Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 11, 2018

7 хоногийн тойм: Урагшлахын төлөө тэмц! + Түүхэн уулзалтын сураг + Одод гялалзсан Оскар

Ковер зургийн тайлбар: Ж.Киммел ба Оскарын дуулиант тайз

дэлхий дахинд 

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Press For Progress буюу Урагшлахын төлөө тэмц уриан дор өнгөрсөн энэ жилийн баяр олон улсад хүчтэй өрнөж буй #MeToo аянтай зэрэгцсэнээрээ илүү утга агуулгатай, хүчтэй мессеж өгч чадсан юм. Барби О.Уинфри, А.Эрхарт, Ф.Кало зэрэг хүчирхэг эмэгтэйчүүдийн дүрст 17 төрлийн шинэ тоглоомуудаа гаргаж, McDonalds зарим салбарууддаа логог эргүүлж W үсэгтэй болгон, P&G #WeSeeEqual аянаа зарлан, KFC хурандаа Сандерсыг эхнэртэй нь танилцуулж, Starbucks Малала сантай хамтрах болсноо зарлажээ.

Unread: Урагшлахын төлөө тэмц!

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын лидер Ким Жон Уны уулзах хүсэлтийг хүлээн авч, 5-р сард хэлэлцээрийн ширээнд суух болсон нь энэ долоо хоногийн онцлох мэдээ байлаа. Хойд Солонгосын тал цөмийн зэвсэг хөгжүүлэх, турших бүх ажиллагаагаа зогсоож, БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа мөн мэдэгдсэн юм. Хэдийгээр дэлхий нийтийн анхаарлын төвд буй уг уулзалт хаана явагдах нь тодорхойгүй байгаа ч Монгол улс боломжит байршилд тооцогдож байгаа билээ.

Vox: Трамп Хойд Солонгосын лидертэй уулзсан анхны ерөнхийлөгч болох уу?

Хятадын Ардын Их Хурлын төлөөлөгчдийн үнэмлэхүй олонхын саналаар Ши Жинпинг бүх насаараа буюу хугацаагаагүйгээр ерөнхийлөгчийн албаа хаших боломжтой боллоо. Санал хураалтад 2964 төлөөлөгчөөс ердөө 2 нь татгалзаж, 3 нь түдгэлзсэнээр үндсэн хуульд өөрчлөлт орсон байна. Өмнө нь 5 жилээр 2 удаа сонгогдох хязгаартай байсан ерөнхийлөгчийн албан тушаалд Ши 2012 онд суусан билээ.

Цахим сургалтын платформ Coursera энэ оны сүүлээс эхлэн дэлхийн топ их сургуулиудтай хамтран онлайнаар бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарлалаа. 31 сая хэрэглэгчтэй, 2700 курс санал болгож буй тэд компьютер, дата аналитик, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр зэрэг олгоно.

Edsurge: Coursera анхны бакалаврын зэрэг олгох хөтөлбөрөө зарлалаа

Их Британид Оросын экс тагнуулч Сергей Скрипал охины хамтаар "үл мэдэгдэх бодис"-д хордож, ухаангүй байдалтай олдсон нь ихээхэн шуугиан тарьж байна. 66 настай Скрипал Британийн тусгай албанд "давхар" ажиллаж байсан хэмээн буруутгагдаж, тэтгэвэрт гарснаасаа хойш 5 жилийн дараа буюу 2004 онд Москвад баривчлагдсан ч 2010 онд Британи түүнийг хоригдол солилцох гэрээний дагуу буцаан авчраад байсан билээ. Түүнийг хордуулсан хэрэгтэй холбоотой 200 гаруй гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа яг одоо явагдаж байна.

БНСУ-ын Пёнчан хотноо 12 дахь удаагийн Өвлийн Паралимпийн наадам нээлтээ хийлээ. Нийт 49 улсын 600 орчим тамирчид 6 спортын төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол улсыг төлөөлөн оролцож буй пара-цанын тамирчин ОУХМ Б.Ганболд 3-р сарын 12, 14, 17-ны өдрүүдэд уралдаанаа хийх юм.

Шинэ барби залуу охидыг урам зоригоор тэтгэх нь гарцаагүй

Оскарын эргэн тойронд

Дэлхийн кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай болж өнгөрлөө. 90 дэх удаагийн ёслолын гол од нь хамгийн их буюу 13 төрөлд нэр дэвшиж, мөн л хамгийн өндөр амжилт буюу 4 төрөлд ялалт байгуулсан The Shape of Water байлаа. Тус кино оны шилдэг бүтээлээр тодорч, найруулагч Г.Дел Торо шилдэг найруулагчийн шагналыг хүртэв. Алтан бөмбөрцгийн ялагч Three Billboards Outside Ebbing, Missouri-ийн гол дүр Ф.МкДорманд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 2 дахь удаагаа хүртсэн бол The Darkest Hour кинонд бүтээсэн алдарт У.Черчиллийн дүрээрээ Г.Олдмэн анх удаа Оскарын эзэн болжээ.

Хэдий найруулагч К.Нолан болон хөгжмийн зохиолч Х.Зиммер нар тус тусын төрөлдөө ялалт байгуулж чадаагүй ч Dunkirk 3 төрөлд ялалт байгуулав. Олны таамаглаж байсанчлан шилдэг анимэйшн бүтээлээр Disney/Pixar-ийн Coco тодорсон бол Blade Runner 2049-ийн зураглаагч Р.Дикинс 14 дэх оролдлогоороо анхны Оскараа хүртлээ.

Киноны шилдэг сэдэвчилсэн зохиолын төрөлд Call Me By Your Name бүтээлээрээ ялалт байгуулсан Ж.Айвори 89 настайдаа Оскар хүртэж, түүхэн дэх хамгийн ахмад ялагч болов. Сэтгэлзүйн аймшгийн төрөлд багтах Get Out киногоороо шилдэг найруулагч, шилдэг эх зохиол төрөлд бүгдэд нь нэр дэвшсэн анхны өнгөт арьст уран бүтээлч болсон Ж.Пийл эх зохиолын төрөлд Оскартай буцлаа.

Домогт сагсан бөмбөгч Коби Брайнт Dear Basketball бүтээлээрээ "Шилдэг богино хэмжээний анимэйшн" төрөлд ялалт байгуулсан нь сонирхолтой. Харин Нетфликсийн бүтээл, Оросын тамирчдын допингийн асуудлыг дэлгэсэн Icarus шилдэг баримтат киноны төрөлд ялалт байгуулав. Indiegogo-оор санхүүжилт босгож бүтээсэн The Silent Child нэртэй бүтээл шилдэг богино хэмжээний киногоор тодорчээ.

The Variety: The Shape of Water хэрхэн ялалт байгуулав?
Vox: Оскарын наадмын ялагчид ба ялагдагчид

Топ төрлүүдэд ялсан жүжигчид энэ өдрийн чимэг байлаа

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Uber-ийн үүсгэн байгуулагч Трэвис Каланикс компаниасаа сүр дуулиантай "хөөгдсөн"-өөс хойших олон нийтэд хандсан анхны мэдэгдлээ хийж, шинэ хөрөнгө оруулалтын фирм байгуулж байгаагаа зарлалаа. Тэрээр "10100" нэртэй сангаараа дамжуулж "шинээр их хэмжээний ажлын байр бий болгох" зорилготой, Энэтхэг болон Хятад дахь үл хөдлөх, онлайн худалдаа, инноваци хөгжүүлэлтийн чиглэлийн стартапуудыг дэмжинэ. Uber-ийн 10 хувийг эзэмшиж буй тэрээр 1.4 тэрбум долларын хөрөнгөтэй билээ.

QZ: 10100: Каланикс Хятад, Энэтхэгийг онилов

Кока Кола 130 жилийн түүхэндээ анх удаа согтууруулах ундааны хольцтой ундаа гаргах гэж байна. Японы зах зээлд зориулан гаргах уг ундаа нь будааны архийг хийжүүлсэн устай холин, нимбэгний амттайгаар гарах аж. 3-5 хувийн хатуулгатай уг ундаа шар айрагтай өрсөлдөх боломжтой хэмээн компани үзэж байгаа аж.

Дэлхийн хамгийн том тоглоомын худалдааны сүлжээнүүдийн нэг Toys R Us ирэх долоо хоног гэхэд АНУ дахь бүх салбар дэлгүүрүүдээ хаах бололтой. Өнгөрсөн 9-р сард дампуурлаа зарлаж, бүтэц болон орлогын модельдоо өөрчлөлт оруулах амлалттайгаар шинэ зээлийн шугам нээсэн тэдний уналт Hasbro, Mattel зэрэг бусад тоглоом үйлдвэрлэгчдийн хувьцааг унахад хүргэлээ. Ташрамд дурдахад Lego-ийн борлуулалт сүүлийн 13 жилд анх удаа уналттай гарчээ.

Нэгэн цаг үе Америкийн хамгийн амжилттай менежер хэмээн өргөмжлөгдөж асан М.Шкрели 7 жил хоригдох ял авлаа. Тэрээр дархлааны хомсдолтой өвчтөнд амин чухал хэрэгцээтэй эмийн үнийг үндэслэлгүйгээр 5000 дахин өсгөж, өөрийн үүсгэсэн сангаараа дамжуулан мөнгө угааж, хөрөнгө оруулагчдыг худал мэдээллээр хангасан гэсэн үндэслэлээр буруутгагдаад байсан юм.

Blackberry Facebook-ийг оюуны өмч зөрчсөн хэмээн үзэж шүүхэд өглөө. Тэд Whatsapp, Instagram, Messenger-тээ чатын нууцлал, аюулгүй байдлыг хангахдаа өөрсдийнх нь эзэмшиж буй патентыг ашигласан хэмээн үзэж байгаа гэнэ. Фэйсбүүк үүнийг эрс үгүйсгээд байгаа юм.

Blackberry vs Facebook

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Google хамгийн хүчирхэг квант процессорыг бүтээснээ зарлалаа. Bristlecone нэртэй уг микро процессор нь 72 кюбит хүчин чадалтай, тооцооллын үеэрх алдааны зэргийг 1 хувь хүртэл бууруулж чаджээ. Үүнээс өмнө IBM 50 кюбит компьютер гаргаад байсан юм.

Futurism: Google-ийн квант процессорын талаар мэдвэл зохих бүх зүйлс

Жолоочгүй машины зах зээл дэх өрсөлдөөн улам бүр ширүүссээр байна. Uber энэ оны эхнээс эхлэн Финикс орчимд жолоочгүй ачааны машинаар ачаа тээвэрлэж эхэлснээ зарласан бол Гүүглийн эзэмшдэг Waymo анхны туршилтаа Атлантад амжилттай хийжээ.

Такси үйлчилгээний гол стартапууд болох Uber, Lyft-д аль алинд нь гүйцэтгэх албан тушаал хашиж байсан Т.ВандерЗенден цахилгаан скүүтерийг масс хэрэглээнд нэвтрүүлэхийг хүсэж байна. Түүний үүсгэн байгуулсан, скүүтерийн Uber хэмээн тодорхойлогдсон Bird гэх стартап 300 сая долларын үнэлгээтэйгээр 100 сая долларыг босгожээ.

22 тэрбум долларын үнэлгээтэй буй Snapchat 100 гаруй ажилтнаа чөлөөлж байгаагаа мэдэгдлээ. Тэд зардлаа танаж, бүтээгдэхүүний ялгарлаа илүү тодорхойлохын тулд стратегидаа өөрчлөлт хийж байгаа билээ. Сонирхуулахад, Snapchat энэ долоо хоногоос эхлэн хэрэглэгчид пост оруулахдаа найзуудаа @ хийж "таг"-лах боломжтой болжээ.

Инстаграм хэрэглэгчдэд portrait буюу "хөрөг зураг" авах боломж олгох Focus нэмэлтээ туршиж эхэлсэн байна. Шинээр гарсан iPhoneX-ийн нэг давуу тал болоод буй уг нэмэлтээр зураг авахад хэрэглэгчийн царайг тодруулж, арын хэсгийг бүдэгрүүлдэг билээ.

AR суурьтай технологи хөгжүүлэн, цоо шинэ хэмжээсийг танилцуулах амлалт өгсөн Magic Leap Саудын Арабын засгийн газрын хөрөнгө оруулалтын сангаас 461 сая доллар босголоо. Нэг ч бүтээгдэхүүн гаргаагүй байгаа хэрнээ тэд ингэснээр Google, Alibaba зэрэг компаниудаас нийтдээ 2.3 тэрбум доллар босгоод байгаа юм.

Инстаграм хэрэглэгч бүрийг хөрөг зургаа авахыг санал болгож байна

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Техасын Остин хотноо интерактив медиа болон энтертэйнмент ертөнцийн хамгийн алдартай фестивалуудын нэг SXSW нээлтээ хийлээ. Өнгөрсөн жил 10 өдөр үргэлжилсэн энэ наадамд 400 гаруй мянган хүн оролцож, 5000 зочид илтгэл тавьж, 2000 гаруй хэлэлцүүлэг өрнөж байсан удаатай. Энэ жил кино фестивалд С.Спилбергийн Ready Player One нээлтээ хийж, технологийн хэлэлцүүлэгт Э.Маск оролцон, хөгжмийн наадамд Монголын The Lemons уран бүтээлээ хүргэнэ.

TimeOut: SXSW-ийг зорих 10 шалтгаан

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама Netflix-д зориулж шинэ цуврал бүтээж магадгүй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр дэлхий даяар урам зориг өгөхүйц сонирхолтой түүхүүдийг өгүүлэх шинэ контентод продюсерээр оролцох аж. Сонирхуулахад, Netflix хамгийн алдартай цувралуудын нэг Black Mirror-оо үргэлжлүүлж, 5-р бүлгийг хийх болсноо энэ долоо хоногт зарлажээ.

Нинтенто өөрсдийн хамгийн алдартай франчайзуудын нэг Super Smash Bros-ийг Switch тоглоомдоо зориулан шинээр гаргах болсноо зарлалаа. Хэдийгээр тоглоомын албан ёсны нэр, гарах хугацаа зэрэг нарийн мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч оны сүүлээр худалдаанд гарна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

2019 онд нээлтээ хийх Диснейн видео стриминг үйлчилгээ Марвел болон Оддын дайны контентуудаар шинэ хэрэглэгчдээ татах төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой. Тэгвэл тэд алдарт найруулагч Жон Фавро "Оддын Дайн"-ы шинэ цувралыг бүтээх болсныг зарлалаа. Фавро өмнө нь Iron Man, The Jungle Book зэрэг хит бүтээлүүд дээр ажиллаж олны танил болсон нэгэн билээ.

Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спорт болох бэйсболын лиг MLB-ийн финалын тоглолтуудыг цахим орчинд шууд дамжуулах эрхийг Youtube TV авснаа зарлалаа. Саяхан орон даяар бүрэн хэрэглэх боломжтой болсон Youtube TV 2019 он хүртэл өөрийн платформоор дамжуулан хэрэглэгчдэдээ тоглолтуудыг хүргэнэ. Харин Фэйсбүүк оргил цагийн 25 тоглолтыг дамжуулах эрхийг 30-35 сая доллар төлөн гаргах болсон аж.

Фэйсбүүк дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн хүчирхэг гурван студийн нэг Warner Music-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Фэйсбүүкийн хэрэглэгчид албан ёсны эрхтэйгээр тус лэйблийн дуу, хөгжмийг сонсож, ашиглах боломжтой болж байгаа юм.

Эхлээд Покемон, дараа нь Марио. Одоо харин Super Smash Bros.

Алдалгүй унших арван мэдээ

BBC: Хятад насан туршийн ерөнхийлөгчтэй болох гэж байна
Vox: Трампын худалдааны бодлогын талаар
USAToday: Netflix энэ онд 15 тэрбум доллар олох төлөвлөгөөтэй
Variety: Box Office: Black Panther уу, A Wrinkle in Time уу?
Techcrunch: Андройдын шинэ хувилбарыг шинжих нь
QZ: SpaceX 50 дахь амжилттай нислэгээ үйлдлээ
FOX: Серена Уильямс амаржсаны дараах эхний ялалтаа байгууллаа
NYTimes: 131 жилийн настай лонх Австралийн эргээс олдлоо
CNN: Tower Records-ийг үндэслэгч таалал төгслөө
CNBC: Канадын эмч нар цалингаа нэмэхийг эсэргүүцлээ

13987   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.