Жилд дунджаар 250 гаруй амьд тоглолт хийдэг дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Сэт Глийрийн дуу хоолой, фолк болон поп хосолсон өвөрмөц өнгө аястай уран бүтээлүүд нь сонсогчид, хөгжмийн салбарынхан хийгээд шүүмжлэгчдийн анхаарлыг ямагт татсаар ирсэн бөгөөд USA Today “түүний гайхамшигт цээл хоолой алдарт Брюсь Спрингстийн, Билли Жоелийг санагдуулам” гэж үнэлж байжээ. Түүний хоёр дахь бие даасан цомог болох “The Next Right Thing” нь Грэммийн шагналд нэр дэвшин, тайзнаа Жэймс Тэйлор, Ани ДиФранко, Эдвин МкКэйн, Брайн Адамс гэх зэрэг алдарт уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байжээ. Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг 2018 оны 4-р сарын 6-8-нд Улаанбаатар хотноо аялан тоглолтоор ирж байгаа бөгөөд 4-р сарын 7-ны 18:00 цагаас ганцхан удаа Улсын Филармонид олон нийтэд нээлттэй, үнэгүй тоглох юм.

Байршил: АНУ, Массачусетс
Албан тушаал: Дуучин, хөгжмийн зохиолч, MPress лабелийн уран бүтээлч
Хэрэглэдэг гар утас: iPhone
Сошиал хуудас: SethGlier.com (вэбсайт), SethGlierMusic (фэйсбүүк), SethGlier (юүтюб)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Өглөө голдуу фитнестээ явж, шинэ мэдээ мэдээлэл уншин өдрийг эхлүүлдэг. Гүйж, дасгал хийж цусны эргэлтээ сайжруулах нь бүтэн өдөржин ажиллах эрч хүчийг өгдөг гэж боддог. Гэртээ эргэж ирээд 20 минут хэртэй бясалгал хийгээд, аяга кофе ууж, өглөөний хоолоо идээд тэгээд л ажилдаа орно. Өмнө нь бодчихсон байсан санаагаа сайжруулж, заримдаа бүр өглөө уншсан мэдээний гарчгийг хүртэл төгөлдөр хуур дээр амилуулах гэж үзнэ. Заримдаа янз бүрийн дуу авианаас онгод орох тохиолдол бас бий. Би Нью Ингландад амьдардаг тул цас их унаж, хүйтэрдэг. Хэдэн долоо хоногийн өмнө гэрийн ойролцоо байдаг нуурын мөс хагарах чимээ их сонирхолтой санагдаад очиж бичиж авсан юм. Тэгээд бүтэн өдөржин сууж, нөгөө бичлэгээ хурдлуулж удаашруулж байгаад мөс хагарах чимээнээс гитарын барилт, аялгуу гаргаж авсан. Байгалиас тэр аялгуугаа гаргаж авсан гэж бодохоос гайхалтай байсан шүү.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Дуу бичлэгтээ голдуу Logic Pro ашиглана. Сүүлийн үед сэмплинг хийх их таалагдаад хуучны хуурцаг тоглуулагч болон Juno 60 киборд ашиглаж сэмплинг хийж туршиж байгаа. Гитарын эффект хийхдээ Stymon педаль ашигладаг. Хуучны мөртлөө их гоё* чичиргээнтэй дуугаралттай Vox AC 15 өсгөгчинд залгачихна. D’addario брэндийн утастай Martin CEO7 загварын гитараар акустик тоглох дуртай. Аялан тоглолтоор яавахдаа Yamaha Digital төгөлдөр хуур авч явдаг ч гэртээ хөгжим зохиохдоо Steinway Baby Grand төгөлдөр хуур ашигладаг.

ТА АЖЛЫН ОРЧИН, АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Миний ажлын ширээн дээр компьютерээс гадна янз бүрийн санаа, тэмдэглэл бүхий цааснууд хөглөрсөн байх нь олонтаа. Ширээний минь баруун талд авсаархан төгөлдөр хуур, зүүн талаар хананд өлгөөтэй гитарууд бий.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ойр ойрхон амралт авч, агаарт алхах. Муйхар зүтгээд, утгагүй их ажиллаад байх бус ухаантай ажиллах нь зүйтэй санагддаг. Сайхан зүйлсийг мөрөөдөж, бодож тархиа амраах нь ажлаа хийхтэй яг ижил чухал.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

iPhone-ийнхоо Notes, Reminders аппууд дээр л тэмдэглэдэг дээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би өөрийгөө тун давгүй тогооч гэж боддог шүү. Хоол хийх тун дуртай. Амандаа дуу аялангаа янз бүрийн орц, найрлага, амтлагчуудыг хооронд нь хольж, хүмүүсийн амтархан идэх хоолыг хийнэ гэдэг яг л хөгжим зохиож буйтай ижил санагддаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг сайн тал гэвэл би өөрийн дуртай, хайртай зүйлээ хийж байгаа. Уран бүтээлээ туурвиж, тэднийгээ хүмүүст хүргэхийн тулд янз бүрийн газар орнуудаар аялах мэдрэмж үнэхээр гайхалтай. Гэрээсээ хол урт хугацаагаар байхаас аргагүй болдог нь харин жаахан хэцүү. Би одоо гэр бүлтэй болж байгаа. Ирээдүйд байнга гэрээсээ хол байгаад байх улам л хэцүү болох нь тодорхой.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн нэг сар АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын Товчооны "Америк Хөгжим Гадаадад" (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрт оролцохоор бэлтгэлээ базаалаа. "Америкийн дуу хоолой"-той хамтарсан уг хөтөлбөр дэлхийн олон улс орны үзэгч олонд хүрч ажиллахыг зорьдог. Ажлын дундуур гарсан чөлөөт цагаа очих гэж буй улс орон, бүс нутгийн зан заншил, онцлогтой танилцаж, судлахад зарцуулж байна даа.

Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг 2018 оны 4-р сарын 6-наас 8-ны хооронд Улаанбаатар хотноо аялан тоглолтоор ирж байгаа бөгөөд 4-р сарын 7-ны 18:00 цагаас ганцхан удаа Улсын Филармонид олон нийтэд нээлттэй, үнэгүй тоглоно.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/447/ хаягаас авах боломжтой.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Зарим үед л сонсдог. Ер нь хоол хийж байхдаа л голдуу хөгжим сонсдог юм байна. Төрөл бүрийн л хөгжим сонсоно. Сүүлийн үед би Joni Mitchell, J Dilla, Dr. Dre нарыг сонсож байгаа. Өнөө өглөө гэхэд Ravi Shankar-ийн хөгжмийг сонсож байсан.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би яг одоо Крис Хеджесийн "Дайн бол бидэнд утга учир өгдөг хүч" гэх номыг уншиж байгаа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Аль аль нь. Зарим үед нээлттэй, заримдаа дотогшоо маягийн болдог нь миний ажилд их эерэг нөлөөтэй байх шиг санагддаг. Би олны дунд байх дуртай, хүмүүсээс урам зориг, энерги авна. Тэр нээлттэй зан чанар маань тайзан дээр гарч, үзэгч сонсогчдын анхаарлыг өөртөө хандуулахад тун чухал. Гэхдээ уран бүтээлүүд бол илүү миний дотоод ертөнцөөс гарч ирдэг. Аялан тоглолтгүй, гэртээ байгаа үедээ бол би их дотогшоогоо шүү. Тэгж өөрийгөө цэнэглэж, эрч хүчээ олж авдаг болов уу.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Би жаахан шар шувуу талдаа. Хэдий оройноос илүүтэйгээр өглөө их эрт, нар мандаагүй байхад ажиллахад урамтай байдаг ч, шөнийн нэг эсвэл хоёр цагийн үе миний оргил цаг тохиодог гэж болно. Дуу бичиж, хөгжим зохион, ямар нэгэн зүйлийг хүүрнэн өгүүлэхийн тулд уран бүтээлчид маш гярхай ажиглагч байх шаардлагатай байдаг. Бүх дэлхий унтчихсан яг тэр үеийг би аливааг ажиглаж, тунгааж, эргэцүүлж суухад хамгийн тохиромжтой үе гэж боддог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би загас барих дуртай. Манай гэрээс алхаад очих зайнд жижигхэн нуур байдаг юм. Намайг тэндээс оройн хоолоо барих гээд зогсож байхад олж болно шүү (инээв).

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Аливаа зүйлийг хараад зүгээр өнгөрөх, гараа хумхиад суух биш анхаарч, хайрлаж, сэтгэл зовниж, бусдад тусалж байгаа үйлсээс би маш их урам зориг авдаг. Үнэн сэтгэлээсээ тэгж хандаж байгаа бүхэн цаанаа л нэг эерэг нөлөөтэй биш гэж үү? Манай дэлхийд ийм хандлага дутаад байгаа юм шиг. Хэн ч зүгээр өнгөрч чадна шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

"Чухал нэгэн байх нь сайхан ч, сайн хүн байх нь илүү чухал" гэж нэг хүн надад хэлж байсан юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Өөрт байгаа зүйлс, хүрээлэн байгаа хүмүүстээ талархаж, сэтгэл хангалуун амьдрахыг би өдөр бүр өөртөө сануулдаг. Талархаж, баярлаж амьдрах нь аз жаргал байхын гол нууц болов уу. Ийм хандлагатай байвал цаанаасаа л юм бүтээд байх шиг санагддаг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Надтай цугтаа аялан тоглолтоор явж буй Жое Нерней болон Риан Хоммел нарыг санал болгомоор байна. Гайхалтай хүмүүс шүү. Амьдралыг харж буй өнцөг, сонсдог, тоглодог хөгжмүүд нь хүртэл маш сонирхолтой.

Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг 2018 оны 4-р сарын 6-наас 8-ны хооронд Улаанбаатар хотноо аялан тоглолтоор ирж байгаа бөгөөд 4-р сарын 7-ны 18:00 цагаас ганцхан удаа Улсын Филармонид олон нийтэд нээлттэй, үнэгүй тоглоно.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/447/ хаягаас авах боломжтой.