Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 21, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Oogii брэндийн үүсгэн байгуулагч, RackCorp компанийн PR менежер О.Оюунцэцэг

Ярилцлагынхаа ээлжит зочноор бид Австрали улсад бизнесийн салбарт тун амжилттай яваа нэгэн бүсгүйг урилаа. Тэр бол өөрийн нэрийн Oogii брэндийг үүсгэн байгуулж, матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй О.Оюунцэцэг юм. Тэрээр мөн Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “RackCorp” компанийн PR менежерээр ажилладаг бөгөөд хурдтай өргөжиж буй тус компанийг саяхан Монголд салбараа нээхэд голлох үүргийг гүйцэтгэжээ. Сиднейн Технологийн Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр, Баруун Сиднейн их сургуульд мультимедиа чиглэлээр тус тус магистр хамгаалсан Оогий өмнө нь Австралийн “TVS”, Монголын “Ийгл” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай. Түүнийг цөөн хоногоор Монголдоо ирээд байхад нь бид уулзаж ярилцлаа.

Байршил: Австрали, Сидней хот
Албан тушаал: Oogii брэндийг үүсгэн байгуулагч, Австралийн RackCorp корпорацийн PR менежер
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Mac Airbook 13'
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Нарийн төлөвлөгөөтэйгөөр
Сошиал хуудас: Oogii Flower (фэйсбүүк), Oogii (твиттер), Oogii.com.au (инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Баланстай буюу тэнцвэртэй ажиллахыг чухалчилдаг. Ажилдаа ч, амьдралдаа ч зарчимч байж, цагийн юмыг цагт нь л хийхийг боддог. Сайн ажиллана гээд өөрийгөө орхих, өөрийгөө анхаарна гээд ажлаа цалгардуулах нь зөв биш болов уу.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Энгийн хэрэглээний Word, Excel, Powerpoint ашиглана. Мөн имэйл, утасны календарь хоёрыг хамгийн их ашигладаг. LinkedIn-ээр бизнесийн түншүүдтэйгээ холбогддог. Facebook, Instagram-ийг ажилдаа, Твиттерийг илүү хувьдаа ашигладаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хоёр ажил, гэр бүл гээд энэ бүгдийг зохицуулахын тулд цагаа нарийн төлөвлөх шаардлагатай байдаг. Урт хугацааны төлөвлөгөөгөө 3-5 жилээр гаргаад, түүнээсээ улбаалан 1 жил, 6 сар, сар, долоо хоног, өдрөөр нь ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Тэгэхээр миний цаг хэмнэх хамгийн сайн арга гэвэл цагийн менежмент л юм даа .

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Дэвтэр дээр бичнэ, бас цаг нартай ажил уулзалтуудаа календарь дээр тэмдэглэж тодорхой хугацааны өмнө өөртөө сануулдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Төсөл бичихдээ, төслийнхөө араас явахдаа сайн гэж болно. Нэг эхлүүлсэн бол эцсийг нь үзэх гэж л хичээдэг. Төсөл бичихдээ муугүй гэхээр судалгаа хийх чадвар боломжийн юм болов уу. Мөн багийн ажиллагаа, хүнтэй харилцахдаа өөрийгөө сайн гэж тоодог шүү.

Ар гэртээ гэвэл, өглөөний унд бэлдэхдээ сайн юм уу. Чанартай өглөөний ундгүйгээр өдрийг эхлүүлж болохгүй гэж үздэг юм.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Ажлын онцлог гэвэл байнга л хүмүүстэй харилцаж, шинэ хүмүүстэй танилцаж байдаг. Өдрийн ажил маань ер нь уулзалтаас уулзалтын хооронд өрнөдөг гэж болно. Тэр хүмүүстэй тогтоосон харилцаа холбоогоо байнга өргөжүүлэх, бататгах ёстой. Хүндлэл, харилцан итгэлцэл дээр тогтсон харилцааг бий болгохын төлөө явдаг.

Хэцүү бэрхшээлтэй зүйлс гэвэл RackCorp-ийн салбарууд олон оронд байдаг болохоор уулзалт яриа хийхэд цагийн зөрүүний асуудал жаахан бэрхтэй санагддаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би Монголдоо RackCorp-ийн ажлаар 10-аад хоног ирээд одоо буцах гэж байна. Манай компани салбараа саяхан Монголд нээж, МSC, Үндэсний дата төв, Жемнет, Ай Түүлс зэрэг байгууллага, компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Компанийн үйл ажиллагаа олон улсын хэмжээнд хурдтай өсөж, одоо 12 оронд 23 салбартай болж, засгийн газрууд, томоохон банкууд, эмнэлгүүд, мэдээллийн технологийн компаниуд зэрэг төрөл бүрийн харилцагчтай болоод байна. Манай компани сүүлийн үед дэлхийд мэдээллийн технологийн үйлчилгээний аюулгүй байдлаараа өндөр үнэлэгдэж байгаа шүү.

Oogii брэндийн хувьд бас л амжилт арвинтай явна. Баг маань 20 орчим хүнтэй болсны 3 нь монгол хүн байна. Бас Японы баг маань нэлээд өргөжсөн. Саяхан бид Австралийн David Jones хэмээх хамгийн том дэлгүүрт брэндээ оруулахоор тохиролцоо хийсэн. Манайх Японы Фукуока хотод дэлгүүртэй байсан бол нэмээд Токио хотноо энэ жил студио нээх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ жил гол анхаарлаа Австралийн зах зээлд тавих болно. Би World Supermodel Australia 2018 зэрэг Австралийн миссийн хоёр ч тэмцээнд шүүгч хийхээр сонгогдсон. Үүнтэйгээ уялдуулаад маркетинг сайн хийвэл зүгээр байгаа юм. Мөн мэдээж яваандаа Монголдоо салбараа нээх болно.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж хөгжим сонсдог. Ядарсан алжаасан үедээ Рианнаг ч юм уу, цоглог хөгжим тавина. Заримдаа гэрээ, ээжийгээ санавал ээжийн тухай дуу сонсоно. Тухайлсан, байнга сонсдог уран бүтээлч нэг их байдаггүй юм байна.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Ном унших зав зай бараг гардаггүй юм даа. "Pride and Prejudice" зохиолыг эхлүүлээд дуусгаж чадалгүй удаж байна. Харин Австралийн өдөр тутмын сонингуудыг өглөө бүр уншдаг. Бас вэбсайтуудаас сайн контент уншихыг хичээдэг дээ.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ер нь нээлттэй хүн. Хүнийг сайн сонсдог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 10-аас хэтрэлгүй унтаад өглөөд 6 цагт сэрэхийг хичээдэг. Долоо хоногийн 3 өдөр нь өглөө 6-7-ийн хооронд нэг цаг алхдаг. Харин бүтэн сайны өглөө дураараа унтах дуртай.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Алхах дуртай. Фитнесст явна. Гэхдээ сүүлийн 2-3 сар явсангүй. Фитнесст явбал дорхноо л галбирлаг болчихдог юм. Бас хүүтэйгээ хүүхэлдэйн кино үзэх дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Ном уншиж амждаггүй болохоор урам зориг өгөх богино хэлбэрийн контентууд, амжилттай яваа хүмүүсийн түүхийг унших дуртай. Гоё энергитэй, эрч хүчтэй хүмүүстэй уулзаж, зөвлөгөө авах дуртай. Ийм хүмүүсийн жишээ гэвэл Австралийн нэрт загвар зохион бүтээгч, тэрбумтан Карла Зампати байна. Энэ хүн 70 гарсан атлаа 20 насаар залуу харагддаг. Энэ эмэгтэйтэй анх уулзахад, бизнес сэтгэлгээгүй бол загвар зохион бүтээгээд нэмэргүй, мөн баланстай ажиллах тухай надад зөвлөж байсан юм. Өгсөн зөвлөгөөг нь хэрэгжүүлэх гэж хичээж л явна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Миний гаргасан нэг алдаатай шийдвэр дараа дараагийн зөв шийдвэрүүдийн эхлэл байсан. Өөртөө итгэх итгэлийг өгсөн, өөрөө хүчирхэг байх хэрэгтэйг ойлгуулсан, өнөөдрийн Оогийг бүтээсэн. Би хэцүү зүйлсийг туулж байсан, бүхнийг тэгээс эхэлсэн, тууштай явсан.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хүнд бэрхшээл зовлон бишгүй л тохиолдоно. Харин түүндээ дарлуулж зовох биш, бэрхшээлийг боломж болгон харах хэрэгтэй гэж захья. Энэ зуур хүнлэг байдал, ёс суртахуунаа алдаж болохгүй. Манай захирал ч хэлж байсан, хэдий хүн одоохондоо худал хуурмагаар болоод байгаа юм шиг боловч 5-10 жилийн дараа мөн чанар нь танигддаг гэж. Хувь хүний хамгийн үнэтэй зүйл бол өөрөөрөө, хүнээрээ байгаа байх явдал болов уу. Мөнгө биш хүн чанар амжилтыг дагуулна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Ажилдаа мэргэшсэн чадварлаг эмэгтэйчүүдийг санал болгоё. Сая Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн захирлаар томилогдсон Д.Индра, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, "Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн Б.Цэцэгсайхан нартай ярилцвал сонирхолтой байх болов уу.

179787   20


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Креатив директор:

Zack Batsaikhan

Гэрэл зургийг:

Khantushig Kh.




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.