Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   02 сарын 13, 2018

Апп тойм: Sport Mongolia - Спортын ертөнцийн найдвартай хөтөч

Өвлийн Олимпийн наадам ид дундаа үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан шилдэг тамирчид, хурд-хүч-авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй энэ цаг мөчид бид та бүхэнд Sport Mongolia апп-ийг танилцуулж байна. Монголын Үндэсний Олимпийн Хорооноос спорт сонирхогчдод зориулан дотоодын болон олон улсын олимпийн хөдөлгөөн, спортын ертөнцөд өрнөж буй онцлох үйл явдлуудыг хүргэх хамгийн баталгаатай эх сурвалж болгон энэхүү апп-ийг гаргажээ. Та Монголын шилдэг спортын сэтгүүлчдийн бэлтгэсэн чанартай, уншууртай нийтлэлүүдийг бүрэн интерактив байдлаар энэхүү цахим сэтгүүлээс хүлээн авах боломжтой юм. 

Яагаад хэрэглэх ХЭРЭГТЭЙ вэ?

Хэрвээ та спорт сонирхдог, спортын фанат бол энэ апп таны гар утсанд заавал байх ёстой. Уг апп-цахим сэтгүүл нь олон улсын болон дотоодын ертөнцөд өрнөж буй спортын уралдаан тэмцээний дүн мэдээлэл, эргэн тойрон дахь сонин хачин, мэдлэг өгөхүйц тоо баримтуудыг баталгаатай эх сурвалж дээр тулгуурлан өгөх болно.

Эрхлэн гаргагч Монголын Үндэсний Олимпийн Хороо энэхүү аппаар дамжуулан олимпийн хөдөлгөөний үнэ цэнийг нэмэгдүүлэх, залуу үеийнхэнд олимпизмын үзэл санаа, үнэт зүйлсийг шууд хүргэх зорилготой. Мөн түншүүд, хамтрагчид, спорт холбоод, тамирчид зэрэг бусад оролцогч талуудыг сурталчлах, таниулах, алдаршуулах зорилгыг давхар агуулж байгаа юм.

Хэрвээ та өөрийн дэмждэг тамирчин, шүтдэг баг, дуртай спортоо илүү ойроос дэмжиж, илүү сайн мэдэхийг хүсвэл Sport Mongolia-г татаарай.

Ямар давуу тал, онцлогтой вэ?

Уг цахим сэтгүүл дээрх нийтлэл, мэдээллүүдийг та зөвхөн уншихаас гадна үзэж, сонсож, дотор нь харьцах боломжтой. Нийтлэлүүд видео, зурагт болон хөдөлгөөнт хэлбэрээр баяжин, бүрэн интерактив байдлаар хүрч байгаа гэсэн үг юм. Нарийн анзаарвал зохих нандин нэмэлтүүд бараг бүх хуудсуудад бий.

Монголын хамгийн шилдэг спортын сэтгүүлчид энд нийтлэл бичиж буй. "Таван цагариг"-ийн гэгддэг Ж.Отгонцагаан, Ц.Энхтүвшин, Р.Манлай зэрэг спортын ертөнцөд аль хэдийн өөрийн байр суурийг эзэлсэн шилдэг сэтгүүлчид танд өөрсдийн өнцгөөс, өөрсдийн өнгө төрхийг шингээсэн сонирхолтой нийтлэлүүдийг хүргэж байна.

Үүнээс гадна сэтгүүлийн контент олон талыг хамарсан, өргөн хүрээтэй. Олимпийн зүтгэлтнүүдийг алдаршуулах "Мартагдах учиргүй", "Спортод элэгтэй эрхэм", алдарт тамирчдын тухай "Миний тухай", "Алдартнууд" зэрэг "Таван цагариг" сониноос уламжилж авсан булангуудаас гадна "Спортманиа", "Спортономикс", "Спортпедиа" зэрэг брэнд нийтлэлүүд энд бий. Спорт дөнгөж сонирхож буй залуу уншигчдаас эхлээд спортын улаан фанат, архаг дэмжигчдэд хүртэл энэ сэтгүүл дотны хөтөч нь болж чадна.

Сэтгүүл дээрх бүх зураг, видео нь оригинал бөгөөд зохиогчийн эрхтэй гэдгээрээ мөн онцлог. Энэхүү сэтгүүлийг бүтээхэд олон эрхэм гар бие оролцсоны дотор дизайнерууд, гэрэл зурагчид, видео бүтээгчид багтсан юм. Мөн Getty Images, IOC Multimedia Library, Olympic Channel-ийн шилдэг контентуудыг ашиглажээ.

Ямар сул талтай вэ?

Зөвхөн гар утас, ухаалаг төхөөрөмжүүд дээр ажилладаг гэдэг нь сул тал гэж хэлж болно. Гэхдээ МҮОХ-ны албан ёсны сошиал хуудсууд болон вэбсайтаар сэтгүүлийн контентуудыг тодорхой хугацааны дараагаар олон нийтэд цацахаар төлөвлөж байгаа гэдгийг дуулгая.

Unread-ийн Үнэлгээ

Миний бие энэхүү цахим сэтгүүлийг бүтээхэд гар бие оролцож ажилласан учир үнэлгээ өгөх нь учир дутагдалтай байж мэднэ. Тиймээс та бүхэн спортын чанартай сонин сэтгүүлээр цангаж байсан уншигчдыг баярлуулан, олон хүний сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн энэхүү апп-ийг татан авч хэрэглэж үзээд, санал сэтгэгдлээ хуваалцаж, үнэлгээгээ дор үлдээгээрэй.

Татаж авах

16987   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.