Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 07, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Coinseed-ийг үүсгэн байгуулагч Л.Сүхбат

Уншигчдынхаа хамтаар тайзан дээр хийдэг "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын 2018 оны хамгийн эхний зочноор Л.Сүхбатыг урьсан маань хоёр шалтгаантай. Эхнийх нь, яг одоо дэлхий нийтийн хамгийн их анхаарч сонирхож байгаа, гайхан шагширч буй технологи бол биткойн, криптовалют, блокчэйн болоод буйтай холбоотой. Л.Сүхбат Coinseed хэмээх монгол үүсгэн байгуулагчид, монгол инженерүүд бүхий крипто-стартапыг үүсгэн байгуулж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөн, цоо шинэ үйлчилгээг санал болгож буй чадварлаг мэргэжилтэн. Нөгөө шалтгаан нь илүү хувийн гэж хэлж болно. Л.Сүхбат бол миний дунд сургуулийн найз, нэг ангийн анд. Арван жилийн ангийн "хүүхдийнхээ" ажлын арга барилыг нээж, шинэ өнцгөөс танин мэдэх нь ихэд сонирхолтой санагдаж байлаа. Америкт суралцаж байх үедээ үйл ажиллагаа нь өдгөө ихэд тогтворжиж, олон залууст оюуны хөрөнгө оруулалт хийж, гадаадад сурах гүүр нь болж чадсан Америк дахь Монгол Оюутны Холбоо буюу AMSA-г үүсгэн байгуулж байсан тэрээр өдгөө крипто-зах зээлд түүчээлэгчдийн нэг болж нэгэнт чаджээ. Хүн бүрт асуултын тэмдэг үлдээж буй хамгийн эрэлттэй сэдвийг бүтэн хоёр цагийн турш хөндөж, үзэгчдийн асуусан асуулт бүрт оновчтой-цэгцтэй хариулт өгч чадсан энэхүү ярилцлагыг хүргэж байна. 

Байршил: АНУ, Нью Йорк
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Coinseed-ийг үүсгэн байгуулагч, AMSA-ийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тасралтгүй суралцах
Сошиал хуудсууд: Sukhbat Lkhagvadorj (Linkedin), Sukhbat Lkhagvadorj (Facebook)

Таны ажлын онцлох арга барил?

Тасралтгүй суралцах гэж хэлж болно байх. Хүмүүсийг суралцах арга барилынх нь хувьд 2 хувааж болно. Эхнийх нь эксперт, нөгөөх нь generalist. Экспертүүд бол нэг сэдвээ маш гүнзгийрүүлэн судалж, тэр талаараа хэнээс ч илүү мэдлэгтэй болдог хүмүүс. Нөгөөх нь олон зүйлсийн талаар судалж, ерөнхий ойлголтоо хөгжүүлэн, ажил дээрээ ашигладаг хүмүүс. Өмнөх үеүдэд экспертүүд илүү эрэлттэй байсан бол одоо generalist-ууд илүү хүчтэй болж байгаа гэдэг. Учир нь өмнө нь нэг асуудал гарахад мэддэг хүнийг нь л дуудахгүй бол өөрөөр сурах, мэдэх эх үүсвэр хомс байж л дээ. Гэтэл одоо бол интернет рүү ороод л, хэдэн хайлт хийхэд нөгөө найзыгаа дуудахаас хурднаар тэр асуудлыг шийдэх гарц, зааврыг харчихаж болж байна. Ялангуяа өнөөгийн энэ хурдтай хөгжлийн үед шинийг суралцах нь үнэтэй чадвар болсон юм шиг санагддаг. Инженер, компьютерийн чиглэлийнхэнд энэ бүр ч их хамаатай. Өнгөрсөн жил сурсан програмчлалын хэл чинь өнөөдөр хэрэггүй, ашиглагдахгүй болчихсон байх магадлалтай. Тиймээс шинэ зүйлд соргог байж, хурдан сурч, тэрийгээ ашигладаг байх нь миний ажлын гол арга барил.

Би Wesleyan University-г төгсөөд бусад залуусын мөрөөддөгийн адилаар Wall Street-д эдийн засгийн зөвлөхөөр хэсэг ажилласан юм. Тэр үед харилцагчдын ирүүлдэг дата, тоон мэдээлэл эхэндээ экселийн файл байснаа сүүлдээ хэмжээ нь томроод хард дискээр ирдэг болсон. Сүүлдээ багтахаа байгаад клоуд буюу үүлэн орон зайд хадгалчихсан, нэвтрэх кодтой л ирдэг болсныг анзаарсан. Дата гэдэг зүйл нэн чухал болж, ирээдүй ийшээ л чиглэж байгаа юм байна гээд би ажлынхаа хажуугаар датаг (data science) судалж эхэлсэн. Тэгээд бүр дата аналитикийн компанид ажилд орсон юм.

Шинэ компанийн маань гол үйлчлүүлэгч нь Uber байсан. Дэлхийн хамгийн том стартапуудын нэг. Би энэ компанийн дата төвүүдийг хамгаалдаг, ямар нэгэн алдаа гарвал хамгийн түрүүнд засах үүрэг хүлээдэг. Гэвч ердөө хэдхэн төвлөрсөн дата төвтэй байх нь тун ч эрсдэлтэй юм байна гэдгийг анзаарсан. Тиймээс илүү шийдэл эрэлхийлж байгаад л блокчэйнийг анх судалж эхэлсэн гэж хэлж болно.

Дата дотроо би хиймэл оюуныг их сонирхдог л доо. Гэвч хиймэл оюун дээр аль хэдийн хоцорчихсон, Гүүгл, Фэйсбүүк зэрэг томчуудын араас орж, тэднийг гүйцэх хэрэгтэй юм шиг санагдах болсон. Харин блокчэйн гэдэг дөнгөж туршилтын шатандаа, академик түвшиндээ хөгжөөд явж буй энэ технологид орж буй эхний тоглогчдын нэг болсноор, яваандаа том тоглогч болох боломжтой юм л гэж харж байгаа.

Хамгийн их ашигладаг, ашиглах дуртай апп, програм, ажлын хэрэгслээсээ хуваалцана уу?

Аппуудыг идэвхтэй хэрэглэдэг. Хамгийн их ашигладаг гэвэл Insight Time гэж бясалгалын апп байна. Quora их уншина. Wunderlist, Dashlane бас ашиглана. Мэдээж одоо бол Coinseed-ээ л хамгийн их ашиглаж байна.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Олон цаг ажиллаж л цаг хэмнэж байнаа даа (инээв). Яг одоо бол 2 ажил зэрэг хийж байгаа учир ингэхээс өөр арга алга. Өглөө 9-17 цаг хүртэл Uber дээр сууж, орой 17 цагаас хойш Coinseed-ийг хөгжүүлдэг.

Өдөр болгон хийдэг олон зүйл байгаа учраас би ямар ямар зүйл хийвэл манай стартап дампуурахгүй вэ гэсэн өнцгөөс ажлууддаа ханддаг. Хамгийн чухал гэсэн гурван зүйлийг нь сонгож аваад эхэлж амжуулахыг л эрмэлздэг дээ.

Хийх ажлын жагсаалтаа юун дээр яаж хөтөлдөг вэ?

Хийх ажлууд, төлөвлөлтөө Wunderlist ашиглаж хийдэг. Байгууллага дотроо бол Трелло-г их ашигладаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Ажил дээрээ хамгийн сайн гаргууд хийдэг зүйл гэвэл хүмүүстэй холбоо тогтоох, харилцааны чадвар байж магадгүй. Coinseed 2 үүсгэн байгуулагчтай. Нөгөөх маань физикийн мэргэжилтэй ч гэсэн технологиор мэргэшсэн, код бичих, хөгжүүлэх дээр надаас хамаагүй туршлагатай. Юуг хэн нь арай сайн хийж байна вэ гэдгээ ярилцаад л ажлуудаа хуваарилаад явдаг юм.

Арван жилдээ бол бүжиглэдэг байсан. Хип хоп бүжгийн студи байгуулж байсан ч удаа бий.

Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

20 жилийн өмнө дэлхийн хамгийн том компаниуд уламжлалт хэв маягтай буюу газрын тос, худалдаа, үйлдвэрлэлийн компаниуд байсан бол өнөөдөр бүгд технологи суурьтай компаниуд болсон байна. Харин ирээдүйд, хэдхэн жилийн дараа гэхэд энэ компаниуд бүгд блокчэйн технологи хөгжүүлэгчид болж магадгүй гэж би боддог. Асар том өөрчлөлт явагдаж буй энэ үед бид хурдан суралцаж, түүндээ дасан зохицох хэрэгтэй.

Coinseed-ийн хувьд хэрэглэгч бүрийг бутархай мөнгөө ашиглан криптовалютын зах зээлийн тоглогч, хөрөнгө оруулагч болохыг санал болгож байгаа апп. Цахим мөнгө авъя гэхэд хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй бол бид тэдэнд хамгийн ашигтай багцуудыг санал болгож, шууд ашиглахыг зөвлөдөг. Мөн их мөнгө оруулахаас айж буй хэрэглэгчдэд ердөө бутархай мөнгөө л цуглуулж, хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа. Жишээ нь 2 доллар 30 центээр кофе авсан гэвэл бид 3 доллар болгож бүхэлчлээд, 70 центийг нь цахим мөнгөнд оруулах санд нь нийлүүлж байгаа юм. Үүнээс гадна манайхаар дамжуулан нийт 11 төрлийн криптовалют худалдан авч, арилжаалах боломжтой байгаа нь нэг онцлог. Яг иймэрхүү үйлчилгээ үзүүлж буй өөр газар байхгүй гэж хэлж болно.

Энэ технологи дөнгөж хөгжиж буй, туршилтын эхэн үедээ л явж буй учир олон асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Үнийн савлалт, тогтворгүй байдал зэрэг бол маш олон хүмүүс цуу ярианд үндэслэн, блокчэйн технологийн суурь зарчмуудаа ч ойлгохгүйгээр энэ зах зээлд орсонтой холбоотой гэж би боддог. Маш их эрсдэл байгаа нь үнэн, гэхдээ эрсдэлээ тооцож, юунд орж байгаагаа мэдэж "тоглох" нь хамгийн чухал.

та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид өнгөрсөн сард pre-sale буюу урьдчилсан борлуулалтаа хийж, эхний хөрөнгө оруулалтаа босгосон. Яг одоо бол 3-р сард хийгдэх ICO-доо бэлдээд, ид ажиллаж байна. ICO-оороо 5 сая долларыг босгох зорилготой байгаа. Хэдий үйлчилгээ маань зөвхөн АНУ-д ашиглагдаж байгаа ч монголчууд ICO-д оролцох боломжтой.

ICO гэдэг бол блокчэйн технологийн олгож буй бас нэгэн давуу тал. Initial Coin Offering гэдэг нь венч хөрөнгө оруулагчид эсвэл уламжлалт банкуудаас мөнгө гуйж, хөрөнгө босгох гэж асар их цаг хугацаа, бичиг цаас, зардал гаргаж байхын оронд шууд зах зээлээс, хэрэглэгчдээс мөнгө босгох арга юм. ICO-ийн үеэр стартапууд үндсэндээ 2 төрлийн токеноос гаргадаг. Нэг нь utility token. Энэ бол тухайн стартапын санал болгож буй ямар нэгэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ашиглах боломж олгох токен юм. Цахим купон гэж хэлж болох энэ токенуудаар тухайн платформ дээр гүйлгээ, арилжаа хийх боломжтой. Нөгөөх нь security token. Энэ бол компанийн хувьцаатай зүйрлэж болох ирээдүйн ашиг орлого амлан борлуулж буй токен юм. Бид security token гаргаж байгаа.

Мөн дөнгөж сая анхны шинэ ажилтнуудаа аваад байна. Нийт 6 ажилтан авсан. Бид хурдтай тэлж байгаа стартап учир ажилтнуудаа маш хурдан суралцаж, шинийг эрэлхийлж, санаагаа туршиж үзэхийг уриалж байгаа. "Хурдан бүтэлгүйт" гэдэг сэтгэлзүйтэйгээр хэд хэдэн санаанууд дээр ажиллаж байна. Ажилтнуудаа эхлээд сургаад, дараа нь хариуцлага үүрүүлж, дараа нь багтаа бүрэн элсүүлэх стратеги баримталж байгаа юм. Манай багт Microsoft, Yext-д ажиллаж байсан, MIT-ийн төгсөгч Э.Тэмүгэ нэгдсэнд их баяртай байгаа шүү.

ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Бүх төрлийн хөгжим сонсдог. Гэхдээ хамгийн дуртай урсгал маань хип хоп. Хамгийн дуртай артист маань dvsn.

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Хамгийн сүүлд Петр Тиелийн "Тэгээс нэг рүү" номыг уншсан юм байна. Мөн Кэрол Двекийн Mindset их сонирхолтой санагдсан шүү.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дотогшоо хүн. Багаасаа л дотогшоо талдаа хүүхэд байсан. Ажил дээр бол илүү нээлттэй байх гэж хичээдэг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

2 ажил зэрэг хийж байгаа учир шөнө их суух хэрэгтэй байгаа. Шөнө 2 цаг гэж унтаад өглөө 8 гэхэд босно.

таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Чөлөөт цагаараа бясалгал хийдэг. Сүүлийн 3 жил тасралтгүй хичээллэж байна.

та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Элон Маск. Түүний хийж буй гайхалтай төслүүд намайг сэрээж сэргээдэг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ахлах ангид байхдаа нэг найзтайгаа хамт зөөгчийн ажил хайж, овоо хэдэн газрын хаалга татсан юм. Хотын төвийн хуушуурын газрууд, цайны газруудаар голчлон явсан санагдана, бүгд л үгүй гэсэн хариу өгч байлаа. Арга тасраад гэр рүүгээ буцаж явтал нэг их гоё гял цал болсон шилэн ресторан таарсан юм. Ийм газар ажилд орчихвол ч ёстой янзтай байхдаа гээд найздаа хэлтэл "ороод л асуучихъя л даа, оролдоод л үзье" гэж хэлсэн нь ёстой нүд нээх шиг болж билээ.

Би зүгээр л өнгө зүс, нэрнээс нь сүрдээд л, хэзээ ч боломжгүй мэт өөртөө итгүүлээд, хаалт тавьчихсан байв. Хэдий их л зориглож, менежертэй нь уулзахад тэдэнд сул орон тоо байхгүй гэж хэлсэн ч хажуу талынхаа бүр том ресторанд ажилд авч байгааг дуулгаж, санал болгосноор хайж байсан ажлаа олж авч байлаа. Энэ үйл явдал миний нүдийг нээж, санаанд багтамгүй хязгааргүй том боломжууд ердөө л дэргэд минь байдаг гэдгийг ойлгуулсан санагддаг.

залуучуудад хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Залуучууддаа зориулж хамгийн эхлээд суралцах арга барилаа олоорой гэж хэлмээр байна. Их сургуульд ороод удаагүй байхад нэг найз маань Харвардын нэгэн оюутны хэрхэн суралцдаг талаараа бичсэн блогийг явуулсан юм. Тэр оюутан үзэх хичээлийнхээ бүх номыг урьдчилаад уншчихдаг, ойлгохгүй байсан ч дуусгадаг, багш орж ирээд сэдвээ заахаар нээрээ тэр сэдэв байна гээд хурдан ойлгочихдог тухайгаа бичсэн байлаа. Их л цохилтонд орж, өөртэйгөө харьцуулж удтал гайхсан санагдана.

Бид ахлах сургуульд бөөн л мэдээлэл толгойдоо хийгээд байдаг юм шиг. Гэтэл одоо хурдан, тасралтгүй суралцаж чаддаг хүмүүс л хамгийн эрэлттэй болж байна. Өдөр бүр шинэ зүйлтэй нүүр тулдаг орчин бидний өмнө байна. Тиймээс тэр бүгдэд дасан зохицож, хурдтай суралцах юунаас ч илүү чухал.

Бидэнд хэн ч хэзээ ч суралцах аргын талаар заагаагүй, ярьж байгаагүй гэж хэлэхэд болох байх. Гэвч хамгийн чухал нь, хамгийн эхэнд ярих ёстой зүйл нь "сурахыг сурах" юм шиг санагдсан шүү.

та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Coinseed-ийн зөвлөх багт багтдаг С.Оргилыг санал болгоё. Moelis & Company-д ажилладаг, туршлагатай хөрөнгө оруулалтын менежер байгаа юм.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

80700   10


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.