Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   03 сарын 26, 2018

Онцлох бизнес: Shoppy.mn - Хиймэл оюунд суурилсан онлайн худалдаа

Shoppy.mn бол Монголын анхны хиймэл оюунд суурилсан онлайн худалдаа, маркетингийн цогц систем. Дэлхийн болон үндэсний том брэндүүдийн төрөл бүрийн, чанартай бараа бүтээгдэхүүнийг онлайнаар захиалж, богино хугацаанд хүссэн газартаа хүргүүлэх боломжийг тэд санал болгодог. Бид Shoppy-гийн эрч хүчтэй, бүтээлч хамт олныг зорьж, хамтран үүсгэн байгуулагч Золжаргалтай ярилцсанаа хүргэж байна.

Бизнесийн нэр:
“Shoppy.mn” Онлайн худалдааны дэлгүүр
Үйл ажиллагааны чиглэл: Интернет худалдаа, маркетингийн зөвлөгөө
Үүсгэн байгуулагдсан он: 2016
Хамтран үүсгэн байлуулагч: А. Золжаргал
Ажилтны тоо: 20
Сошиал хуудас: shoppy.mn, Shoppyofficial

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Дэлхийн том брендийн бараа бүтээгдэхүүнийг хүмүүс Монголдоо авч хэрэглэхийг хүсдэг боловч ихэнх нь Монголд орж ирэх боломжгүй байдаг. Тиймээс IKEA брэндийн бүх барааг худалдан авч болох онлайн сайтыг манайх 2016 оны 9-р сард гаргаж байсан юм. Тус системээр олон хэрэглэгч захиалга өгч байсан нь онлайн худалдааны хэрэгцээ байгааг харуулсан. Улмаар тус системээ хөгжүүлж, төрөл бүрийн брэндийн барааг хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлэхээр ажилласан. 2017 оны 1 сарын 1-нд Монголд албан ёсоор зарагдаж буй Adidas, Reebok, Levi’s, Crocs зэрэг брэндийг багтаасан дараагийн хувилбараа гаргасан. Бусад компаниудаас хамтарч ажиллах хүсэлт ихээр ирж байсан тул одоогийн маркетинг, худалдааны цогц системээ үүсгэсэн гэж болно.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анхны санхүүжилтээ бусад бизнесийнхээ орлогын эх үүсвэрээр буюу өөрсдийн хуримтлалаар шийдсэн. 2017 оны дундаас эхлэн үйл ажиллагаа эрчимтэй өргөжиж эхэлсэн тул стратегийн хөрөнгө оруулагч, түншүүдийг оруулж ирсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай Shoppy.mn зөвхөн интернет худалдааны сайт бус худалдаа, маркетингийн цогц систем. Бид хиймэл оюун ухааны тусламжтай хамтрагч байгууллагуудын борлуулалтыг нэмэгдүүлэх ахисан түвшний технологийн шийдлийг Монгол улсад анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна. Манай Shoppy бол "ухаалаг амьд" систем. Одоогоор манайхтай адил төстэй систем Монголд байхгүй байна. Амьд гэдэг нь барааны мэдээлэл автоматаар орно. Лояалти систем, бэлгийн карт зэрэг бүх төрлийн урамшуулал, хямдралыг дэмжиж ажилладаг.

Amazon, Google-ийн стандартын адил интернет хэрэглэгчийг бүртгэх, дагах "ухаалаг" системийг нэвтрүүлсэн. Хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчийн зан төлөвийг шинжиж судалдаг. Түүнчлэн зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдаалаад зогсохгүй борлуулалтыг дэмждэг маркетингийн үйлчилгээ үзүүлж байна.

АШИГЛАЖ БУЙ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫХАА ТАЛААР ТАЙЛБАРЛАХГҮЙ ЮУ?

Shoppy.mn одоогоор хамгийн их бараа бүтээгдэхүүнтэй худалдааны онлайн платформуудын нэг. Энэ их мэдээллийг уламжлалт гар аргаар оруулах нь оновчтой шийдэл биш тул бид хиймэл оюун ухааныг бараа бүтээгдэхүүнийг хайж олох, ангилах, тайлбарыг орчуулахад ашигладаг. Мөн хиймэл оюун ухаан нь бүх төрлийн мэдээллийг зургаар таних болон хайх, хэрэглэгчийн зан төлөвийг судлах, зөв барааг зөв хүндээ санал болгон хүргэх хэрэгсэл болж өгдөг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Хиймэл оюун ухаан, сошиал медиа, “big data”, “geodata” зэрэг нь бидний төсөөллөөс ч илүү хурдтай хувьсаж бүхнийг өөрчилж байна. Онлайн худалдааны салбарын тоглоомын дүрэм ч маш богино хугацаанд маш түргэн өөрчлөгдсөөр байна. Бид эдгээр өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхаж төрөл бүрийн технологийн гайхамшигт шийдлүүдийг Монголдоо нэвтрүүлж, улс орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах итгэл үнэмшлээр хөтлөгдөн ажиллаж байна.

*Bigdata буюу их өгөгдөл нь том хэмжээтэй дататай харьцах тухай цогц ойлголт юм.
*Geodata буюу газар зүйн байршлыг ашиглан нарийвчилсан мэдээлэл үүсгэх ойлголт юм.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Интернет худалдаа бол итгэл, чанар дээр суурилсан бизнес. Тиймээс хэрэглэгчдэд хамгийн чанартай, найдвартай бараа бүтээгдэхүүнийг хамгийн хялбар, хурдан аргаар хүргэх нь бидний баримталдаг гол зарчим. Хэрэглэгчдэд яг өөрт нь тохирсон хэрэгтэй барааг санал болгох нь мөн чухал.

Бид харилцагч байгууллага болон худалдан авагч хоёрын хооронд гүүр болж байна. Дэлхийн алдартай брэндүүдийг төлөөлж, тэдний нүүр царай болж байгаа платформ. Тиймээс бүх талдаа үзүүлэх үйлчилгээг төгс болгохын тулд хичээж олон зүйлийг хийж хөгжүүлж явна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид Shoppy.mn системийг анх хөгжүүлж эхэлсэн цагаасаа л хиймэл оюун ухааныг туршиж ирсэн. Монголд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн худалдааны анхны компаниудын нэг гэж болно.

Манай платформ дээрх мэдээлэл өдөр ирэх тусам ихсэж байгаа тул хиймэл оюун ухааны тусламжтай дата анализ, геодата үүсгэж, хайлтуудыг хийж байна. Олон компаниас хамтран ажиллах, нэгдэх хүсэлт ирж байгаа. Бид урьд нь туршсан шийдлүүдээ улам боловсронгуй нарийн хөгжүүлж, олон шинэ шийдлийг хэрэглэгчдэдээ танилцуулахаар төлөвлөж байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Анх манайхаар хүмүүс үйлчлүүлэхдээ яг хүргэлтээр ирэх үү, ориг бараа мөн үү гэсэн хандлага гаргадаг байлаа. Эхний хүргэлтүүдээ хийж, үйл ажиллагаа өргөжих тусам хүмүүсийн итгэх итгэл нэмэгдэж байна. Түрүүн хэлсэнчлэн интернет худалдаа бол итгэл, чанар дээр суурилдаг. Одоо хэрэглэгчид маань амьдралыг нь хялбарчилж байгаад маш сэтгэл хангалуун байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Технологийн бизнес тэр дундаа онлайн худалдааны бизнесийг хөгжүүлэхэд асар их хугацаа ордог. Олон залуус замаасаа шантарч гарахыг бид харлаа. Оюуны бүтээл гаргахад цаг хугацаа, итгэл үнэмшил, тэвчээр шаардагддаг шүү дээ.

Нөгөө талаас бид үнэхээр өөрсдийн хүч хөдөлмөрөөр амжилтыг бий болгож байна. Энэ бол цэвэр хөдөлмөр. Энэ бүхэн амар биш ч саяхан Adidas брэнд Shoppy.mn сайтыг Монголд албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Энэ бүхэн бидэнд маш их урам зориг өгдөг.

ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Бид залуу компани тул ямагт суралцаж хөгжиж байна. Хичээвэл боломжгүй зүйл байхгүй гэдгийг ойлгож байна. Хамгийн гол нь монголчууд бид чинь цөөхүүлээ тул хамтарч ажиллаж байж л хамтдаа хөгжинө. Хоорондоо дотроо өрсөлдөөд байхын оронд нийлж том оюунлаг зүйлийг хийж бүтээх хэрэгтэй болов уу гэж боддог.

53296   7


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.