Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   02 сарын 19, 2018

Дундын оффисоос төрсөн дэлхийн шилдэг компаниуд

Дундын оффис нь гарааны бизнес эрхлэгчид, залуу мэргэжилтнүүдэд олон давуу талыг олгодог билээ. Ижил санаа зорилготнуудтай нэг дор цуглан санал бодлоо солилцох, хамтрагчдаа олох, танилын хүрээгээ нэмэгдүүлэх, менторуудаас зөвлөгөө авах, цаашлаад хөрөнгө босгох зэрэг олон боломжийг эндээс шүүрэх боломжтой. Жишээ болгон бид өнөөдөр, дундын оффисоос төрсөн дэлхийн шилдэг зарим компанийг танилцуулъя.

UBER

Дундын оффисоос төрсөн дэлхийн шилдэг компаниудын нэгд яахын аргагүй Uber орох билээ. 2008 онд Парис хотноо нэгэн хүйтэн орой Травис Каланик, Гаррет Камп нар такси барих гэсэн боловч олдоогүй учир утаснаасаа хэдэн товчлуур дараад л такси дуудах санааг анх олжээ. Ийнхүү Uber төрж одоогоор 58 орны 600 гаруй хотод амжилттай түгээд байгаа юм. Тэд АНУ-ын Сан Франциско хотын “RocketSpace” дундын оффист үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм.

Байгуулагдсан он: 2008
Дундын оффис: RocketSpace

DUOLINGO

Өдгөө дэлхий дээр 1.2 тэрбум хүн гадаад хэл сурч байгаа ажээ. Гэвч хэл сурахын тулд сургалтанд суух, сургуульд явах зэргээр их зардал гаргадаг тул Луис Вон Ахн, Северин Хакер нар хүн болгонд хүртээлтэй хэл сурах хялбар аргыг олохоор шийдсэн нь өдгөө гадаад хэл сурах хамгийн алдартай Duolingo апп болоод байгаа билээ. Тэд Uber-ийн адил Сан Франциско хотын “RocketSpace” дундын оффист гараагаа эхлүүлжээ.

Байгуулагдсан он: 2011
Дундын оффис: RocketSpace
Duolingo-той дэлгэрэнгүй танилцах: http://www.unread.today/posts/post/470

Ази, Европ, Австралид салбартай RocketSpace дундын оффис нь Converse, Spotify, Microsoft, British Airways зэрэг маш олон компанийн үйл ажиллагаанд дэм болж байжээ.

INSTAGRAM

2010 онд үүсгэн байгуулагдаж хоёрхон жилийн дараа Facebook-д зарагдсан Инстаграм бол гарааны бизнесүүдийн амжилтын хамгийн тод жишээний нэг. Анх Кевин, Майк нар Burbn нэртэй апп дээр ажиллаж эхэлсэн юм. Анхны санаа нь, хаа нэгтээ дарс, виски шимэн суугаа хүмүүс хоорондоо ууж суугаа дарсныхаа тухай яриа өрнүүлж болох сошиал сүлжээг үүсгэх байжээ. Улмаар энэ санаан дээрээ ажилласаар одоогийн Инстаграмын зураг засаж оруулах санаан дээр тогтсон гэдэг. Тэд Сан Франциско хотын “DogPatch Labs” дундын оффист хамгийн анх санаагаа боловсруулж ажиллаж эхэлсэн байна.

Байгуулагдсан он: 2010
Дундын оффис: DogPatch Labs

WANDERFLY

Нью Йорк хотын “Projective Space” хамтын оффист 2009 онд гараагаа эхэлсэн аяллын Wanderfly компани дундын оффист байршиж байсан нь хэд хэдэн шалтгаантай байжээ. Дундын оффист байрласнаар багынхан нь эрч хүч, урам зоригоор дүүрэн байж танил тал, хамтын ажиллагааны боломж ихэснэ гэдгийг тооцсон байна. Аялагч бүрийн төсөв, сонирхолд тохируулан мэдээлэл өгөх зорилго бүхий тус аяллын гарааны бизнес 2011 онд Tripadvisor компанийн нэг хэсэг болсон юм.

Байгуулагдсан он: 2009
Дундын оффис: Projective Space

Charity: Water

Charity Water байгууллага нь 2006 онд Нью Йорк хотын “WeWork” дундын оффист үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Charity Water байгууллага нь 10 хүн болгоны нэг нь цэвэр усгүй орчинд амьдарч байгааг өөрчлөн, дэлхийн хүн нэг бүрийг цэвэр усны хүртээмжтэй амьдруулах зорилготой аж. Тэд 10-хан жилийн дотор 24 орны 7 сая гаруй хүнийг цэвэр усаар хангадаг болсон ба дундын оффист төрсөн онцлох газруудын нэг гарцаагүй мөн юм. Charity Water дундын оффисоос ширээ, сандал болон бусад тоног төхөөрөмжийн тусламж авч байснаас гадна сүүлд албан ёсны хамтын ажиллагааны түншлэлтэй болсон байна.

Байгуулагдсан он: 2006 он
Дундын оффис: WeWork

100,000 гаруй гишүүнчлэлтэй WeWork дундын оффис нь 2000 гаруй ажилтантай ба АНУ-ын 23 хот болоод дэлхийн 21 оронд салбартай томоохон дундын оффисуудын нэг юм.

УЛААНБААТАР ХОТЫН ДУНДЫН ОФФИСУУД 

Улаанбаатар хот маань сүүлийн үед Club Coworking, Startup Terminal, WorkCentral Mongolia, SMS - Startup Marketing Space, Creative Club зэрэг хэд хэдэн дундын оффистой болоод байгаа билээ. Чөлөөтэй, өөрийн тааваар ажиллах, бүтээлч байдлаа өрдөх, танилын сүлжээгээ өргөтгөх, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог эдгээр дундын оффисууд нь залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлж, гарааны бизнесийн экосистем хөгжихөд дэм болж байгаа нь лавтай. Илүү дэлгэрэнгүй танилцах:

Улаанбаатар хотын 5 дундын оффис: http://www.unread.today/posts/post/1151

19983   0


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.