Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 09, 2018

Амралтын өдрөөрөө үзэх 8 кино

Хүсэн хүлээсэн амралтын өдрүүд тулаад ирлээ. Гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгээ юу хийхээ төлөвлөж амжаагүй байна уу? Хэрвээ тийм бол таныг элдвийг бодож цаг үрэхээ яг одоо боль гэж зөвлөе. Харин ундаа, поп корн, чипс гээд л өөрийн дуртай амттан, амны зугаагаа бэлдээд цэнхэр дэлгэцнийхээ урд тухлан, бидний санал болгож буй кинонуудаас шимтэн үзэж алжаалаа тайлахыг урьж байна. Эдгээр кинонууд бүгд Юнивишний "Урамшуулалт хөтөлбөр" цэсэнд байгаа тул хаанаас олж үзэх вэ гэж санаа зоволтгүй юм.

Coco

Өнгөрсөн бүтэн сайнд (Монголын цагаар даваа гарагийн өглөө) болсон 90 дэх удаагийн Академи Авардс наадмаар "Шилдэг анимэшн” болон “Шилдэг оригиналь дуу" төрлүүдэд Оскар хүртсэн Коко хэмээх хүүхэлдэйн киног онцолж санал болгохгүй байхын аргагүй юм. Одоогийн байдлаар Академи Авардс, БАФТА, Алтан Бөмбөрцөг гэх зэрэг нийт 38 кино наадам, фестивалийн 68 номинацид нэр дэвшиж, түүнээс 53-т нь ялалт байгуулаад буй уг бүтээл дэлхий даяар 745 сая долларын ашиг орлоготой байгаа нь хэр чансаатайг бүтээл болохыг, шүүмжлэгч, үзэгчдийн таашаалд ихээхэн нийцэж буйг илтгэнэ. Киноны үйл явдлыг Мексикийн үндэсний баяруудын нэг болох “Үхэгсдийн өдөр” дээр тулгуурлан гаргаж ирсэн нь маш сонирхолтой агаад Мексик зан заншил, хөгжим, соёл урлагийг маш оновчтойгоор шигтгэж өгчээ. Хөгжимчин, дуучин болох хүсэлтэй 12 настай хүү Мигуэль Ривера тун санаандгүйгээр үхэгсдийн оронд очин, эрт дээр үед нас барсан элэнц өвөөгийнхөө тусламжтайгаар амьдын ертөнц дэх гэр бүл дээрээ очих аялалд гардаг. Гэр бүлээрээ үзэж, хайртай дотны хүмүүс маань бидний амьдралд ямар чухал билээ гэдгийг дахин нэг санахад маш тохиромжтой кино гэж зөвлөх байна.

Three Billboards outside ebbing, missouri

2017 онд дэлгэцнээ гарсан хамгийн оргил бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Three Billboards Outside Ebbing, Missouri. Алтан Бөмбөрцөг наадмаас шилдэг бүтээл, шилдэг эх зохиол шагналыг хүртэж, Оскарын наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг тус тус хүртсэн нь энэ киноны чанар чансааг бүрэн илтгэнэ. Охиноо харгис хэрцгий гэмт этгээдийн гарт алдсан хөөрхий ээжийн аргаа барсан үйлдэл хэрхэн Эббинг хэмээх жижигхэн хотын амьдралд нөлөөлж байгааг, энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж байгааг маш өвөрмөц, уран аргаар илэрхийлж чаджээ. Гол дүрийн жүжигчдийн санаанд оромгүй гэнэтийн шийдвэрүүд, элдэв нэмэлт хачиргүй харилцан яриа зэрэг нь энэ киног “өөр” бөгөөд онцгой болгож чадсан мэт. 2 дахь удаагаа Оскарын шагналыг хүртсэн Ф.МкДормандын яахаас ч буцахгүй, дэндүү гөжүүд юм шиг атлаа цаанаа л нинжин сэтгэлтэй ээжийн дүрийг хэрхэн гаргасныг нь харахад, бахдан алга ташихаас өөр сонголт үгүй.

Blade Runner 2049

Миний сүүлийн нэг жилийн дотор үзсэн кинонууд дундаас хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бүтээл бол яах аргагүй Blade Runner 2049. 2017 оны 10 сард нээлтээ хийсэн уг кино орчин цагийн шинжлэх ухааны (sci-fi), зөгнөлт, адал явдалт кинонууд дундаас хийцээрээ, хөгжмөөрөө, зохиолоороо, ер нь бүх зүйлээрээ аргагүй ялгарч, нэг ноён оргил нь болон сүндэрлэсэн гэчихэд нэг их буруудахгүй болов уу. 1982 оны Blade Runner буюу алдарт Ridley Scott-ийн найруулсан шуугиант классик дээр гардаг үйл явдлаас 30 жилийн дараа болж буй энэ үргэлжлэл Кэй (K) хэмээх "ирэн дээгүүр гүйгч" хүн төрөлхтөн болон киборгуудын хооронд дайн үүсгэж болзошгүй томоохон нууцыг илрүүлснээр эхэлдэг. Домогт Harrison Ford өөрийн 35 жилийн өмнөх дүрээ гаргасан бөгөөд Ryan Gosling гол дүрд, сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаад буй куба жүжигчин Ana De Armas туслах дүрд тоглосон нь дэлгэцийг салахгүй ширтэх нэг "чухал" шалтгаан болж өгчээ. Та энэ киног жинхэнэ утгаар нь мэдэрье гэвэл өөрт байж болох хамгийн том дэлгэцэн дээрээ хөгжмийг нь тултал нь чангалаад, өөр юунд ч сатаарахгүй анхааралтай сууж үзээрэй. Өнгөрсөн Оксарт 5 номинациар нэр дэвшиж, "Шилдэг визуаль эффект" болон "Шилдэг синематограф" гэсэн 2 шагнал авсныг нь дурдах нь зүйтэй.

Goodbye christopher robin

Үе үеийн хүүхэд багачуудын хамгийн хайртай дүр, бяцхан Винни Пүүхийг мэдэхгүй, сонсоогүй, үлгэрийг нь уншаагүй, киног нь үзээгүй, номыг нь сөхөөгүй хүн бараг байхгүй байх. Тэгвэл та бидний сэтгэл зүрхэнд онцгой байр суурь эзлэн орших энэ бүтээл хэрхэн бодит амьдралд бууж, зохиолч нь хаанаас санаагаа сэдэвлэснийг мэдэх үү? Goodbye Christopher Robin чухам эдгээр асуултуудад хариулт өгөх болно. Энэ бол Пүүхийн зохиолч А.Милн өөрийн хүү К.Робин болон түүний тоглоомуудаас, гэр бүлийнхээ амьдарч байсан жижигхэн эдлэн газрынхаа эргэн тойрон, сэтгэл сэргээм байгалийн гоо сайхнаас урам зориг авч, дэлхийн хүүхэд багачуудад итгэл үнэмшил, баяр хөөр авчрах бүтээлийг хэрхэн бий болгож байгааг харуулсан түүх. Энэхүү киног гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамтдаа үзээрэй гэж зөвлөе.

Thor:  ragnarok

Марвел Комиксын алдарт "Thor" цуврал 2013 онд гарсан хоёр дахь киногоороо үзэгчдээс ихээхэн шүүмжлэл хүртэж, гол дүрийн жүжигчдийн нэг Natalie Portman нь дахиж оролцохгүй гэдгээ хүртэл мэдэгдэж фэнүүдийг ихээхэн гонсойлгоод байсан. Харин удтал хүлээлгэсэн "Thor Ragnarok" хэмээх гурав дахь анги нь үнэхээр тэсрэлт хийж, уналтанд орох шахаад байсан кино цувралыг сэргээж чадлаа. 853 сая долларын ашиг орлоготойгоор барахгүй, Rotten Tomatoes дээр 92 хувьтай байна гээд л бод. Комиксоос сэдэвлэн хийсэн кино ийм өндөр үнэлгээтэй байх нь тун ховор (Wonder Woman-ыг эс тооцвол).Энэ удаагийн киноны зохиол маш ухаалаг, ээдрээтэй байж чадсанаас гадна оновчтой дүр сонголт, хувцаслалт, хийц, хөгжим нь ирээдүйн атлаа 1980-аад оныг санагдуулахуйц ретро байсан нь үзэгчдэд дотно сэтгэгдэл төрүүлсэн гэж шүүмжлэгчид бичжээ. Үзэж байхад хөгжим нь надад яагаад ч юм Stranger Things-ийнхтэй төстэй өнгө аястай мэт санагдаж байсан юм. Заавал үзээрэй гэж зөвлөе.

Dunkirk

21-р зууны хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг, киноны борлуулалтаараа бүх цаг үеийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх Кристофер Ноланыг анх удаа Оскарт нэр дэвшүүлсэн кино бол Dunkirk. Дайны сэдэвт кинонуудад шинэ жишиг тогтоож, сэтгэл хөдөлгөсөн өрнөлийг сэтгэл догдлуулсан мөчүүдтэй гайхалтайгаар зэрэгцүүлж чадсанаараа энэ кино 2017 оны хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг гарцаагүй мөн байлаа. Дээрээс нь домогт хөгжмийн зохиолч Ханс Зиммер киноны турш сэтгэл тавгүйтүүлсэн атлаа киноны эхлэлээс төгсгөл хүртэлх бүх үйл явдлыг хүүрнэн өгүүлэх аялгуугаараа таныг бүрэн эзэмдэх болно. Хэдий Х.Зиммер Оскар хүртэж чадаагүй ч хөгжмийн найруулга, хөгжмийн эвлүүлэг төрөлд ялалт байгуулсан нь шударга үр дүн байсан биз ээ.

Murder on the Orient Express

Нийт 2 тэрбум хувь ном борлуулснаараа түүхэн дэх хамгийн амжилттай зохиолч хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн Агата Кристигийн зохиол болохоор энэ кино анхнаасаа хүлээлт өндөртэй байлаа. К.Брана, П.Круз, В.Дафое, Ж.Депп нарын алдартай нэрс энэ кинонд тоглох нь тодорхой болсноор бүр ч олон хүмүүс хүлээж эхэлсэн нь тодорхой. Алдарт мөрдөгч Эркюль Пуарогийн шинэ үеийн цувралын эхлэл болсон байж ч болох энэ кино үзэгчдийн итгэлийг алдсангүй, нууцлаг байдал, эргэлзүүлж, уймруулж бас гайхшируулсан мөчүүдээр дүүрэн өрнөлтэй болжээ. 114 минутын турш алуурчныг хамтдаа хайж, гэмт хэргийн урьдач нөхцөл, эхлэл шалтгаан, өрнөсөн мөчүүдийг хамтдаа зураглахыг тэд урьж байна. Та бэлэн үү?

Jumanji: Welcome To The Jungle

Бага байхад яагаад ч юм айдаг мөртлөө үзэхийг хүсдэг кинонуудын нэг бол Жуманжи байсан билээ. Кинон дээр гардаг “Түг түг түг түг түг” гэсэн бөглүү чимээ сонирхол, жихүүцлийг зэрэг татдаг байсны зэрэгцээ дэлхий даяар үзэгчдийн хайр хүндэтгэлийг татсан алдарт жүжигчин Робин Уиллиамс дэлгэцэндээ ойртон суухаас өөр аргагүй байдалд оруулдаг байлаа. Тийм ч учраас 22 жилийн өмнө гарсан уг бүтээлийн үргэлжлэл болох “Жуманжи: Ширэнгэд Тавтай Морил”-ыгямархуу болсон бол гэсэн догдлолтой кино театрыг зориод, тун сэтгэл хангалуун гарч ирсэн юм. Двейн Жонсон, Жак Блак, Кевин Харт зэрэг алдартнуудыг нэг дэлгэцнээ харахад, ялангуяа адал явдалт экшн-комедид энэ хэдээс илүү тохирох дүрүүд гэж ч юу байхав гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Өмнөх анги нь хүүхдийн мөртлөө яагаад ч юм нууцлаг, аймшгийн ч юм шиг байсан бол энэ удаа илүү комеди тал руу чиглүүлсэн нь тун таалагдав. 2017 оны ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудын тавдугаарт бичигдэж буй нь Жуманжигийн фэнүүдийн таашаалд ч нийцсэний илрэл биз ээ.

Үзэгч та бүхэн эдгээр киног болон дэлхийн шилдэг, шинэ 80 орчим киног Юнивишний видео санд шинээр нээгдсэн "Урамшуулалт хөтөлбөр" цэснээс сонгон үзэх боломжтой юм. Юнивишний зүгээс тус хөтөлбөрт хамрагдсан хэрэглэгчдээсээ бэлгийн эзэд тодруулж, Ази тивийн хүссэн улс руу хосоороо аялах эрх болон бусад олон олон урамшууллыг өгөх ажээ. Та энэ талаар дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

30360   1


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.