Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 11, 2018

7 хоногийн тойм: Өвлийн Олимп + Теслатай сансрын хүн + Твиттерийн сэргэлт

Ковер зургийн тайлбар: Олимпийн бамбар Пёнчаны тэнгэрт бадамлалаа!

23-р Өвлийн олимпийн наадам нээлтээ хийлээ

БНСУ-ын Пёнчан хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон өвлийн Олимпийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү наадамд 91 орны 3000 орчим тамирчид өрсөлдөж байгаагаараа түүхэн дэх хамгийн том өвлийн наадам болж байгаа юм. 7 спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх учиртай. Наадам 2-р сарын 25 хүртэл үргэлжлэх юм.

Допингийн асуудлаас болон өвлийн спортын хамгийн хүчтэй гүрэн ОХУ тэмцээнд оролцох боломжгүй болсон, үзэгчдийн хамгийн их хүлээдэг NHL-ийн хоккейчид тоглохгүй зэрэг олон асуудал зохион байгуулагчдын өмнө үүсээд байсан ч нээлтийн арга хэмжээг маш өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа. Үүнээс Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид Нэгдсэн Солонгосын туган дор жагсаж орж ирсэн нь сэтгэл хөдөлгөсөн мөч байв. БНСУ-ын алдарт уран гулгагч Ким Юна Олимпийн бамбарыг асаасан нь ч мөн адил олон хүний сэтгэлд нийцсэн шийдвэр байлаа.

Монгол улсын шигшээ багийн хувьд энэ наадамд 2 тамирчнаа илгээж байгаа. Гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар 2-р сарын 15, 16-ны өдрүүдэд уралдаанаа хийх болно. Ч.Отгонцэцэгийн хувьд өмнө нь Сочи 2014 наадамд оролцож байсан туршлагатай билээ.

VOX: Нээлтийг 27 зурганд
Olympic: Пёнчан 2018 тооны хэлээр

Монгол улсаа сонгож манай тугч Б.Ачбадрахын бүрэн интерактив зургийг үзээрэй!

Дэлхий дахинд

Saratov Airlines-ийн АН-148 дугаартай онгоц осолдож, 65 зорчигч, 6 албаны хүн бүгд амь эрсэдсэн харамсалтай үйл явдал тохиолоо. Москвагаас Орск чиглэлд ниссэн уг онгоц Домодедова буудлаас хөөрөөд ердөө 2 минутын дараа холбоо тасарчээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар онгоц Москвагаас 80 км-ийн зайд осолдсон гэнэ.

БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Пхеньянд айлчлахыг урьсан байна. Хойд Солонгосын удирдагчийн төрсөн дүү Ким Ёо Жон Олимпийн наадмын нээлтийн үеэр багаа ахлан Пёнчанд ирэхдээ ахынхаа захидлыг гардуулжээ. Захидалд "Солонгосын хойгт энх тайван авчирч, ойрын ирээдүйд нэгдэл, аз жаргалыг ард түмэндээ бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байгаа" гэдгээ тэрээр дурджээ.

Vox: Хойд Солонгосын урилгыг ойлгох нь

Америкийн хөрөнгийн зах зээл өнгөрөгч долоо хоногт ихээхэн хүнд өдрүүдийг өнгөрөөв. Даваа гарагт Dow Jones Industrial Index бараг 1600 пунктээр унаж, 2008 оны хямралаас хойших хамгийн том уналтаа үзүүллээ. Үүнийг даган Nasdaq, S&P индексүүдийн үнэ ч огцом буурснаас гадна Япон, Хонгконг, Австралийн биржүүдэд ч савлагаа ажиглагджээ. АНУ-ын Холбооны нөөцийн банк шинэ тэргүүнтэй болж буй, эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байгаагаас бодлогын хүүгээ хугацаанаасаа өмнө өөрчилж магадгүй зэрэг мэдээнүүд хөрөнгө оруулагчдад нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна.

Dow Jones-ийн индекс түүхэндээ нэг өдөрт хамгийн огцом унасан тохиолдол нь энэ болж байгаа. Үүнээс шалтгаалж, дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхэм нийт 114 тэрбум долларыг алдсан байна. Хамгийн их хохирлыг алдарт Уоррен Баффет амсаж, 5.1 тэрбум долларыг алджээ. Фэйсбүүкийн М.Зукербергийн хөрөнгө 3.6 тэрбум доллар, Амазоны Ж.Бэйзосийнх 3.5 тэрбум доллараар буурсан байна.

CNN: Яагаад Dow Jones индекс унав?
Time: 1 тэрбумаас дээш доллар алдсан 19 эрхэм

Олимпийн наадам үнэхээр Солонгосын хойгийг нэгтгэж чадна гэж үү?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Технологийн салбарын хамгийн том худалдан авалт бүтэлгүйтлээ. Чип үйлдвэрлэгч Broadcom өөрсдийн гол өрсөлдөгчдийн нэг Qualcomm-ийг 121 тэрбумаар үнэлэн худалдаж авах санал тавиад байсан. Гэвч Apple, Samsung-ийн гол түнш Qualcomm-ийн удирдлага энэ саналаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Тэд саяхан хийсэн хагас дамжуулагч үйлдвэрлэгч NXP-ийг худалдан авсан наймаа, 5G технологийн бий болгох нөөц бололцоо зэргийг хангалттай үнэлээгүй хэмээн үзсэн байна.

Seeking Alpha: Broadcom & Qualcomm-ийн наймааг шинжих нь

Удтал маргаантай байсны эцэст Uber болон Гүүглийн эзэмшдэг Waymo-ийн хоорондох шүүхийн маргаан эцэс боллоо. Жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Waymo Uber-ийг инженерийг нь "урвуулах" замаар худалдааны нууцийг хулгайлж, оюуны өмчийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэмээн буруутгаж байсан юм. Эцэст нь, Uber өөрсдийн хувьцааны 0.34 хувьтай тэнцэх буюу 244 сая долларыг хувьцаа хэлбэрээр Waymo-д шилжүүлж, Waymo-ийн технологийг хамгаалах, өөрсдийн ирээдүйн хөгжүүлэлтэнд ашиглахгүй байх гэрээг байгуулжээ.

Gizmodo: Uber vs Waymo-ийн маргаанд хэн ялсан бэ?

Amazon хүрээгээ улам тэлсээр. Тэд ирэх саруудад багтаан Shipping with Amazon нэртэй хүргэлт, ложистикийн үйлчилгээгээ танилцуулах гэж байгаа гэнэ. Ингэснээр тэд зах зээлийн лидерүүд болох FedEx болон UPS-тэй шууд өрсөлдөгч болж байгаа юм.

Самсунгийн өв залгамжлагч, дэд ерөнхийлөгч И Жэй Ён бараг жилийг шоронд өнгөрүүлсний эцэст суллагдлаа. Тэрээр БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак болон түүний тойрон хүрээлэгчдийн дэмжлэгийг авахын тулд 36 сая долларын хээл хахууль өгсөн хэмээн буруутгагдаж 5 жилийн ял авсан. Гэсэн ч тэрээр давж заалдан, энэ ялыг 2.5 жил болгуулж чадсан бөгөөд 4 жилийн тэнсэн харгалзах авч, хорих ялыг түдгэлзүүлснээр чөлөөнд гарч байгаа нь энэ юм.

The New York Times онлайн захиалгаасаа 2017 онд 340 сая доллар олсноо зарласан нь өнгөрсөн жилийнхээс 46 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Нийт 2.2 сая хүн төлбөр төлж, тус сонины онлайн хувилбарыг уншиж байгаа нь хэвлэл мэдээллийн салбарт итгэл өгсөн үзүүлэлт болов.

Uber vs Waymo! Хэн нь ялсан бол?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Элон Маск 7 жилийн өмнө зарласан зорилгодоо хүрч, дэлхийн хамгийн хүчирхэг пуужинг хөөргөж чадлаа. 70 метр урттай, гурван хурдасгууртай, есөн хөдөлгүүртэй, 63 тонны ачаа тээвэрлэх чадалтай Falcon Heavy бол урд өмнө байгаагүй хүчирхэг, том пуужин юм. Э.Маск өөрийн 2008 оны Tesla Roadster загварын машинд Starman нэртэй хиймэл хүнийг суулган, Дэвид Боувигийн алдарт Space Oddity дууг тавин уг пуужинг задгай сансарт илгээсэн юм. Пуужин агаар мандлаас гарсны дараа хажуугийн хоёр хурдасгуур салж, дэлхийд эргэн амжилттай газардсан ч голын хурдасгуурт саатал гарч, төлөвлөсөн газартаа бууж чадаагүй байна. Харин Тесла хөлөглөсөн Starman Ангараг гараг хүртэл аяллаа үргэлжлүүлэх учиртай. Э.Маскийн улаан нүдэн гарагийг эзлэх төлөвлөгөөний хамгийн эхний алхам болох ёстой энэ туршилт амжилттай болсноор тэр нэг удаагийн харьцангуй хямд төсөв бүхий хөөрөлтөөр 16 тонн ачааг Ангараг гараг хүртэл хүргэх боломжтой болж байгаа билээ.

Mashable: Falcon Heavy ямар боломжуудыг нээж байгаа вэ?

Твиттер шинжээчдийн таамаглаж байснаас илүү өндөр амжилтыг үзүүлснээр хувьцааны ханш нь 25 хувиар өслөө. Хэдий хэрэглэгчдийн өсөлт нь тогтворжсон байдалтай хэвээр байгаа ч тэдний шинэ сурталчилгаа борлуулалтын модель амжилттай хэрэгжиж буй нь батлагдаж, зардлаа тодорхой түвшинд бууруулснаар 4-р улиралд 731 сая долларын борлуулалт хийж, 91 сая долларын ашигтай ажилласан байна. 12 жилийн түүхэндээ анх удаа ашигтай ажилласнаараа тэд 25 тэрбум долларын зах зээлийн багтаамжтай болсон бөгөөд сүүлийн үед "сэргэсэн" үзүүлэлтүүдтэй байгаа Snapchat-аас илүү үнэлгээтэй болсон нь сонирхолтой.

Techcrunch: Твиттер Snap-аас өндөр үнэлгээтэй болов!

Инстаграм Regram нэртэй шинэ нэмэлтээ туршиж байгаа гэнэ. Энэ нэмэлт нь хэрэглэгчдэд дагаж буй хүмүүсийнхээ сонирхолтой зураг, постыг дахин хуваалцах буюу reshare хийх боломжийг олгож байгаа юм.

Toyota Японы зах зээлд такси үйлчилгээг шинэ шатанд авчрах боломжтой гэж үнэлсэн JapanTaxi-д 69 сая долларын хөрөнгө орууллаа. JapanTaxi-ийн апп нь 4 сая таталттай бөгөөд 60 мянган жолоочтой аж. 15 тэрбум долларын зах зээлтэй гэгдэх Японы 4 хотод Хятадын номер нэг такси дуудлагын стартап Didi Softbank-тай хамтран шинэ үйлчилгээ нээх болсноо мөн зарласан билээ.

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дисней 2019 онд нээх видео стриминг үйлчилгээнийхээ оригинал контентуудын жагсаалтаасаа дэлгэлээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд Star Wars-ийн шинэ цуврал, Monsters Inc-ийн анимэйшн цуврал, High School Musical-ийг үзэгчдэд хүргэхээр бэлдэж байгаа гэнэ. Мөн Stargirl, Togo, Don Quixote, Timmy Failure зэрэг бүрэн хэмжээний төслүүдийн нэрс дурдагдсан байна. Нетфликсийн хамгийн том өрсөлдөгч болно хэмээгдэж буй уг платформд тэд Pixar, Marvel, Star Wars-ийн бүтээлүүдийг санал болгож байгаа билээ.

Deadline: Дисней ямар контентууд гаргах вэ?

Энэ долоо хоногт улирлын тайлангаа зарласан Viacom 2019 оны 9-р сард шинэ стриминг үйлчилгээгээ танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Paramount студи болон MTV, Comedy Central-ийг эзэмшдэг тэд өөрсдийн оригинал контентууд бүхий платформоор зах зээлд өрсөлдөхүйц бүтээлүүдийг "борлуулна" гэдэгтээ итгэлтэй байна.

Game of Thrones-ийг дэлгэцийн бүтээл болгож, гайхалтай амжилт үзүүлж буй Д.Бэниофф болон Д.Вайсс нар "Оддын дайн" цуврал дээр ажиллах болсноо зарлалаа. Тэд 2019 онд "Хаан Ширээний Тоглоом"-ын сүүлийн улирлыг дуусгасныхаа дараа "Оддын дайн -ны цоо "шинэ" түүхийг бүтээх гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ цуврал нь өмнөх ангиудтай огт холбогдохгүй бөгөөд өөр түүхийг өөр дүрүүдийн хамтаар өгүүлэх бололтой.

Fifty Shades гурвалын сүүлийн анги Fifty Shades Freed энэ долоо хоногт нээлтээ хийж, Америкийн зах зээлээс 40 сая долларын орлого олсноор бокс оффисийг тэргүүллээ. 57 оронд зэрэг нээлтээ хийсэн уг кино олон улсын зах зээлээс даруй 50 сая долларыг олжээ. Ингэснээр уг гурвал нийт орлогоороо 1 тэрбум долларын босгыг давах боломжтой болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 2015 онд гарсан эхний анги нь болох Fifty Shades of Grey эхний долоо хоногтоо 82 сая доллар олж байжээ.

Валентинийн өдрөөр оргил орлогоо олох зорилготой Fifty Shades Freed энэ цувралын төгсгөл болно

алдалгүй унших арван мэдээ

NYT: Хонгконгод автобус осолдож, 18 хүн амиа алдав
Polygon: Westworld-ийн шинэ трэйлэрээс анзаарсан зүйл
Forbes: Кливленд багаа бүрэн шинэчлэв
Variety: Алдарт хөгжмийн зохиолч И.Иоханссон таалал төгсөв
BBC: Oxfam секс скандалд өртөв
SI: Eagles хэрхэн супер боулын аварга болов?
BBC: Израйль Иранд анхааруулга өгөв
The Verge: NASA-ийн шинэ түүх бүтээлээ
Olympic: Анхны алтыг Швед хүртлээ
FB: LendMN IPO хийнэ

27756   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.