Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 18, 2018

7 хоногийн тойм: Цагаан сар + Хар ирвэс + Цагаан Олимп

Ковер зургийн тайлбар: Хурднаас хурдан... (Getty)

Дэлхий дахинд

Азийн улс орнуудын уламжлалт сар шинийн баяр энэ долоо хоногт тохиож байна. Сарны тооллоор шинэ оноо угтан авч буй хэдэн тэрбум хүмүүс өвлийг өнтэй давж, хаврын улирлыг угтан авч, хотол олноороо баярлаж байна. Нөхөрсөг хэмээх тийн унжлагат нохой жилээ Монгол түмэн ч уламжлал ёсоор өргөн дэлгэр угтан авч байгаа билээ.

Ikon: 17-р жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн өнгө

ӨАБНУ-ын ерөнхийлөгч Ж.Зума намаас ирж буй дарамт шахалтын улмаас үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. 2009 оноос хойш ерөнхийлөгчийн үүргийг хашихдаа авилгал, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэд хэдэн ноцтой хэрэгт холбогдож байсан Зумаг дэд ерөнхийлөгч нь орлох болно. Өдгөө 75 настай Зумад итгэл үзүүлэх эсэх тухай асуудал өмнө нь хэд хэдэн удаа парламентаар хэлэлцүүлэгдэж байсан ч тухай бүрт нам нь түүнийг аварч байсан удаатай.

CNN: Ноён Зума, бид таныг үгүйлэхгүй!

Ираны өмнөд хэсгийн уулархаг бүс нутагт онгоц осолдож, 66 зорчигч бүгд амь насаа алдсан харамсалтай үйл явдал тохиолоо. Aseman Airlines-ийн Тегеранаас Ясуж хот хүрэх учиртай байсан онгоц 50 минутын дараа холбоо тасарсан аж. Онгоцны осол болсон газарт 20 гаруй аврах ажилтан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Төвдийн Лхас хотноо орших Жохан сүмд гал гарсан тухай эх сурвалжууд мэдээллээ. 1000 гаруй жилийн настай, UNESCO-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн уг сүм нь Төвдийн Буддизмын хамгийн чухал, эрхэм газруудын нэг хэмээн хүндэтгэдэг юм. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч цагаан сарын баяртай холбогдуулан ном хурах үеэр асаасан зулнаас үүссэн байж болзошгүй байгаа гэнэ.

Флоридагийн Паркланд хотын ахлах сургуульд зэвсэгт этгээд дайран орж, гал нээн, улмаар 17 хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Тус сургуульд суралцаж байсан ч сахилга батын асуудлаас болж хөөгдөж байсан 19 настай Н.Круз хэмээх этгээд өдрийн 2 цагийн орчимд сургуульд нэвтрэн 10 минутын турш гал нээсэн бөгөөд цагийн дараа цагдаагийнхан түүнийг баривчилжээ. Түүний яагаад энэ хэргийг үйлдсэн, ямар сэдэлтэй байсан талаар хараахан мэдээлэл гараагүй байгаа ч амьд үлдэгсэд болон хохирогсод шийдвэр гаргагчдаас зэвсэгт тавих хяналтаа чангатгахыг хүссэн тэмцлийг эхлүүлээд байна.

Өвлийн олимпийн наадам үргэлжилсээр

БНСУ-ын Пёнчан хотноо 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам ид дундаа үргэлжилж байна. 92 орны 3000 орчим тамирчид 102 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагаас одоогоор 61 багц медаль эздэдээ очжээ. Багийн дүнгээр Герман, Норвегийн багууд ижил 9 алтан медальтайгаар тэргүүлж байна. Норвегичууд гүйлтийн цанын төрлөөс л таван алтан медаль хүртэж, нийт 26 медаль хүртээд байна. Харин Германчууд чарганы төрлөөс 6 медаль хүртсэний гурав нь алт байж, биатлоны од Л.Дальмайер нь 2 алт 1 хүрэл медаль хүртэж энэ наадмын гол оддын нэгт тооцогдох боллоо. Тэшүүрийн төрөлд бүрэн ноёрхож 6 алтан медаль хүртсэн Нидерланд, АНУ, Канадын багууд удаалж байна.

Харин талбайн эзэд гурван алтан медаль аваад байгаа юм. Тэдний скелетоны тамирчин Юүн Сүн Бин чарганы төрлийн уралдаанд түрүүлсэн анхны Ази тамирчин болсныг онцолъё. Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы Ю.Ханю итгэл төгс түрүүлж, Сочид хүртсэн алтан меэдалиа хамгаалж чадлаа. Тэрээр 1952 оноос хойш анх удаа аваргаа хамгаалсан эрэгтэй гулгагч болов.

Монголчуудын хувьд энэ наадамд гүйлтийн цанын төрөлд 2 тамирчнаа илгээсэн. Цагаан сарын баяртай давхцан уралдаанаа хийсэн манай тамирчид хувийн амжилтаа ахиулж, замаа дуусган барианд орсон юм. Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд ОУХМ Ч.Отгонцэцэг 90 тамирчнаас 84-р байрт оров. Тэрээр 4 жилийн өмнө Сочид мөн эх орноо төлөөлөн оролцож байв. Монголын багийн тугч Б.Ачбадрах 15 км-ийн уралдаанд 119 тамирчнаас 97-р байрт орсон амжилтыг үзүүлжээ.

Монгол тамирчдыг дэмжигчид нь баатар мэт хүлээн авав. Гэрэл зургийг Э.Харцага

технологийн ертөнцийн эргэн тойронд

Телеграм ирэх сард гаргахаар төлөвлөж буй ICO-ийн урьдчилсан борлуулалтаар 800 сая доллар босгосон гэдгээ зарлалаа. Дэлхийн хамгийн нууцлал сайтай чат апп-д тооцогддог Телеграм 3-р сард хийгдэх ICO-оороо дамжуулж, 1.15 тэрбум доллар нэмж босгох зорилготой байгаа юм.

Uber зүүн өмнөд Азийн зах зээл дэх бизнесээ тус зах зээлийн лидер болоод буй Сингапурын Grab-д худалдахаар төлөвлөж байгаа гэнэ. Өмнө нь Орос, Хятадын зах зээлээс шахагдаж, Yandex болон Didi-д бизнесээ зарж байсан тэд шинэ CEO-ийн удирдлаган дор 2019 онд багтаан IPO хийхээр бэлтгэж байгаа билээ.

Оросын тэргүүлэх технологийн компаниудын нэг Yandex автомат удирдлагатай машинаа анх удаа өвлийн улиралд амжилттай туршлаа. Москва хотноо хийсэн уг туршилт нь Орос улсад хийсэн анхны жолоочгүй машины туршилт болсон байна.

Энэ жилдээ багтаан IPO хийхээр төлөвлөж буй Kakao Games Теncent тэргүүтэй стратегийн хөрөнгө оруулагчдаас 130 сая доллар босгосон байна. БНСУ-ын номер нэг интернет портал Какаогийн эзэмшдэг тоглоом хөгжүүлэгч уг компани олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Италийн криптовалютын арилжааны бирж BitGrail халдлагад өртөж, 17 сая доллартай тэнцэхүйц Nano буюу XRB-г алдсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэд хэрэглэгчдэдээ энэ тухай мэдэгдэж, дараагийн алхам юу болохыг төлөвлөж байгаагаа дуулгасан байна. 1.2 тэрбум долларын зах зээлийн багтаамжтай Nano 24 дэх том криптовалют юм.

Дэлхийн хамгийн том брэндүүдийн нэг Unilever сошиал медиа компаниудад хандан хуурамч мэдээ, терроризм, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой контентуудад хязгаарлалт хийх, хяналт тавих ажлыг яаралтай нэвтрүүлэхгүй бол бүх сурталчилгааны төсвөө татна гэдгээ анхааруулсан байна. Фэйсбүүк тэргүүтэй компаниудын хамгийн том түншүүдийн нэг Unilever брэндийн үнэт зүйлтэй зөрчилдөж байгаа учир ийм алхам хийх болсон хэмээн тайлбарлажээ.

Инстаграм хэрэглэгчдэдээ тавьсан зураг, story-г нь хэн нэгэн өөртөө хадгалж авах буюу Screenshot хийвэл мэдэгддэг нэмэлтийг туршиж байна. Хэрэглэгчдээс ихээхэн эерэг үнэлгээ аваад буй энэ нэмэлт энэ оны эхний хагаст бүрэн нэвтрэх бололтой.

Өвлийн туршилт амжилттай болсон нь олон шинэ боломжийг нээв

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дисней/Марвелийн шинэ бүтээл Black Panther нээлтийн долоо хоногтоо ээлж дараалан бокс оффисийн дээд амжилтуудыг эвдсээр байна. Тэд нээлтийн долоо хоногтоо 223 сая долларын орлого олсноороо бүх цаг үеийн жагсаалтын эхний 5-д орж ирлээ. Марвелийн хамгийн амжилттай нээлтээ хийсэн, 2-р сард хамгийн их ашиг олсон зэрэг дээд амжилтуудаар уг кино үзэгчдийг соронзон мэт татсаар байна.

Apple Music өөрийн платформын хамгийн их үзэгчтэй шоу Carpool Karaoke-ийн 2-р улирлыг хийх болсноо албан ёсоор зарлалаа. Уг шоуны хөтлөгч Ж.Кордений урлаг, соёл, спортын ододтой хамтран гаргадаг энэхүү шоу шинэ улирлаас эхлэн илүү шинэлэг болно хэмээн бүтээгчид нь амлаж байна.

Netflix шилдэг контент бүтээгчдийг ээлж дараалан нэгтгэсээр байна. Энэ удаад Glee, American Horror Story-ийн бүтээгч Р.Мюрфитэй зөвхөн Нетфликсд зориулж цуврал кино гаргах урт хугацааны гэрээ хийснээ зарлалаа. Гэрээний үнэ 300 сая доллартай тэнцэхүйц байгаа аж.

Алибабагийн эзэмшдэг Хятадын хамгийн том видео платформ Youku Диснейн контентуудыг эх орондоо цацах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Youku Диснейн цувралуудын 1000 гаруй ангийг, 100 гаруй бүрэн хэмжээний кино, анимэйшнүүдийг дамжуулах боломжтой болж байгаа юм.

алдалгүй унших арван мэдээ

Sportsnet: Оросын тамирчдаас допинг илэрсэн үү?
NPR: 100 мянган орангутан 16 жилийн дотор алагджээ
The Verge: Huawei, ZTE-г битгий хэрэглэ гэж анхааруулж байна
Gogo: Д.Төмөрхүлэг Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдана
Vox: Арктикийн мөс улам бүр багассаар
ESPN: NBA-ийн бүх оддын тоглолт эхэллээ
BBC: Валентиний өдөр гэрэл зургийн дуранд
Unread: Sport Mongolia: Спортын ертөнцийн найдвартай хөтөч
Washington Post: Трамп Олон Улсын Сансрын Станцыг хувьд шилжүүлэхийг хүсэж байна
Recode: Сонгууль дахь Фэйсбүүк, Твиттерийн нөлөөг тайлбарлах нь

14670   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.