Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 27, 2018

Апп тойм: Vero - Миллениалуудын шинэ сошиал медиа

Фэйсбүүкийг тойрсон дуулиан шуугиантай зэрэгцэн сүүлийн үед сошиал медиа ертөнц хөдөлгөөнтэй байна. Өнгөрсөн жилүүдэд Фэйсбүүкийг "унагах" зорилготой сошиал платформ бүтээх оролдлогууд зөндөө гарч байсан ч сүйдтэй амжилт олсон нь үгүй. Бидний өмнө танилцуулж байсан Ello ч тэдний нэг гэж болно. Хэрэглэгчдийн мэдээллийг алдсан, пост харагдуулах newsfeed-ийн бодлогоо өөрчилсөн гээд Фэйсбүүкт дурамжхан байгаа хүмүүс, хэдий энэ аварга компанийн лавхан атгасан барьцнаас алдрах хэцүү ч гэсэн, өөр ямар нэг сонголтын талаар бодож "зүрхэлсэн" байж мэдэх юм. Тиймд бид өнөөдөр нэгэн шинэ сошиал медиа сайтыг танилцуулахаар шийдэв. Тэр бол зураг, видеонд төвлөрсөн Vero.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

2015 онд анх байгуулагдсан Vero-гийн хэрэглэгчдийн тоо сүүлийн үед огцом өсөж буй аж. Тэд элдэв сурталчилгаа тавихгүй, Фэйсбүүк, Инстаграмыг бодвол постуудыг тусгай алгоритмаар биш, шинээс нь эхлэн буюу цаг хугацааны дарааллаар харуулна хэмээн сурталчилж буй нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж буй бололтой. Одоогоор App Store, Google Play-ийн шилдэг үнэгүй аппуудын жагсаалтад дээгүүр давхиж байгаа нь олон хэрэглэгчтэй болох магадлалыг нь нэмэгдүүлж байна.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Хамгийн онцлог нь Vero гишүүнчлэлийн төлбөртэй байх гэнэ. Энэ нь зар сурталчилгаагүй платформ байх боломжийг олгох ажээ. Эхний нэг сая хэрэглэгчид үнэгүй гэж байсан ч сүүлийн үеийн огцом хандалтаас үүдэн хурдан хугацаанд нэг сая хэрэглэгчтэй болж чадсан тул үнэтэй болох хугацаагаа хойшлуулсан аж. Миний хувьд гишүүнчлэлийн хураамжтай сошиал медиа платформ урьд өмнө газар авч байсан тохиолдлыг мэдэхгүй. Тиймдээ ч энэ бодлого нь тун сонирхолтой санагдаж байгаа юм. Гэхдээ хүмүүс Фэйсбүүкийн асуудлаас үүдэн "Хэрвээ та аль нэг сайтыг үнэгүй хэрэглэж байвал бүтээгдэхүүн нь та өөрөө" гэдгийг ойлгож эхлээд байгаа тул зарим хэрэглэгчид мөнгө төлөхийг үгүйсгэхгүй. Ямар ч гэсэн сиймхий гарсан дээр нь аль болох олон хэрэглэгчтэй болох гэж үзэх нь тодорхой.

Санхүүжилтийн хувьд хэсэгтээ санаа зовохгүй байж мэдэх шалтгаан нь нэг үүсгэн байгуулагч нь бололтой. Vero-гийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал Айман Харири нь Ливаны Ерөнхий сайд асан Рафич Хариригийн хүү, тэрбумтан эр гэнэ шүү.

Ороод хэрэглээд үзэхэд, бүтэц, хэрэглэгдэхүүний хувьд Фэйсбүүк, Инстаграмын холимог шиг санагдсан. Жаахан бараан бөгөөд "маягтай" дизайн нь илүү залуучуудад чиглэсэн болов уу гэмээр.

Постоо нийтлэхдээ дотны найзууд, найзууд, танилуудынхаа алинд нь харагдуулахаар нийтлэх вэ гэдгээ хялбар сонгож болдог нь тун зүгээр. Бас Explore буюу хайлтын хэсэг нь ойлгомжтой цэвэрхэн. Сошиал медиануудаас анх удаа тухайн платформ дээр хэр их цагийг зарцуулж буйг мөн хэлж өгдөг нь "күүл".

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Сошиал медиа платформын хамгийн гол үзүүлэлт бол хэрэглэгчдийн цар хүрээ. Шинэ учраас хэрэглэгчид цөөтэй нь ойлгомжтой, тэр дундаа монголд хэрэглэгч бараг байхгүй шахам бололтой. Манай Unread-ийн хэд юутай ч туршин бүртгүүлээдэхлээ.

Юмыг яаж мэдэхэв, энэ платформ цаашдаа амжилт олж гэм, би Монголд их л эрт бүртгүүлж байлаа даа гээд занхайж суухын тулд бүртгүүлээд шалгахад гэмгүй л байх :)

Бас олон хүнтэй харилцахаас, элдвийн юм үзэхээс залхаад хэдэн найзуудаараа өөр газар "үүрлэхээр" шийдвэл бас сонирхолтой сонголт байж мэднэ. Одоогоор үнэгүй, яваандаа үнэтэй болно гээд байгаа нь, хэрвээ үнэн бол, бас сул тал болох талтай.

Саяхны огцом ачааллаас үүдэн янз бүрийн алдаа зааж байна гэсэн сэтгэгдэл цөөнгүй харагдсаныг бас дурдъя. Мэдээж хийх юм маш их байгаа нь ойлгомжтой.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Одоогоор 7 оноо өгье. Та бүхэн татаж аваад туршаад үзээрэй.

Татаж авах

21806   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.