Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   03 сарын 12, 2018

Онцлох бизнес: BioAmidral Store - Монголын хамгийн анхны БиОрганик дэлгүүр

Өнөөдөр бид нэн шинэлэг, асар хэрэгцээт нэгэн бизнесийг онцолж байна. Нээгдээд сар гаруй л болж буй БиоАмьдрал дэлгүүр нь байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай төрөл бүрийн органик бараа бүтээгдэхүүнийг худалддаг, түүнчлэн био амьдралын хэрэглээ, ач холбогдлыг хүмүүст сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан хүргэдэг аж. Бид эерэг дулаахан уур амьсгалтай, гоё үнэртэй, сайхан мэдрэмж төрүүлэх тус дэлгүүрийг зорьж, үүсгэн байгуулагчид болох Ожинка, Соло нартай ярилцсанаа хүргэж байна.

Бизнесийн нэр: "BioAmidral" Органик дэлгүүр
Байршил: Хүнсний 4-өөс урагшаа уруудаад, замынхаа зүүн гар талд Вьетнам Pho шөлний газрын хажууд.
Үйл ажиллагааны чиглэл: Органик бараа худалдаа, сургалт, үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Үүсгэн байлуулагчид: А.Очгэрэл, Б. Соёл-Эрдэнэ
Ажилтны тоо: 5
Сошиал хуудас: BioAmidral Store

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Ожинка: 2016 оны 7-р сард эрүүл амьдралын талаар ярилцах, туршлага хуваалцах эмэгтэйчүүдийн "Био амьдрал" фэйсбүүк групп нээгдэж, би чиглүүлэгчээр нь ажилладаг байсан юм. Группээс харахад энэ төрлийн хэрэгцээ маш их байгаа нь анзаарагдсан болохоор энэ чиглэлд ямар нэг юм хийх ёстой юм байна гэдгийг ойлгож, дэлгүүрийн санааг анх гаргасан. Дэлгүүрийг нээх, ажиллуулах урам зориг сэдлийг бол манай хамтрагч надад өгсөн.

БиоАмьдрал үгийн тухай ТАЙЛБАРЛАХГҮЙ ЮУ?

Био гэдэг нь Грекээр амьдрал гэсэн утгатай, "байгалийн" гэсэн үг юм. Био амьдрал гэдэг нь монголоор зөв амьдрал гэсэн санаа юм. Био амьдрал гэхэд тогтсон ойлголт байхгүй, хүмүүс жаахан гайхаж хүлээж авдаг. Био цай ууж, био хоол идэж, бүх л зүйл дээр био бүтээгдэхүүн хэрэглэдэг юм байна гэсэн ойлголт түгээмэл. Гэвч био амьдрал гэдэг нь зөв амьдрал, эрүүл амьдралын чиг хандлагыг хэлж байгаа юм. Энэхүү чиг хандлагыг хүмүүс хэрэглээ, хүнс, бүх зүйл дээр тусгаж болдог. Био гэдэг нь Европт хэрэглэгддэг, органик гэдэг нь Америкт түлхүү хэрэглэгддэг үг хэллэг. Бид хоёр энэ үгийг монголчлоод хүн болгонд ойлгомжтой байлгахын тулд био органик гэсэн нэршил гаргаж ирээд байгаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Соло: Хөрөнгө оруулалтыг нөхөр бид хоёр өөрсдөөсөө гаргасан бөгөөд нөхөр маань манай дэлгүүрийн зөвлөхөөр ажиллаж, бидэнд зөвлөгөө өгч, бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Мөн бид гэрлийнхээ чийдэнгээс авахуулаад ихэнхи зүйлийг гар аргаар хийж, байгальд ээлтэй байлгах гэж хичээсэн нь эдийн засгийн хувьд ч өөрөө хэмнэлттэй туссан. Одоогоор, сарын хугацаанд үйл ажиллагаа явуулахад дэлгүүрээс маань ямар ч хог хаягдал гараагүй байна.

Бид гаднаас ирсэн барааны хайрцгаар бүтээгдэхүүнийхээ сав боодлыг гаргаж авдаг. Гялгар уутгүй дэлгүүр гэдгээ тайлбарлахад хүмүүс эерэгээр хүлээж авдаг шүү. Хэрэглэгч нар маань дараа дараагийн худалдан авалтандаа өөрсдөө ууттайгаа ирдэг болсон.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

Ожинка : Манай дэлгүүрийн хамгийн гол онцлог бол бид Гурван "М"-ийг зардаг. Энэ бол мэдрэмж, мэдээлэл, мэдлэг юм. Нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй үнэ цэнтэй зүйлийг манай дэлгүүрээс хүн авч болно. Үйлчлүүлэгч зөвхөн худалдан авалт хийх нь чухал биш, энэ дэлгүүрээр орж ирээд гоо сайхны таашаал аваад, био амьдралын талаар мэдээлэл мэдлэг аваад гарвал бидний зорилго биелнэ. Бид амьд харилцааг маш ихээр дээдэлдэг. Тиймдээ ч одоогоор ямар нэгэн сэтгүүл сониноор дэлгүүрийнхээ талаар мэдээлэл тавиагүй байгаа, асуух зүйл байвал хүрээд ир гэсэн уриатай ажиллаж байна.

Амьтан дээр туршсан бүтээгдэхүүнүүд огт зардаггүй. Бүтээгдэхүүний сав баглаа болгон хөрсөнд хоргүй шингэдэг, дан ганц хүндээ эрүүл байх биш хэрэглэсний дараа байгальд ээлтэй байх хэрэгтэй гэдгийг чухалчилж байгаа. Учир нь байгальд ээлтэй бол автоматаар хүнд хоргүй гэсэн үг. Одоо үед хүмүүс эрүүл мэндээ л бодоод сав баглаанд ач холбогдол өгөхгүй байна. Бид аливаа нэгэн юм сонгохдоо хортой юу хоргүй юу, энэ цаас дахин боловсруулагдсан уу үгүй юу гэх мэтээр нарийн шалгадаг.

Соло: Өөрийнхөө идэж болох зүйлийг арьсан дээрээ түрх гэдэг уриатай. Манай бүтээгдэхүүнүүд бүгд байгалийн бүтээгдэхүүнээс гадна, био сертификаттай учир гарлын үүслээ итгэл дүүрэн тайлбарлана. Түүнээс гадна манайх сургалт явуулж байна. Тусгай сургалтын өрөөнд хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг өөрийн гараар хийх талаар суралцаж, өөрийн гэсэн бренд бүтээгдэхүүнтэй болох боломжтой.

Сургалтууд маань төлөвлөгөөнөөс хамаараад гоо сайхан, арьс арчилгаа гээд төрөл бүрийнх байдаг. Хэрэглэх бүтээгдэхүүнээ өөрийн гараар хийхээр ялангуяа эмэгтэй хүмүүст аз жаргалын гормон ялгардаг. Баяр баясгалангаар дүүрэн эмэгтэйчүүдийг байнга харах болсондоо баяртай байна.

Үүдний хэсгийг гоёмсгоор чимсэн гар хийцийн чийдэнгүүд

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Соло: Бидний тавьсан том зорилго бол Монголдоо био органик бүтээгдэхүүний шинэ стандартыг тогтоох явдал. Био органик бүтээгдэхүүний ургаж байгаа хөрс нь, агаар нь эрүүл байх ёстой. Хэрэглэгдэж байгаа бордоо, бүх зүйл нь органик байгалийнх байх учиртай. Жишээ нь бид нарын ууж буй цай хүртэл хог хаягдал бололгүй бордоо болох ёстой юм.

Манай дараагийн зорилго бол үйлдвэрлэл. Бид Европын чанар сайтай бүтээгдэхүүнүүдийг судалж оруулж ирж байгаа ч цаашдаа монгол хөрсөн дээрээ чанарын өндөр стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Юм болгон шат дараалалтай байдаг. Монголдоо амжилттай үйлдвэрлэл хийвэл дараа нь экспортоор гаргая гэсэн зорилго байна.

Дэлгүүр доторх "амьд" био агаар цэвэршүүлэгч

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Ожинка : Био амьдрал дэлгүүрийн нэг үнэт зүйл бол “fair trade” буюу бүх зүйл итгэл үнэмшил дээр тогтох ил тод байдал. Яг л ийм хандлагаар бид үйлчлүүлэгчид, нийлүүлэгчидтэйгээ харьцдаг.

Соло : Европт био-органик дэлгүүрүүд хүний хөлсийг мөлжиж бий болоогүй бараа зарах, ажилчдаа илүү цагаар ажиллуулахгүй байх гэх мэт зарчим барьдаг. Бид ч гэсэн энэ зарчмыг баримталж байгаа. Хэдий манай дэлгүүр жижигхэн, цөөн ажилтантай ч бүх зүйл шударга, хуулийн дагуу явуулахыг зорьдог.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Ожинка: Бид юуны түрүүнд дотоод нийлүүлэгч нараа сайн судалж байна. Ялангуяа би сүүлийн 18 жилд Монголд амьдраагүй учир судалгаа сайн хийх шаардлагатай байгаа. Монгол эмэгтэйчүүд био органик бүтээгдэхүүнүүдийг өөрийн гараар хийх, үйлдвэрлэх чадвартай ч чиглэлээ олохгүй байгаа юм шиг санагддаг. Дотоод үйлдвэрлэгч нартай уулзаж ярилцаад био стандартыг бий болгохын тулд тулж ажиллаж байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Ожинка: Манай арьс арчилгааны сургалтанд суусан нэг эмэгтэй маш эмзэг арьстай, Монголд буй сайн, үнэтэй гэсэн бүх арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнгүй байсан. Манай сургалтанд хамрагдан, өөрөө тосоо найруулаад хэд хоногийн дараагаар дэлгүүрт нулимс нь цийлгэнэсэн орж ирсэн. Өөрт тохирох бүтээгдэхүүнийг гаргаж аваад манай үйлчилгээнд маш сэтгэл хангалуун байсан шүү.

Мөн манайхаас ээж нар эко угаалгын нунтаг их авч байна. Эхлээд туршилтын маягаар бага хэмжээгээр авдаг байсан бол одоо литр литрээр нь авдаг болсонд баяртай байна. Хамгийн гол нь бид нар үйлчлүүлэгч нартайгаа найзтайгаа харьцаж байгаа юм шиг дотно байдаг. Бүтээгдэхүүн авахгүй ч гэсэн ороод гарж байх, мэдлэг мэдээлэл солилцоход манай дэлгүүрийн үүд хаалга ямагт нээлттэй байдаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Соло : Био органик амьдрал гэдэг тансаг зэрэглэлийнх биш ч хоёрдогч, гуравдагч хэрэглээ буюу боломжийн амьдралтай хүмүүсийн хэрэглээ болж таардаг тул бүх л хүнд хүрч ажиллах боломж хомс байдаг нь жаахан харамсалтай.

Ожинка: Монголын зах зээлд “органик” гэж нэрлэгдсэн маш олон бараа бүтээгдэхүүн байна. Бид хийж бүтээж байгаа хүмүүсийг үгүйсгэхийг хүсэхгүй байгаа ч хүмүүс органик гэж юу болох талаар мэдээлэл их дутмаг байна. Жишээ нь нэг охин өөрийн хийсэн янз бүрийн өнгө, хэлбэртэй лааг манай дэлгүүрт авчирч танилцуулахад, өөрөө хийсэн болохоор лаагаа органик бүтээгдэхүүн мөн гэж бодож байх жишээтэй. Биднийг зааж тусалсны дараа тэр охин тун удалгүй дэлхийд нийлүүлэх хэмжээний органик лаа хийгээд аваад ирсэн шүү. Энэ мэтээр бид хүмүүсийг шүүмжлэхээ урьтал болголгүй хамтарч ажиллахыг зорьж байна.

Мэдээж хэцүү бэрхшээлээсээ эерэг сайн тал нь хавьгүй их. Бид хоёр энэ бизнесийг эзэмшиж байгаагаас гадна хэрэглэгч нар шүү дээ. Хэрэглэгч талаасаа хэлэхэд өөрийнхөө хувцсыг, хүүхдийнхээ хувцсыг 100 хувь органик бүтээгдэхүүнээр угааж байна, органик цай ууж байна гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Бид өглөө ажилдаа ирэх гэж маш их яардаг. Хэрэглэгч маань ч аз жаргалтай, био органик гэдэг нь тансаг хэрэглээ бус, зөв амьдралын хэрэглээ юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаад баяртай байдаг.

ЭЦЭСТ НЬ, БИО АМЬДРАХЫН АЧ ТУС, АМЬДРАХААР ЗОРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Соло: Жижигхэн зүйлээс эхлээсэй гэж хүсэж байна. Хамгийн түрүүнд хүнсний дэлгүүр лүү уутаа бариад явчихдаг, усны хэрэглээгээ багасгаж шүдээ угаахдаа усаа гоожуулахгүй байдаг, шилтэй бүтээгдэхүүнийг хэрэглэчхээд хаяхгүй дахин хэрэглэдэг, хоолны сав, усны саваа авч явдаг байгаасай гэж хүсэж байна. Бид байгальд ээлтэй амьдрахын тулд асар жижигхэн зүйлээс эхлэх боломжтойгоо санах хэрэгтэй. Бид нар далайгүй болохоор нэг их анхаардаггүй хэдий ч өнөөдөр далайн бохирдол хурцадмал түвшинд хүрчхээд байгаа шүү дээ.

Ожинка: Био амьдралыг сонгоход миний эрүүл мэндийн байдал нөлөөлсөн. Би өөрөө арьсны экземтэй учир био амьдрах шаардлага гарч ирсэн. Энэ нь сэтгэл санаа ямар байна, тэр нь биен дээр илэрдэг онцлогтой. Ээлтэй юм идэж, эерэг амьдрах нь хүнд маш сайнаар нөлөөлдөг. Хэдий миний экзем өвчин бүрэн эдгээгүй ч хавьгүй дээрдсэн. 100 хувь био амьдарна гэж байхгүй, хааяа ганц хоёр болохгүй юм идэхэд тэр нь биен дээр илэрдэг. Энэ нь бохир ус хийвэл үхэх, цэвэр ус хийвэл ургах цэцэгтэй адил.

Био амьдрах, хог хаягдалгүй амьдрах нь тансаг, өртөг өндөртэй амьдрал гэсэн түгээмэл ойлголт байдаг, харин ч эсрэгээрээ маш их мөнгө хэмнэдэг, эдийн засаг болоод байгальд ээлтэй хэв маяг шүү гэдгийг эцэст нь дахин сануулъя. Ер нь уутан тор бариад, өөрийн гэсэн аягаа бариад явах нь энэ зууны тренд болж байгаа шүү дээ. Бусдыг "Ивий дээ энэ даавуун тор бариад явж байна" гэсэн материаллаг хандлагаар биш, ямар хэрэглээтэй хүн бэ гэдгийг нь харж байгаасай гэж хүсэж байна.

Оч гэрэлтсэн жинхэнэ байгалийн хайранд БиоАмьдралын Соёл эрдэнэ-ийг танд түгээе!

Гэрэл зургийг: Х. Хантүшиг

Энэ ташрамд, бид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран эхлүүлсэн #NoPlasticChallenge-аа дурдахыг хүсэж байна. Нэг удаагийн хуванцар хэрэглэлүүдээс татгалзаж, байгальд ээлтэй амьдрахыг уриалсан энэхүү challenge-ийн дүрэмтэй та эндээс дэлгэрэнгүй танилцаарай :
Хуванцрын хэрэглээг хэрхэн багасгах вэ? + #Noplasticchallenge-ийг эхлүүлэх нь

52688   5


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.