Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 26, 2018

ДүДү Хүүхдийн Музей - Багачууд ирээдүйгээ бүтээнэ

Хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Дүдү Хүүхдийн Музей” өнгөрөгч хагас сайн өдөр И-Март худалдааны төвд нээлтээ хийлээ. Энэхүү музей нь сансрын нисэгч, гал сөнөөгч, эмч гэх мэт олон ажил мэргэжлийн дүрд хувиран, тоглонгоо суралцах боломжийг багачуудад олгодог. Гэр бүлээрээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх газруудын тоог нэгээр нэмж буй энэ төвийн нээлт дээр бид очиж, тус музейн менежер Д.Хос-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

Бизнесийн нэр: Дүдү Хүүхдийн Музей
Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март их дэлгүүрийн 5 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдийн музей, сургуулийн өмнөх боловсрол
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Ажилтны тоо: 13
Сошиал хуудас: Dudu Children's Museum

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Манай "Дүдү боловсролын сан ТББ" 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2008 онд бид хүүхдүүд модоор машин хийгээд уралдуулах "Дүдү машин" гэсэн хөтөлбөрийг Монголд анх санаачилж байв. Үүний дараа Дүдү пуужин, цаасан онгоц, ирээдүйн сансрын нисэгч гэх мэт албан бус боловсролын хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ мэт олон санаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орчин дутагдалтай байсан учир ийнхүү 10 жилийн босгон дээрээ "Дүдү хүүхдийн музей"-гээ байгуулж байна.

Хүүхдийн музей бол дэлхий дахинд түгээмэл байдаг зүйл. Хөгжингүй улс орнуудад хүүхдийн музейг хичээлээс гадуурх албан бус боловсролын нэг хэлбэр гэж үздэг. Тийм ч учраас бид ийм музей байгуулах нь манай үйл ажиллагааны чиглэлтэй нийцсэн хэрэг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Төслөө танилцуулан 3-4 хөрөнгө оруулагч татаж хувь эзэмшүүлэх замаар энэ асуудлыг шийдсэн. Монголд энэ төрлийн музейг анх удаа бий болгож байгаа учир зээл хөөцөлдөхөд бага зэргийн хүндрэл байсан. Банкууд зээл олгохдоо тогтсон загвартай байдаг юм шиг байна лээ. Бидний төсөлтэй харьцуулах бизнесийн загвар байхгүй учир зах зээлийн судалгаа хийхэд хүндрэлтэй байна гэсэн хариу сонсож байсан.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Тоглонгоо суралцана гэдэг том давуу талтай. Аристотель "Шинжлэх ухаан гайхашрахаас эхэлнэ" гэж хэлсэн байдаг. Манай музейд орж ирсэн хүүхдүүд гайхширч, гайхширснаараа янз бүрийн асуултууд тавьж эхэлнэ гэдэгт бид итгэж байгаа. Тэр гайхширсан зүйл нь ид шид биш, шинжлэх ухаан юм. Эндээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ юунд сонирхолтой, ямар авьяастай зэргийг мэдэж, цааш улам хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Манай улсад музей гэхээр гар хүрч болохгүй гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэтэл хүүхдийн музейд заавал гар хүрнэ гэсэн дүрэм мөрдөгддөг. Хүний нүдээр үзэж, чихээр сонссон мэдээлэл санах ойд 10-20 хувьтай үлддэг, харин гараар хүрч, өөрийн биеэр мэдэрсэн мэдээлэл 70-аас дээш хувьтай үлддэг гэдэг. Дэлхийн музейн чиг хандлага ч энэ тал руугаа шилжиж байгаа.

Дараагийн онцлог тал бол хүүхдийн бүтээлч байдлыг дэмжиж байгаа явдал юм. Цахим төхөөрөмж, элдэв төрлийн технологиос салахаа байсан одоогийн хүүхдүүдэд гараар хийж бүтээхийг бид уриалсан тоглоом, төхөөрөмжүүд манайд байгаа. Түүнчлэн шинжлэх ухааны боловсролыг дэмжих үүднээс STEM-ийн (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) хөтөлбөр агуулгуудыг шингээсэн байгаа.

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран байгуулсан Үлэг Гүрвэлийн тоглоомын хэсэг

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Гадаадад хүүхдийн музейнүүд нь өргөн цар хүрээтэй, том хэмжээтэй газрууд байдаг. Монголд зах зээл жижигхэн, санхүүжилтийн хүндрэл ихтэй. Иймд хамгийн түрүүнд хүүхдийн музейн үйл ажиллагаа, ач холбогдлын талаар хүмүүст сайн ойлголт өгч, дараагаар нь гаднын улсуудын жишгээр цогц том хэмжээний хүүхдийн музейг бий болгохыг хүсэж байна. Бид Олон улсын музейн холбоонд гишүүн болох хүсэлтээ өгчихсөн байгаа. Мөн хүүхдийн музейнүүд нь тухайн улс орны соёлыг агуулсан өвөрмөц шинжтэй байдаг болохоор Монгол орныхоо түүх соёл, онцлогийг агуулсан монгол хүүхдийн музей гэж олон улсад танигдах зорилгыг ч тавьж байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Хүүхэд урамшиж байж суралцдаг хөгждөг тул хүүхдийг аль болох урамшуулах аргыг бид баримталж ажиллана. Сансрын нисэгчийн хэсэгт тоглож танилцсаны дараагаар хүүхдэд бяцхан сансрын нисэгч боллоо шүү гээд тэмдэг гардуулж өгөх жишээтэй. Ингэхээд хүүхдэд энэ чиглэлээр цааш суралцах хүсэл эрмэлзэл бадардаг.

Хоёрдугаарт, хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг шүү дээ. Монгол хүүхдүүд багаасаа зөв хүн болж төлөвшиж, дэлхийн бусад улсын хүүхдүүдтэй эн зэрэгцэн алхах чадвартай болохын тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудад хүүхдүүдийн үзэж харж буй зүйлсийг монгол хөрсөн дээрээ буулган үзүүлэх боломжийг хүүхдүүдэд нээж өгөхийг зорьж байна. Ирээдүйн Монгол улсын хөгжилд багахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийж, үнэ цэн нэмж байгаа гэсэн итгэл үнэмшлээр бид үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын анхны сансрын нисгэгч С.Гүррагчаагийн дэмжлэг зөвлөгөөг аван байгуулсан Сансар Огторгуйн хэсэг

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бидний ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн, тэднийг боловсрол мэдлэгтэй хүмүүс болгоход чиглэсэн ажил хийж байгаа болохоор бидэнд тун урамтай байдаг. Хүүхдийн музей бол бизнесийн хувьд өндөр ашигтай бизнес биш. Хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн бид энэ ажлыг эхлүүлсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд ч үүнийг ойлгож дэмжсэн. Төслөө танилцуулаад уулзаад явахад явахад бүх л газрууд нааштайгаар хүлээж авч байсан. Хүүхэдтэй холбоотой боловсролын асуудал Монголд тулгамдаад байгаа юм байна, энэ төрлийн ажил үнэхээр дутагдаж байгааг бид сайн ойлгож авлаа.

Хүүхдийн музейн бүтээн байгуулалтад барилгын ажлуудаас гадна уран бүтээлийн ажлууд явагдсан юм. Манай музей доторх бүх зүйл гараар хийгдсэн. Гүйцэтгэгч уран бүтээлчид маань буруу ойлгох, бидний төсөөлсөн, хүлээсэн шиг үр дүн гарахгүй удах зэрэг хүндрэлүүд гарч байлаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Тоглоом бол сургалтын хамгийн зөв хэлбэр. Музейн орчинд тулгуурлаад хүүхдэд зориулсан танин мэдэхүй, шинжлэх ухааны төрөл бүрийн контент хөтөлбөрүүдийг боловсруулж бэлтгэх дээр төвлөрч ажиллаж байна даа.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХҮҮХДҮҮД, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Дандаа л эерэг сэтгэгдлүүд ирж байгаад бид баяртай байна. Нээлтээ хийснээс хойш 200 гаруй хүүхдэд үйлчиллээ. Эцэг эхчүүд их баяртай байсан. Цаашид хүүхдэд зориулсан боловсрол, танин мэдэхүйн төрөл бүрийн үйлчилгээнүүд бий болох хэрэгтэй нь анзаарагдаж байна.

ЭЦЭСТ НЬ, ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Төслийн үнэ цэнийг өөрийнхөө үнэ цэнээс дээгүүр тавих хэрэгтэй гэж бодож байна. Аливаа бизнес, санал санаачилга нийгэмд тодорхой асуудлыг шийдэхээр зорьж байдаг. Манай зорьж байгаа зүйл бол багачуудын боловсролыг нэмэгдүүлснээр ирээдүйн монгол хүний үнэ цэнийг дээшлүүлэх явдал юм. Бид хүүхдийн асуудал шийдвэрлэх гэж байгаа хүмүүс аль болох олон болоосой гэж хүсдэг.

Зарим залуучууд мөн аливаа шинэ зүйлийг надтай адилхан зүйл хийлээ гэсэн өнцгөөс хардаг. Харин тухайн бизнес/төсөл асуудлыг шийдэж чадаж байна уу, үгүй юү, өргөн утгаараа хэрэгтэй юү гэдэг талаас нь харах хэрэгтэй юм шиг санагддаг.

Гэрэл зургийг: Д. Ганзул

100373   6


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.