Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 25, 2018

7 хоногийн тойм: Фэйсбүүкийн хямрал + Путины ялалт + Сүүлчийн хирс

Ковер зургийн тайлбар: Дэлхий нийт Фэйсбүүкээс нүүр буруулж эхлэв!

Фэйсбүүкийн хямрал

Дэлхийн хамгийн хүчирхэг олон нийтийн сүлжээ Фэйсбүүкийн хувьд энэ өдрүүд хар дарсан зүүд мэт үргэлжилж байна. Англид төвтэй дата аналитикийн компани Cambridge Analytica АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын кампанит ажилд оролцохдоо 50 сая орчим Фэйсбүүк хэрэглэгчийн датаг ашигласан нь ил болсноор уг хямрал эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хувьцааны арилжаа хөдөлгөөнд орж, Фэйсбүүкийн үнэлгээ 60 орчим тэрбум доллараар багасжээ.

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч М.Зукерберг энэ хэрэгтэй холбогдуулан олон нийтэд хандан мэдэгдэл хийж, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөн, уучлалт хүссэн юм. Тэрээр 2015 онд хэрэглэгчийн дататай холбоотой бодлого нь зөрчигдөж буйг мэдэж, улмаар хөгжүүлэгчдэд нээлттэй өгдөг байсан датаны бодлогод өөрчлөлт оруулсан ч хэрэглэгчдэд цаг тухайд нь мэдэгдээгүй хэмээн буруутгагдаж, хэд хэдэн хөрөнгө оруулагч, хэрэглэгчид тэднийг шүүхэд өгчээ.

Англи болон Америкийн хууль сахиулагчид хэрэглэгчийн дата цуглуулалт, борлуулалт, ашиглалтын асуудлаар Фэйсбүүкийг сонсголд оролцохыг шаардаж, Cambridge Analytica-г тусгайлан шалгаж эхлэв. Тус компанийн CEO А.Никс түр хугацаанд үүрэгт ажлаасаа түдгэлзээд байна.

Таныг хамгийн дотны хүмүүсээс чинь ч илүү сайн мэддэг гэх Фэйсбүүкийг устгах цаг нь болсон, өөрсдийн хувийн орон зайгаа хамгаалах нь илүү чухал гэсэн үндсэн санаатай #DeleteFacebook хөдөлгөөн ч интернет орчинд өрнөв. Элон Маск хүртэл SpaceX, Tesla компаниудынхаа хуудсыг устгаад амжив. Фэйсбүүкт 19 тэрбум доллараар WhatsApp-аа зарж байсан Б.Актон ч энэ хөдөлгөөнд нэгджээ.

Vox: Яагаад Фэйсбүүкээ устгах нь боломжгүй гэж?
Techcrunch: Фэйсбүүк таны талаар бүгдийг мэднэ!
Recode: Яг юу болов?

Фэйсбүүкээ устгах уу?

Дэлхий дахинд

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялалт байгууллаа. Олны таамаглаж байсанчлан нийт сонгогчдын 76.7 хувь нь түүний төлөө санал өгчээ. 2000 онд хамгийн анх сонгуульд ялалт байгуулахдаа тэрээр 53 хувийн саналаар ялж байсан бол 2004 онд 71%, 2012 онд 63%-ийн дэмжлэг хүртэж байв. Путины гол өрсөлдөгч гэгдэж байсан А.Навалны сонгуульд оролцож чадаагүй тул түүнд өрсөлдөгч гэх нэр дэвшигч байсангүй. П.Груднин 11.8%, В.Жириновски 5.6%-ийн санал тус тус авч удаалжээ.

Time: "Путины хямрал": Тэр ялсан ч Орос ялагдсаар.

АНУ-д буу эзэмших эрхтэй холбоотой March For Our Lives нэртэй эсэргүүцлийн жагсаал боллоо. Вашингтонд болсон уг арга хэмжээг Флоридагийн Паркландын ахлах сургуульд болсон зэвсэгт халдлагаас амьд үлдэгсэд зохион байгуулж байгаа бөгөөд мянга мянган сурагчид, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд оролцож, П.Мккартни, Ж.Хадсон зэрэг алдартнууд дуу хоолойгоо нэгтгэн "аюулгүй орчинг" бий болгохыг шаардаж байгаа юм. 200 мянга гаруй эсэргүүцэгчид энэ хөдөлгөөнд оролцсон нь Вьетнамын дайны үеэс хойших АНУ-д явагдсан хамгийн том жагсаалд тооцогдож байгаа юм.

CNN: "Амьдралын төлөөх жагсаал"-ыг тайлбарлах нь

БНСУ-ын ерөнхийлөгчөөр 2008-2013 онд ажиллаж байсан Ли Мюн Бак авилгалын хэрэгт холбогдон, шалгагдаж эхэллээ. Түүнийг гэрээс нь баривчлан Сөүлийн цагдан саатуулах газар хорьжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 10 сая орчим долларын авлига авсан хэмээн буруутгаж байгаа гэнэ. Энэ нь БНСУ-ын одоо амьд буй сүүлийн 4 ерөнхийлөгч бүгд авлигын хэрэгт холбогдож байгаа гэсэн үг юм.

Тэгвэл Францын экс ерөнхийлөгч Никола Саркози ч мөн адил 2007 онд сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ хууль бус эх үүсвэр ашигласан гэх үндэслэлээр баривчлагдлаа. Түүнийг Ливийн удирдагч асан М.Каддафикаас 50 сая орчим еврогийн хандив авсан нь хуульд заасан зарцуулж болох төсвөөс даруй 2 дахин хэтэрсэн хөрөнгө гэж буруутгаж байгаа аж.

Өнгөрсөн сард Нигери улсад 110 орчим сурагч охид хулгайлагдсан гэх аймшигт мэдээ дэлхий нийтийг цочирдуулсан. Тэгвэл энэ лхагва гарагт удтал хийгдсэн хэлэлцээрийн үр дүнд Нигерийн засгийн газрын мэдээлснээр охидыг хулгайлсан Боко Харам бүлэглэл ямар нэг барьцаа нэхэлгүй 104 хүүхдийг сулласан байна.

Дэлхийн хамгийн сүүлчийн эрэгчин умардын цагаан хирс 45 насандаа таалал төгслөө. Кенид амьдарч байсан Судан нэртэй уг хирсийг амьдралынх нь сүүлийн жилүүдэд зэвсэгтэй хамгаалагчид хулгайн анчдаас хамгаалдаг байсан юм. Өдгөө энэ төрлөөс түүний охин, ач гэсэн хоёрхон хирс л дэлхий дээр үлдээд байна. Хуурай газрын хамгийн том амьтдын нэг хирс хэмжээгээрээ зөвхөн зааны ард ордог бөгөөд эвэр нь хар зах зээд 60 мянга гаруй долларын үнэд хүрдэг аж. Сонирхуулахад, өмнөдийн цагаан хирс дэлхий дээр 16 мянга орчим байгаа аж.


Дэлхийн хамгийн ганцаардмал хирс! #WeDidThis хөдөлгөөн хүчээ авав

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Uber-ийн жолоочгүй машин Аризонагийн Темпе хотноо явган зорчигчийг мөргөж, амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газраас шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, холбогдох байгууллагуудаас нарийн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Uber-ийн зүгээс бусад хотод хийгдэж байсан жолоочгүй машины технологийн туршилтаа зогсоожээ. Цагдаагийн газраас цацсан машины бичлэгээс үзэхэд машин үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуйд гарцгүй газраар гарч явсан 49 настай иргэнийг хангалттай хурдан мэдэрч чадалгүй мөргөсөн аж. Жолоочгүй машины туршилтын үед технологи гацах, удирдлага алдах үед жолоог гартаа авах үүрэгтэй хяналтын жолоочийн анхаарал ослын үед сарнисан байсан нь мөн бичлэгээс ил болсон байна.

NYTimes: Жолоочгүй машин хэрхэн хүний аминд хүрэв?

Үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч Dropbox нээлттэй компани боллоо. IPO-оор дамжуулж 756 сая доллар босгох зорилготой тэдний нэгж хувьцаа эхний өдрөө 21 доллараас 36 хувийн өсөлттэйгөөр хаагджээ. Өнгөрсөн жил 1.1 тэрбум долларын борлуулалт хийсэн тэд ингэснээр 12 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй болж байгаа гэсэн үг юм. 500 сая хэрэглэгчтэй тус компанийг үүсгэн байгуулагч Д.Хьюстон 25.2 хувийг эзэмшдэг аж.

MarketWatch: Dropbox-ийн IPO-ийн талаар мэдвэл зохих бүх зүйлс

Фэйсбүүк групп чатууд админы удирдлагатай боллоо. Админууд гишүүн нэмэх, хасах болон чат устгах, зөвшөөрөх, хянах эрх мэдэлтэй байх юм. Үүнээс гадна тэд Телеграм, WhatsApp-тай ижил чат-д нэгдэх боломж олгох тусдаа линк үүсгэх боломжтой болжээ. Сонирхуулахад, зөвхөн өнгөрсөн жил гэхэд өдөрт 2.5 сая групп чат Фэйсбүүк мессенжерт нэмэгдэж байсан гэнэ.

Youtube өнгөрөгч долоо хоногт түүхэндээ анх удаа Америкийн хамгийн их таталттай апп болсон байна. Sensor Tower-ийн мэдээлснээр энэ нь Youtube-ийн апп анх удаа аль нэг улсад чатыг тэргүүлсэн тохиолдол гэнэ. Сурталчилгаагүй, оффлайн горимд хэрэглэх боломж олгосон Youtube Red-ийн ачаар жилийн орлого нь 200 сая доллар давсан гэгдэж буй Youtube хамгийн тогтмол хэрэглээтэй, таталттай апп-д тооцогддог билээ.

Инстаграм хэрэглэгчдээ үзэж буй зураг, аккоунтаасаа шууд худалдан авалт хийх нэмэлтээ туршиж байна. Зөвхөн Америкт нээлттэй байсан уг нэмэлт өдгөө Бразил,Канад зэрэг 8 оронд ашиглагдаж байгаа гэнэ. Сонирхуулахад тэд бусад хэрэглэгчдийн оруулсан пост, сториг өөрийн дагагчдад эшлэн харуулах боломж бүхий retweet-тэй төстэй нэмэлтийг мөн туршиж байгаа аж.

Snap 3D тоглоомын модель хөгжүүлэгч PlayCanvas-ийг худалдаж авлаа. Нэмэлт програм суулгалгүйгээр броузер дээрээсээ модель үүсгэн, хөгжүүлэх боломж олгох PlayCanvas-ийн тусламжтайгаар тэд Snapchat-ийн AR Lens нэмэлтээ шат ахиулж чадна гэж үзэж байгаа аж.

Dropbox-ийн амжилт стартап хөдөлгөөнд итгэл нэмэв

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

763.27 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй болсноор Amazon дэлхийн хоёр дахь үнэ цэнтэй компани боллоо. Оны эхний улиралд хувьцааны үнэлгээ нь 29 хувиар өссөн Amazon Гүүглийг эзэмшигч Alphabet-ийг гүйцсэн нь энэ. Ташрамд дурдахад, Apple энэхүү жагсаалтыг 829 тэрбум долларын үнэлгээтэйгээр тэргүүлдэг билээ.

Google сэтгүүл зүйн салбарт өөрчлөлт хийхийг хүсэж байна. Тэд News Initiative хөтөлбөрөөрөө дамжуулан ирэх 3 жилд 300 сая долларыг төрөл бүрийн төслүүдэд зарцуулна гэдгээ зарлалаа. Google сэтгүүл зүйн бүтээлүүдийг чанаржуулна, тогтвортой бизнес моделийг дэмжинэ, редакцид технологийн инноваци авчирна хэмээн үндсэн зорилгоо тодорхойлжээ.

2034 он гэхэд борлуулалтын орлогоо 60 тэрбум долларт хүргэх "лут" зорилго тавьсан Salesforce байгууллагын клоуд энтерпрайз шийдэл санал болгодог MuleSoft-ийг 6.5 тэрбум доллараар худалдаж авах санал тавилаа. 2006 онд байгуулагдсан MuleSoft өнгөрсөн жил амжилттай IPO хийж, нээлттэй компани болсон бөгөөд Coca Cola, GE, Cisco зэрэг томоохон үйлчлүүлэгчидтэй юм.

Uber Зүүн Өмнөд Азийн зах зээлд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрч, гол өрсөлдөгч Grab-д тус бүс дэх бизнесаа зарж байгаагаа зарлалаа. Нэгдсэн компанийн 30 орчим хувийг эзэмших Uber 2 жилийн өмнө Хятадын зах зээлээс мөн шахагдаж, ижил алхам хийж байсан билээ.

Амазон Гүүглийг гүйцэв! Дүрслэлийн эх сурвалж: Techcrunch

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Black Panther Хойд Америкийн зах зээл дэх бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон супер баатартай кино боллоо. Нийт 624 сая долларын орлого цуглуулснаараа тэд 2012 оны Avengers-ийг гүйсэн гэсэн үг. 200 сая долларын төсөвтэй бүтсэн уг кино нээлтээ хийсэн долоо хоногтоо зарлагаа нөхөж, одоогоор дэлхий даяар 1.2 тэрбум долларын орлого олоод байгаа билээ.

Дэлхийн хамгийн алдартай хөзрөн тоглоомуудын нэг Dragon Ball-ийн гар утсанд зориулсан шинэ хувилбарыг танилцууллаа. Энэ оны сүүлээр нээлтээ хийх уг тоглоом нь PvP буюу хэрэглэгчдийг өөрт байгаа картаа ашиглан хоорондоо шууд өрсөлдөх боломжийг олгоно гэдгээрээ онцлогтой. Уг тоглоом нь Google Cloud Platform дээр суурилах аж.

Английн алдарт охидын хамтлаг Spice Girls гишүүн тус бүрийн дүрээс сэдэвчлэн бүтээх бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийх гэрээг байгууллаа. Хамтлагийн гишүүд супер хүчтэй охидын дүрд өөрсдөө дуу оруулах аж.

Нью-Йорк мужийн ерөнхий прокурор удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж сэжиглэгдэж байсан Холливүүдийн продюсер, медиа могул Харви Вейнштейнийг яллаагүй шалтгааныг тодруулахаа амлав.

Ocean's Eleven, Magic Mike зэрэг шилдэг бүтээлүүдийн найруулагч Стивен Содерберг зөвхөн iPhone 7 ашиглан хийсэн Unsane нэртэй киногоо нээлээ. Тэрээр iPhone-ийг киноны салбарыг өөрчлөх төхөөрөмж хэмээн үнэлж, утсаар хийх 2 дахь киноны ажилдаа аль хэдийн орсон гэдгээ зарлажээ.

iPhone-оор бүтээсэн кинонд өгөх таны үнэлгээ?

алдалгүй унших арван мэдээ

CNN: Каталаны экс удирдагч Германд баривчлагдлаа
Coinseed: Coinseed-ийн ICO эхэлж, эхний өдрөө 1 сая доллар босголоо
Vox: Америкийн 1.3 триллион долларын төсвийг задлах нь
The Verge: Apple хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эможи бүтээнэ
Politico: Трампын Хятадад тавьсан хоригийн нөлөө
Reuters: Швейцарьт Рио Тинтотой холбоотой дансыг битүүмжилжээ
Variety: Pacific Rim-ийн шинэ анги Black Panther-ийг гүйцэх үү?
BBC: Австрали-Английн хооронд анхны шууд нислэг үйлдэгдлээ
Reuters: Baidu Хятадад жолоочгүй машин турших зөвшөөрөл авлаа
Recode: DocuSign IPO хийнэ

23259   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

Minjin B.




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.