Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   03 сарын 06, 2018

Апп тойм: Workplace - Ажлаа албан ёсоор фэйсбүүк дээр явуулъя!

Байгууллагын харилцаа холбоо, багийн тоглолтыг сайжруулахад туслах аппууд сүүлийн жилүүдэд эрчээ аван, ар араасаа гарч ирсээр байгаа билээ. Энэхүү давалгаанаас Фэйсбүүк ч мөн хоцролгүй, үндсэн платформоо албан байгууллагуудад зориулан өөрчилсөн "Workplace"-ийг жил гаруйн өмнө гаргасан нь ихээхэн өсөлттэй, амжилттай яваа юм. Саяхныг болтол үнэтэй байсан тус платформоо Фэйсбүүк үнэгүй болгоод байгаа бөгөөд ингэснээр ажлаа албан бусаар фэйсбүүк дээр явуулдаг олон компани, байгууллагууд ажил хэргээ "албан ёсоор" өөрсдийн хэрэглэж дадсан платформ дээр явуулж, харилцаа холбоо, багийн тоглолтоо сайжруулах боломж бүрдэж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Багууд хоорондын харилцаа холбоог сайжруулахын тулд Slack, Trello, Microsoft Teams гэх мэт платформыг сонгон ашигладаг ч удаан хугацаанд идэвхтэй ашиглаж чадахгүй бол удалгүй нөгөө л Facebook Messenger-ээр чатлах нь түгээмэл. Энэ нь магадгүй Монголд бараг бүх л хүн Фэйсбүүкийн хэрэглэгч болсонтой холбоотой байх. Харин Workplace-ийн хувьд, хэдий Фэйсбүүкээс тусдаа, хамааралгүй платформ боловч бүтцийн хувьд үндсэндээ яг адилхан тул ажилтнууд идэвхтэй харилцахад томоохон түлхэц өгөх магадлалтай.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Та ажлын имэйлээ ашиглан бүртгүүлж компанийнхаа "workplace" буюу ажлын орчинг үүсгэх юм. Өмнө нь төрсөн өдрийн эвент үүсгэдэг байсан бол одоо ажлын уулзалтын эвент нээж, найзуудынхаа постуудыг хардаг байсан бол ажлын мэдээллүүдийг гүйлгэж харах, сонирхлоороо групп үүсгэдэг байсан бол хэлтэс, төслөөрөө групп үүсгэх зэргээр функцуудын зориулалт мэдээж өөрчлөгдөнө. Чатны хувьд ч Messenger-тэй төстэй бөгөөд аудио, видео дуудлага хийх боломжтой хэвээрээ. Мөн live бичлэг хийх функцаа ч хадгалжээ. Ашиглаж буй компаниудын хувьд live хийх боломжийг нь тун ч үнэлж байгаа бөгөөд элдэв уулзалт, семинарт ирж чадахгүй хүмүүстээ мэдээллийг хялбар хүргэх бололцоог хангаж байгаа талаар бичжээ.

Түүнчлэн пост бичихэд туслах жагсаалт, гарчиг үүсгэх, текстэн дээр шууд линк холбох зэрэг боломжуудыг нэмж өгчээ. Постууд дээрээ гишүүдийг "tag"-лаж болох бөгөөд зарлал зэргээ хэрэгтэй хүнд нь шууд хүргэж болохоор аж. "Notifications" цонх нь мөн уншаагүй, хариу коммент бичсэн зэргээр ангилагдсан байна.

Өөр анхаарал татсан онцлог гэвэл компани хоорондын групп үүсгэх боломж юм. 2 өөр компанийн буюу 2 "workplace"-ийн хүмүүс байсан ч дундаа нэг групптэй байж болох аж. Ингэснээр хамтын төсөл, ажлыг хурдтай явуулахад тун ч тустай санагдав.

Хамгийн гол нь эдгээрийг үнэгүй ашиглах боломжтой. Мөнгө төлж хэрэглэвэл гуравдагч аппуудыг буюу Google Drive, Dropbox зэргийг холбон хэрэглэх боломжийг нээхээс гадна удирдлага, хяналтын нэмэлт функцуудыг ашиглаж болох юм билээ. Үнэтэй хувилбар нь эхний 1000 гишүүн тус бүр 3$, цаашлаад хямдраад явах юм байна. Нэмж хэлэхэд, бүртгэлтэй ТББ болон боловсролын байгууллагын гишүүд төлбөргүй үнэтэй функцуудыг нь ашиглаж болох ажээ.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Дээр хэлсэнчлэн Google Drive зэргийг холбохын тулд заавал мөнгө төлөх шаардлагатай учраас эдгээрийг тогтмол хэрэглээгээ болгосон газруудад жаахан хүндрэлтэй.

Түүнчлэн, Workplace нь зөвхөн харилцаа, холбоог түргэсгэх дээр л анхаарсан гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл төслөө удирдах, хийх зүйлсээ ангилах, жагсаах гэх мэт менежментийн функц одоогоор байхгүй. Тиймээс харилцааны биш төслийн удирдлагыг хялбарчлах апп хайж байгаа бол дангаар нь ашиглахад тохиромжтой биш байж магадгүй юм.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Ерөнхий мэдээлэл хуваалцах, хоорондоо ярилцаж зөвлөлдөх, байгууллагуудын хэмжээнд арга хэмжээнүүд зохион байгуулах зэрэгт ашиглахад тун дажгүй. Гэхдээ багийн тоглолтоо сайжруулахад зөвхөн ярилцахаас гадна ажлаа хуваарилах, цэгцтай явах шаардлага яах аргагүй гардаг. Одгоор ийм төрлийн функц байхгүй нь жаахан тиймхэн ч Trello + Slack маягийн төгс платформыг үүсгэнэ гэдэг хялбар биш нь ойлгомжтой.

Шинээр workplace нээж байгаа хүмүүст танилцуулга, зөвлөгөө маягийн онлайн семинар хүртэл санал болгож, зөвхөн хэрэглэгчидтэй харилцаж тусламж өгөх тусдаа багтайгаас нь харахад Фэйсбүүкийн хувьд энэ зах зээл нэлээд анхаарал хандуулж байгаа нь илт. Тиймээс ирээдүйд улам хөгжөөд явах байх. Одоогоор платформд 7 оноо өгье.

Мөн дэлхийн шилдэг компаниуд болох Volkswagen, Campbells, Booking.com зэргийн сэтгэгдлийг эндээс уншаарай.

iOS, Android хувилбараас гадна вэб хувилбартай нь эндээс танилцаарай.

Татаж авах

15223   0


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.