Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 07, 2018

Бид хэрхэн ажилладаг вэ? - Оюу Толгойн эмэгтэйчүүдийн төлөөлөл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу бидний хэлж заншсанаар Март 8-ыг угтан бид ажил үйлсээрээ ар гэрийн амьдралаа өргөж, улс орны хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж яваа бүсгүйчүүдээ алдаршуулахыг хүссэн билээ. Бидний энэ зорилгод яв цав тохирох нэгэн жишээ бол дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэгийг барьж, байгуулж буй "Оюу толгой" компанид ажилладаг олон зуун эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон дараах бүсгүйчүүд юм. 14,000 гаруй ажилтантай, улсад зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 439 тэрбум төгрөгийн татвар төлсөн Монголын тэргүүлэх компани "Оюу толгой" нь аюулгүй ажиллагаанаас аваад бүх л ажил хэрэгтээ маш өндөр стандартыг мөрддөг бөгөөд ажилтнуудтай цаг товлон, ярилцлага хийх төдийд л тэдний тун нарийн дэгтэй, өндөр зохион байгуулалттай ажилладаг нь тодорхой харагдаж байсан юм. Ингээд "Оюу толгой"-д оюун ухаан, ур чадвараараа ажил амьдралаа амжилттай хослуулан яваа төрөл бүрийн ажил мэргэжлийн эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Д.Эрдэнэчимэг - ХАМТДАА хөтөлбөрийг хариуцсан сургалтын ахлах мэргэжилтэн

Олон хүнтэй харилцаж, зөвлөлдөж, хамт төлөвлөж, хамтарч ажилладаг нь миний ажлын онцлог. Иймд үр дүнтэй харилцаа нэн чухал. Мөн тэдгээр хүмүүсийн ажил өөр өөрийн онцлогтой тул тэдэнтэй харилцан ойлголцож ажиллах нь ч чухал. Үүний тулд тулгарч буй асуудлыг тэдний байр сууринаас харж ойлгохыг хичээдэг.

Би манлайлал, соёлын сэдвээр сургалтын агуулга хөтөлбөрийг боловсруулж, хөтлөн явуулдаг. Ажлын хүрээнд би бүх салбар хэлтсийнхэнтэй холбогдож ажилладаг нь давуу байдлыг авчирдаг. Ажиллах хүрээ өргөн болохоор олон талын ойлголттой, мэдээлэлтэй байх хэрэг гарна. Сургалтад маань ахлах менежер, зөвлөх, оператор, цахилгаанчин гээд янз бүрийн хүмүүс л орж ирдэг. Тэд ангид орж ирээд бүгд адилхан л миний сургалтын оролцогч болдог. Хүндрэлтэй тал нь гэвэл ихэнх хүмүүс үргэлж завгүй байдаг. Завгүй хүмүүст өөрийнхөө ажлыг ойлгуулж, хийх “чухал” зүйлсийнх нь жагсаалтад багтаах тал дээр анхаарч ажилладаг даа.

Та хэнээс урам зориг, эрч хүч авдаг вэ?

Оройдоо дуусгасан ажлын жагсаалтаа харахад сайхан байдаг. Мөн ээжийнхээ сэтгэлийг зовоолгүй амьдралаа өөрсдийнхөө хэмжээнд зохицуулаад авч яваа хүүхдүүддээ талархдаг. Надад сайхан ажил байна, сайхан хүүхдүүд байна. Үүнээс илүү сайхан юм гэж хаана байх билээ. Би байгаа зүйлдээ талархаж түүнээсээ урам зориг авдаг.

Ээж маань өнгөрсөн цаг эргэж ирдэггүй юм гэж хэлдэг байсан. Энэ үг үнэхээр утга учиртай үг юм билээ. Хүн өнгөрсөндөө хэзээ ч харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй. Иймд өөрийнхөө цагийг үнэлдэг, бусдын цагийг хүндэлдэг байх хэрэгтэй гэж боддог доо.


Д.Эрдэнэчимэг өнгөрсөн 2 –р сарын 28-аас эхлэн "XAMTДAA" зан төлөвийг хэвшүүлэх үйл ажиллагааны нэг сарын аянг гүний уурхайн төслийн хэмжээнд эхлүүлээд байна. Энэ аяны зорилго нь төсөлд гар бие оролцож байгаа хүн бүр эерэг хандлагатай байж, бие биедээ санаа тавьж ёс зүйг баримталж ажиллавал сэтгэл санаа өөдрөг, осол гэмтэлгүй, үр бүтээмжтэй ажиллаж чадна гэдгийг харуулах явдал юм. Ажлын эерэг үр дүнг гаргахад ажилтан бүрийн итгэл, сэтгэл, хүчин чармайлт чухал гэдгийг энэ аянаар онцолж тайлбарладаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Э.Анударь - Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн шинэ төгсөгч, гадаад харилцааны ажилтан

Сүүлийн үед твиттер хамгийн их ашигладаг апп маань болоод байна. Би 2 хаяг ашигладаг. Нэгийг нь өөрийн сонирхсон чиглэлээр энтертэйнмент болон хөгжилтэй хэрэглэгчдийг дагахад, нөгөөг нь ихэвчлэн улс төрийн мэдээ, мэдээлэл олж унших зорилготойгоор нээсэн.

iPhone –ий өөрийнх нь Notes, Reminder, Podcast апп-уудыг мөн ашиглах дуртай. Илүү юм татаж суулгах тээртэй санагдаад байдаг юм.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Дэвтэр дээр хөтөлдөг. Дэвтрийн хуудсын зүүн нүүрэнд тэр өдөр хийх ёстой ажлуудыг жагсааж бичдэг бол баруун нүүрэнд уулзалт, хурлыг тэмдэглэл, манай хэлтсээс багийнхандаа зохион байгуулдаг янз бүрийн сургалтыг тэмдэглэж авна.

Харин шинэ санаануудыг наалддаг хуудсан дээр бичээд дэвтрийн хамгийн ард талын хуудсанд наадаг. Хамгийн урд талын хуудсанд цээжлэх хэрэгтэй тоо баримт, албан үг хэллэгийг бичиж наадаг. Ажлыг жижиг гэж гололгүй бүх л нарийн ширийн зүйлсэд анхааран ажиллаж, сурч мэдэх нь над шиг ажлын гараагаа дөнгөж эхэлж байгаа залуу хүнд ирээдүйд зөв дадал зуршилтай болоход хэрэгтэй гэж бодож байна.

"Оюу толгой " ХХК-аас их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуу мэргэжилтнүүдэд зориулан хэрэгжүүлдэг "Шинэ төгсөгчдийн хөтөлбөр"-т хамрагдаж буй Э.Анударь дөрвөн жилийн туршид өөр багуудад хуваарилагдан ажиллан, туршлага хуримтлуулж, мэргэжлийн ур чадвараа ахиулахаар итгэл төгс зүтгэж байна. 2012 оноос хойш хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрт энэ жил 17 оролцогч багтсан аж.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Г.Жаргалжав - Гүний уурхайн геологич

Би геохимич/петрологчийн инженер мэргэжилтэй. М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн геологийн салбар сургуулийг уг мэргэжлийг эзэмшиж төгсөөд эрдэс чулуулгийн гарал үүсэл, найрлага, бүтцийг олон жил шинжилж, судалгаа хийн ажиллаж байгаагийн хувьд энэ чиглэлдээ мэргэжилтэн болж чадсан гэж бодож байна. Иймд миний хийж чадах хамгийн сайн зүйл бол мэргэжлээрээ ажиллах.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Уурхайн геологичдын ажлын үүрэг, хариуцлага маш өндөр. Удахгүй ашиглалтад орох гүний уурхайн хүдрийн шинж чанар, алт, зэс, мөнгө зэрэг ашигтай элементүүдийн нөөц, тархалт, мөн хортой элементүүд зэргийг нарийвчлан тогтоохоос гадна уурхайн ханын чулуулгийн шинж чанар, хагарлыг хянах, ордын геологийн загварчлалыг нарийвчлан сайжруулах зэрэг ажлыг гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Монголдоо төдийгүй дэлхийд алт-зэсийн нөөцөөрөө дээгүүрт ордог орд дээр мэргэжлээрээ ажиллах нь өөрөө маш том боломж. Дээр нь орчин үеийн техник – технологийн дэвшлээс сурах боломж олгож байдаг болохоор сэтгэл дүүрэн байдаг. Мэргэжлийн дагуу техник, технологийн орчин үеийн чиг хандлага, дэвшлийг сонирхож, шинийг байнга эрэлхийлнэ. Хүндрэл бэрхшээл гэдэг хувь хүний хувьд харьцангуй ойлголт учраас шийдвэрлэх боломжийг эрж, шийдвэрлээд л явдаг даа.

"Хийж байгаа ажилдаа дуртай, сонирхолтой байх л хамгийн чухал" хэмээн ярих салбарынхаа тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг Г.Жаргалжав бол үргэлж өөрийн чиглэлийн техник, технологийн орчин үеийн чиг хандлага, дэвшлийг сонирхож, ажилдаа нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг нэгэн.

Та яг одоо ямар ном, нийтлэл уншиж байна вэ?

Н.Ганцэцэг - Металлургийн лабораторийн техникч

Зохиолч Б.Сарантуяагийн бичсэн "Самар Хатан" номыг яг одоо уншиж байна. 15-р зууны эхэн үеийн алтан ургийг угсаа залгамжлагч Элбэг хааны охины түүх сонирхолтой дүрслэлүүдээр дүүрэн. Уурхайн цогцолбор дээр 4,000 гаруй номтой номын сан байдаг. Сар бүр ажилтан-уншигчдын саналыг авч, 100 орчим ном шинээр нэмдэг нь үнэхээр олзуурхууштай.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Эмэгтэй хүн эрчүүдтэй мөр зэрэгцэн уул уурхайн салбарт ажиллаж, хөдөлмөрлөх боломжтой гэдгийг ойлгосон маань миний олж авсан хамгийн чухал сургамж гэж бодож байна.

Н.Ганцэцэг баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх туршилт судалгааг лабораторийн багийн гишүүдтэйгээ хамтран тогтмол явуулдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Ш.Байгалмаа - Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер

Оюу толгойн хувьд дэлхийн олон оронд уул уурхайн бизнес эрхлэн явуулдаг Рио Тинтогийн менежментийг нэвтрүүлэн ажилладаг. Үүн дээр суурилсан орон нутгийн харилцааны стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ тухайн үйл ажиллагаа явуулж буй улс орны хөгжлийн үе шат, соёл, ёс заншил нь харилцан адилгүй учраас нөхцөл байдалдаа тулгуурлан тухайн стандартыг хэрхэн нутагшуулж, орчин нөхцөлд нь тааруулан нэвтрүүлэх боломжтой вэ гэдгийг эрэлхийлэх хэрэгтэй болдог юм.

Бид 2015 оноос эхлэн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулж, компанийн зүгээс нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд 5 сая доллартай тэнцэхүйц хөрөнгийг төвлөрүүлэн, орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгэм рүү чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж ажиллаж байна. Өмнө нь төсөл санаачлах, хэрэгжүүлэх ажлыг манай хэлтсийн мэргэжилтнүүд хариуцдаг байсан бол одоо бид чиглүүлэгчийн үүрэгтэй болж, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагууд, хувь иргэд маань төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч болж байгаа гэсэн үг юм. Бид иргэдийг өөрөө өөрсдийнхөө хувь заяанд эзэн болж, уул уурхайгаас хамааралгүй аж амьдралыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэн хамтдаа хөгжихөд хувь нэмэр оруулах нь бидний гол зорилго.

Сангийн хүрээнд бид одоогоор 65 төслийг санхүүжүүлэх шийдвэр гаргаж, 21-ийг нь хэрэгжүүлж дууссан. Одоогоор Өмнөговь аймгийн 15 суманд 65,000 гаруй хүнд хүрсэн төслүүдэд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ганцхан жишээ дурдахад, Даланзадгад суманд 200 хүүхдийн 2 ч цэцэрлэг барьж байгуулан, үйл ажиллагааг нь тогтворжуулснаар, аймгийн төвд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд байхгүй болсон шүү.

залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Аливаад эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй, зорилготой байгаарай гэж захимаар байна. Би өөрөө 40 хүрч байхдаа Америк руу мастерт сурахаар явж байлаа. Ирээд л анх удаа уул уурхайн салбартай холбогдож, одоог хүртэл ажиллаж байна. Ирээдүйдээ итгэлтэй байж, зөв хандлагатай явбал амжилт үргэлж л хажууд байдаг юм шиг санагддаг.

Юу ч хийсэн урьдчилан төлөвлөж байх хэрэгтэй. Цаг хугацаа бол ухрааж болдоггүй, хамгийн үнэтэй зүйл. Алдсан хором бүрээ алдагдаж буй боломж гэж харж, боломж бүрийг шүүрч авах гэж хичээгээрэй гэж хэлье.

Ш.Байгалмаа Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын эхний ажлуудад гар бие оролцож, өдгөө баригдаж, үйл ажиллагаа нь эхэлсэн төслүүдийн зураг төслийг гаргаж байсан гэнэ. Монголын уул уурхайн салбарын шилдэг эмэгтэй лидерүүдийн нэг тэрээр өдгөө орон нутагт тогтвортой хөгжлийн суурийг тавих учиртай төслүүдийн эрэлд гарч, иргэдийн амьдралд бодитой нөлөөлөл үзүүлэхээр хичээн ажиллаж байна.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

М.Уугантуяа - Ил уурхайн хяналт зохицуулагч

Мэдээллийг урьдчилан хангалттай авах нь цаг хэмнэдэг. Би ил уурхайн бүх л багуудтай хамтран ажиллаж, төлөвлөгөө боловсруулан нэг баг болж ажилладаг. Дан ганц системтэй ажилладаггүй хүнтэй ажилладаг онцлогтой. Тиймээс маш хурдан хугацаанд оновчтой шийдвэр гарган бусад багуудтай хамтран ажиллахад мэдээлэл сайтай байх шаардлагатай болдог юм.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Орой 10 цаг гэж унтдаг. Харин өглөө эрт 5 цагт босдог дадалтай. Манайд ажил өглөө 7 цагт эхэлдэг юм.

Ил уурхайн үйл ажиллагаанд оролцож буй техник, машин, тоног төхөөрөмжийг оновчтой үр ашигтай хуваарилан, ямар нэгэн осол, алдаагүйгээр зохион байгуулж, залж чиглүүлэх ажлыг тэрээр Монголын уул уурхайн салбарт ховорхон хэрэглэгддэг уурхайн хяналтын Modular Dispatch систем дээр гүйцэтгэдэг.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Л.Оюунчулуун - Ил уурхайн оператор

Ажлын байран дээрээ бол сонсдоггүй. Амарч байхдаа поп, рок, уянгын гээд төрөл бүрийн жанрын дуу сонсоно. Ээж, аавын тухай дуунууд, хийлийн болон гитарын тансаг аяз тайвшрал өгдөг. "Жонон", "Дэлхий" зэрэг хамтлагуудыг сонсох дуртай шүү.

та хийж буй ажлынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?

Дэлхийн хэмжээний том уурхайд ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрийг оруулж байгаагаараа бахархдаг. Үүнтэй зэрэгцээд амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд одооноос ч илүү хөдөлмөрлөх, зүтгэх хэрэгтэй гэж боддог. Жирийн бус уулын хүнд даацын том техникүүдтэй ажиллах үед аюул осолгүй ажиллахыг хамгийн түрүүнд хичээдэг юм.

2х2 хэмжээтэй, агааржуулалтаа өөрөө зохицуулдаг, газраас 5 метр өндөрт байрладаг, тав тухтай гэж жигтэйхэн сандалтай ажлын энэ орчинд амьдралын минь дөрөвний нэг өнгөрдөг хэмээн ярих түүний нүднээс эрч хүч, гал цог мэдрэгдэж байв.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Н.Нанжид - Хэрэглэгчдэд туслах багийн ахлах ажилтан

Би ер нь уурхайн талбар дээрээ л байх дуртай хүн. 2010 онд ажлын шаардлагаар төв рүү шилжсэн юм. Одоо бол 14 хоног тутам уурхай дээрээ ажилладаг. Тэнд байхдаа чөлөөтэй цагаараа фитнес, бэлтгэлийн зааланд л өнжинө. Аэробик, иогийн хичээл орж, дасгал хөдөлгөөн тогтмол заадаг юм. Мөн кино театрт шинэ кино ирвэл заавал үзнэ. Монгол кинонууд нээлтээ бараг зэрэг хийж цацдаг юм. Хотод байхдаа бол аль болох ихэнх цагаа гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх дуртай.

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ?

Карьерыг маань тэр чигт нь өөрчилсөн нэгэн үйл явдлыг онцолмоор санагдлаа. Хамгийн анх 2002 онд МУБИС-ыг математик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгсөөд удаагүй байхдаа "Гео Мандал" гэх үйлчилгээний компанид орон, Оюу толгойн хайгуулын ажилд аяга угаагчаар явах болсон юм. Тэр үед хайгуулын талбар дээр 60 гаруйхан л хүн ажилладаг байсан санагдана. Цөөхүүлээ ч байсан, бүгд л бие биеэ их сайн мэддэг байлаа. Тухайн үед гадаад ажилтнууд маань тусдаа нэг гэрт хоолоо иддэг байсан. Нэг өдөр хайгуулын мастер Ч.Форстер гэж хүн намайг дууддаг юм байна. "Чи компьютер дээр ажиллаж чадах уу?" л гэж байна. Би ч чадна л гэлээ. Ийм ийм юм хийж чадах уу, ингэж чадах уу, ингэдэг үү, тэгдэг үү гээд л хэдэн юм асуулаа. Би ч хэмжээндээ англиар ярьж, "литтл бит, литтл бит" гээд л хариулаад байсан. Гэтэл тэр нь ажлын ярилцлага байж, намайг өгөгдөл оруулагчийн ажилд авахаар шалгаж байсан хэрэг байж л дээ. Тэр үед хамт ажиллаж байсан, бидний "нэг ах" гэж авгайлдаг байсан Нийслэлхүү ах л намайг компьютер дээр ажиллаж чадна, хайгуулын хэлтэст яг хэрэгтэй хүн гэж санал болгосон юм билээ.

Санаандгүй байдлаар талбар дээрх хамгийн том хүнтэй уулзаж, ярилцлага өгсөн маань бүх карьерын маань эхлэл болсон юм. Цаашид багшлах сургуулиа олоод гэрээгээ байгуулчихсан, дараа нь мастерт сурна гэж төлөвлөж байсан маань хоромхон зуур өөрчлөгдсөн. Тэгээд л мэдээллийн технологийн хэлтэс анх байгуулагдахад анхны ажилтан нь болж, өдийг хүртэл зүтгэж байна. "Гео Мандал"-ынхан маань намайг "дэвших" болсонд ихэд баярлаж, нябо эгч маань бүр хөтөлж авчирч өгч байсныг тод санадаг. Нисдэг тэргээр хайгуулын талбар луу явна гэхэд нь дүү маань Солонгосоос ирж байгаа учраас дараа нь явъя гэж гуйгаад "айсуй цагаан" гэж дууддаг хүнсний машинтай бараг 2 хоног явж байж араас нь очиж байсан юм даа.

Компьютер хэрэглэж байгаа хүн бүрт туслах нь миний үүрэг хэмээн ярих Н.Нанжидын баг "Оюу толгой" ХХК-д харьяалагдах 4,000 гаруй компьютер, 3,000 орчим төхөөрөмж, 200 принтер, 30 видео уулзалтын хэрэгслүүдийг хариуцдаг.

57143   9


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.