Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 14, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Medical Departures компанийн дижитал маркетер, загвар өмсөгч, жүжигчин Б.Билгүйтэй

Бид ярилцлагын ээлжит зочноороо Солонгос J&B продакшны бүтээсэн, 3 сарын 21-нд нээлтээ хийх “Хар бороо” уран сайхны киноны гол дүр Б.Билгүйтэйг урилаа. Загвар өмсөгч гэдгээрээ илүү танигдсан тэрээр дижитал маркетер бөгөөд ийнхүү бас жүжигчний карьераа эхлүүлж байгаа нь энэ юм. Монгол улсын усан спортын шигшээ багийн тамирчин байсан Б.Билгүйтэй "Сант" дунд сургуулийг, 2013 онд Бангкокийн их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр тус тус төгсжээ. Өдгөө Тайландад төвтэй АНУ-ын Medical Departures компанид дижитал маркетераар ажиллахын сацуу загвар өмсөгчийн карьераа үргэлжлүүлж буй. Загварын салбарт 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим орны 250 орчим ажилд моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ. Түүнчлэн 2012 онд сайхан залуу шалгаруулах Manhunt International тэмцээнд 53 улсын залуустай мөр зэрэгцэн Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байж. Ингээд компьютер, маркетинг ба энтертэйнмент гэсэн хоёр өөр салбарт амжилттай ажиллаж буй түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Тайланд, Бангкок
Албан тушаал: Medical Departures компанийн дижитал маркетингийн мэргэжилтэн, загвар өмсөгч, жүжигчин, "Хар Бороо" уран сайхны киноны гол дүр.
Хэрэглэдэг гар утас: Samsung S8
Хэрэглэдэг компьютер: Lenovo
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Нарийн төлөвлөлттэйгөөр
Сошиал хуудас: Bilguitei Buyankhishg (фэйсбүүк), Bilguitei (инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний хувьд одоогоор хоёр салбарт ажиллаж байна. Би АНУ-ын Бангкокт төв оффистой Medical Departures компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажилладаг. Манай компани Азийн 10 гаруй орон, Латин Америкийн 10-аад орны эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, эмчилгээний зорилготой аялал жуулчлалыг дэмжих онлайн маркетинг хийдэг юм. Би search engine marketing, search engine optimization чиглэлээр ажилладаг. Вэб хийх, график дизайн хийх зэргээр ер нь олон юм хийх болдог. Мөн Тайландын Origin Property хэмээх үл хөдлөхийн топ 5 компанийн нэгээс маркетингийн ажил авч хийж байгаа.

Маркетингийн ажил маань лхагва гарагийн хурлыг эс тооцвол онлайнаар хаанаас ч хийж болдог учраас надад загвар өмсөгчөөрөө үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгодог. Загвар өмсөгчөөр 8 жил ажиллаад ерөнхийдөө учраа олчихсон гэж хэлж болно.

Тэгэхээр нарийн төлөвлөгөөтэйгөөр олон юмыг зэрэг амжуулдаг арга барилтай гэж хариулъя.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажлууд маань Google Drive, Hangout, Optimize зэрэг Гүүглийн апп, програмууд дээр явдаг. Маркетингийн ажлуудын хандалтын 80-90 хувь нь Google, Facebook-ээс орж ирдэг тул эдгээр платформууд дээр сайн ажиллах шаардлагатай. Вэб үүсгэх, хийх ажлуудаа Dreamweaver, Wordpress дээр хийдэг.
Харин загварын ажлын хувьд инстаграм хаягаа хуваалцаж, өөрийгөө харуулах шаардлага байнга гарна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хүн их ажилтай үедээ бага цагт их ажил амжуулахын тулд цаг хэмнэх, ажлаа автоматжуулах аргуудыг хайж эхэлдэг. Би түүндээ ч тохирсон арга, шийдлээ үргэлж олдог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Drive-ийн excel, doc файлууд дээр тэмдэглээд явчихдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн, асуудал шийдвэрлэхдээ бүтээлч байхыг хичээдэг. Вэб хийх ажил байлаа гэхэд зөв темплэйт олж ашиглах, аутсорс хийлгэх гэх мэтээр аль болох үр ашигтай арга олохыг хичээнэ.

Мөн өөрийгөө аливаад тууштай ханддаг гэж бодож байна. Усанд сэлэлтээр хичээллэдэг байхад өглөө 05:40 цагт босоод л өдрийн 2 бэлтгэл хийдэг байлаа. 6 жил ингэж явсан шүү. Загвараар хэдийгээр багш, тусалж дэмжих хүн байгаагүй ч тууштай явсны эцэст гадны оронд өөрийн гэсэн байр сууриа олоод явж байгаадаа баяртай байдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би өөрийгөө азтайд тооцдог. Дижитал маркетинг гэх одоо хил хязгааргүй болсон, ихээхэн ирээдүйтэй мэргэжлийг эзэмшээд, ажиллаж байна.

Загварын хувьд, Тайланд гэх Азийн загварын гол цэгүүдийн нэгт ажиллаж байна. Анх Тайландад сурахаар ирээд хэл ус муутай, мөнгө олох хэрэгцээ байсан үед хүмүүсийн зөвлөснөөр загвараар оролдож эхэлсэн юм. 2 жилийн турш ихэд хичээж зүтгэсний хүчинд учраа олж эхэлсэн.

Энэ хоёр өөр ажил мэргэжлийг хослуулж яваа маань ажлын гол онцлог юм даа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Тоглосон киноны маань нээлт ирэх 7 хоногт буюу 3 сарын 21-нд болох гээд Монголдоо нэг сарын хугацаатай ирчихээд байна. “Хар бороо” уран сайхны кино нь Солонгосын J & B компанийн бүтээсэн, Солонгосын бизнесийн салбарт ажиллаж байгаа монгол залуугийн амьдралыг харуулсан адал явдалт жанрын кино юм. Орчин үед монгол хүмүүс гадаадад хэрхэн амьдарч, хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлсэн, маш шинэлэг зохиолтой кино. Тус компани уг кинондоо монгол жүжигчин тоглуулахад гээд нэлээд их судалгаа хийсэн юм билээ. Гадаад хэлний чадвар, дүр төрх, энтертэйнмент салбарт ажиллаж байсан туршлага гээд олон зүйлийг харгалзан надтай холбогдон санал тавьсан.

Миний хувьд анх удаагаа кинонд дүр бүтээсэн. Энэ кино бүхэлдээ намайг сорьсон гайхалтай төсөл байлаа. Сурах юм мэдээж их, амаргүй байсан. Хэдий жүжигчний анхны алхам боловч камертай ажиллаж сурсан маань тус дэм болсон. Цаашдаа тус компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Мөн бусад монгол жүжигчидтэй ч хамтраад явах байх.

Medical Departures компанийнхаа ажлыг эндээсээ хийдгээрээ хийгээд л явж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байхдаа хөгжим тавина аа. Транс сонсоно. Мөн epic төрлийн хөгжимд дуртай. Энэ төрлийн хөгжим эрч хүч өгдөг юм. Бас Дима Биланы фэн. Түүний түүх надад бага байхаас л урам зориг өгдөг байсан.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Ном унших боломж нэг их гардаггүй юм даа. Баабар гуайн нийтлэл, гаргасан номуудад дуртай. Компьютерийн чиглэлийн, мэргэжлийн юмнуудаа л интернэтээр их уншиж суралцдаг. Асар хурдтай өөрчлөгддөг энэ салбарт хоцрогдох аюултай учир байнга л шинийг сурч байдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Тухайн үеийн нөхцөл байдлаасаа, хэнтэй харилцаж байгаагаас л болно доо. Ер нь би үзэл бодол нийлсэн хүмүүстэй илүү ойртож найзалдаг талдаа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой унтаж орой сэрдэг. Боломж байвал сайн унтаж амрахыг бодно. Шөнө 11, 12 хүртэл ажиллаад өглөө 10 цаг хавьд босох нь элбэг. Босоод шууд фитнесс хийгээд өглөөнийхөө цайг хүмүүсийн үдийн хоолны цагаар уудаг даа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цаг гэж ховор шүү. Ажил гайгүй үед интернэтээр кино үзэх дуртай.


ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Урдаа тавьсан зорилгоосоо. Анх том ажил авахыг их мөрөөддөг байлаа. Одоо миний зураг Бангкокийн Central World их дэлгүүр дээр, BTS гээд дээгүүр явдаг вагоны буудал дээр байдаг юм. 70 сая хүнтэй улсын тийм төв байршил дээр өөрийн зургийг харах үнэхээр агуу, үгээр хэлэхэд хэцүү мэдрэмж юм байна лээ.

2015 онд бас BMW компанийн ажилд хэдэн зуун хүнтэй өрсөлдөж 12 охины хамт ганцаараа эрэгтэй моделиор сонгогдож байлаа. Тэгэхэд үнэхээр сайхан санагдсан. Одоо мэдээж урдаа шинэ зорилгууд тавьсан. Түүндээ хүрэхийн төлөө зүтгэнэ дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

“Хурдан уна”. Сонин сонсогдож байж магадгүй. Онлайн маркетинг бүх зүйл дээр тест хийдэг. 20 туршилт хийлээ гэхэд 1 нь ажиллаж 19 нь унадаг гэх үү дээ. Тэгэхээр уналт бүрийг алдаа гэж тооцолгүй амжилт, шинэ зүйлийг сурч байдаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Дижитал маркетингийн хувьд бидний өмнө маш их боломж байна. Энэ чиглэлээр яваа залуус бүх интернэт хэрэглэгчийг нэг л улс гэж хараарай. Интернэт хэрэглэгчид цөөхөн жилийн дараа гэхэд л тэрбум тэрбумаар нэмэгдэнэ. Дижитал маркетингаар гадаадын ажил авч хийдэг болбол Монгол улсад том хөрөнгө оруулалт болно.

Загварын тухайд, загвар өмсөгчийн курст суугаад сертификат авах ёстой гэсэн бодол түгээмэл байдаг. Сертификат бол бодит байдал дээр үнэндээ чухал биш. Үйлчлүүлэгчид хэн таалагдана, тэр л ажил авдаг. Нэгдүгээрт дүр төрх гэх мэт суурь үзүүлэлтүүд, хоёрдугаарт гадаад хэл, гуравдугаарт харилцаа чухал гэж хэлмээр байна. Гадагшаа ажиллахыг хүсвэл Хонгконг, Сингапур, Тайланд зэрэг Азийн загварын том цэгүүдэд очоод ажиллах боломжтой. Аль болох залуугаасаа эхэлбэл бүр л сайн. Яваандаа гадаадад загвар өмсөгчөөр ажиллах хүсэлтэй залууст зааж зөвлөнө гэж бодож байгаа.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Шинэ үеийн, шинээр гарч ирж байгаа өөр үзэл бодолтой залуучуудаас урьж оролцуулаарай гэж хүсье.

Гэрэл зургийг Х.Хантүшиг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй

99197   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.