Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 08, 2018

МЭДҮҮШТЭЙ: Амьдралаа өөрчлөхөд туслах 5 жижиг алхам

"Шинэ он - Шинэ би" гэсээр нэг сарыг бид ардаа үдлээ. "Шинэ би" болох дорвитой алхмуудыг та хийж чадав уу? Хийсэн бол, эерэг өөрчлөлтүүдийг гаргаад явж байгаа бол танд баяр хүргэе. Харин энэ асуултад итгэлтэй хариулж чадахгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Ихэнх хүний хувьд шинэ он гараад нэг сар өнгөрөхөд тухай үед төрж байсан догдлол хийгээд найдвар нь талаар өнгөрсөн байдаг. Учир нь "цоо шинэ би"-г бүтээх нь угаас тун бэрхтэй. Харин "хуучин би"-ээ бага багаар сайжруулж, хэрэгтэй дадлуудыг аажим аажмаар нэг нэгээр нь хэвшүүлж байж, амьдралдаа өөрчлөлт гаргах илүү магадлалтай байдаг. Тиймээс амьдралаа өөрчлөхөд туслах, шинжлэх ухаанаар батлагдсан таван жижиг алхмыг өнөөдөр танилцуулъя.

1. ИДЭВХТЭЙ БИЧИЖ ТЭМДЭГЛЭЖ СУРАХ

Зарим хүмүүс хийх ажлын жагсаалтгүйгээр амьдарч чадахгүй мэт л байдаг. Хийх зүйлсээ бичиж буулгах нь ч ихээхэн үр дүнтэй гэдгийг "The Organized Mind" номын зохиогч Даниел Левитин хэлж байна. Тэрээр хүмүүс бичиж тэмдэглэхийн "ид шидийг" дутуу үнэлдэг гэж үздэг. "Хэрвээ хүн хийх ёстой зүйлсээ бичвэл, харих замдаа сүү авах, төлбөрүүдээ төлөх зэргээ санах, юу юу хийх талаар толгойгоо ажиллуулж энерги зарцуулахаас чөлөөлөгдөнө. Энэ бол маш чухал. Тэгэхээр ерөөсөө л толгойд эргэлдэж буй зүйлсээ буулгаж, ажлуудаа эрэлбэлэх хэрэгтэй" хэмээн өгүүлж байна.

Мөн тэмдэглэл хөтлөх (жишээ нь 7 хоногт 20 минутаар 3 удаа) нь сэтгэл санаагаа өргөх, зорилгодоо хүрэхэд тусалдаг байна. Заавал ийм хугацаанд баригдалгүй тэмдэглэл хөтлөх нь олон талын ач холбогдолтой.

2. ШИНЭЭР ЭХЛЭХийн НӨЛӨӨГ АШИГЛАХ

"Шинэ он - Шинэ би" мэдрэмж нь өөрийн гэсэн нэртэй. Сэтгэл судлаачид үүнийг "шинээр эхлэх үзэгдэл" (fresh-start effect) гэдэг. Энэ нь хүний цаг хугацааны мөчлөг шинээр эхлэхтэй зэрэгцэн өөрчлөлт хийх гэсэн хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг байна. Энэ нь өдөр тутмын завгүй хэмнэлээс ангижирч амьдралаа илүү өргөн хүрээтэй харах, түүнчлэн урьдын алдаа дутагдлаа мартах боломжийг хүмүүст олгодог. Нэгэн судалгаагаар их сургуулийн оюутнууд фитнесст сар, долоо хоногийн эхний өдрүүдэд бусад өдрүүдээс илүү идэвхтэй явдаг дүр зураг харагдсан аж. Мөн оюутнууд сургуулийн амралтын дараа, төрсөн өдрийнхөө дараа явах нь их байдаг байна. Тэгэхээр та энэ үзэгдлийг хэзээ ч ашиглаж болох нь. Гэрлэлтийн дараа, шинэ ажилд орсны дараа гэх мэт тэмдэглэлт өдрүүд байна. Мөн мэдээж даваа гараг бүр ч байж болно шүү дээ.

 3. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН НҮДЭЭР ХАРЖ СУРАХ

Найзууд болон гэр бүлийнхэн маань амьдралаа өөрчилье гэвэл ингэх хэрэгтэй юм байна даа гэж та бодож байсан л биз дээ. Ватерлогийн их сургууль, Мичиганы их сургуулийн судлаачид цуврал судалгааны үр дүнд, хүмүүс сонголт хийх үедээ гуравдагч этгээдийн нүдээр өөрсдийгөө харж чадвал илүү сайн шийдвэр гаргадаг болохыг олж мэджээ. Тэгэхээр та ямар нэг өөрчлөлт хийхийнхээ өмнө ингэж төсөөлөөрэй: Би ийм нөхцөлд буй найздаа юу гэж зөвлөх байсан бэ? Мөн энэ сэдвээр судалгаа хийсэн хэсэг судлаачид алдарт сагсан бөмбөгч Леброн Жэймсийн нэгэн ярилцлагыг эш татсан байдаг. Тэрхүү ярилцлагад Леброн Кливлэндийг орхин Майамиг сонгосон шалтгаанаа ийн тайлбарлажээ: "Би сэтгэл хөөрлөөр шийдвэр гаргахыг хүсээгүй. Леброн Жэймст аль нь хамгийн зөв бэ, Леброн Жэймсийг юу хамгийн жаргалтай байлгах вэ гэдгийг л бодож би сонголтоо хийсэн."

4. ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНд ГУТРАНГИ БАЙХ

Мөрөөдөх сайхаан. (Ихэнхдээ.) Гэвч эерэг фантазид хэт автах нь амьдралдаа томоохон өөрчлөлт хийхээр зорих үед эргээд сөргөөр нөлөөлдөг талаар Нью Йорк их сургуулийн профессор Габриел Оеттинген сануулж байна. Зөвхөн мөрөөдөхийн оронд WOOP хэмээх аргыг тэр санал болгодог. Энэ нь илүү бодитой зорилт тавихад туслах дөрвөн алхмын товчлол юм:
Wish (хүсэх) - Зорилгоо төсөөл, мөрөөд
Outcome (үр дүн) Тэрхүү зорилгод хүрэхэд ямар байх талаар төсөөл
Obstacle (бэрхшээл) - Хэсэгхэн ч гэсэн хөрсөн дээрээ бууж, зорилгодоо тэмүүлэх явцад гарч болох асуудал бэрхшээлийн талаар эргэцүүлэх
Plan (төлөвлөх) - Тэдгээр бэрхшээлийг хэрхэн давахаа бодож тооцоолох.

Энэ бол Даниел Канеманы “premortem” хэмээх санаатай төстэй юм даа. Тэрээр энэ дасгалын тухай "Ирээдүйд оччихсон гэж төсөөл. Гэвч төлөвлөгөө чинь бүтэлгүйтсэн байна. Яагаад буруутав, юу юу болсонгүй талаар 5-10 мин эргэцүүлэн бич" гэжээ.

Хүн алдаанаасаа суралцах нь зүйтэй. Гэхдээ ирээдүйд гаргаж мэдэх алдаанаас зайлсхийх нь бүр ч тустай билээ.

 5. "ОДООХОНДОО", "ХАРААХАН" ГЭХ МЭТ ҮГИЙГ АШИГЛАДАГ БОЛОХ

Станфордын профессор Карол Двек тогтмол сэтгэлгээ (fixed mindset), өсөлтийн сэтгэлгээ (growth mindset) хэмээх ойлголтуудыг дэвшүүлсэн билээ. Тогтмол сэтгэлгээтэй хүн бол хүний чадварууд төрөлхийн байдаг гэж итгэдэг. Тоондоо сайн биш бол би угийн л тоондоо муу гэх мэтээр. Харин өсөлтийн сэтгэлгээтэй хүмүүс, хүчин чармайлт л гаргавал муу хийдэг зүйлээ ч илүү сайн хийж чаддаг болно гэдэгт итгэдэг. Профессор Двек энэ тухайд "Хараахан, одоохондоо гэх мэт зарим үг хэллэг оюутнуудын сэтгэл санаанд нөлөөлдөг болохыг бид олж мэдсэн. Жишээ нь 'би одоохондоо тоондоо сайн биш', 'би үүнийг хийж хараахан сураагүй' гэх мэтээр ярьдаг оюутнууд бусдын тусламжтайгаар суралцсаар байвал үр дүнд хүрнэ гэсэн үг. Энэ мэт үг хэллэг нь тогтмол сэтгэлгээг өсөлтийн болгоход нөлөөлдөг. Гэхдээ хүн бүр математикт гавал байх учиртай гэсэн үг биш. Хүн бүр өмнөхөөсөө бага ч гэсэн сайжрах боломжтой л гэсэн үг юм" хэмээн өгүүлжээ.

Тэгэхээр хуучин ч бай, шинэ ч бай, таны аль ч хувилбарт хэрэгтэй зөвлөгөө байгаа биз. Тогтмол ба өсөлтийн сэтгэлгээний талаар Unlock подкастын энэ дугаараас илүү дэлгэрүүлж сонссорой.


Эх сурвалж: www.thecut.com

Уншигч та ч бас өөрөө туршиж мэдсэн, ихээхэн үр дүнтэй санагдсан, амьдралд эерэг нөлөөтэй жижиг үйлдлүүдийн талаар бусадтай хуваалцаарай.

32700   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.