Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   03 сарын 03, 2018

"Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номын тухай

Италийн сэтгүүлч, зохиолч Элена Фавилли ба театрын найруулагч Франческа Кавалло нарын бүтээл "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" бол дэлхийг өөрчилсөн 100 гайхалтай эмэгтэйн түүх, хөрөг зургаас бүрдсэн ном юм. Дэлхийн өнцөг булан бүрээс жар гаруй эмэгтэй зураач нар энэхүү номын зургуудыг урласан ба хамгийн олон хүний дэмжлэгээр бүтсэн бүтээл хэмээн бичигддэг аж. Агуу Екатерина хатнаас Маргарет Татчер хүртэлх алдарт хүчирхэг эмэгтэйчүүдийн түүхүүд нь уншигчдад урам зориг, итгэл найдвар өгөхөөс гадна зорьсондоо тууштай, зорилгодоо эзэн байх нь дэлхийг өөрчлөх хүчтэй гэдгийг харуулна. Энэхүү номонд багтсан түүхүүдийг хүүхдэдээ уншиж өгч болохоос гадна бүхий л насны эмэгтэйчүүд ширээний номоо болгоход тохиромжтой. Бид тус номоос өнөөдөр зарим түүх, эшлэл, зургийг түүвэрлэн хүргэж байна.

МИШЭЭЛ ОБАма, Хуульч, тэргүүн хатагтайн ТҮҮх

"Үргэлж өөртөө үнэнч бай, чиний зорилгод саад болох бусдын үгэнд хэзээ ч бүү сатаар" Мишээл Обама

Эрт урьд цагт юм болгоноос айж эмээж явдаг нэгэн охин байв. Түүний нэрийг Мишээл Робинсон гэдэг бөгөөд Чикаго хотод нэг унтлагын өрөөтэй байшинд гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг байв. "Магадгүй би хангалттай ухаантай, хангалттай сайн биш байх" хэмээн өөрийгөө дутуу үнэлнэ. Нэг удаа ээж нь "хэрэв чи сэтгэлдээ багтааж чадвал бүгдийг чадна" гэжээ. Харин аав нь "боломжгүй зүйл үгүй гэв".

Мишээл шаргуу хөдөлмөрлөдөг байв. Түүний дүн тийм ч хангалттай биш байсан учраас зарим багш нар түүнд хэтэрхий их юм зориод хэрэггүй гэж зөвлөх үе ч гарна. Түүгээр ч зогсохгүй зарим хүмүүс "чи Чикагогийн өмнөд хэсгээс гаралтай жирийн нэг хар арьст охин" учраас том амжилтад хүрэхгүй гэж хэлдэг байв.

Гэхдээ Мишээл эцэг эхийнхээ "Боломжгүй зүйл үгүй" гэдэг үгийг тархиндаа бат суулгажээ. Тиймээс тэр Харвардын их сургуулийг төгсөж том компанид хуульчаар ажилд орж чадсан юм. Нэг өдөр захирал нь түүнээс компанид шинээр орсон залуу хуульчид зааж зөвлөж байхыг хүсжээ. Шинээр орсон тэр залуу нь Барак Обама байсан юм. Тэд бие биедээ дурлаж хэдэн жилийн дараа гэрлэв.

Нэг өдөр Обама түүнд Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч болох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Эхэндээ тэр нөхрөө бүтэшгүй зүйл мөрөөдөж байна гэж бодсон ч ээжийнхээ хэлсэн үгийг санан нөхрөө дэмжихээр ажлаасаа гарч, түүний сонгуулийн кампанит ажилд туслав. Обама сонгуульд хоёр удаа ялалт байгуулсан юм. "Хэн ч ухаантай төрдөггүй. Шаргуу хөдөлмөр хүнийг ухаажуулдаг" хэмээх үг бол түүний амьдралын уриа юм.

АМЕЛИЯ ЭРХАРТ, НИСГЭГЧийн түүх

"Адал явдал гэдэг өөрөө үнэ цэнтэй зүйл юм" Амелия Эрхарт


Эрт цагт Амелия хэмээх охин шар өнгөтэй нисэх онгоц худалдан авахаар хангалттай мөнгө цуглуулжээ. Тэр онгоцоо "Канар бялзуухай" гэж нэрлэв. Хэдэн жилийн дараа тэрээгээр Атлантын далай дээгүүр ганцаарчилсан нислэг хийсэн анхны эмэгтэй болсон юм. Энэ нислэг үнэхээр аюултай байжээ. Түүний бяцхан онгоц хүчтэй салхи, мөсөн шуурганд цохигдон, сэгсчигдсээр явсан аж. Арван таван цагийн нислэгийн дараа тэр Хойд Ирландын хээр талд, гайхширсан үхэр сүргийн дэргэд газардав. "Холоос нисэж ирэв үү" гэж фермер асуув. "Хаа холын Америкаас ирлээ" хэмээн тэр инээмсэглэнэ.

Амелия нисэхээс гадна бусдын хийгээгүйг хийж үзэх дуртай нэгэн байв. Түүний хамгийн том сорилт нь дэлхийг тойрон ниссэн анхны эмэгтэй болох байлаа. Онгоцны ихэнх зайг түлшний сав эзлэх тул ганц жижигхэн цүнх л авч явав. Түүний урд удаан нислэг саадгүй үргэлжилж байв. Гэвч тэрээр Хоулэндийн жижиг арал дээр газардах байсан ч очиж чадаагүй юм. Хамгийн сүүлд дамжуулсан дохиогоороо Амелия үүлэн дунд нисэж яваагаа, шатахуунгүй болж байгаагаа мэдэгджээ. Түүний онгоц Номхон далайн хаа нэгтээ ор сураггүй алга болсон билээ.

Тэр явахаасаа өмнө "Би бүх аюул эрсдэлийг бүрэн ухамсарлаж байна. Би хүссэн учраас л энэ аяллыг хийж байгаа юм . Эмэгтэйчүүд бид эрчүүдийг оролдож үзсэн болгоныг адилхан хийж үзэх ёстой. Хэрэв эрэгтэйчүүд бүтэлгүйтвэл, тэдний хийж чадаагүй зүйлс бусдын хувьд сорилт болж үлдэх ёстой" хэмээн бичиж үлдээжээ.

Онцлох ишлэлүүд

• Кора Коралина, Бразил яруу найрагч, нарийн боовчин: "Би бол амьдрал гэгч ууланд чулууг нь холдуулан, цэцэгс тарьсаар авирсан бүсгүй хүн"

• Заха Хадид, Ирак уран барилгач:"Би хүүхэд байхаасаа л хүчирхэг нэгэн гэдгээ мэддэг байсан"

• Шарлот Бронте, Англи зохиолч: "Би сахиусан тэнгэр биш, хэзээ ч сахиусан тэнгэр болохгүй: би зөвхөн өөрийнхөөрөө л байна."

•Жилл Тартер, Америк одон орон судлаач: "Шинжлэх ухааны шинэ санаанууд түнэр харанхуйг гэрэлтүүлдэг"

27737   3


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.