Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 08, 2018

Мартын 8-нд зориулсан тусгай нийтлэл: Урагшлахын төлөө тэмц + Women in Business Forum

Өнөөдөр тохиож буй 2018 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээр #PressforProgress (Урагшлахын төлөө тэмц) уриан дор тэмдэглэж байгаа ба хүн бүрийг жендерийн тэгш байдлын талаар эргэцүүлэн бодож, бие биедээ урам өгч, шийдвэртэй алхам хийхийг уриалж байгаа билээ. Өнөөдрийн нийтлэлдээ бид 3 сарын 9-нд болох "Women in Business" форумд уригдан оролцох 5 зочны эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, оролцооны талаар юу ярьсныг нэгтгэн хүргэж байна.

"Women in Business Forum" -ийн тухай

Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан саяхан НҮБ-ын гарааны бизнес эрхлэгчдийн Монгол дахь төлөөлөгч болсон юм. НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн “Women’s Entrepreneurship Day” буюу Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих өдөр жил бүрийн 11 сарын 16-нд дэлхийн 144 оронд өрнөдөг бөгөөд энэ хөдөлгөөнд Монгол улс нэгдэж, өөрсдийн төлөөлөгчтэй болсон нь энэ юм. Тиймээс Д.Хулан улам олон эмэгтэйчүүд, залуучуудыг нэгтгэж, урам өгөхийг хичээн цаашид зохиох цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болгон Women in Business Forum-ийг санаачлан зохион байгуулж байгаа ажээ. Тус арга хэмжээнд бизнес эрхэлж буй, мөн төрөл бүрийн салбарт манлайлж буй 300 гаруй эмэгтэйчүүд оролцох юм.

Зориг сангийн тэргүүн С.Оюун

Таны хувьд, өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ?

Эмэгтэйчүүдэд тулгарч буй хамгийн том асуудал бол миний бодлоор нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтууд. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүс бүгд эмэгтэйчүүдийн талаарх олон зуун жил тогтсон хэвшмэл ойлголтуудаас салах хэрэгтэй. Монгол улсын нийгмийн ачааны 50%-ийг эмэгтэйчүүд үүрч байгаа хэдий ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг. Их хурал, засгийн газар, компанийн засаглалыг харахад 10 гаруйхан хувь л эмэгтэйчүүд байна. Ачаагаа адилхан үүрч байгаа бол шийдвэр гаргах түвшинд ч гэсэн адил тэнцүү 50, 50%-ийн төлөөлөлтэй байснаар Монгол Улс, салбар бүрт гарч байгаа шийдвэрүүд зөв зохистой, тэнцвэртэй гарна гэж бодож байна.

Танд хэн нэг эмэгтэй хүн дэмжиж тусалж байсан, эсвэл та өөрөө бусад эмэгтэйчүүдийг дэмжиж байсан нэг жишээ хуваалцахгүй юу?

Амжилтад хүрч байгаа эмэгтэйчүүдээс маш их урам зориг, үлгэр жишээ авдаг. Анх 1999 онд их хуралд дөнгөж ороод ажиллаж байхад чадалтай, эрч хүчтэй 8 эмэгтэй парламентад байсан. Бүгд л маш их тусалж дэмжиж байлаа.

Би өөрөө ч гэсэн аль болох эмэгтэйчүүдийг дэмжихийг хичээдэг. Манай Зориг сан гэхэд л Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр, Орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр, Шинжлэх ухаанаар сурч буй эмэгтэй оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр гээд олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Миний хувьд боломжоороо эдгээр хөтөлбөрийн оролцогчдод яриа хийж, лекц орж, мөн тэд нараас санаа оноо авдаг. Мөн мэнторшип хөтөлбөрт ментий (шавь гэдэгтэй төстэй утга) нартайгаа ажиллаж байсан. Эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмжих ёстой, эрэгтэйчүүд ч ялгаагүй эмэгтэйчүүдээ ойлгоод тусалж дэмжих ёстой гэж боддог.

Lhamour БРЭНДИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ХУЛАН

Таны хувьд,өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ?

Одоогоор тулгамдсан хамгийн том асуудал бол эмэгтэйчүүдийн өөрсдөдөө итгэлгүй байгаа байдал. Олон жил нийгэм дэх эмэгтэй хүний байр суурийг хүчээр илэрхийлж ирсэн. Эмэгтэйчүүд маань маш хариуцлагатай ажлуудыг нугалдаг хэдий ч олон жил манлайлагч гэхээсээ илүү арын албанд шахагдаж ирсэн. Эмэгтэйчүүдийг хүчирхэг болгох хэрэгтэй гэж ярих ёсгүй. Эмэгтэйчүүд угаасаа хүчирхэг байсаар ирсэн. Харин нийгэм яаж хүлээж авч, нийгэмд ямар нөлөө байгааг одоо өөр нүдээр харах цаг болсон. Үүнд дан ганц эмэгтэйчүүдийн оролцоо биш, эрэгтэй эмэгтэй бүх хүний оролцоо шаардлагатай. Ганц амьдрах амьдралаа нас хүйс харгалзахгүйгээр бие биеэ дэмжиж амьдрах нь чухал гэж үздэг. Ялангуяа манайх шиг ийм хүн ам цөөнтэй оронд.

Танд хэн нэг эмэгтэй хүн дэмжиж тусалж байсан, эсвэл та өөрөө бусад эмэгтэйчүүдийг дэмжиж байсан нэг жишээ хуваалцахгүй юу?

Манай ээж нэн түрүүнд үргэлж санаанд ордог. Учир нь намайг хамгаас илүү хувь хүн талаас дэмжиж, алсын хараа, зорилго, мөрөөдлийг минь ойлгодог байсан. Харин компаниа 2014 онд байгуулсан тэр үед их ганцаарддаг байлаа. Бүтээгдэхүүнээ ганцаараа хийхээс эхлээд гадуур хүргэлт, маркетинг, дизайн гээд бүгдийг л ганцаараа хариуцдаг байлаа. Тэр үед ментор эсвэл гарааны бизнесийн уулзалт, лекцүүд байдаг ч болоосой гэж их хүсдэг байж билээ. Одоо нэг үеэ бодвол гарааны бизнес, энтрепренерүүдийн талаар их ярилцаж, олон сайхан сургалт байдаг болжээ.

Одоо би өөрөө ч гэсэн 4 жил бизнес хийгээд үзсэн тул бусад хүүхэд, залуучуудад тус болж, туршлагаа хуваалцахыг хичээдэг. Нийтдээ 6000 орчим залуучуудад лекц уншсан байна лээ. Хүн урмаар урагшилдаг болохоор маш олон эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрүүдэд тусалдаг. Манай Лхамур брэндээс 15-20 насны хүүхдүүдэд "өөрийгөө олох" хөтөлбөр хэрэгжүүлж, ялангуяа олон улсад өрсөлдөхөд юу шаардлагатайг заадаг. Охидоо одоо мундаг их сургуульд тэнцэж, цэцэг шиг дэлбээлж, өөрсдийгөө улам хөгжүүлж байгааг харахад үнэхээр сайхан байдаг.

"Хөгжлийн шийдэл" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.БАТ-ОРШИХ

Таны хувьд,өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ?

Өнөө цагт Монгол эмэгтэйчүүдэд үлгэр жишээч, хөдөлмөрч, уриалагч, манлайлагч эмэгтэй мастерууд их дутагдаж байгаа гэж бодож байна. Тэр мастерууд өнөөдөр бий болох ёстой. Ингэснээр эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй бус байдал; нийгэм, эдийн засгийн хараат байдал; хамтран ажиллах сэтгэлгээний сул байдлаа өөрчилж жендерийн тэгш оролцоог хангах боломжтой болно гэж үзэж байна.

*Мастер гэдэг нь Star Wars дээр гардаг Jedi Master Yoda шиг мэргэн цэцэн багш, зөвлөх. Эсвэл таван хүүдээ ухаант сургамж хайрладаг Алунгуа эх шиг.

Эдгээр манлайлагч эмэгтэй мастеруудийг нийгэмд төрүүлэн дэмжихэд эрэгтэй хүмүүсийн оролцоо ямар байх хэрэгтэй гэж та боддог вэ?

Монголд мастер эмэгтэйчүүдийг дэмжихэд эрчүүдийн дэмжлэг, оролцоо мэдээж чухал. Хамгийн түрүүнд макро/месо түвшинд тодорхой эрх мэдэл, шийдвэр гаргах үүрэгтэй болгох, амжилт бүтээлийг нь үнэлэх, сайшаах, олон нийтэд сурталчлах зэргийг дурдаж болно. Нөгөөтэйгүүр, өрхийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, эсвэл хөдөлмөрийн зах зээл дээрх мэргэжил, ажлын байр, албан тушаалуудыг жендэрээр ялгахгүй байх нь өөрөө нийгмийн сорилт юм. Ээж хоол хийдэг, эсвэл нарийн бичиг бол эмэгтэй хүн байх ёстой гэх мэт уламжлалт ойлголтуудыг халахад эрчүүдийн сэтгэлгээний шинэчлэл тус болно гэж бодож байна.

“Хос бэхи” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Биндэрьяа

Таны хувьд,өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ?

Хүүхдээ харах, зөв хүн болгон хүмүүжүүлэх, хичээлийг нь давтуулах гэх мэт ажлын дийлэнхийг нь эмэгтэйчүүд хийж байна. Гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийх шаардлагатай ч хүүхдүүдээ цэцэрлэгт өгье гэхэд цэцэрлэг хүрэлцээгүй, мөн сургуульд орсон хүүхдүүдийг 1-6 дугаар анги хүртэл нь сургуульд нь хүргэж өгөх, авах ёстой тул ажилгүй байгаа эмэгтэйчүүд олон байна. Гэсэн хэдий ч энэ бүхнийг даван туулж, бэрхшээлийг сөрж чадаж байгаа эмэгтэйчүүд, дэмжиж байгаа эрчүүдээр би бахархдаг. Хэрвээ сургууль, цэцэрлэг нь дээр үеийнх шиг хүүхэд бүрт хүрэлцээтэй, өдөр нь бага ангийн, гэртээ ганцаараа байдаг хүүхдүүдэд нэгдсэн журмаар сургуулийн өдөр өнжүүлэх ажилладаг байсан бол ямар олон эцэг эх үр бүтээлтэй ажиллаж ихийг бүтээх байсан бол гэж боддог.

Танд хэн нэг эмэгтэй хүн дэмжиж тусалж байсан, эсвэл та өөрөө бусад эмэгтэйчүүдийг дэмжиж байсан нэг жишээ хуваалцахгүй юу?

Анхны багш маань, их сургуулийн багш нар, мэргэжлээрээ анх үйлдвэрт ороход тосож авсан багш, мастер, инженер маань бүгд хүчирхэг, бахархмаар эмэгтэйчүүд байсан. Ийм гайхалтай эмэгтэйчүүд хүрээлж байсан учраас л миний бие өдий зэрэгтэй ажиллаж амьдарч байгаа гэж боддог. Би өөрөө ч хүмүүст туслахыг хичээдэг. Миний бие насанд хүрэгчдийн түр сургалтыг хариуцаж, багшилж байсан. Эмэгтэйчүүдээ сурч төгсөх үед нь үйлдвэрүүдээр яваад л заримыг нь гуйж байгаад, заримд нь бүр тулгаж байгаад л ажилтай болгож өгдөг байлаа. Сургалтыг 5 жилийн өмнө төгссөн нэг сурагч маань ирээд "Та анх намайг ажилд оруулах гэж 3-4 үйлдвэр дээр очиж уулзсан. Дандаа татгалзсан хариу өгөөд байхаар нь та сүүлдээ Гоёо үйлдвэрт намайг бараг л хүчээр ажилд оруулж өгөөд, амжилт хүсье гэж хэлээд үлдээж байсан. Өнөөдөр би үйлдвэрийнхээ хамгийн сайн ажилчдын нэг болж чадсан, бас олон шавь сургасан. Танд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх гэж зорьж ирлээ" гэхэд нь баярлаад хэлэх үг олдоогүй ээ.

ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮД ТББ-ЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР О. ГЭРЭЛЭЭ

Таны хувьд,өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ?

Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хандлага гэж би хэлнэ. Энэ нь эцгийн эрхт ёсноос улбаатай, эмэгтэйчүүдийг хоёрдогч, обьект гэж харж хандаж, гэр бүлээс эхлээд нийгмийн бүхий л орчинд ялгаварлаж, дорд үздэг соёл, хандлага юм. Гэр бүлд хүүхэд асрах болон ахуйн бүх ажлыг эмэгтэй хүний хийх ёстой гэж үзэх, ажлын байранд гүйцэтгэх, үйлчлэх албан тушаалд ихэвчлэн эмэгтэйчүүдийг тавьдаг хэрнээ шийдвэр гаргах түвшинд нь эрэгтэйчүүд хавьгүй давуу байх зэрэг нь үүний жишээ юм. Иймд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн болон бусад дуу хоолой сонсогдохгүй байгаа нь бүлгийн эрх ашиг хөндөгдөх гол шалтгаан болдог гэсэн үг.

Танд хэн нэг эмэгтэй хүн дэмжиж тусалж байсан, эсвэл та өөрөө бусад эмэгтэйчүүдийг дэмжиж байсан нэг жишээ хуваалцахгүй юу?

Би дандаа эмэгтэйчүүдийн дэмжлэгээр дүүрэн амьдардаг, маш азтай хүн. Миний ард гэр бүлийнхэн, найзууд, хамтарч ажилладаг бүх эмэгтэйчүүд намайг дэмжиж, миний талд бүтэн баг байдаг. Хамгийн гол нь хүний эрхийн төлөөх үнэт зүйл дээр нэгдсэн учраас жирийн нэг нөхөрлөлөөс илүү утга учиртай, хоорондоо шударга, ёс зүйтэй харилцаж чаддаг.

Одоо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэднийг хүчирхэгжүүлэхийн төлөө, эмэгтэйчүүд бие биеэ дэмждэг орон зайг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Жишээлбэл, их сургуулийн орчин дахь бэлгийн дарамтын эсрэг аяныг 2014 оноос манай байгууллага өрнүүлж, одоо бэлгийн дарамтын эсрэг заалтыг багшийн ёс зүйн дүрэмд болон их сургуулийг магадлан итгэмжлэх шалгуурт оруулахаар ажиллаж байна.

ЭНЭ ӨДРИЙГ ЯАГААД "ТЭМДЭГЛЭХ" ЁСТОЙ ВЭ? 

Жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэх, энх тайван дэлхийг цогцлооход маш чухал үүрэгтэй билээ. Гэвч дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндөгдсөөр байна. 2217 онд л жендерийн тэгш байдал хангагдах төлөвтэй байна гэсэн судалгааг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан нь бий. Монголд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 20 хувь бага цалин авч байна. Дэлхийн түвшинд 2017 онд жендерийн цалингийн зөрүүгээс болоод эмэгтэйчүүд жилийн 51 өдөр "үнэгүй" ажилласан байна.

3-р сарын 8 бол эмэгтэйчүүдийн ололт амжилтыг эргэн харж, жендерийн эрх тэгш байдлыг авчрахын төлөө зорилготойгоор "тэмдэглэдэг" өдөр билээ. Өнөөдөр бид, эмэгтэйчүүд шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг, хүчирхийллээс ангид амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө илүү ихийг хийх шаардлагатай байгаа төдийгүй илүү ихийг хийх боломжтойг санаж, бие биедээ урам зориг хайрлан энэ өдрийг "тэмдэглэх" хэрэгтэй юм.

Та бүхэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зөвхөн баярлаж баярлуулахын төлөө өнгөрүүлэх биш, эмэгтэйчүүдийн эрх, нөхцөл байдал ямар байгаа билээ гэдгийг эргэцүүлж, дараах гурван асуултад хариулт эрээсэй гэж бид хүсэж байна:

1. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд ямар асуудлууд тулгарч байна вэ?
2. Эдгээр асуудлыг шийдэхэд миний оролцоо юу вэ, би хэрхэн нөлөөлж чадах вэ?
3. Бусад эмэгтэйчүүдийн ололт амжилтыг хамт тэмдэглэж, эргэн тойрны хүмүүс, хүүхдүүддээ тэгш эрхийн талаар ойлголт өгч байна уу?

Тогтвортой хөгжлийн зорилго - 2030 оны даалгавар: 17 Зорилго - 17 асуулт

Зургийг: О.Бүтэд

53509   3


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Нийтлэлд оролцсон:

O.Buted




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.