Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 14, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Иргэний Боловсрол Төвийн захирал, хэл шинжлэлийн доктор Р.Нарангэрэл

Өнөөдрийн дугаартаа бид Монголын иргэний нийгмийн суурийг тавилцсан, анхны төрийн бус байгууллагуудын нэг Иргэний Боловсрол Төвийг хамтран байгуулсан хатагтай Р.Нарангэрэлийг урилаа. Ардчиллын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж байсан тэрээр 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Төрийн бус байгууллагын тухай хуулийг санаачлан батлуулж, Монголын бүх аймгуудаар явж иргэний боловсролын сургалт хийж байснаараа салбартаа хүндлэгдсэн мэргэжилтэн юм. Саяхан 25 жилийн ойгоо тэмдэглэсэн Иргэний Боловсролын Төв нь иргэний боловсрол, иргэдийн оролцоо, төрийн бус байгууллагын менежмент, экологийн боловсрол зэрэг чиглэлээр сургалт семинар зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, ном, сурах бичиг, гарын авлага хэвлэн нийтлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, үндэсний болон олон улсын хурал, арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаа явуулж, ардчиллыг бэхжүүлэх, залуусыг чадавхжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: Иргэний Боловсролын Төвийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Багаар
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Dell Notebook, iPad
Сошиал хуудас: Naraa Bagsh

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Анх ч өөрөө сайн зүтгэдэг байлаа. Одоо бол би сайн багтай ажилладаг. Бие биеэ нөхөх гишүүдийг нэгтгэн, багтаа чөлөөтэй, бие даан ажиллах боломж олгохыг эрмэлздэг. Манайхан ч үнэхээр ажилдаа дуртай, чадварлаг.

Би өөрөө илүү бодлогын хэмжээний ажил хийдэг. Шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчидтай уулзах, гадаад дотоодын хүмүүстэй уулзаж төслийн санхүүжилт босгох, ажлаа сурталчлах ажлуудыг голлон хийнэ.

Арга барилын хувьд өглөө эрт босож 9-10 цаг хүртэл бичиг цаасны ажил, имэйл бичих зэргээ гэрээсээ хийчихдэг юм. Тэгээд гадуур явах, уулзалт хийх ажлуудаа хийнэ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Компьютер дээр оффисын програмууд дээр ажиллана. Гар утсан дээр энгийн хэрэглээний чат аппууд, банкны аппууд бий. Мөн манайхаас гаргасан "Залуучуудын оролцоо" апп-ийг энд онцолмоор байна. Энэ бол залуу хүмүүст түгээмэл байдаг улс төр муухай гэх ерөнхий ойлголтыг эвдэх, улс төрийн үзлээ тест бөглөн тодорхойлох, улс төрийн үзэл хандлагуудын ялгааг тайлбарласан апп байгаа юм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Эрт босох л юм даа. Өглөө 6 гэж босоод 9, 10 цаг хүртэл гэртээ ажиллачихад нэлээд ажлаа нугалчихдаг юм.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр, гар утасны Note, Reminder гээд аль алийг нь л ашиглана. Одоо гэрт миний 100 орчим тэмдэглэлийн дэвтэр байдаг. Эргээд үзэхэд амьдралын архив болсон байдаг юм билээ. Тэр үед тийм уулзалт, ийм ажил ярьж байж дээ гэх мэтээр хуучнаа дурсахад сонирхолтой бөгөөд сайхан байдаг.

Анзаарахад, сүүлийн үед залуучууд юм тэмдэглэх нь багасчихсан юм шиг. Ярьж байсан зүйлсийг дараа нь мартчихсан байдаг. Тийм ч учраас залууст зөв дадал суулгах санаатай, Монголын Залуучуудын Эвсэлийн жил бүрийн зохицуулагчид би нэг дэвтэр өгөөд, ажлаа яс тэмдэглэж дараа нь үзүүлээрэй гэдэг юм. Тэмдэглэл нь дараа ажлын төлөвлөгөө ч, амьдралын архив ч болдог.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Ардчилал гарахаас өмнө МУИС-д орос хэлний багшаар ажиллаж байлаа. Миний хамгийн сайн эзэмшсэн чадвар бол орос хэл гэж боддог. Ер нь дундаж орос хүнээс илүү орос хэлтэй байж мэднэ. Улс төр, уран зохиол гээд ямар ч сэдвээр орчуулга сайн хийнэ. Багадаа номноос салдаггүй хүүхэд байсантай холбоотой биз.

Бусад чадвараа бол их сайн гэж хэлэхгүй, юм юмны зах зухтай л болов уу.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манайх боловсролын чиглэлээр ажилладаг ТББ. Иргэдийг мэдлэгжүүлж, соён гэгээрүүлж байна гэдэгтээ бид итгэлтэй байж, түүнээсээ ихээхэн урам зориг авдаг. Бид сурагчид, багш нар, сургуулиудад өөрсдөө хүчирхэгжээд явахад нь туслах төслүүдийг хэрэгжүүлдэг юм. Манайх 11 аймаг 3 суманд Залуучуудын хөгжлийн төвтэй. Мөн залуучуудын ТББ-уудыг нэгтгэсэн Монгол Залуучуудын Эвсэлтэй бид тун ойрхон ажилладаг. Энэ утгаараа үндсэн таван ажилтнаас гадна маш олон залуус, багш нарыг хамруулсан сайн дурынхны томоохон нэгдлийг үүсгэсэн гэж болно.

Залуучууд төр засагт яаж нөлөөлөх, хэрхэн мониторинг хийх, энэ нөлөөллийн ажлаа хуулийн дагуу яаж хийх вэ зэрэг сургалтуудыг хийдэг. Өнгөрсөн жил "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль" батлагдсан. Үүнд манай залуучууд хуулийн төслийн эхний драфтыг сайжруулах, зөв зүйтэй саналуудыг тусгах ажлыг нэлээд урт хугацааны туршид хийж, хэрэгжүүлж чадсан шүү.

Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын нэг нь сайн түншлэл байдаг. Энэ хүрээнд манайх салбарын байгууллагууд, тухайлбал Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай нягт хамран ажиллаж байна. Өмнө нь иргэний нийгэм гэхээр хүмүүс жагсаал цуглаан хийдэг, тэмцдэг хүмүүс гэж ойлгодог байсан бол бид энэ ойлголтыг эвдэхээр, зөв түншлэлүүдийн жишээг бий болгохоор ажиллаж байна. Нэг жишээ дурдъя. Бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд залуу малчдын бүлэг, энгийн залуусын бүлгийг байгуулж, тэдэнд чадавжуулах сургалт, нөлөөллийн ажил хэрхэн хийх сургалт хийсэн. Мөн Оюутолгой компани, Засаг даргын тамгын газруудтай хамтран, иргэдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлсний дараа залуусын бичсэн, Засаг дарга болон Оюутолгой компанид хандсан төслүүд амжилт олж байв. Энэ мэтчилэн манай төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, ТББ-уудтай түншилж ажиллавал ажлын үр дүн нэмэгдэж, цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэнэ. Засгийн газрын тогтоолоор төрийн ажлыг гэрээний дагуу ТББ-аар хийлгэж болно гэж заасан байдаг юм шүү дээ.

Хүндрэл бэрхшээлийн тухайд нэг л асуудал бий. Шийдвэр гаргагчдын хуучинсаг байдал. Ялангуяа сумын удирдлагын түвшинд, мөн сургуулиудын удирдах ажилтнуудад нийтлэг ажиглагддаг. Сургуульд жишээ нь ардчиллын боловсрол олгож байгаа хэрнээ хуучинсаг, дээрээс доош чиглэлтэй удирдлагын арга барилаар ажилладаг нь олгох гэж буй боловсролынхоо эсрэг зүйл гэж хэлж болно.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо төвлөрч буй ажил маань 70 сургуульд хэрэгжүүлж буй "Иргэн төсөл". Сургуулийн хүүхдүүд хамтаараа өөрсдөд нь тулгамдаж буй асуудлыг гаргаж ирээд, судлаад, холбогдох байгууллагуудад танилцуулж шийдүүлэхийг зорьдог ийм төсөл юм. Би төслийн ажлаар саяхан Сэлэнгэ, Дархан, Дорнод яваад ирлээ. Дарханы нэг сургуульд хүүхдүүд хашаанаас гарахад машины зам дээр явганы хүний гарц байдаггүй юм байна. Үүнийг 9-р ангийн хүүхдүүд хөндөн асуудлаа судалж, орон нутгаа мэдээлэлжүүлж, Засаг даргадаа танилцуулахад шууд л нөөц хөрөнгөөсөө шийдэж өгч байх жишээтэй. Энэ нь хүүхдүүдэд, хуулийг би хэрэглэвэл надад тус болдог юм байна, өөрсдөө оролцвол бүтдэг юм, хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэсэн иргэний боловсролыг олгож байгаа хэрэг юм. Төслийн хүрээнд 4 сарын 14-нд энэ сургуулиудын үндэсний тэмцээн Улаанбаатарт болно. Энэ үеэр төр засгийн өндөр албан тушаалтнуудыг урьж, асуудлуудыг танилцуулж, зарим нь шийдүүлэх юм. Эрхээ мэддэг, тэгээд түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байх нь иргэн хүний үүрэг, иргэний боловсрол юм.

Мөн АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй "LEAD Mongolia" хөтөлбөрийн хүрээнд бид ахлах ангийнханд зориулсан "Ардчиллын үндэс" номыг хэвлэж, намраас хойш 220 орчим багшид уг номыг хэрхэн заах тухай сургалт хийлээ. Энэ ном маань бага анги, дунд ангийнханд цувралаар гарч байсан нь ийнхүү бүх насны хүүхдүүдэд зориулагдан иж бүрнээрээ гарч байгаа юм. Зарим байгууллагууд төрөл бүрийн ном, гарын авлага гаргаад л орхичихдог бол бид заавал номынхоо талаарх сургалтыг багш нарт хийдгээрээ онцлогтой. ЕБС-уудад хичээл заах багш нарыг бэлддэг Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Багшийн коллежид иргэний боловсролын талаар хичээл заадаггүй байсан тул бид мөн эдгээр сургуульд энэ хичээлийн хөтөлбөрийг хийж өгч байлаа. Одоо нэг үеэ бодвол ЕБС-ууд маань иргэний боловсролоор сурах бичигтэй, багш нар нь мэдлэгтэй болсонд олзуурхаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Бийтлз. Бийтлз бол яах аргагүй манай үеийнхний шүтээн. Энд тэнд дууг нь сонсохоор үнэхээр огшоод явчихдаг даа. Тухайн үед барууны дуу хөгжим сонсох хориотой байсан болохоор тэр үеийн залуучуудын эрх чөлөөний мөрөөдөл нь энэ гайхалтай хамтлаг байж. Тийм учраас би Бийтлзийн хөшөөг гадныханд ийм учиртай юм гэж ярих дуртай. Гадныхан ч хөшөөний талаар нэлээн асуудаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Одоо ном унших цаг харьцангуй бага болжээ. "Мастер Маргерита хоёр", "100 жилийн ганцаардал" гэх мэт голдуу залуудаа уншсан, хүндэвтэр номуудыг дахиж уншдаг юм. Дахиад уншихад тэс өөр байдаг, шинэ мэдрэмж авдаг. Саяхан Г.Аюурзанын "Бөөгийн домог" номыг хоёр дахиа уншлаа. Хааяа бас шүлгийн ном уншина.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Бодсон санаснаа шууд хэлнэ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар 23 цагийн үед унтана. Ядарвал түүнээс ч эрт.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Албаны болон амины ажил гэж явсаар чөлөөт цаг ер нь ховор гардаг юм байна. Зун л байгууллагынхаа харьяа "Эко ланд" зусландаа сайхан амардаг. Манай зуслан Сэлэнгийн Ерөөд тун сайхан байгальтай газар бий. Зундаа бид 30 хүртэлх тооны хүүхэд авч, иргэний боловсролын хичээл, байгаль орчны хичээлийн хөтөлбөртэйгээр амруулдаг юм. Хүүхдүүдийн хувьд ч, бидний хувьд ч сайхан амралт болдог.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Миний хувьд эрх чөлөөтэйгээр санасан бодсон юмаа хийх хүсэлтэй. Хүн ер нь нас яваад төлөвшөөд ирэхээр ийм болдог байж магадгүй.

90 оноос хойш хийж ирсэн ажил маань надад ийм боломжийг олгосон. Тийм учраас ажлаасаа ихээхэн урам зориг авдаг. Хийж буй ажлынхаа үр нөлөөнд итгэж, үр дүнг харахад илүү итгэл үнэмшилтэй болдог юм. Мөн хамт ажилладаг залуусаасаа байнга эерэг энерги авна шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хүний хэлсэн үг гэхээр санаанд орохгүй байна. Миний амьдралыг өөрчилсөн нэг үйл явдлыг дурсъя. 1989 оны намар намайг Москвад хэл шинжлэлийн докторын зэрэг дөнгөж хамгаалчихаад байж байхад нутгаас найз маань "Хонхны дуу"-тай кассет авчирч сонсгосон юм. Хөөх, Монголд ийм юм болж байгаа юм уу гээд л бушуухан буцахын түүс болсон. Энд ирэхэд Ардчилсан холбоо байгуулагдсан, ер нь залуучууд жигтэйхэн хөл хөдөлгөөнд орсон байлаа.

Нэг өдөр хичээл зааж байтал нэг залуу хаалга тогшиж уулзад нэг байгууллага байгуулагдаж байна, та очооч гэлээ. Би хэдэн оюутнаа дагуулаад очсон. Тэгтэл таньдаг таньдаггүй маш олон хүн цугласан байв. Ингээд энэ цуглаан үргэлжилж 3-р сард "Монголын Социал Демократ нам" байгуулагдсан юм. Нам байнгын үйл ажиллагаатай байхад хүмүүс бүтэн цагаар ажиллах ёстой тул их сургуулийн таван багш ажлаасаа гарч намын ажилд оролцсоны нэг нь би байлаа. Ажлаас гарах өргөдлөө нэг дор өгч эрсдэл хийсэн тэр таван багш бүгд хожим нь УИХ-ын гишүүн, сайд болсон. Н.Алтанхуяг маань Ерөнхий сайд болж байв.

Лидер гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуултад шаардлагатай үед өөрийгөө ямар нэг талаар золиосолж чаддаг хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байсныг саяхан уншсан юм. Тэр үед амьдралдаа тэгж золиос хийж чадсан нь миний амьдралыг хавьгүй баялаг, утга учиртай болгосон гэж би боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хүн бүр дор дороо ажил амьдралаа авч явах нь мэдээж. Үүнийхээ зэрэгцээ нийгэмд тустай, нийгэмдээ нөлөөлөх ажлуудад илүү их оролцоотой байгаасай гэж залуучуудаасаа хүсмээр байна.

Орц, байрны цоож эвдэрсэн байвал миний байрны асуудал гэж хардаг байгаасай. Миний байр, миний хороолол, миний хот хэмээн харж асуудалд хандаж сураасай. Орк гэж шүүмжлүүлээд байдаг тэр хүмүүс миний ард түмний л нэг хэсэг шүү дээ. Ялангуяа боловсролтой, завгүй залуучууд зав гаргаж нийгмийн асуудалд оролцох учиртай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Ховдын Эрдэнэбүрэн сумын захирал эмэгтэйг санал болгоё. Би биечлэн уулзаагүй ч саяхан тийш ажлаар явсан манай багийнхан тэр хүний талаар тун өндөр сэтгэгдэл ирсэн. Тэр сумын сургууль үнэхээр аль аль талаараа жишиг болсон сургууль юм билээ. Хөдөө аль нам сонгуульд ялснаас шалтгаалан сургуулийн захирлууд солигдох нь их байдаг бол тэр эмэгтэй 10 жил захирлаар ажиллаж байгаа гэнэ. Боловсролын салбарт багш нарын 70-80 хувь нь эмэгтэй хэрнээ захирлуудын дийлэнх нь эрэгтэй байдаг. Ийм нөхцөлд тэр эмэгтэй багш сайн менежментийн жишээг хотоос алслагдсан газар харуулж байгаа нь үлгэр жишээ хэрэг шүү. Залуучуудыг сумандаа ирээсэй гэж хүсдэг тэр захирлыг санал болгоё.

Гэрэл зургийг Х. Хантүшиг

60100   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.