Апп Тойм   02 сарын 06, 2018

Апп тойм: Google Primer - Бизнесийн мэдлэгээ ахиулъя

Бидний сайн мэдэх Google Maps, Gmail зэрэг платформууд бол Google-ын нэгэн өвөрмөц бодлогын үр дүнд бий болсныг та мэдэх үү? Google ажилтнууддаа нийт цагийнхаа 20 хувьд нь өөрсдийн санаан дээр чөлөөтэй ажиллахыг зөвшөөрдөг. Улмаар ажилтнуудын гаргасан санал санаачилгууд нь Google-ийн томоохон бүтээгдэхүүн болж хөгждөг аж. Үүний нэг жишээ болох маркетеруудын "Duolingo" буюу Google Primer хэмээх бизнес төлөвлөлтөөс аваад сошиал медиа маркетинг хүртэлх өргөн сэдвүүдийг хамарсан, 3-5 минутын слайд хэлбэрийн хичээлүүд бүхий апп-ийг өнөөдөр онцолж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Дээр дурдсанчлан, хамгийн гол онцлог нь "Маркетинг" хэмээх маш том сэдвийг огт сонсож байгаагүй хүн ч ойлгох хэмжээнд хялбар тайлбарласан байдаг. Хичээл бүр нь Google-ийн чадварлаг инженерүүд хийгээд тухайн сэдвээр мэргэшсэн хүмүүсийн хамтарсан бэлтгэлийн үр шим тул авч байгаа жишээ нь хүртэл тун оновчтой санагдсан.

Нийт 18 сэдвийг хамарч буй. Үүнд:
- Бизнес төлөвлөлт
- Борлуулалт
- Бренд бүтээх
- Хэрэглэгчийн engagement
- Вэбсайт
- И-мэйл маркетинг
- Сошиал медиа
- Бизнесийн менежмент
- Дижитал маркетинг 1, 2
- Контент маркетинг
- Аналитик
- Бизнесийн гүн ойлголт (insight)
- Стартап
- Мобайл маркетинг
- Видео маркетинг
- Интерфэйс дизайн
- Байгууллагын менежмент зэрэг багтана.

Тиймээс энэ сэдвүүдийг цаг зав, мөнгө гарган үзэх боломжгүй хүмүүсий, ялангуяа маркетингийн тусламж хэрэгтэй байгаа энтрепренерүүдийн заавал суулгах ёстой апп юм.

Улаанбаатарын энэ их түгжрээ, оочертой амьдрал дунд хэдхэн минутыг ч гэсэн маш үр дүнтэй хийгээд хөгжөөнтэйгээр өнгөрүүлэх арга юм шиг санагдсан шүү.

Интернэт болон дижитал технологи нь ирээдүйд эдийн засгийн хөдөлгөгч хүч болох нь гарцаагүй юм. Өнөөдөр хүссэн хэн ч энтрепренер, хөгжүүлэгч, бүтээгч болох боломжтой. Хамгийн гол нь тэдэнд туслаж урагшлуулах хэрэгсэл, технологи байх нь чухал. Тиймээс Google-ийн хувьд энэ чиглэл рүү анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн үзэж энтрепренерүүд болон стартапыг дэмжин ажиллахыг зорилт болгон хөдөлж байна.
- Google-ийн гүйцэтгэх захирал С. Пинчай

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Хичээлүүдийг интернэтгүй орчинд үзэж болдог нь хамгийн их таалагдлаа. Учир нь хичээл үздэг аппууд ихэвчлэн интернэттэй үед ажилладаг хандлага давамгайлдаг билээ.

Хоёрт, маркетинг хэмээх сэдэв өөрөө мэргэжлийн олон үг хэллэгтэй. Гэтэл үүнийг бага ангийн хүүхэд ч ойлгох хэмжээнд маш хялбар тайлбарласан төдийгүй слайд бүрт ердөө 1-2 өгүүлбэр багтаасан байгаа юм. Ингэснээр зөвхөн ойлгоход хялбараас гадна хүний анхаарлыг маш сайн барьж байгаа нь ажиглагдсан.

Гуравт, хичээл бүр нь ямар нэгэн багцад харьяалагдах бөгөөд анхлан суралцагчаас хүндрүүлсэн хэлбэрийн хичээлүүд үзэж, тоглоом тоглож буй мэт "чадваруудыг" олж авдаг юм байна. Жишээ нь, та "Видео маркетинг" гэсэн сэдвийн 5 минутын 4 хичээлийг үзээд видео маркетингийн чадвартай болоод явна гэсэн үг. Ийнхүү тоглоомчилсон нь апп-ийг ашиглахад улам л урамтай болгожээ. Мөн ямар ч хичээлийг үзэж дууссаны дараа аппаас хичээлтэй холбоотой бодит амьдралд хэрэгжүүлж болох хэд хэдэн хийх зүйлсийг санал болгодог ба үүнээс та хүссэнээ сонгож болох юм байна. Дан ганц уншаад, сонсоод зогсохгүй түүнийгээ хэрэгжүүлсэн үйлдэл хийх нь сурсан зүйлийг улам бэхжүүлэх биз.

Ер нь Primer Google-ийн бусад аппуудыг бодвол өнгө, дизайны хувьд арай өөр хандлагыг баримталсан болохоор тэдний аппуудад ажиглагдах албан ёсны хэв маягийг илүү "хөнгөрүүлсэн" мэт санагдсан.

Түүнчлэн, хичээлүүд зөвхөн аппаар хязгаарлагдахгүй бөгөөд та цахим шуудангаа бүртгүүлээд тусгай хичээлүүдийг хааяа хүлээн авах боломжтой юм байна лээ.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хичээлүүдийн доторх контент өөрчлөгдөх, шинэ хичээл нэмэгдэх гэх мэтээр 7 хоног бүр шинэчлэгддэг хэмээж байгаа ч одоогийн байдлаар нийт 18 сэдэв, 137 хичээл байна. Хичээл бүрийг 5 минут хэмээн авч үзвэл бүхэлдээ энэ апп 11 цагийн дотор хэрэглээнээс гарах болчихоод байгаа юм.

Түүнчлэн голдуу анхан шатны хичээлүүдээс бүрдэх тул мэргэжлийн түвшний мэдлэг горилогчдод тохиромжгүй юм.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Технологи, боловсролын хослолыг улам төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулж буй чанартай контентийг багтаасан энэхүү апп-д бид 10-аас 7 оноо өгье.

Түүнчлэн Primer анх гарахдаа Google-ын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой сэдвүүд буюу хайлтын системийг бизнестээ үр дүнтэй ашиглах, контент маркетинг хэрхэн хийх зэрэг сэдвүүдээс бүрддэг байсан ч одоо сэдвүүд нь эдгээрээс аль хэдийн хальжээ. Тиймээс ирээдүйд ч мөн улам шинэчлэгдэж, дижитал маркетеруудын гарын авлага болох боломж байгаа хэмээн үзэж байна.

БОНУС: Апп-ыг ашиглаад амжилтанд хүрсэн компаниудын түүхийг эндээс уншаарай.

Татаж авах

12371   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.