Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   04 сарын 02, 2018

Онцлох бизнес: Route 22 - Зооглох амтлахуйн дээд таашаал

Сүүлийн үеийн "Industrial Chic" засалтай, тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн чанартай хоолыг боломжийн үнээр санал болгох “Сosy gourmet dining” консептод суурилсан Route 22 рестораныг танилцуулж байна. Классик франц хоолыг орчин үеийн "nouvelle" франц хоолтой хослуулсан менюг дэлхийн 100 гаруй алдарт дарстай хамт санал болгодог энэ ресторан нь манай хоолны салбарт нэгэн шинэлэг үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Бид тус рестораны найрсаг, залуухан хамт олныг төлөөлүүлэн, үүсгэн байгуулагч Н. Болормаатай уулзаж ярилцсанаа хүргэж байна. 

Бизнесийн нэр: Route 22 Restaurant & Wine Lounge
Үйл ажиллагааны чиглэл: Cosy Gourmet Dining
Үүсгэн байгуулагдсан он: 2017
Үүсгэн байгуулагч: Н.Болормаа
Ажилтны тоо: 25
Сошиал хуудас: Route 22 Restaurant & Wine Lounge

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би өөрөө “foodie” буюу хоолонд маш дуртай, шинэлэг содон хоолыг ямагт туршиж явдаг хүн. Очиж үйлчлүүлэх дуртай ресторанууд Монголд олон байдаг ч тэдгээр газрууд маань хоолны цэсээ олон жилээр шинэчлэхгүй, нэг л хэвийн болоод байгааг нь анзаарсан. Хүн өдөрт дор хаяж 3 удаа хооллодог учир уг нь сайн эрхэлж чадвал их өгөөжтэй, хэзээ ч трендээс гарахгүй бизнес болохоор нь энэ салбарыг зориглон сонгосон. Сүүлийн үед Монголчууд гэртээ хоол идэхээсээ илүүтэй гэр бүлээрээ, найз нөхдөөрөө гадуур хооллох хандлага ихэссэн. Тиймээс үйлчлүүлэгчиддэээ тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн чанартай хоолыг боломжийн үнээр санал болгох зорилготой “cosy gourmet dining” Route 22 рестораныг нээхээр шийдсэн.

Route 22 - Манай рестораны байршил их өвөрмөц. Монгол улсын анхны барилгуудын нэг, 1950-аад оны үед баригдсан Гутлын 22 байранд манайх байрладаг. Хамгийн анхны худалдааны буюу гутлын дэлгүүрүүд энд нээгдэж байсан гэсэн. Тиймээс энэхүү түүхэн барилгын онцлогийг шингээж, нэрэндээ 22 гэсэн тоог оруулсан. Хамт олонтойгоо сайтар зөвшилцсөний эцэст хүмүүс хэлэхэд амар байх үүднээс мөн цаашдаа хоолны салбарт өөрийн гэсэн чиг мөрийг гаргаж явах гэсэн утгаар “route” (чиглэл) гэсэн үгийг оруулаад Route 22 гэж нэрлэсэн нь энэ юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Рестораны хөрөнгө оруулалтад мөнгө их шаардагддаг. Бидэн шиг тэгээс буюу анхнаас нь эхэлж буй газруудад бизнесийн зээл олдоход хэцүү, олдлоо гэхэд маш өндөр хүүтэй байсан. Тиймээс өөрийн болон гэр бүлийн хуримтлалаар анхны санхүүжилтээ босгосон. Ресторан маань тогтмол үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж эхэлсний дараа харин шаардлагатай зээл хүсэх боломжтой болсон шүү.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай рестораны гол зарчим бол “cosy gourmet dining” буюу үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн чанартай хоолыг боломжийн үнээр санал болгоход оршиж байгаа юм. Манайх бусад fine dining ресторанууд шиг, цагаан бүтээлэгтэй хэт чамин орчинг бус, харин тав тухтай орчинг бүрдүүлж үйлчлүүлэгчдэд яг л гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг зорьсон. Хамгийн гол нь бид нар хүмүүст дан ганц хоол дарс зарах биш, үйлчилгээ (experience) зарж байгаа шүү дээ. Тэр утгаараа хэрэглэгч маань манай үүдээр хөл тавьсан цагаасаа гарах хүртлээ цагийг таатай өнгөрүүлээсэй гэж бид хүсдэг.

Бид одоогоор классик франц хоолыг орчин үеийн nouvelle франц хоолтой хослуулсан “fusion” маягийн хоолоор үйлчилж байна. Яваандаа франц япон хоолны төрлийг хослуулсан "fusion" ресторан болохоор төлөвлөж туршилтууд хийж эхэлж байна. Бид хамгийн чанартай орц, материалаар хоолоо бэлддэгээ онцолмоор байна. Жишээ нь л гэхэд монголчуудын түгээмэл хэрэглэдэг соус буюу францаар “au jus”-г хоёроос гурван өдрийн турш ясны шөлөнд буцалгаж гаргаж авдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй бүхий л төрлийн эрдсийг агуулсан байдаг. Түүнчлэн манай меню улирлын чанартайгаар солигдож, тухайн улирлын чанартай ногоо жимснүүдийг түлхүү ашигладгаараа онцлогтой. Мөн хоолны орцондоо аль болох үндэсний Монгол бүтээгдэхүүнүүдийг ашиглахыг эрмэлздэг. Менюнд маань чацаргана, аарцны мүүс байх жишээтэй.

Үзэмж буюу таваглалт дээр мөн онцгой анхаарал хандуулдаг. Хоол гэдэг бол урлаг шүү дээ, хүн эхлээд нүдээрээ иддэг. Их гэхээсээ илүү чанартай хоол чухал. Мөн "wine lounge"-аа дурдах учиртай. Дарс уух соёлыг Монголд улам дэлгэрүүлэх, нэвтрүүлэхийг хүссэн учир манай ресторан Монголд өөр хаана ч байхгүй, олон орны шилэгдмэл 100 гаруй төрлийн дарсыг санал болгодог. Хоол, дарс гэдэг бол хоёр өөр маш том соёл атлаа салшгүй хэрэглээ. Сайхан хоолыг сайн дарсгүйгээр төсөөлөхөд хэцүү.

Монголчуудын маань хоолны мэдлэг сайжрахын хэрээр эрүүл, зөв хооллох хандлагатай болж байна. Хүн хоолоор өөрийгөө эмчилж болдог, зөв хооллодог хүн ер нь өвчин тусдаггүй тул шинээр амтат “Buddha Bowl”-ийг санаачлан гаргаад байна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Салбартаа хоол, үйлчилгээгээрээ ялгарсан жишиг тогтоох нь манай гол зорилго. Өмнө хэлсэнчлэн манай үйлчлүүлэгчдийн хоолны талаарх мэдлэг, мэдээлэл сайжрахын хирээр түүнд тохирсон мэргэшсэн мэргэжилтнүүд үйлчлэх ёстой. Гэтэл манай хоолны салбарт жинхэнэ мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарах нь учир дутагдалтай байгаа. Энэ утгаараа бид ресторануудын хүний нөөцийг асуудлыг шийдвэрлэх зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нээхээр төлөвлөж байна.

Ер нь бол аливаа рестораны үйл ажиллагааг тогтвортой явуулж, амт чанар, үйлчилгээг хадгална гэдэг багийн ажил буюу хүнээс маш их хамааралтай байдаг. Нэг үгээр хэлбэл, би ганцаараа хичээгээд сайн байх нь гол биш, баг хамт олноороо нэг хүн шиг, нэгдмэл зорилготой ажиллах нь чухал. Өнөөдөр үйлчлүүлэгчийн ирээд идсэн хоол сарын дараа ирээд идэхэд яг л өмнөх шигээ амт чанартай, үйлчилгээ мөн адил сайн байх хэрэгтэй. Рестораныг тогтвортой ажиллуулахад ажилчид нь тогтвор суурьшилтэй ажиллах нь маш чухал. Яваандаа бид компаниа “employee owned company” буюу ажилчид нь компаниа эзэмшдэг байгууллага болгохыг зорьж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манай ажилтнууд үнэхээр сэтгэлтэй, авьяаслаг, залуу хамт олон. Бид салбартаа шинэ үеийнхэнд тооцогддог болохоор хоолны салбарт тогтчихсон хэвшмэл ойлголтуудыг халж, аливааг шинээр хийх ёстой гэж боддог.

Ажилтнуудтайгаа илэн далангүй нээлттэй харилцаж, итгэлцэл дээр тогтсон “хүн төвтэй” ресторан ажиллуулах нь манай баримталдаг гол зарчим. Мөн ажилтнуудаа мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж, тэдний амьдралд эерэг нөлөө үзүүлэх нь миний үүрэг гэж боддог. Тэдний маань ар гэр, ахуй амьдрал нь тогтвортой, сайн байж бид эргээд үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчинд, гэртээ байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж чадна шүү дээ.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Ойрын хугацаанд эрүүл хоолны менюгээ илүү хөгжүүлж ажиллах болно. Мөн Meal kit гээд Америк улсад нэлээн түгээмэл хэргэлдэг урьдчилан граммлаж бэлтгэсэн хоолны орцыг хийх аргачлалтай нь хүргэж өгдөг үйлчилгээг Монголд хийхээр судалж байгаа. Бид бүгд оройтож ажилладаг болсон, гэртээ харихад аль хэдийн 7, 8 цаг өнгөрсөн байдаг. Иймд, энэхүү үйлчилгээ нь хямд тусахаас гадна цаг хэмнэхэд тустай төдийгүй гэртээ олон төрлийн рестораны хоол хийж идэх боломжоор хангана

ТАНАЙд ЗООГ БАРЬСАН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Хоол үйлчилгээний салбарт бизнес эрхэлж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчээс ямар ч санал гомдол ирэхгүй байна гэж байхгүй. Эсрэгээрээ аливаа санал гомдол авч байж л бид алдаа дутагдлаа засч, улам сайжирч сайн үйлчилгээг үзүүлнэ. Ерөнхийдөө манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн дийлэнх нь ам сайтай, эерэг хандлага, хариу үйлдэл үзүүлж байгаа шүү. Зөвхөн дотоод гэлтгүй олон гадны зочдын байнга үйлчлүүлдэг ресторан нь болж чадсандаа баяртай байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Хоолны салбарт бизнес эрхлэхэд бэрхшээлтэй зүйл олон. Үйлдвэрлэл үйлчилгээ хосолсон болохоор ажиллагаа ихтэй байдаг. Мөн эхлэх хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэл өндөртэй бөгөөд цэвэр хүний хөдөлмөр дээр тогтдог бизнес. Байршлаа буруу сонгож, менежментээ буруу авч явахад л амархан дампуурчихдаг. Багийн тоглолт маш чухал, нэг л хүн хариуцлагаггүй хайхрамжгүйгээсээ болж алдаа гаргахад багаараа унадаг, хариуцлага хүлээдэг. Тиймээс өмнө хэлсэнчлэн нэг хүн шиг, нэг зорилготой баг хамт олон болж ажиллах хэрэгтэй байдаг. Ийм түвшинд хүрэхэд цаг хугацаа ордог, заримдаа анхнаасаа сураагүй, огт байхгүй хандлагыг хүмүүсдээ төлөвшүүлэх хэрэг гарна.

Рестораны бизнес эрхлэхэд цаг их ордог болохоор хувийн амьдрал мартагдах талтай. Зөвхөн хоолны салбарт гардаг хүндрэл биш ч татварын асуудал бол маш том асуудал. НӨАТ-ын хууль батлагдсан нь ресторануудад их хүндээр туссан. Гэхдээ хамгийн гол нь энэ олон бэрхшээлийн эцэст, хүмүүсийн сэтгэлд хүрсэн хоол, үйлчилгээгээр үйлчлээд магтаал сайшаал ирэхэд ихээхэн урам зориг авдаг даа.

ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Улс оронд маань зөндөө л олон асуудал байна, тэдгээрийг зүгээр хараад өнгөрөлгүйгээр асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцдог бүтээлч шинэлэг залуу үе байх ёстой гэж боддог. Хоолны газар нээсэн ч бусдаас ялгарч ямар нэг асуудлыг шийдсэн шинэлэг үйлчилгээг үзүүлэх ёстой болов уу. Манай ресторанууд ихэвчлэн ерөнхий үйлчилгээ үзүүлдэг бол миний хувьд хэт ерөнхий биш, консептоо зөв тодорхойлоод ялгаралтай үйлчилгээтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Мэдээж хамт олноо зөв сонгож багаа бүрдүүлэх нь амжилттай бизнес эрхлэхийн үндэс. Миний баримталдаг гол зарчим бол заавал чадвартай, олон жилийн туршлагатай хүнийг биш, зөв хандлагатай, зөв хүмүүжилтэй хүнийг ажилд авчихвал байгууллагад үнэ цэн авчирна гэж боддог.

Эцэст нь хэлэхэд, залуу хүмүүс зоригтой, эрсдэлтэй алхам хийж чаддаг байхад алдах зүйл үгүй гэж боддог. Бүх юм болохоо байгаад нурлаа, бүтэлгүйтлээ гэхэд үүсэн гарах хамгийн муу нөхцөл байдлыг төсөөлөөд үзээрэй. Тэр нөхцөл байдлыг нэгэнт хүлээн зөвшөөрчихвөл айх юмгүй болдог юм шиг санагддаг.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

57782   7


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.