Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   03 сарын 10, 2018

Unlock Podcast #28: "Algorithms to Live By" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр Брайан Кристиан, Том Гриффитс нарын бичиж 2016 онд хэвлүүлсэн "Algorithms to Live By" номын тухай ярилцлаа. Алгоритм гэдэг нь компьютер, математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг аливаа үйлдлийн зааварчилгаа бөгөөд эдгээр алгоритмуудыг хүмүүс өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглаж болохыг энэхүү номд тун сонирхолтойгоор өгүүлсэн юм.

НОМЫН ТУХАЙ

Уламжлал ёсоор эхлээд номын зохиогчдын танилцуулъя. Брайан Кристиан бол Уолл Стрийт сэтгүүлийн бестселлер "The Most Human Human" номын зохиогч, Бөрклейн их сургуулийн зочин судлаач, нэр хүндтэй олон сэтгүүлд нийтлэлээ хэвлүүлдэг нэгэн юм. Харин Том Гриффитс Бөрклейн их сургуулийн сэтгэлзүй, танин мэдэхүйн шинжлэх ухааны профессор бөгөөд 150 гаруй судалгааны ажил хэвлүүлж байжээ.

Компьютерийн шинжлэх ухааны энэ хоёр мэргэжилтэн амьдралаас хол мэт санагдах компьютер, математикийн алгоримтуудыг хүмүүс өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэглэж болохыг энэхүү номоороо харуулжээ. Өөрөөр хэлбэл, "Algorithms to Live By" бүтээлийг уншсанаар бид төрөл бүрийн шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанчаар, тооцоололтой хандаж сурах нь байна.

Хүний амьдрал гэдэг цаг хугацаа, орон зай гэх мэт хязгаарлагдмал хүчин зүйлсээр нөхцөлддөг. Нэг зүйлийг хийвэл нөгөөг нь орхих ёстой болдог энэ л нөхцөл байдал бидний гаргах шийдвэрүүдэд нөлөөлж байдаг билээ. Хэдэн настайдаа хүнтэй гэрлэх вэ? Шинэ зүйлсийг хийж үзэх үү, эсвэл хуучин ажлаа хийсээр байх уу? Гэр орон, ажлын ширээгээ хүн эмхэлж цэгцэлсэн нь дээр үү, тэр хэвээр нь орхивол ашигтай юу? Өглөө босоод ямар ажлуудаа хамгийн түрүүнд хийх ёстой вэ? Хэзээ зөн совиндоо итгэсэн нь дээр вэ? гэх мэт маш олон чухал асуултад энэ ном хариулт өгч чадах юм.

Тус ном нь мэргэжлийн үг хэллэг ихтэй, уншихад тийм ч хялбар биш бөгөөд та бүхэн өнөөдрийн подкастаар номын агуулгыг тоймлон сонсоод, илүү сайн танилцахыг хүсвэл худалдан аваарай. Харин математик, компьютерийн шинжлэх ухааныг сонирхдог бол, энэ чиглэлээр сурсан/сурах гэж байгаа бол заавал уншаарай хэмээн хөтлөгчид маань зөвлөсөн шүү.

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

12014   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.