оролцуулж байгаа аж. Гэрээний хүрээнд Uber Grab-ийн 27 хувийг эзэмших болж, гүйцэтгэх зөвлөлд суудалтай болж байгаа юм. Энэ долоо хоногт Uber үүнээс гадна бараа хүргэлтийн UberRUSH үйлчилгээгээ зогсоож байгаагаа мэдэгджээ.

TechInAsia: Grab-Uber-ийн наймаанд хэн ялав?

Тэгвэл Европын зах зээлд топ автомашин үйлдвэрлэгчид болох Daimler болон BMW Uber-тэй өрсөлдөхийг хүсэж байна. Тэд Car2Go, DriveNow зэрэг такси дуудлага, машины үйлчилгээний бизнесүүдээ нэгтгэж байгаа аж.

Morgan Stanley-ийн тооцооллоор Microsoft-ийн үнэлгээ ирэх 12 сард хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, зах зээлийн үнэлгээ нь 1 триллион долларыг давна гэнэ. Клоудын үйлчилгээ үзүүлэгч Microsoft Azure болон Оffice 365-ийн амжилт тэднийг Apple, Amazon, Google-ийг давахад нөлөөлнө хэмээн тэд үзэж байгаа юм. Энэ мэдээний дараа Microsoft-ийн үнэлгээ 8 хувиар өсжээ. Сонирхуулахад, өдгөө Apple 877 тэрбум, Amazon 753, Alphabet 737, Microsoft 722 тэрбум долларын үнэлгээтэй байгаа аж.

Хятадын Гүүгл буюу онлайн хайлтын гигант Baidu-ийн эзэмшдэг iQiyi Америкийн зах зээлд IPO хийлээ. Видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч уг платформыг сард 487 сая хүн хэрэглэж байгаа бөгөөд NASDAQ-аас 2.25 тэрбум долларыг босгосон нь Хятадын компаниудаас зөвхөн Алибабагийн дараа орох үзүүлэлт болжээ.

Бизнесүүдэд бичиг баримтууддаа онлайнаар гарын үсэг зурж баталгаажуулах технологи хөгжүүлэгч DocuSign IPO хийх болсноо зарлалаа. 2003 онд байгуулагдсан тус компани өнгөрсөн хугацаанд 500 сая долларыг босгож, 3 тэрбум долларын үнэлгээтэй болсон юм.

Snapchat энэ сард 2 дахь удаагаа цомхотгол хийж, маркетинг борлуулалтын чиглэлийн 100 ажилтнаа чөлөөлсөн байна. Фэйсбүүк, Инстаграмд гол байр сууриа алдаж буй тэд 3-р сарын эхээр мөн 100 ажилтнаа ажлаас нь халсан билээ. Тэгвэл Amazon-ий эзэмшдэг видео тоглоомын стриминг цацагч Twitch бүтцийн өөрчлөлт хийж 30 гаруй ажилтнаа чөлөөлжээ. Гэхдээ эх сурвалжууд үүнийг санхүүгийн үзүүлэлттэй холбоогүй хэмээн онцолсон байна.

Уг төслийн хүрээнд тэд жилд 200 гв эрчим хүч үйлдвэрлэхийг хүсэж байна.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Автомат удирдлагын горимд шилжсэн байсан Tesla-ийн Model X осолдож, жолооч нь нас барсан гунигт хэрэг гарлаа. Tesla-ийн зүгээс жолоочид гар удирдлага руу шилжих 150 метр буюу 5 секундын боломж байсан хэмээн мэдэгдсэн байна. Шинжээчид ослын дараа батерей дэлбэрч, гал гарсан явдлыг онцгойлон шалгаж байгаа аж.

Google Map томоохон шинэчлэл хийж, 39 шинэ хэлийг дэмждэг болсноо зарлалаа. Эдгээр хэлүүд дотор Монгол хэл багтжээ. Шинээр нэмэгдсэн хэлүүдийг дэлхий даяар нийт 1.25 тэрбум хүн хэрэглэдэг аж.

Хэрэглэгчдийн мэдээллийг апп хөгжүүлэгчдэд өгөх бодлогодоо өөрчлөлт оруулсан Фэйсбүүк хуурамч мэдээтэй тэмцэх ажилд ихээхэн анхаарал хандуулж байна. Өдөрт сая сая хуурамч хэрэглэгчийн аккоунтыг устгаж буй тэд шинээр орж буй зураг, бичлэгийн үнэн зөвийг шалгах алгоритм хөгжүүлж байгаа аж.

Оны эхээр экс дэд ерөнхийлөгч Э.Гороос хөрөнгө оруулалт татаж, 900 сая долларын үнэлгээтэй болсон Asana шинэ нэмэлтээ танилцууллаа. Timeline нэртэй хиймэл оюун суурьтай уг нэмэлтийн тусламжтайгаар багууд төслөө том зургаар нь харж, гүйцэтгэлийг хугацаа болон хоорондын уялдаа холбоогоор хянах боломжтой болж байгаа аж.

Microsoft хамгийн алдартай програмуудын нэг Excel-дээ хиймэл оюуны нэмэлтийг оруулж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр хэрэглэгчдийн оруулж буй датаг програм өөрөө таньж, хэрэг болж болохуйц мэдээллээр баяжуулан, шинэ сонголтуудыг санал болгодог болох аж.

Google хөдөлгөөнт зураг буюу GIF сан Tenor-ийг худалдаж авч байгаагаа зарлалаа. Tenor-ийн санд сар бүр 12 тэрбум хайлт хийгддэг гэнэ. Тэдний гол өрсөлдөгч Giphy-г сар бүр 300 сая хэрэглэгч ашиглаж байгаа ажээ.

Домэйн нэр борлуулагч GoDaddy хостын үйлчилгээний ихэнх хэсгээ AWS руу шилжүүллээ. Нэгэн үе AWS-тэй энэ зах зээл дээр өрсөлдөж байсан тэд эхний ээлжинд 75 сая гаруй домэйнийг ийн шилжүүлж байгаа аж.

Сайн уу, Google Map!

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Холливүүдийн хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг Камерон Диаз кино урлагаа орхиж байгаагаа зарлалаа. Хамгийн сүүлд 2014 онд Annie нэртэй кинонд тоглосон тэрээр ахиж кинонд дүр бүтээхгүй, гэр бүлдээ анхаарлаа хандуулахыг хүсэж байгаа гэнэ.

HBO удтал хүлээлгэсэн хит цуврал Westworld-ийн шинэ бүлгийн албан ёсны трэйлерээ цацлаа. Хиймэл оюуны хөгжил, робот болон хүний харилцааны талаар өгүүлэх уг киноны 2-р улирал 4-р сарын 22-нд эхэлнэ.

Тэгвэл өнгөрсөн жилийн Эмми наадмаас шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн The Handmaid's Tale-ийн 2-р улирлын трэйлэр мөн цацагдлаа. Алдарт М.Атвүүдийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны шинэ бүлэг 4-р сарын 25-нд Hulu дээр нээлтээ хийнэ.

Youtube TV-ийн гол өрсөлдөгч гэгдэх Hulu-ийн Live TV Supernatural, The Flash, The 100 зэрэг хит контент үйлдвэрлэгч CW-ийг эгнээндээ нэгтгэлээ. 450 мянган хэрэглэгчтэй Live TV нь 39 доллараар 50 сувгийг шууд үзэх боломжийг олгодог. Сонирхуулахад, Youtube TV 300 мянган хэрэглэгчтэй аж.

Turner өөрсдийн эзэмшдэг спортын мэдээллийн сайт Bleacher Report дээр суурилан B/R Live стриминг үйлчилгээгээ зарлалаа. Энэ платформын гол давуу тал нь хэрэглэгчид NBA, Аваргуудын лиг, Премьер лиг зэрэг топ лигийн контентуудыг нэг нэгээр нь худалдан авах, эхэлчихсэн буюу дундаа орчихсон тоглолтыг хямдралтай үнээр үзэх боломжийг олгож байгаа гэнэ.

Алдарт найруулагч С.Спилбергийн VR ертөнцийн тухай өгүүлэх Ready Player One 53 сая долларын орлогоор бокс оффисийг тэргүүллээ. Үүнээс гадна уг кино нээлтээ хийсэн 62 улсын зах зээлд нэгдүгээр байрыг эзэлсэн байна. Сонирхуулахад, NVidia VR шилээр бодит машин жолоодох боломжтой технологио өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ.

Westworld-ийн шинэ бүлэг өмнөх амжилтаа давтаж чадах болов уу?

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Tesla 123 мянган ширхэг Model S-ийг эргүүлэн татна
Forbes: Apple iOS 11.3 хувилбараа гаргав. Та апдэйт хийх хэрэгтэй юу?
CNN: FoxConn-ий 869 сая долларын наймаа
Variety: Алдарт А.Шварцнеггер зүрхний хагалгаанд оржээ
BBC: Хятадын сансрын хөлөг эх дэлхийд "унана"
CNN: Thunder Snow 10 саяын ялагч болов
NYTimes: Эрдэмтэд шинэ эрхтэн нээв үү?
National Geographic: 13 мянган жилийн настай хөлийн мөр олдов
Vulture: Реппер DMX татвараас зайлсхийсэн хэргээр ял сонсов
SBNation: Австралийн крикетийн скандал

16748   7


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.