Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   03 сарын 09, 2018

Хуванцрын хэрэглээг хэрхэн багасгах вэ? + #NoPlasticChallenge-ийг эхлүүлэх нь

Биднийг хамгийн ихээр тойрон хүрээлдэг боловч хамгийн үр ашиггүй зүйл бол хуванцар. Бүгдээрээ эргэн тойрноо харцгаая. Гялгар уут, нэг удаагийн аяга, халбаганаас эхлээд хүүхдийн тоглоом, гэр ахуйн хэрэглэлүүд гээд бидний өдөр тутам ашигладаг бүтээгдэхүүнүүд хуванцраас бүтдэг. Өнөөдрийн нийтлэлдээ бид эдгээр хуванцар хэрэглэлийн муу нөлөөг таниулж, хуванцраас аль болох татгалзахад туслах нэгэн сонирхолтой Challenge-ийг эхлүүлж байгаагаа зарлаж байна.

Бидний амьдрал яагаад хуванцраар хүрээлэгдэх болов?

Эмнэлэг, хүнсний технологи, гэр ахуй гээд олон салбарыг хуванцар хэрэглэлгүйгээр төсөөлөх аргагүй. Хуванцрын өргөн хэрэглээний шалтгаан нь түүний хэлбэрт оруулахад хялбар байдал, хөнгөн чанар, хямд үнэ байдаг байна.

Гэвч хуванцар бүтээгдэхүүн, хуванцар савлагааг ашигласнаар хэрэглэгч бидэнд үйлдвэрлэгчээс илүү давуу тал үүсдэг үү? Хуванцар материалийг дахин боловсруулах нь байгальд орчинд үнэхээр ээлтэй байж чаддаг уу? Үнэндээ, хуванцрын асар өргөн хэрэглээ нь ХХI зууны хүрээлэн буй орчны хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.

Хуванцраас яагаад болгоомжлох ёстой вэ?

Хуванцраас аль болох татгалзах хоёр гол шалтгаан бий. Нэг нь хуванцар байгальд шингэдэггүй. Өдөрт дэлхий даяар хэдэн сая хуванцар буюу хуванцар савтай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж, тэдгээрээс гарах түм буман хуванцар хаягдал гарч байна. Тэдгээрийг тусгай технологиор үгүй хийхгүй л бүгд дэлхий дээр мөнхөд үлдэх аюултай юм.

Нөгөө шалтгаан нь, хуванцрын бүтцэд Бисфенол А хэмээх хүний эрүүл мэнд олон талын хор уршигтай бодис ордог аж. Мөн хар тугалга гэх мэт химийн олон хорт бодис ялгардаг гэнэ. Эдгээр хорт бодисны нөлөөгөөр үргүйдэл, үр зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн согог, хөхний хорт хавдар үүсэх эрсдэлтэйг олон судалгаа нотолжээ. Хамгийн аюултай нь хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй ба хорт бодисууд аажим аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндэд алсуур нөлөөлдөг байна.

Гэхдээ бид ядаж л, Канадын Sierra Club BC сангийн Жилл Томпсоны уриалсанчлан, хоол хүнс, ус зэрэг зарим хэрэглээндээ хуванцрыг хязгаарлаж болох билээ. Тийм ээ, бид нэг өдөр шийдээд л өөрсдийгөө хүрээлсэн тоо томшгүй хуванцар эдлэлээс бүгдээс нь ангижирч чадахгүй. Харин эрүүл мэндээ хамгаалахын тулд, цаашлаад хүрээлэн буй орчиндоо багахан ч гэсэн эерэг өөрчлөлт гаргахын тулд зарим нэг хуванцрын хэрэглээгээ багасгах бүрэн боломж бий.

Хуванцрын хэрэглээг багасгах зөвлөмжүүд·

ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭ ДЭЛХИЙ ДАХИНД БА МОНГОЛД

Өдгөө дэлхийн олон улс орон хуванцрын замбараагүй хэрэглээнээс үүдэх хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замыг эрэлхийлж байна. Ялангуяа далайд гарцтай, үйлдвэржсэн орнуудын хувьд, далай тэнгис дэх өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хуванцар хог хаягдал бол хамгийн санаа зовоосон асуудал болоод байгаа юм. Нэг л жишээ хэлэхэд, одоогоос нэг жилийн өмнө Норвегийн баруун эргээс олдсон халимны гэдэснээс Бергений их сургуулийн судлаачид 30 гаруй пластик хаягдал олсон талаар мэдээлж, олон нийтийг цочирдуулж байсан билээ. Далай тэнгисүүд хэрхэн хуванцараар дүүрч буйг уснаас харьцангуй хол монголчууд төсөөлөхгүй байж магадгүй тул бид интернэтэд байх сэтгэл өвтгөм өдий төдий бичлэгээс Крайг Лийсон, Таня Стрийтер зэрэг судлаачдын 4 жилийн турш бүтээсэн "Хуванцрын далай" баримтат киноны тойм видеог энд орууллаа.

Түүнчлэн хуванцрын замбараагүй хэрэглээ, зохисгүй үйлдвэрлэлийн эсрэг хөдөлгөөнүүд нь хувь хүмүүс, ашгийн ба ашгийн бус байгууллага, бизнес аж ахуй нэгжүүдийг нэгтгэж, сүүлийн арван жилд Plastic Pollution Coalition, 5 Gyres, Algalita зэрэг 100 гаруй олон улсын хамтын ажиллагааны нэгдэл үүсээд байгаа аж. Хуванцрын эсрэг эдгээр хөдөлгөөнүүд нь бослого тэмцэл хийхээсээ илүү олон нийтийг урлаг соёл, шинжлэх ухаан, спортын үйл ажиллагаагаар дамжуулан гялгар уут, нэг удаагийн хуванцар хэрэгслээс татгалзах шийдвэр гаргуулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Монгол улсын хувьд ч хуванцрын хаягдал нь хүрээлэн буй орчны нэг том асуудал юм. Хэдий далайд гарцгүй ч хөрсний бохирдол нь хотын иргэд, хөдөөгийн малчид, мал амьтанд аль алинд нь ихээхэн сөрөг нөлөөтэй. Үүнээс гарах аливаа сөрөг үр дагаврыг зогсооход иргэд, аж ахуй нэгжүүдийн ухамсар гол үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Гялгар уутны замбараагүй хэрэглээ, ус ундааны саваас эхлээд төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнд бид дөжирсөн мэт санагддаг. Гэтэл манай улсад хуванцрыг дахин боловсруулах хэд хэдэн жижиг дунд үйлдвэрийг эс тооцвол хуванцар эд зүйл, аюултай хог хаягдал устгах зориулалтын нэг ч байгууламж байхгүйг мэргэжилтнүүд сануулдаг. Ийм нөхцөл байдалд бид өөрсдийн ухамсарт найдах, шинэ дадал соёлд суралцах нь л хамгийн зөв зам гэлтэй.

Хуванцрын хэрэглээг бууруулахын тулд бид юу хийж чадах вэ?

Ийм ч учраас бид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-тэй хамтран нэгэн сошиал хөдөлгөөн буюу challenge-ийг эхлүүлж байна. #NoPlasticChallenge нэртэй энэхүү challenge-д иргэд, байгууллагууд та бүхнийг идэвхтэй оролцож, эрүүл хэрэглээ, зөв дадлуудыг түгээхэд хувь нэмрээ оруулна уу хэмээн хүсэж байна.

#NoPlasticChallenge-ийн дүрэм

Оролцогчид нэг удаагийн болон ердийн хуванцар эд хэрэгслүүдээс татгалзаж байгаагаа харуулсан, бусдыг уриалсан, бүтээлч агуулгатай гэрэл зургуудаа Public тохиргоотойгоор фэйсбүүк хуудсандаа байршуулан, #NoPlasticChallenge хаштагийг бичин, дараагийн 3 хүн / 3 байгууллагыг challenge-д дуудах юм (Хувь хүн хувь хүнийг, байгууллагууд бусад байгууллагыг challenge-д дуудахыг анхаарна уу).

Нэг зүйлийг онцлон хэлэхэд, хэн нэгнээс challenge-д урьсан дуудлага хүлээн аваагүй ч гэсэн өөрийн хүслээр нэгдэх бүрэн боломжтой бөгөөд ингэж идэвхтэй оролцохыг уриалж байна.

3 сарын 10-аас 4 сарын 10-ны хооронд 1 сар үргэлжлэх Challenge-ийн төгсгөлд бид идэвхтэй оролцож зөв дадлыг хэвшүүлсэн, бүтээлч санаа гаргасан 3 хүн, 3 байгууллагыг тодруулан байгальд ээлтэй бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлэг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн талархлын бичгээр урамшуулах болно.

-Хамгийн их лайк авсан 1 хүн / 1 байгууллага
-Хамгийн бүтээлч пост оруулсан 1 хүн / 1 байгууллага
-Санаандгүй байдлаар тодруулах 1 хүн / 1 байгууллагыг тус тус тодруулна.

Түүнчлэн бид пост нь хамгийн олон лайк авсан 1 байгууллагыг www.unread.today сайтдаа онцлон нийтлэл оруулна гэдгийг дуулгахад таатай байна.

Хүрээлэн буй орчноо сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулахад бид бэлэн. Харин та бэлэн үү?

Нийтлэлийг Б.Минжин
Зурган дүрслэл болон бичлэгийг О. Бүтэд

13945   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.